Ням гарагт болж өнгөрсөн ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Владимир Путин үнэмлэхүй ялалт байгуулах нь урьдчилсан дүнгээс тодорхой болжээ. Тэрээр нийт сонгогчдын 76.5 хувийн саналыг одоогоор аваад байна. Дэд байранд Коммунист Намаас анх удаа нэр дэвшиж байгаа Павел Грудинин 12 хувьтай яваа бол гутгаар байранд Либерал Ардчилсан Намын ахмад улс төрч Владимир Жириновский 6 орчим хувьтай удаалжээ. Тэр 1991 онд анх Борис Ельцинтэй өрсөлдөж байсан юм.
Үлдсэн таван нэр дэвшигч 2-оос дээш хувийн санал авч чадаагүй байна. Сонгуулийн ирц 67 хувьд хүрээд байгааг мөн мэдээлжээ.
Сонгуулийн Ерөнхий Хорооноос эхний дүнг зарласны дараа Владимир Путин Москвагийн Улаан Талбайд цугларсан олны өмнө гарч, дэмжигчиддээ талархал илэрхийлжээ. Энэ өдөр мөн Крымийг нэгтгэсний ойн өдрийг тэмдэглэж байгаа юм.
Путин анх 2000 онд ОХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Дөрвөн жилийн дараа дахин сонгогдож ажиллаад 2008 онд үндсэн хуулийн хязгаарлалтаас шалтгаалан сонгуульд өрсөлдөөгүй юм. Тухайн жил үндсэн хуульд өөрчлөлт оруулж ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дөрвөөс зургаан жил болгож сунгасан байна. 2012 онд тэр 63.6 хувийн саналаар ерөнхийлөгч болж байв. Энэ удаа дахин сонгогдсоноор Путин 2024 он хүртэл буюу 72 нас хүртлээ Орос орныг удирдах юм.