Ө.Бямбацогт: Дакарын замд амархан өдөр гэж нэг ч байгаагүй

Спорт ・Нийтэлсэн: Баярмаа 2019 01 сар 22 ・ 1

Перу улсын элсэн цөлд 10 хоногт 5000 км туулж уралдсан Автоспортын олимп гэгддэг “Дакар ралли”уралдаанд манай баг тамирчид  хүчээ сорьж “UTV”open ангилалд анх удаагаа оролцлоо. Дэлхийн олон орон дамнаж биш нэг оронд зохиогдсон 41 дэх удаагийн раллид ОУХМ, Ө.Бямбадэлгэрээр ахлуулсан Монголын баг тамирчид 100 км-т  бартаа ихтэй замд болсон 10 дахь гараанд амжилттай оролцсоноор багийн нийлбэр дүнгээр 32-р байрт жагссан бол “UTV”open ангилалдаа III байрт шалгарснаар тэмцээнээ өндөрлөв. Уралдааны турш фэйсбүүкийн “Dakar 2019-теам Mongolia” пейж хуудаснаа Монгол Улсын тамирчдын уралдааны явц, буудалласан газрын тухай байнга мэдээлж байсан юм.



Тухайлбал, “Дакар ралли”-гийн цахим ертөнцийн багийнхан Монголын тамирчдаас мэндчилгээ авсан. Уралдааны мэдээллийг хүргэх сэтгүүлчээр ажилласан Б.Онон мотоциклын  ангилалд түрүүлсэн тамирчин Тоба Прайс Монголд заавал очно гэж амласан талаар мэдээлэл оруулсан нь энэ тэмцээнийг сонирхож байсан хүмүүсийн анхаарлыг татаж байв. Түүнээс гадна багийн ахлагч Ө.Бямбадэлгэр тэмцээний ес дэх өдрийн уралдаан өндөрлөсний дараа өгсөн ярилцлагадаа “Их халуун өдөр байна. Замын нөхцөл байдал хүнд.Элсэн манхан ихтэй хэцүү байсан ч бүгдийг нь даваад гараад ирлээ. Харин тэмцээн эхлээд эхний гурван гарааны үзүүлэлт жаахан тааруухан байсан. Бөөн гараа байснаас жаахан ашигггүй байрлалд байсан  учраас хурд багатай гарсан ч II  гараанд бараг бүгдийг нь гүйцсэн.


Өнөөдөр дугуй хагарснаас бусдаар асуудал гарсангүй. Ер нь бүх төрлийн замд уралдаад сурчихсан учраас сандраад байх юм алга. Тийм учраас ямар даваа байсан ч даваад гарна гэж бодож байна хэмээн тэмцээнийхээ талаар сэтгэгдлээ хуваалцжээ. Мөн багийн жолооч, ОУХМ Ө.Бямбацогт тэмцээний үеэр сурч мэдсэн туршлагаа хуваалцсан юм.Тэрээр “Тэмцээний зураг хийдэг хүмүүсийн арга барилыг ер нь мэдчихлээ.  Тухайлбал, хэцүү газарт дундуур нь  ташуу элсэн манхан ороод ирэхээр бусад баг элсэн манхандаа хашигдаад градусаа алдаад хол явчихаж байна лээ. Тэрийг нь яг градус таарсан хэсэг дээр нь элсэн манхнаа даваад нөгөө талд нь гарангуут гурван тийм алсуур элсэн манхан давуулдаг, чиг алдагдуулдаг гэсэн цэгүүд байна. Тэрэн дээр оролцож байгаа баг цаг их алддаг юм байна. Дээрээс нь гурав дөрвөн км-тэй градус өгөхдөө заавал том элсэн манхныг дайруулаад цаана цэг өгчихдөг юм байна. Тэгэхээр гэнэ алдсан тамирчин тэрийг нь давж гарах гэж үздэг юм байна Энэ арга барилыг нь мэдчихлээ” гэж ярьсан юм. Дакарын замд урт, богино ч бай амархан өдөр гэж байхгүй. Тиймээс шоотой эрээн туг үзэн үзтэл санаа амарч болохгүй. Ямар ч саад бэрхшээл хүлээж байх юм билээ. Бүгд л гараагаа дуусгах гэж үзнэ шүү дээ гэв.

Харин энэ сарын 18-нд Монголын баг шагналын тавцанд гарч шагналаа гардан авсан юм. Ингэснээр олон хоног үргэлжилсэн тэмцээн өндөрлөж баг тамирчид унаж уралдсан 413 дугаартай дөрвөн дугуйт машинаа  Перу улсаас Франц улсын “Ле Хавре” боомт руу ачуулсан талаар цахим хуудастаа бичжээ. Тэндээс машинаа тосон аваад энэ сарын 25-ны өглөөний 07:10 цагт Берлин-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор эх орондоо ирэх юм байна. Энэ уралдаанд 61 орны 541 оролцогч, 334 техникээр өрсөлдсөн юм.

Зууны мэдээ
Х.Оюунболд


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • bayar hyrgye! / 2019 01 сар 22/

    ene bol dendyy hynd zamiig tyylaj baigaa hereg s dee!!deer ni ter ikhe halyyniig heleh yy?er ni ene hezyy zamiig tyylaj bas ch ygyi sagnal abna gedeg tiim amargyi baih aa!daraa manai tamirchid tyrslaga syysan baih neg yum ch dyylgana baih aa!!bayar hyrgye!Mongoliin maani hychtengyyd abto yraldaan ch

    Хариулах