Дэлхий дахинд болж буй онцлох үйл явдлыг тоймлов

Дэлхий ・Нийтэлсэн: Нийслэл Хүү 2014 11 сар 29 ・ 1

Өнгөрч буй долоо хоногт дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

 

Америкийн Батлан хамгаалахын сайд огцорлоо

 

 

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгел огцорсон байна. Энэ талаар /XI.24/ өдөр Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

Эргэн сануулахад Барак Обама түүнийг 2013 оны хоёрдугаар сард үүрэгт ажилд нь томилж байсан юм.

Америкийн зарим хэвлэлүүд “Чак Хейгелийн огцорсон шалтгаан Обаматай шууд хамаатай хэмээн бичиж байна. Учир нь Обама бүрэн эрхийнхээ үлдсэн хоёр жилд Засгийн газраа шинээр бүрдүүлж ажиллах сонирхолтой байгаа нь үүнд нөлөөлсөн гэсэн байна. Түүнчлэн зарим эх сурвалжууд “Ерөнхийлөгч Обама Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн эсрэг Чак Хейгелийг дорвитой ажил хийж, ялалт байгуулаагүй гэж буруутгаж ажлаас нь чөлөөлсөн” гэжээ.

Одоогоор Барак Обама Чак Хейгелийн орны хүний нэрийг зарлаагүй байгаа юм. Энэ ч үүднээсээ дараагийн Батлан хамгаалахын сайд томилогдох хүртэл Чак Хейгел албан үүргээ гүйцэтгэх ажээ.

 

Эсэргүүцлийн жагсаалаас үүдэн 350 хүн баривчлагдав

 

 

Өнгөрсөн наймдугаар сарын 12-нд АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотын иргэн Майкл Браун цагдаагийн ажилтан Деррин Уэлсоны бууны суманд оногдож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан ба Миссури мужийн Сэйнт Луйс хотын шүүхээс хүүгийн аминд хүрсэн цагдаагийн ажилтанг гэм буруугүй хэмээсэн шийдвэр гаргасан.


Уг хэрэгтэй холбоотойгоор Америкийн хотуудад эсэргүүцлийн жагсаал өрнүүлж байгаа бөгөөд дээрх жагсаал өрнөх үеэр нийт 350 жагсагчийг баривчлаад байгаа аж. Үүнд Лос-Анжелес хотод 187, Бостонд 51 хүн, Нью-Йорк хотод 10, Атлантад хоёр, Оклендад 92 хүн баривчлагдсан хэмээн мэдээллэсэн байна.

Харин Фергюсон болон Сент Луис хотуудад нөхцөл байдал хамгийн хүнд байгаа бөгөөд зарим газар жагсагчид дэлгүүр, үйлчилгээний газрыг дээрэмдэн, галдан шатааж байгаа аж. Түүнчлэн жагсагчид болон цагдаагийнхны хооронд ширүүн мөргөлдөөн гарсан байна. Миссури мужид ажиллаж байгаа цагдаа нар жагсаалыг тараахын тулд халуун чинжүү болон, нулимс асгаруулах хий ашиглаж байгаа тухай CNN агентлаг мэдээллэсэн байна.

 Мөн Майкл Брауныг буудсан цагдаагийн ажилтан Даррен Уилсон анх удаа “ABC News” телевизэд ярилцлага өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ “Тухайн үед үүнээс өөр арга байгаагүй, хүүг амиа алдсанд их харамсаж байна” гэжээ. Түүнчлэн “Буудалцааны үеэр Майкл Браун биедээ ямар нэгэн зэвсэггүй байсан хэдий ч Уилсоны бууг авахыг завдсан учраас буудахаас өөр арга байгаагүй. Түүнийг буудах үед Майкл Браун гараа өргөөгүй байсан” гэж ярьжээ.

Харин амиа алдсан хүүгийн эцэг эх “CBS” агентлагт ярилцлага өгсөн бөгөөд эрс няцаасан байна. Хүүгийн эцэг Браун “Ямар эрүүл ухаантай хүмүүс нь түүнийг цагдаагийн машинаас бууг нь авахыг оролдож байсан гэж ярьж чадаж байна. Энэ бол итгэмээргүй, утгагүй зүйл” гэж ярьжээ.

Сэтгүүлч түүнээс

-Та шүүхийн шийдвэрт гомдолтой байна уу?
-Мэдээж хэрэг. Америкчууд тэр аяараа шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Эхнэр бид хоёрын сүүлчийн найдвар шүүхийн шийдвэр байсан ч талаар өнгөрлөө.

-Деррин Уэлсоны тухайд?
-Тэр бол алуурчин. Энэ залуу ял авахгүй бол би өөрийгөө шатааж, хүүгийнхээ ардаас явах болно” хэмээн хэлсэн байна.

 

Эбола вирусын эсрэг вакцин гарлаа

 

Дэлхий нийтийн айдас болоод байгаа эбола вирусыг зогсоох бэлдмэлийг өвчтөн дээр туршсан байна. Тус вакциныг Их Британи болон АНУ-ын эрдэмтэд хамтран гарган авсан ажээ. 

Туршилтанд сайн дурын 20 хүн оролцсон ба туршилтанд оролцогчдын биеийн байдал хэвийн. Бие дээр гарсан тууралтууд нь багасч дээрх вакцин нь хүний биед аюулгүй, вирустэй тэмцэх дархлааны системд эерэгээр нөлөөлж байсан байна. Тус вакцины найрлаганд эбола вирусын халдвар тараах боломжтой сармагчингаас авсан цусны дээж багтсан аж. 

Ирэх сараас туршилтаар гаргаж авсан вакциныг Баруун Африкт турших гэнэ. Туршилт амжилттай болвол вакциныг ирэх оноос 1-2 сая тун үйлдвэрлэхээр болжээ.

Амиа золиослогч хоёр охин 78 хүний аминд хүрчээ

 

Нигерийн хойд хэсгийн Борно мужийн Майдугури хотод энэ сарын 25-нд өсвөр насны хоёр охин амиа золиослон бөмбөг дэлбэлжээ. Тус халдлагын улмаас 78 хүн амь алдаж олон хүн гэмтэж бэртсэн байна. Өнгөрсөн зургадугаар сараас хойш Нигерт таван эмэгтэй өөрийгөө золиослон бөмбөг дэлбэлжээ.

Нигерийн эрх баригчид амиа золиослогч охидын халдлагыг “Боко Харам” бүлэглэл зохион байгуулсан хэмээн таамаглаж байгаа аж.

“Боко Харам” исламын зэвсэгт бүлэглэл өнгөрсөн дөрөвдүгээр сард Нигерийн хойд хэсгийн Борно мужийн Чибок тосгоноос 200 орчим охиныг барьцаалан авч явсан билээ.

Барак Обама 19-н эрхмийг “Эрх чөлөөний одон”-гоор шагнав

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр урлаг, шинжлэх ухаан болон уран зохиолын салбарт гавьяа байгуулсан 19 эрхмийг “Ерөнхийлөгчийн эрх чөлөөний  одон”-оор шагнасан байна.

Ерөнхийлөгчөөс шагнал хүртсэн эрхмүүдийн дунд дуучин Стиви Уандер, жүжигчин Мерил Стрип, жүжигчин Марло Томас болон “NBC” телевизийн ахмад сэтгүүлч Том Брокау нар багтжээ. Мөн 1989 онд таалал төгссөн бүжигчин Алвина Эйлидэд  энэ шагналыг нэхэн олгожээ.

Обама энэ үеэр уг шагналыг АНУ-ыг хүчтэй, ухаалаг, хүмүүнлэг сайхан болгож байгаа хүмүүст олгодог гэдгийг цохон тэмдэглэжээ.

Ерөнхийлөгчийн эрх чөлөөний одонг АНУ-ын аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхлыг хамгаалах,  дэлхийн энх тайвныг дэмжих, АНУ болон дэлхийн нийгэм болон соёлын амьдралд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст жил бүр олгодог юм байна. Эрх чөлөөний одонг  анх 1945 онд АНУ-ын 33 дахь Ерөнхийлөгч Гарри Трумэн санаачилж байжээ.

үргэлжлэлийг  энд  дарж  үзнэ үү 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: