Бидний мэдэхгүй Турк орон

Дэлхий ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 05 сар 31

 

Анкарагийн эртний шилтгээн цамхаг

АНКАРАГИЙН ЦАМХАГААС АМЬДРАЛ ӨӨР ХАРАГДАНА

Анкарагийн эртний цамхаг дээр гарахад хот алган дээр тавьсан мэт харагдана. Байшин барилга ирийтэл ар араасаа эгнэн зах хягзааргүй мэт алслан холдоно. Гэхдээ энэ хот дөрвөн сая гаруй хүн амтай. Хүн ихтэй хотуудаа бодвол цомхон цэмцгэр. Нүргэлсэн их чимээ шуугиангүй, замын түгжрэл ч бага айван тайван юм. Гудамжаар нь багтаж ядсан олон хүн лав харагдаагүй. Орон сууцны хорооллууд нь дөрвөөс таван давхар, жигдхэн улбар өнгийн дээвэртэй нь их содон харагдана. Дээрээс бол шоо дөрвөлжин улаан хорооллууд харагдах нь нэг нэгнээсээ ялгарах юмгүй.

Сүүлийн 10 жилд БНТУ эрчимтэй хөгжиж, зам, барилга байгууламж олноор барьжээ. Үүний бодит жишээ Анкарад тод харагдаж байна. Дээшээ харахад малгай унам өндөр шилэн цамхаг, худалдаа үйлчилгээний төвүүд шинээр үүдээ нээж, зарим нь хэзээ мөдгүй үйл ажиллагаагаа эхлэх гэж байна. Тэнд сурч байсан оюутнууд “Биднийг сурч байх үеэс маш их өөрчлөгджээ. Олон сайхан барилгууд нэмэгдсэн байна, танигдахын аргагүй болж” гэж байв. Арваадхан жилийн доторх энэ өөрчлөлтийг “Турк үзэгдэл” хэмээн нэрлэдэг болжээ.

Анкарагийн эртний энэ цамхагт шилтгээн яг хэзээ баригдсан нь тодорхойгүй ч олон удаа сэргээн засч байжээ. Ямартаа ч эртний Анкара хотыг хамгаалах гол цайз байж. Одоо бол жуулчдын очиж сонирхдог гол газар. Цайзын орчимд одоо ч айлууд амьдарсаар байгаа бөгөөд гар урлалын жижиг эдлэлийг жуулчдад зориулан дэлгэн тавьсан харагдана. Турк эмээ, өвөө нар оросоор дажгүй ойлголцож наймаагаа хийнэ.

Хичнээн ч зууны түүх түүхийг өөртөө шингээсэн юм энэхүү цайз, шилтгээнээс өрнө зүгт харахад Турк улсын нийслэлийн гайхалтай гоёмсог өнгө төрх харагдана. Харин дөнгөж нөгөө тал руу нь өнгийхөд эртний хуучин хорооллын үлдэгдэл дурайна. Нэг давхар голдуу навсайж нэвсийсэн энэ жижиг хороолол ямар л бол ямар гэмт хэрэг гарч мэдэх газар болжээ. Орой үдэш бол ганц нэгээрээ явалтгүй гэнэ. Тэнд удахгүй шинэ хороолол босох бөгөөд ор мөргүй арчигдан алга болохоосоо өмнө хуучин ая зангаа тавихгүй оршин байна. Цамхагийн цаад наад талд хоёр өөр орчин, хоёр өөр амьдрал буцалж байна. Анкарагийн цамхагаас амьдрал өөр харагддаг нь ийм учиртай. Тун удахгүй энэхүү хуучин суурингийн буурин дээр гэрэлтсэн өндөр хороолол босох бөгөөд аль хэдийнэ оршин суугчид нь байраа орхин оджээ. Харин тэдний орон сууринг дийлэнхдээ дүрвэгсэд эзлэн суудаг байна. Туркт хуучин ийм орхигдсон байшингуудад Сирээс ирсэн дүрвэгсэд ирж орогнодог. Өдгөө Турк улс дэлхийд хамгийн олон дүрвэгсэд хүлээн авч байгаа улс болж байгаа бөгөөд Сирээс 3,8 сая дүрвэгсэд энэ улсад амьдарч байна. Үүнийгээ “Туркийн Засгийн газраас үзүүлж буй хүмүүнлэгийн тусламж бөгөөд үүрэг хариуцлагаа гэж үздэг. Бусад улс орон биднээс үлгэр дуурайл авах ёстой” хэмээн албан ёсоор тайлбарладаг.

ӨВӨГ ДЭЭДСИЙН НУТГААС ИРСЭН ТА НАР МИНЬ...

Ийм үгс Туркэд олонтаа сонсож явлаа. Арга ч үгүй юм, монгол туркийн өвөг дээдэс түүхэндээ нэг газар нутагт амьдарч явсны ул мөр өдгөө ч хадгалагдан үлджээ. МЭӨ III зуунд хүчирхэгжин мандаж байсан Хүннү гүрний бүрэлдэхүүнд монгол, түрэг овог аймгууд байжээ. Хүннү гүрэн мөхөхөд нэг хэсэг нь баруун зүг нүүсэн нь түрэг аймгууд байв. Монголд үлдсэн түрэг аймгууд хүчирхэгжиж байсны ул мөрийг Орхоны хөндий дэх Билгэхан, Культегин, Налайх дахь Тонюкикийн зэрэг хөшөө дурсгалаас харж болно. Иймээс түүх, соёлын эртний холбоотой хэмээн туркүүд монголчуудыг ах дүүгийн холбоотой улс хэмээн тодотгон харилцдаг. Ер нь бүхий л зүйл дээр энэ харилцаагаа эрхэмлэдэг бөгөөд нэг үгээр хэлэхэд туркүүд монголчуудад тун элэгтэй.

БНТУ 1923 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 82 сая хүн амтай. Эдийн засгаараа дэлхийд 13, Европтоо тавдугаарт эрэмбэлэгдэж буй. Нэг хүнд ногдох ДНБ нь 10 мянган ам.доллар. “Их 20”-ийн гишүүн орон. Бүгд Найрамдах Турк Улс нь тив дамнасан зүүн Европ болон өрнөд Азийн улс юм. Газар нутгийнх нь ихэнх нь Ази тивд хамаарах ч Европын улс гэж явдаг. Грек, Болгар, Гүрж, Армен, Азербайжан, Иран, Ирак, Сири гэх найман улстай хиллэдэг. Мөн урд, баруун, хойд талуудаараа Газрын дундад тэнгис, Эгейн тэнгис, Хар тэнгисээр хүрээлэгджээ.

Жилийн дөрвөн улиралтай гэх ч хавьгүй дулаан уур амьсгалтай. Өдийд аль хэдийнэ зун болж, гүн ногоон өнгөнд умбажээ. Тэнгисийн зөөлөн чийглэг амьсгалтай болохоор ургамал мод ургахгүйн зовлонгүй, хаа сайгүй сагсайж багсайсан цэцэг навч, ой мод. Хэдий амар амгалан улс мэт харагдавч Курдын салан тусгаарлагчдаас эхлээд Сирийн хил орчимд асуудал, түгшүүр байсаар байна. Тиймээс аюулгүй байдлаа хангах,терроризмтэй тэмцэх нь улсын хамгийн чухал асуудал болж байна.

Монгол Турк улс 1969 оны зургадугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд тун удахгүй 50 жилийн ойтойгоо золгох гэж байна. Монгол Улс нь гадаад бодлогынхоо хүрээнд БНТУ-ыг “гуравдагч хөрш” хэмээн үздэг. Туркүүд ч ТИКА буюу Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагаараа дамжуулан Монгол Улсын эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, дэд бүтэц гэх мэт олон салбарт 2004 оноос хойш нийт 45 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн байна.

ТИКА нь 58 оронд төлөөлөгчийн газартай бөгөөд хамгийн их ажил буцалж бужигнасан газар нь Монголынх хэмээн тодотгож байлаа. Учир нь оны эхний дөрвөн сарын байдлаар л гэхэд 35 төсөл хэрэгжүүлээд дуусч байгаа аж. Нэг төсөл дуусч дараагийнх нь тасралтгүй эхэлж байдаг бөгөөд аль салбарт юу хийх тухайд манайхаас санал авдаг юм байна.

Үргэлжлэл бий


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх