Дэлхий
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2019 03 сар 16
・ 3
Баасан гарагт Шинэ Зеландын Крайстчерч хотын хоёр сүмд үйлдсэн халдлагын улмаас 49 хүн амиа алдсан хэрэгтэй холбогдуулан цагдаагийн ажилтнууд гурван хүнийг баривчилж, 28 настай Австрали иргэнд ял ногдуулсан байна.
Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Жасинда Ардерн бямба гарагийн өглөө болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
“Манай улсын галт зэвсгийн хяналтын хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй” гэж Ж.Ардерн хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна. Дээрх халдлагыг зохион байгуулсан этгээд нь хэд хэдэн удаа Шинэ Зеландад ирж, янз бүрийн хугацаатайгаар амьдарч байжээ.
Ж.Ардерний хэлснээр, уг гэмт этгээд нь таван ширхэг галт зэвсэг эзэмшиж байсан бөгөөд галт зэвсэг эзэмших зөвшөөрлийг 2017 оны 11 дүгээр сард авч, тухайн оны 12 дугаар сараас галт зэвсэг худалдан авч эхэлсэн аж.
Баривчлагдсан гурван этгээдийн хувьд урьд өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй бөгөөд Шинэ Зеланд болон Австралийн аль алинд нь гэмт хэргийн бүртгэлгүй байжээ.
Ерөнхий сайд Ж.Ардерн халдлага болсон сүмүүдэд бямба гарагт очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцана.
Хэргийн газар байсан гэрчүүдийн мэдээлснээр цэргийн хээрийн хувцастай, автомат буутай эрэгтэй сүмд орж ирээд гал нээсэн гэнэ. Сүм дотор хаа сайгүй цус урсаж, алагдсан хүмүүсийн цогцос олноор хэвтэж байсныг зарим нь гэрчилжээ.
Алуурчин хэргийг үйлдэх үед биедээ зүүсэн камераар үйл явдлыг Фэйсбүүкээр шууд дамжуулж байсан нь цааш бусад сүлжээнүүдээр өргөн тархсан байна.
Фэйсбүүк, Твиттер, YouTube компаниуд өөрийн сүлжээнд тарсан видео бичлэгүүдийг устгах ажиллагааг одоо өрнүүлж байгаа юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.