Н.Бүргэдаа: Сумын наадамд цолтой, цолгүй бөхчүүдийг зовоодог л хүүхэд байлаа

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 07 сар 09 ・ 2

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

1981 оны чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл, 1982 оны самбо бөхийн дэлхийн аварга, чөлөөт бөхийн 1985 оны “Дэлхийн цом”-ын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Бүргэдаатай ярилцлаа.


-Тантай энэ удаад наадмын тухай хөөрөлдье гэж бодлоо. Бөх хүнтэй наадам ярих шиг сайхан зүйл үгүй дээ?

-Би хэдийгээр их спортын тамирчин байсан ч гэсэн цэргийн заан цолтой хүн.

-Сумын наадамд хэдтэйгээсээ эхэлж барилдаж байв?

-Сумын наадамдаа дунд сургуульд байхаасаа л барилдаж эхэлсэн. Их спортод хөл тавихын тулд үндэсний бөхөөр барилдаж байж л спортын гараагаа эхлүүлсэн гэж болно. 1974 онд Говь-Алтайгаас 400 эр цэрэг ардын цэргийн албанд мордож байлаа. Шар автобусаар ирж билээ. Тэр үед Батлан хамгаалах яамны сайд Моломжамц гуай дэд хурандаа цолтой байл уу даа. Манай Алтайн цэргийг авч явлаа. Эхлээд сум сумаар нь барилдуулаад шалгарсан бөхчүүдийг Лүн сумын наадмын талбай дээр авчраад аваргыг нь шалгарууллаа. Би тэгэхэд 500-гаад цэргээс түрүүлэхэд Моломжамц гуай намайг “Чи мундаг тамирчин болно” гээд “Алдар” нийгэмлэгт өгч байлаа.

Цэрэгт ирэхээс өмнө сумынхаа наадамд зодоглодог байлаа. Гурвын даваанд сумын заан, сумын начингуудтай гар зөрүүлж л байсан. Хүүхэд байхын л барилдах сонирхолтой, төрөлхийн авьяастай байлаа. Тэндээс л миний бөхийн замнал эхэлсэн. Их спортын тамирчин байхдаа энд тэнд очиж үндэсний бөхөөрөө барилдана. Түрүүлж, даага хөтөлдөг л байлаа. Хоёр ч сумын наадамд даага хөтөлж байж шүү. 1976 онд байх аа, их сургуулийн зааланд Армийн аварга шалгаруулах тэмцээн дээр би Сугаа начинг тэр үед хаячихаж л байсан юм даа. Тойргоор барилдаад 19 давлаа. Тэр үед их спортын тамирчдыг үндэсний бөхөөр барилдахыг хатуу хориглож байсан. Ялангуяа хөнгөн жингийн тамирчдыг. Ч.Дамдиншарав багш маань их уурлаж цэргийн зааны үнэмлэх бичиж өгөх нь бүү хэл, загнаад сүйд хийхээ дөхсөн. Тэнд дураараа очоод барилдсан гэдгээрээ арга хэмжээнд хүртэл орохоо дөхөж билээ. Үндэсний бөхөөр барилдаад байхаар ухардаг, хамгаалдаг болчихдог талтай л даа.

-Сумын наадамд үзэгчдийг хэр хуйлруулдаг байв?

-Сумын наадамд гараад л шажигнатал зүүгдчихдэг хүүхэд байсан юм. Цолтой, цолгүй бөхчүүдийг зовоодог л хүүхэд байлаа (инээв). Зүүгдчихдэг. Ширвээд унагах гэхээр дөрвөн хөллөчихөөд унаж өгдөггүй ийм л хүүхэд байлаа. Тийм ч болохоор хүүхэд байхаасаа л аманд гарсан. Сумандаа бол би амандаа гараагүй жил байгаагүй байх аа, цэрэгт иртлээ.

-Наадам болгон сайхан, наадам бүхэн дурсамжтай. Тэр дундаас таны санаанаас гардаггүй дурсамжтай наадам гэвэл хэзээний наадам бэ?

