Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2019 07 сар 05
Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур бол Монгол Улсын хойд хэсэгт Хөвсгөл аймагт оршдог Хөвсгөл нуур билээ. Тиймээс Хөвсгөл нуурын байгаль экологийн болон соёлын үнэ цэнэ, ач холбогдлыг олон улсын хэмжээнд таниулах, нуур орчмын онгон байгалийг НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлэх зорилгоор энэ аяныг эхлүүлж байна.
Энэхүү аян нь байгаль орчин, эрх зүйн мэдлэгийг урлаг, соёлоор дамжуулан түгээх зорилготой бөгөөд тус аянд дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй найман орны 25 уран бүтээлч, хуульч, байгаль орчны идэвхтнүүд, сэтгүүлчид нэгдэж байгааг өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр аяныг санаачлагч “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн”, “Түгээмэл эрх хөгжил” , “Захиргааны шинэ санаачлага”, “Байгаль орчны сэтгүүлчдийн сүлжээ”, “ Дөрөв дэх өнцөг” ТББ-ын төлөөлөл мэдэгдлээ. Гадаад дотоодын олон хүнийг нэгтгэсэн энэхүү аян энэ сарын 4-19-ны өдрүүдэд Улаанбаатар-Эрдэнэт-Булган-Мөрөн-Хатгал гэсэн маршрутаар үргэлжлэх бөгөөд урлаг соёлын хамтарсан тоглолт, мэдээллийн үйл ажиллагаа, эрдэм шинжилгээний бага хурлыг үндэсний хэмжээнд зохион байгуулах ажээ.
Тус аяныг санаачлагч “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа хэлэхдээ “Дэлхий дээр цэвэр усгүйгээр 4500 хүн үрэгдсэн байна. Тиймээс хойч үедээ усаа үлдээх зорилгоор үе хоорондын зарчмыг бид мөрдөх ёстой. Бидний өвөг дээдэс энэ л зарчмаар усаа хадгалан хамгаалж ариун дагшинаар, цэвэр тунгалагаар бидэнд өвлүүлэн үлдээсэн. Бидний үед энэ зарчим алдагдах ёсгүй. Энэ үеийн буруу хэрэгцээ шаардлагыг хангах гэж хойч үеийн хэрэгцээг зөрчиж болохгүй. Нуураа дэлхийн өвд бүртгүүлснээр жуулчдын тоо өсөхийн зэрэгцээ хамгаалах асуудал нь олон улсын хамгаалалтад орох ач холбогдолтой” гэлээ. Түүнчлэн нэрт сэтгүүлч Балдорж агсан “Далай ээж цаазын тавцанд” өгүүллэгээр нуураа аварч байсан бол энэ удаа мөн сэтгүүлчдийнхээ хүчээр усаа хамгаалах болно гэж тодотгож байв.
Нуурын ус бохирдвол хэзээ ч эргэж тунгалагшихгүй
Одоогоос 10 жилийн өмнө Хөвгөл нуурыг тойрч гурван жуулчны бааз байсан бол өнөөдөр 117 бааз үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ нь байх ёстой стандарт 20 хувиар ихэссэн. Уг нь стандартаар бол 60 орчим бааз байхад хангалттай юм байна. Баазуудын хариуцлаггүй үйл ажиллагаанаас болж нуур бохирдож замагтсан. Дэд бүтэц, зам муу хөгжсөнөөс тоосжилт ихэссэн гээд олон сөрөг нөлөөлөлд орсон байна. Бохирдлоос шалтгаалан тунгалаг чанар алдагдвал дахин хэзээ ч нөхөгдөхгүй болдгийг бусад улс орны жишээ сануулсаар байгааг онцолж байв.
Хөвсгөл нуурыг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах зорилготой “Далай ээж” олон улсын хөгжмийн үдшийг энэ сарын 9-ны өдөр “ON”N OFF” продакшны байранд зохион байгуулж уг арга хэмжээг комеди арт Б.Идэрбат хөтлөх юм байна. Хөгжмийн үдшийг Монгол Улсын СТА дуучин С.Наран зохион байгуулж, Монгол Улсын Гавьяат жүжигчин дуучин Ө.Уянга, СТА дуучин Т.Дэлгэрмөрөн нар уран бүтээлээрээ дэмжиж оролцоно хэмээн зохион байгуулагч нар нь хэллээ. Хэвлэлийн хурлын үеэр наадмыг зохион байгуулагчид “Олон улсын авьяаслаг хүмүүстэй хамтдаа нэгэн үдшийг өнгөрүүлэх алтан боломж тэр болгон таараад байхгүй. Тиймээс энэ боломжийг урлаг соёлынхон ийнхүү олгож байна. Тасалбарын нэг бүрийн үнэ 50.000 төгрөг. Монгол орны маань үнэт баялаг Хөвсгөл нуурийг өмгөөлж, хамгаалахаар энэ аянд нэгдэхээр тив алгасан цаг зав, сэтгэл зүрх гаргаж гадны олон орны төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож байхад Монголчууд бид яахин гар хумхин зүгээр суух билээ. Тиймээс монголчуудаа сэтгэл гарган энэхүү аянд нэгдэхийг уриалж байна” гэсэн юм.
Соёлын аяны үеэр уран зургийн дуудлага худалдаа болно
Далай ээжээ хамгаалах аянд нэгдсэн Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач С.Машбат, чөлөөт уран бүтээлч Ц.Амарсайхан, Австрали улсын уран зураач Бенжамин Ноа, Англи, Бангладешийн уран барималч Саймон Бак, Рити Махаржан, Анисул Хакэ нар болон уран зургийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж дуудлага худалдааг зохион байгуулах юм байна. Энэхүү дуудлага худалдаанаас орсон хандивыг аяны үйл ажиллагаанд зарцуулах юм байна. Энэхүү үзэсгэлэнд Азийн орны зарим зураачдын уран зураг тавигдах ажээ. Зураач С.Машбат хэлэхдээ “Усны асуудалд дэлхий нийтээрээ анхаарч байгаа энэ цагт зураач,уран бүтээлчид бид байгалийн сайхныг зурахаас илүүтэй хамгаалахад оролцох хэрэгтэй. Тиймээс энэ аянг дэмжин оролцож байна” гэлээ. Англи улсын уран барималч Саймон Бак “ Өмнө ойг хамгаалах аянд нэгдэж байлаа. Ус хамгаалах аянд нэгдэж байгаагүй. Анх удаа энэ арга хэмжээнд Монгол оронд ирж нэгдэж байгаадаа туйлын сэтгэл өндөр байна. Хөвсгөл нуурыг дэргэдээс нь харна гэхээр сэтгэл хөдөлж байна” гэв.
Хөвсгөл нуур 24-25 метрийн гүн дэх зүйл харагддагаараа хамгийн цэнгэг
Хөвсгөл нуур дэлхийн цэвэр усны нөөцийн 2.4 хувийн нэг хувийг бүрдүүлдэг. Нийтдээ 136 км урт, 20-40 км өргөн, 260 орчим гүн, эргийн шугмын урт 414 км юм. Монгол орны цэвэр усны нөөцийн 70 орчим хувийг бүрдүүлдэг. Эл нуураас Эгийн гол эх авч Сэлэнгэ мөрөнтэй нийлэн Байгаль нуурт цутгадаг. Монголын хамгийн урт нуур. Тунгалага нь 24-25 метрийн гүнд байгаа зүйл харагддаг шууд ундны усанд хэрэглэдэг нуур. Мөн хамгийн зузаан 1.5 метр мөс тогтдог. Хамгийн олон 99 гол, нуур цутгадаг. Хамгийн богино нэртэй гол эх авдаг. Түүнчлэн цэвэр усны нөөц 381 м2 талбайг эзэлдэг. “Хөвсгөл далай ээж “ дэлхийн өвд орсноор олон улсын хэмжээнд үнэ цэнэ, эрэлт хэрэгцээ нэмэгдэж тэр хэрээр ирэх жуулчдын тоо нэмэгдэж байгалийн болон соёлын өв уламжлалыг сэргээн хөгжүүлэх боломж нээгдэж олон улсын хэмжээнд хамгаалагдах юм.
Эх сурвалж:www.polit.mn
Хөвсгөл нуурыг дэлхийн өвд бүртгүүлснээр…
– Хөвсгөл нуурыг олон улсын хэмжээнд танигдана. Ингэснээр олон улсын, байгаль, соёлын аялал жуулчлал хөгжинө.
– Байгалийн өвд бүртгэгдсэн өвийг хамгаалах, шинэчлэх, эрсдлээс хамгаалах, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зориулж жил бүр хоёр сая долларын санхүүжилтийг хуваарилдаг байна. Хөвсгөл нуурыг хамгаалахад БОАЖЯ-аас ч хангалттай төсөв хуваарилж чаддагүй энэ үед олон улсаас санхүүгийн дэмжлэг авах нь чухал.
– Онцгой тохиолдолд байгалийн гамшиг, эрсдэл тохиолдсон үед олон улсаас хамгаалалтын ажиллагаа явуулдаг. Нэг ёсондоо Хөвсгөл нуурыг дэлхий хамгаалж эхэлнэ гэсэн үг юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.