АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ДНБ-ИЙ ӨСӨЛТ 2017 ОНД 5.9 ХУВЬ БАЙНА ГЭВ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 09 сар 26

Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен өнөөдөр тус банкнаас гаргасан Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн төлөв байдлын таамаглалыг танилцуулав.
АХБ-наас энэ оны дөрөвдүгээр сард Ази, Номхон далайн бүс нутгийн ДНБ-ий өсөлт 5.7 хувь байна хэмээн таамаглал дэвшүүлж байжээ. Харин шинэчлэн гаргаж буй таамгаар энэ онд тус бүс нутгийн ДНБ-ий өсөлт энэ онд 5.9 хувьтай гарсан байна. Үүнд томоохон үйлдвэрлэгч орнуудын эдийн засаг сэргэж дэлхийн худалдааны эргэлт эрчимжиж, бүс нутагт орсон хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн хэмээн үзэж байгаа аж.
Хатагтай Ёланда Фернандез Ломмен, “Өнгөрсөн дөрөвдүгээр сард бүс нутгийн инфляцийн түвшин 3 хувь байна гэж тооцож байсан. Харин шинэчилсэн тооцооллоор 2017 онд инфляцийн түвшин 2.4 хувь, 2018 онд 2.9 хувь болгон бууруулсан. Дэлхийн хэмжээнд газрын тос болон хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгаа нь инфляцийн түвшин буурахад нөлөөлсөн.
Бид бүхэн жил бүр эдийн засгийн төлвийн талаар таамаг, тооцооллоо дэвшүүлэхийн зэрэгцээ тодорхой нэг сэдвийг сонгон судалдаг. Энэ онд төр, хувийн хэвшлийн түншлэл гэсэн сэдвийг сонгон судалсан. Төр, хувийн хэвшлийн түншлэл бол дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх гол гарц, шийдэл юм. Манай бүс нутагт дэд бүтцийн асуудлаа бүрэн шийдвэрлэхийн тулд 2030 он хүртэл жил бүр 1.7 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Тиймээс төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг энэ салбарт түлхүү чиглүүлэх шаардлагатай байгаа юм” гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх