Т.Коно: Японы Сумогийн түүхэнд дөрвөн Монгол их аварга төрснөөр Монгол нь манай Япончуудын хувьд маш дотно санагдах болсон билээ

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 06 сар 17 ・ 3

 

Монгол Улсад айлчлал хийх Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коногийн мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.

6 дугаар сарын 15-наас 17-ны өдрүүдэд Япон Улсын Гадаад хэргийн сайдын хувиар 9 орчим жилийн дараа миний бие Монгол Улсад айлчлал хийх гэж байна. Энэ жил Япон Улс Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 47 жилийн ой тохиож байгаа бөгөөд Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэн 1990-ээд оноос хойш хоёр орны харилцаа жил бүр улам өргөжин гүнзгийрч байна.

 

Япон Улсын хувьд, Монгол Улс нь эрх чөлөө, ардчилал, хүний эрх, эрх зүйт төр зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий чухал “Стратегийн түнш” юм. 1980 оны эцсээс 1990 оны эхэн үед Монгол Улс ардчилсан нийгмийг сонгосны дараахан Монгол орны эдийн засаг нэлээд хүндэрсэн. Япон Улс нэгэн адил Ази тивд орших түүхэн болоод соёлын хувьд гүнзгий холбоотой Монгол Улс энэ хүнд байдалд орсныг нь үл тоомсорлож чадаагүй юм.

 

Ардчилал хэмээх нэн чухал сонголт хийсэн Монгол орныг дэмжин, Монголд ардчилсан нийгмийг нутагшуулахыг зорьж байлаа. Мөн ардчиллыг үнэт зүйл хэмээн үздэг Японы хувьд Монгол Улсад дэмжлэг үзүүлэх нь мэдээжийн хэрэг байсан юм. 1989 оны 5 дугаар сард Япон Улсын Гадаад хэргийн сайд С. Үно, 1991 оны 8 дугаар сард өрнөдийн улсуудаас төрийн тэргүүний хувиар анх удаа Япон Улсын Ерөнхий сайд Т. Кайфү Монгол Улсад айлчлал хийж, тусламж дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг олон улсын хамтын нийгэмлэгт манлайлан уриалахын хамт нийгэм, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд зэрэг олон салбарт Монгол орныг бүтээн байгуулахад төр, хувийн хэвшил хамтдаа хүчин чармайлт гаргаж ирсэн билээ. Мөн Японы Сумогийн түүхэнд дөрвөн Монгол их аварга төрснөөр Монгол Улс нь манай Япончуудын хувьд маш дотно санагдах болсон билээ.

Үүний үр дүнд, Япон, Монголын харилцаа маших батжин бэхэжсэн бөгөөд сүүлийн үед гэхэд Ерөнхий сайд Ш.Абэ 2013, 2015, 2016 онуудад Япон Улсын Ерөнхий сайдын хувиар гурван удаа Монгол Улсад айлчлал хийсэн нь хоёр орны харилцааны түүхэндэх анхны тохиолдол юм. Өнөөдөр хоёр орны харилцаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрсэн бөгөөд 2017 оны 3 дугаар сард батлагдсан “Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр”-тсуурилан, улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, олон улсын тавцандахь хамтын ажиллагаа, эдийн засаг, соёл, иргэд хоорондын харилцан солилцоо зэрэг өргөн хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлж ирсэн билээ. Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар мөн адил дээд хэмжээний уулзалтуудыг тогтмол хийж байгаа бөгөөд өнгөрсөн оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчлал хийх үеэр Ерөнхий сайд Ш.Абэгийн хамт чухал хамтарсан мэдэгдэл хийж, Ерөнхий сайд Ш.Абэгийндэвшүүлсэн “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-г цогцлоохоор ажиллаж байгаа Япон Улсын үйл ажиллагааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжсэн. Миний бие Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай өнгөрсөн жил хоёр ч удаа албан ёсны хэлэлцээ хийснээс гадна, олон улсын хурал зөвлөгөөний үеэр ч мөн уулзах завшаан цөөнгүй тохиож байсан бөгөөд Хойд Солонгосын нөхцөл байдлаас өгсүүлээд өргөн хүрээтэй хамтын ажиллагааны талаар илэн далангүй санал бодлоо солилцож ирсэн билээ.

 

Энэ байдалд тулгуурлан энэ удаагийн миний Монгол Улсад хийж буй айлчлалыг Стратегийн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх боломж болгохыг хүсэж байна.Үүнд, Монголын “агаарын шинэ гарц” болох Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал болон Монгол Улсдаа анхдагч болох АШУҮИС-ийн харьяа “Монгол Японы сургалтын эмнэлэг” зэрэг Монгол Улс улам бүр хөгжих боломжийг нэмэгдүүлэх, мөн ард иргэдийн амьдралд нөлөөлөхүйц хамтын ажиллагааны төслүүдийн талаар ярилцах бодолтой байна.

 

Мөн Монгол Улс дэлхийн улс орнуудын дундаас НҮБ-ийн энхийг сахиулах үйл ажиллагаанд ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа улс юм. 888 энхийг сахиулагч дэлхийн өнцөг булан бүрт ажиллан тухайн бүс нутгийн энх тайвныг тогтоохын төлөө өдөр, шөнөгүй зүтгэж байгаа бөгөөд дэлхийн улс орнууд Монгол орны үйл ажиллагааг өндрөөр үнэлж байна. Монголын энэхүү үйл ажиллагааг дэмжих үүднээс Япон Улсын Батлан хамгаалах яам, Өөрийгөө хамгаалах хүчнийхэн 2012 оноос хойш Монголын зэвсэгт хүчнийхэнд зам, гүүр барих салбарт чадварыг бэхжүүлэхэд хамтран ажиллаж ирснээс гадна АНУ болон Монгол Улсын зохион байгуулсан “Хааны эрэлд 2019” олон улсын хамтарсан сургуульд ч тасралтгүй оролцож ирсэн билээ. Эдгээр хамтын ажиллагааны талаар мөн адил санал бодлоо солилцох бодолтой байна.

Иргэд хоорондын харилцан солилцооны салбарт энэ оны 4 дүгээр сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг Япон Улсад урин, “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурсан билээ. Энэхүү санамж бичигт тулгуурлан уг тогтолцоог зөв зохистой хэрэгжүүлэхэд хамтран ажилласнаар хоёр улс улам бүр харилцан ашигтай ажиллах болно. Мөн 2020 оны Токиогийн Олимп, Паралимп болох гэж буйтай холбогдуулан Монгол Улстай иргэд хоорондын болоод эдийн засаг, соёлын солилцоог хийх зорилгоор “Хүлээн авагч хот /Host town/”-оор бүртгэгдсэн Японы орон нутгийн засаг захиргааны нэгжийн тоо 18-д хүрээд байна. Олимп, Паралимпын наадамд Монголын тамирчид амжилт үзүүлэхийг хүсэн ерөөгөөд “Хүлээн авагч хот”-ын хамтын ажиллагаагаар дамжуулан хоёр орны иргэд хоорондын харилцааг улам бүр нэмэгдүүлэхийг хүсэж байна.

Ингээд миний бие зуны дэлгэр цагт Монгол Улсад айлчлал хийж Монголын уужим тал нутаг болоод зочломтгой Монголчуудтай биечлэн танилцах завшаан тохиосонд туйлын их баяртай байна. Энэ удаагийн айлчлал нь Япон, Монголын “Анд нөхдийн барилдлага”-ыг улам бат бөх болгох, бүс нутаг болоод олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмрээ оруулж буй манай хоёр орныг дэлхий дахинд харуулах боломж болно хэмээн итгэж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: