Татварын багц хууль: Хүүхдийн хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авахгүй байх нь эрсдэлтэй гэв

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 03 сар 22

Манай улсад мөрдөгдөж байгаа татварын хууль багцлагдан шинэчлэгдэх гэж байгаа билээ. Татвар нь аливаа улс орны хамгийн том улс төр байх ёстой гэдэг. Харин манай улсын "Нэмэгдсэн өртгийн албан татвар"-ын хуулийг монголынхоо хөрсөнд буулгахдаа "Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт" хэмээх зөв нэршилээр нь биш харгислах хууль болгоно буулгасан гэдгийг учир мэдэх улс хэлдэг. Тэгвэл өдгөө улсын их хурлын ээлжит хуралдаанаар батлагдахаар яригдаж байгаа татварын багц хуулинд амьдралд нийцэхгүй олон заалтууд тусгагдсан гэдэг. Сайны хажуугаар сайр зүйл эл хуульд олон байгаа бололтой. Өчигдрийн ээлжит хуралдаанаар, НӨАТ-ын хувь хэмжээг Засгийн газар тогтоох санал орж ирсэн бөгөөд зах, худалдааны төвүүдэд худалдаа эрхлэгчдээс татвар авахаар тусгасан хэрнээ зарим нэг томоохон аж ахуйн нэгжүүдийг чөлөөлж байгаа нь буруу гэдгийг Ж.Ганбаатар гишүүн шүүмжлэв. Харин М.Билэгт гишүүн хуулийн төсөлд малын хөлийн татвар авах заалт тусгасан нь малчидын амьдралд сөргөөр нөлөөлнө гэсэн юм.

Харин хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн гишүүн Д.Тогтохсүрэн “Анх өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд малчины үйл ажиллагаа буюу малын түүхий эдээс татвар авна гэсэн заалттай. Энэ нь малчдын орлогод сөргөөр нөлөөлөх юм. Тиймээс үүнийг малын хөлийн татвар болгон өөрчилсөн. Энэхүү татварын орлогыг малын чанар, бэлчээрийн менежмент, худаг ус гаргах зэрэгт зарцуулах юм” гэв. 

Монгол Улсад 50 сая хүртэл орлоготой хэдэн аж ахуйн нэгж байгааг УИХ-ын гишүүн Н.Оюундарь асуухад, Монгол Улсад жилд 50 сая хүртэл төгрөгийн орлоготой 34.6 мянга, 50-300 сая төгрөгийн орлоготой 13.1 мянга, 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн орлоготой 7776,  6 тэрбум төгрөгийн орлоготой 100 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг ажээ. 

50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой хувь хүн орлогынхоо 1 хувьтай тэнцэх татварыг төлж, жилд нэг удаа тайлагнаж болохоор заасан. Түүнчлэн Монгол Улсын иргэн бүр татварын мэдээллийн санд 11 оронтой дугаартай болох бөгөөд ингэснээр хувь хүний орлогыг тогтоох, татвар хураах болон буцаан олголтыг цахимаар хийх боломж бүрдэх гэнэ. Д.Лүндээжанцан гишүүн нийслэлээс 300 км болон түүнээс хол орших орон нутагт хувиараа бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих хэрэгтэй гэдгийг дурьдав.  Улаанбаатар хотоос хол 500 км хол орших орон нутгийн хувиараа бизнес эрхлэгчдийн татварын хөнгөлөлтийг 25 хувь, 1000 км болон түүнээс хол бол 50 хувь байх зохицуулалт тусгасныг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийн гишүүд хэллээ. Улмаар хэлэлцүүлгийн явцад 500 км-ээс хол орон нутгийн хувиараа бизнес эрхлэгчид 50 хувь, 1000 км болон түүнээс хол бол 90 хувийн татварын хөнгөлөлт эдлэх санал гишүүдээс гарлаа. Хүүхдийн хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авахгүй байх талаар тодруулахад “Хүүхдийн хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авахгүй байх нь эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, иргэд өөрийн орлогоо бүгдийг хүүхдийн хадгаламжид шилжүүлэн татвараас зайлсхийх эрсдэлтэй” хэмээн ажлын хэсгийнхэн тайлбарлав.

Өнөөдрийн чуулганаар эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх