НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАРЫНХНЫ ДУНД БОЛЗОЛТ УРАЛДААН ЗАРЛАЛАА

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 09 сар 26

Нийслэлийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний чанар соёлыг сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллагуудад тавигдах стандартын шаардлага, гэрээний үүргийн биелэлт, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх зорилго бүхий болзолт уралдааныг зарлалаа.

Тус уралдаан энэ сарын 25-наас ирэх сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх ба нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч үндсэн чиглэлийн 21 аж ахуйн нэгж байгууллага, такси үйлчилгээ эрхлэгч 11 аж ахуйн нэгж байгууллага хамрагдана.

Үйлчилгээний соёл, чанар, хөдөлгөөний аюулгүй байдал, дэг журам болон иргэдээс ирүүлсэн нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой мэдээллүүдийг үндэслэн, үзүүлэлт тус бүр дээр 0-10 хүртэлх оноо өгөх ба онооны нийлбэр 100 байна. Харгалзах үзүүлэлтийг үйлчилгээний гаралтын тоонд харьцуулсан дүнгээр тооцож онооны нийлбэрээс заалт тус бүрээр 0-10 оноо нэмж, хасаж дүгнэнэ.

Амжилттай оролцсон аж ахуйн нэгж, байгууллагуудыг I, II, III, тусгай байр эзлүүлэх ба мөнгөн шагналаар шагнах юм. Харин хангалтгүй үнэлгээ авсан аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу хугацаатай үүрэг даалгавар өгч, гүйцэтгэлийн хяналт тавих юм.

Нийтийн тээврээр зорчигчид та бүхэн http://transport.ub.gov.mn/index.php/2016-03-14-07-11-59/2017-09-26-00-55-16 цахим хаягаар нийтийн тээврийн үйлчилгээний судалгаанд идэвхитэй оролцоно уу. Таны өгсөн саналыг бид цаашдын ажилдаа тусган ажиллах болно. гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх