Эдийн засаг
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2018 07 сар 19
Хэрэглээний үнийн индекс Монгол Улсын хэмжээнд 6.1 хувьтай байна хэмээн Монголбанк цахим хуудастаа тэмдэглэжээ. Харин статистикчид инфляцийн төвшнийг 7.2 хувьтай байгаа гэв.
Түүнчлэн инфляц өмнөх сараас 0.5 хувь, өнгөрсөн оны эцсээс таван хувь өссөн хэмээлээ. Ийнхүү өсөхөд нөлөөлсөн хүчин зүйл нь хүнсний бараа, ундаа, ус, мах, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой гэв.
Хэдийгээр Төвбанк инфляцийг найман хувьд барих зорилт тавьж түүндээ хүрээгүй байгаа гэж тайлбарладаг ч бодит амьдралд энэ нь төдийлөн мэдрэгдэхгүй байгааг олон нийт шүүмжилж байна. Өнгөрсөн тавдугаар сартай харьцуулахад махны үнэ кг тутамдаа 1500-2000 төгрөгөөр өссөнийг статистикаас харж болно. Нэлээд хэдэн жилийн өмнө хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэж байсан инфляцийг 7.2 хувьд хүргэсэн нь сайн хэрэг хэмээн зарим эдийн засагч тодотгов. Цаасан дээр бичигдэх тоо хүмүүсийн амьдрал, өрхийн амьжиргаанд эерэгээр нөлөөлж байгаа эсэх нь хамгийн чухал. Гэтэл мах, ногооны үнийн өсөлт иргэдийг туйлдуулж байна. Хүчит шонхор худалдааны төвд өчигдрийн байдлаар үхрийн махны үнэ 8500-9500 төгрөг, хонины мах 6800-7500-тай байлаа. Чингэлтэй дүүргийн иргэн С.Булган “Мах, ногооны үнэ хэтэрхий өндөр байна. Дарга нар эдийн засаг сайн болсон гэх юм. Тэр нь чухам хэнд мэдрэгдэж байгааг мэдэхгүй юм” хэмээн харамсангүй ярьж байв.
Урилгагүй зочин айлд ирэхэд тийм ч таатай хүлээж авахгүй л болов уу. Түүнтэй нэгэн адилаар хэтэвч дэх мөнгө нь хүрэлцэхгүй хуруугаа имэрч суугаа ард түмэнд нэг оронтой тоотой байгаа гэх инфляц дарамт болсоор байна. “Статистик мэдээллээс харахад инфляц 7.2 хувьтай байгаа боловч бодит амьдралд төдийлөн нэмэр болохгүй л болов уу. Учир нь өрхийн орлого хумигдсан энэ үед үнийн өсөлт иргэдийн хэтэвчийг тэмтэрсэн хэвээр байх болно” хэмээн эдийн засагч Б.Алтанцэцэг ярив. Хамгийн гол нь урт хугацааны эдийн засгийн бүтцийн эмзэг байдлыг бууруулахыг сануулж байв. Тэдний таамаглаж буйгаар хүнс, шатахууны үнэ үргэлжлэн өсч болзошгүй байгаа нь инфляцийг цаашид алгуур өгсөх шалтгаан болно гэсэн юм. Энэ нь дунд хугацаанд найман хувьд барих Төвбанкны зорилтод хүндрэл үүсэх эрсдэлтэй аж. Тиймээс Монголбанкнаас инфляцийг хянахын тулд мөнгөний бодлогоо алгуур чангатгаж болзошгүй гэв. Тэгэхээр Төвбанкны зорилт “бай”-гаа онохгүй бол үр дүн гарахгүй гэдгийг сануулъя.
Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.