М.Нандинцэцэг: Энэ яваа насандаа “Хунт нуур”-т гоцолно гэж төсөөлж байсангүй

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 06 сар 24

Б.ДОЛЖИНЖАВ

Үе, үеийн балетын эмэгтэй гоцлоочид “Хунт нуур”-т залуу нас, авьяас билиг, гоо сайхнаа зориулахыг мөрөөддөг. Гэвч  хүссэн бүжигчин бүр хар, цагаан хунгаар амьдардаггүй. Цор ганц бүсгүйг л тухайн цаг үе өөрөө сонгодог  гэдэг.  Энэ цаг үеийн шинэ хун УДБЭТ-ын балетын гоцлооч М.Нандинцэцэгтэй ярилцлаа. Тэрээр энэ сарын 9-нд тоглосон “Хунт нуур” балетад гоцолсон юм.

– Эмэгтэй балетчин бүрийн мөрөөдөл болсон “Хунт нуур”-т гоцолсонд тань баяр хүргэе. Энэ том балетад гоцолно гэдэг бол маш их хариуцлага, нэр хүндийн хэрэг. Гол дүрийн хун болсон гэдгээ хэрхэн хүлээж авсан бэ?

-Баярлалаа. Дэлхийн хамгийн том “Хунт нуур” балетын гол дүрд бүжиглэх гэж байгаадаа хөшиг нээгдэх хүртэл  итгэж чадаагүй. Анх энэ мэдээг сонсоод итгээгүй. Учир нь өөрийгөө  энэ яваа насандаа “Хунт нуур”-т гоцолно гэж төсөөлж байгаагүй. Гоцолж чадахгүй байх гэж голж,  бэлтгэлийн дундаас л  болих байхдаа гэж бодож байсан. Сарын хугацаанд бэлтгэл хийсэн хэрнээ тоглолт эхлэх хүртэл айдастай л байлаа.  Гэхдээ  бүх чадлаа шавхан  бүжиглэж балетаа амжилттай дуусгасандаа сэтгэл өндөр байна.  Өмнө нь “Хунт нуур”-ын массын хэсэгт бол олон удаа гарч байсан.

-Энэ удаагийн “Хунт нуур” шинэ хун, шинэ ханхүүтэй гэдгээрээ онцлог. Хоёр шинэ хүн энэ том балетад гоцлоход хэцүү байсан уу?

– Миний партнер өнгөрсөн жилийн хавар ОХУ-ын Пермь хотоос төгсч ирсэн Мөнхжин гэдэг залуу байсан. Хоёр шинэ хүн том балетын гол дүрд гарна гэдэг их хэцүү юм билээ. Анхны бэлтгэл хийж байхад хоёулаа юугаа ч мэдэхгүй сандрахаас эхлээд болохгүй зүйл их байсан. Гэхдээ тоглолт болтол бие биедээ дасаад ойлголцоод балетынхаа ард амжилттай гарч чадсан.

– Та зургаа дахь хун боллоо. Хун бүрт өөрийн гэсэн давтагдашгүй онцлог шинж байдаг байх?

–  Миний онцлог юу байсныг өөрөө хэлэх хэцүү. Үнэнийг хэлэхэд юу бүжиглээд яаж бууснаа ч санахгүй байна. Эхэлчихсэн байснаа нэг мэдэхэд маш хурдан дуусчихсан. Тоглолт дууссаны дараа багш нар, өмнөх бүжигчид маш сайхан сэтгэгдэлтэй хүлээж авсанд их баярласан. Миний гар, цээжийг илүү гоё байна гэсэн. УДБЭТ-ын туслах балетмейстер, МУГЖ Х.Гэрэлчимэг, МУГЖ Ч.Ганчимэг багш  хоёр надад олон зүйлийг заасан. Алхаа гишгээ, гарын хөдөлгөөн, дэвэлт, хувцаслалт, тайзан дээр амьсгаагаа хэрхэн авахаас эхлээд алхам болгонд зөвлөсөн. Манай хоёр багш хоёулаа хун болж байсан учраас өөрсдийнхөө мэдрэмж, туршлагаас хуваалцсан.

-Хар, цагаан хунгийн алинд нь бүжиглэхэд хэцүү байсан бэ?

– Цагаан хунгийн бүх зүйл нь цэвэр, цэмцгэр сайхны хамгийн дээдийг харуулах ёстой учраас бүжигчнээс нарийн техник шаарддаг. Тиймээс хар хунгаасаа  хэцүү санагдсан.  Мөн балетын төгсгөлд маш их ядарсны дараа 32 эргэлт орж ирдэг. Сэтгэл зүйгээ маш сайн бэлдэж байж л хийхгүй бол алдаа гаргах магадлал ихтэй санагдсан. Үе үеийн хунгууд, бүжигчид  “Хунт нуур” балетчнаас сэтгэл зүйгээ хүчтэй байлгахыг шаарддаг гэж хэлдэг.

– Гоцлол бүжигчин байх их хэцүү. Шантрах үе олон гардаг байх. Ийм үеийг хэрхэн даван туулдаг вэ?

– Гоцлол балетчинд хэцүү зүйл олон бий. Хамт бүжиглэж байгаа балетчид дундаас хамгийн сайн нь байх ёстой. Хариуцлагатай, сэтгэл зүйгээ хүчтэй байлгаж л гоцлол бүжигчин гэдэг нэрийг авч явна. Нэг хоногийн бэлтгэл тасрахад л бие амраад формноосоо гарчихдаг. Тиймээс өдөр болгон их бага гэлтгүй бэлтгэлээ хийж байх  шаардлагатай. Бэлтгэлийн дундуур ч  шантрах үе олон гарна. Заримдаа бүх зүйл болохгүй үе гэж байна.  Хөлд цэврүү үсэрнэ, хумс хугарна, өвдөг, шагай өвдөнө.  Гэхдээ төгс төрсөн хүн гэж байхгүй. Тиймээс энэ бүхнийг даваад гэмтэлтэй байсан ч бүжиглэдэг. Ер нь  сонгодог урлагаар хичээллэснээсээ хойш их тэвчээртэй, хатуужилтай  болсон юм шиг санагддаг.  Хэр баргийн зүйлд уйлахгүй, гүргэр болсон гэж боддог. Гоцлол бүжигчин нь тоглолтын төгсгөлд хамгийн урд ганцаараа гараад үзэгчдэд ёслох мөч надад хамгийн сайхан санагддаг.

-Бүжгэн жүжиг бүжиглэлтээс гадна жүжиглэлт их шаарддаг. Дүрээ хэрхэн судалдаг вэ?

– Үе үеийн бүжигчдийн бүжиглэлтийг харна. Интернэтээс дэлхийн том том балетчдын бүжиглэж буй бичлэгийг үзнэ. Залуу, өсвөр үеийнхэн яаж бүжиглэж байна, хамт бүжиглэж байгаа бусад хунгууд яаж бүжиглэж байна гэдгийг харна. Ер нь өөрөөсөө бусад бүх балетчдыг харж сайныг нь өөртөө шингээн  авч бүжиглэдэг.

-Бүтээх юм сан гэж хүсдэг мөрөөдлийн дүр бий юу?

– Бүтээхийг хүсдэг онцолсон дүр байхгүй. Миний хүрч чадах надад оноогдож ирж байгаа дүр болгоныг хамгийн сайнааараа л бүтээх юмсан гэж боддог.

– Балетаар I ангиасаа хичээллэсэн гэж сонссон. Энэ шийдвэрийг өөрөө гаргасан уу?

– Анх уран гулгалтаар хичээллэх гэж байсан. Эгч суурийг нь Монголд сайн багш дээр тавиулчихвал Японд авчраад уран гулгалтын тамирчин болгоё гэж  хэлсэн. Гэтэл балетаар хичээллээд нэг мэдэхэд V ангид орчихсон байсан. Тэгээд Хөгжим бүжгийн коллежид сураад мэргэжлийн балетчин болсон доо. Дашрамд нь хэлэхэд хэрвээ хүүхдээ балетчин болгох гэж байгаа бол анхнаас нь сайн багш дээр хичээллүүлэх нь чухал гэж зөвлөмөөр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.6.24  ДАВАА  №127  (6094)


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх