Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 11 сар 19
Тасралтгүй ажиллаж байх ёстой төрийн гурван институцийн хоёрынх нь ажил зогсонги байдалд ороод сар гаруйн хугацаа өнгөрч байна. Ерөнхийлөгчөөс өөр энэ төрд ажил хийж байгаа хүн алга. Яамдууд хаалгаа барьж, Төрийн ордноор дүүрэн хийх ажилгүй, бие биеийнхээ өрөө дамжиж “хов базсан” албан хаагчид.
Үндсэндээ, МАН-аас өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах асуудлаас үүдэн УИХ, Засгийн газрын ажил сарын турш цалгардаад байгаа юм. УИХ-ын дарга нь намынхаа ажлыг анхаарч хор найруулан, огцорсон сайд нь орныхоо хүнийг олох гээд завгүй яваа. МАН-ын тавьсан өгөөшийг үмхэлж засгаараа тоглосон АН-ынхан фракцийн зөрчлөөсөө үүдэж төрийн ажлыг уясаар удлаа.
Тэдний зөрчил тэмцлийн талаар бичихэд цаг, цаас багадана. Авгай хүүхний хэрүүлийг нь бичих зай талбай ч алга. Ийм налгар назгай байдлыг засах ёстой гэж энэ бүх замбараагүй улстөржилтийг эхлүүлсэн МАН ийм үед хариуцлагатай байх учиртай байв. Харамсалтай нь тийм зүйл болсонгүй. Болох ч шинж алга. Энэ бүх тогтворгүй байдалд хамгийн их баярлаж байгаа нь Ардын нам, хамгийн их туйлдаж байгаа нь ард түмэн болчихлоо.
Парламентын хоёр жилийн хугацаанд зургаан удаа Засгийн газрын сайдыг огцруулах асуудлыг өргөн мэдүүлсэн Ардын нам хамгийн сүүлд буюу төсөв хэлэлцэхээс өмнөхөн санасандаа хүрч төрийн ажлаар тоглож чадлаа. Ингэснээр анх удаагаа парламент Засгийн газартайгаа хамт огцрох шахав. Арайхийн хуулийн хугацаанд амжиж төсвөө батлах гэж “гурилдлаа”. Эрээвэр хураавар, танасан нэртэй “гурилдсан” төсвөөр санаснаараа тоглож дөнгөв, тэд. МАН-ынхан бид сөрөг хүчин шиг байж төсвийг танууллаа хэмээж байгаа ч танасан нэрээр тэлчихэв үү гэсэн дүгнэлтийг эдийн засагчид хийжээ.
Ирэх онд хаанаас мөнгө олохоо шинээр томилогдох Ерөнхий сайд, Сангийн сайд аль аль нь ч мэдэхгүй. Хаанаас хэдэн төгрөг таначихсан, 2015 оны эхний улиралд ямар байдлаар тодотгол хийхээ улстөрчид ч өөрсдөө ойлгохгүй байна. МАН ийм л бантан зуурах гэж Ерөнхий сайдыг огцруулж, өнөөдрийг хүртэл төрийн ажилд гацаа саад болжээ. АН-ынхан УИХ-д олонх болоогүй ч Засгийн газрыг бүрдүүлэх эрх авчихсан.
Энэ хүрээндээ тэд Ерөнхий сайдаа тохоон томилох эрхтэй. Гэсэн ч фракцийн явцуу эрх ашигт баригдсан учраас МАН-д хадаг барьж очсон нь саяхных. Тодруулбал, МАН-тай Ерөнхий сайдад нэр дэвших Ч.Сайханбилэгийг зөвшилцөх санал хүргүүлсэн нь хамраа сөхөх шалтгаан болсон юм. АН-ынхан яаж ч чадахгүй, хөзөр бидний гарт гэдгийг мэдсэн түгжилүүд Ч.Сайханбилэгийг дэмжихгүй хэмээн гэдийж эхэлжээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.