-Нэг дурсамж байдаг юм. Цэрэгт ирэхээс өмнө Архустын “Сургууль комбинат”-д Тракторч-комбайнчийн курст ирэхгүй юу. Хавар, зун нь дадлагаар Сантын сангийн аж ахуйд очдог юм байна. Хавар нь би трактор барьж яваад халууцаад байхаар нь Орхон голд орчихсон чинь усны хордлого гараад яршлаа. Яран толгойтой юм л байлаа. Бидний хоол хүнс дуусаад, манай дадлагын багш казах хүн байсан юм. Тэр хүн машин тэргэнд дайгдаад Эрдэнэ сумаас хоол хүнс олж ирэхээр явлаа. Бид нарын хоол хүнс дуусчихсан, их хүнд байлаа. Гурил зуураад давстай усанд хорхой шиг имэрч шидээд тэрүүгээр л хооллоно. Тэр үеэр наадам болдог юм байна. Би барилдах болдог юм байна, сумын наадамд. Сант, Орхон, Баруунбүрэн сум гэсэн бүсийн сумдын дунд спартакиад болж өнгөрч. Тэр үед сумынхаа наадмыг алдахгүй гэж нэг айхавтар үг байлаа даа. Манай дадлагын нэг багш сумын цолтой хүн байсан. Тэр хүн намайг болон хамт дадлага хийж яваа найзуудыг минь дагуулаад сумын наадамд очлоо. Намайг бүртгүүлчихлээ. Гурвын даваанд “Тэнхээ” Бадарч гэж аймгийн заан чамайг амлалаа л гэж байна. Тэгсэн чинь өнөө хүн чинь волейбол тоглож байснаа аманд ирсэн хүүхдийг аваад шидчихье гээд л тамирын хувцастайгаа нэг бүс бүсчихээд л амьсгаадаад хүрээд ирлээ. Үзээд явчихлаа, би. Бүснээс нь зүүгдчихээд тавиагүй. Нөгөө хүн чинь их том биетэй, тэнхээтэй хүн. Намайг дүүгүүрдээд байдаг, би толгойгоороо цээж рүү нь түрчихээд л үзээд байдаг. Сүүлдээ тэр хүн засуулуудад хандаж “Энэ хүүхдэд далбаа өмсүүл” гэдэг юм байна (инээв). Тэгтэл надад олдож байгаа нь хүүхдийн далбаа өмсүүлчихлээ. Дахиад л үзлээ. Намайг дахиад л дүүгүүрдэж гарлаа. Дүүгүүрдэж байгаад тавихад нь хутгачихсан чинь нөгөө хүний дээр нь гарчихлаа даа. За тэгсэн сумын наадам шуугиан болчихдог юм байна. Тэгээд би чинь үзүүр, түрүүнд үлддэг юм байна. Дадлагын багш маань түрүүлээд. Би чинь Сант сумыг аврахгүй юу. Тэр үед би чинь бүжгэнд орж яваад зодоон хийсэн хэргээр цагдаад дуудлагатай байлаа. Тэгсэн чинь сумын дарга намайг дуудаж байна гэнэ. Би ч айгаад л яваад очлоо. Тэгтэл хажуудаа хэлтсийн төлөөлөгчийг суулгачихаж. “Чи энэ хүүхдийн тэр асуудлыг шийдээд наад хүүхдээ аж ахуй руу нь явуул. Сумын наадамд сум нутгийг аварсан хүүхдийг” гэж байна. Би торгууль ч юм уу ямар нэгэн арга хэмжээ авахуулах байсан чинь юу вэ сүйд болдог юм байна. Хоол унд өгөөд айраг цагаагаар дайлж байна. Үзүүр, түрүүнд үлдэхээр хэдэн төгрөг өгнө. Өгсөн мөнгөөр нь хамт дадлага хийж байсан арван хэдэн нөхдөдтэйгөө наадмын талбайдаа сайхан хуушуурдлаа. Үлдсэн хэдэн төгрөгөөр нь гурил, будаа, хиам гээд л хүнсээ цуглуулаад өнөө муу майхандаа очиж байлаа. Тэндээ хоёр гурван хоног хоол ундтай байж байтал Эрдэнэ сум руу хүнсэнд явсан багш маань ирдэг юм байна. Бид чинь хоол идчихсэн, цодойчихсон юмнууд сууж байлгүй яахав. Багш “Санаа зовоод, хэдэн хүүхэд маань тураад үхчихсэн байх вий. Орхон голын эрэг дээр өлбөрчихсөн байх вий” гээд ихэд санаа нь зовсон байдалтай ярьж байна. Тэгтэл нөхөд маань “Манай Бүргэдаа сумын наадамд үзүүрлээд шагнал аваад бид хоолтой золгосон” гэж их л сүрхий магтаж ярьцгааж билээ. Тэр зуны тэр наадам санаанаас минь ер гардаггүй юм.

-Гоё дурсамж байна?

-Өлсгөлөнгөөс хэдэн хүүхдийг аварч л явлаа (инээв).

-Хэдэн оны үе вэ?

-1972 оны үе байх аа. Арван хэдтэй л хүүхэд байж.

-Манай сонины Тамгын газрын дарга Т.Дашням 1990-ээд оны үед Эрээнд явж байтал монгол наймаачид нэг залууг мөрөн дээрээ суулгаад “Бид ялчихлаа. Манай бөх давлаа. Монгол, Монгол!” гээд баяр хөөр болж, уухай хашгирцгаагаад шуугьж байхыг харж л дээ. Тэгээд учрыг нь лавлатал монгол залуу хятад эртэй барилдаад давж, тэнд явсан монголчуудыг баярлуулсан байгаа юм. Тэр хятад хүнийг давсан монгол залуу нь та байсан юм билээ шүү дээ?

-Тэр чинь ингэсэн юм. 1990-ээд он гарчихсан байсан. Ганзагын наймааны үе байлаа. Тэр чинь хятад хүн биш, өвөр монгол бөх байсан юм. Би яахав наймаа хийгээд явж байсан юм. Тэнд нэг залуу цээжээ хаялаад том л харагдах гэхгүй юу. Тэр хавьдаа л наймаачдыг жаахан эрэмбэдэх гэсэн юм уу даа. Тиймэрхүү юм би сонсчихгүй юу. Би Үүрцолмонтой (Самбо бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Үүрцолмонг хэлэв.сурв) хамт явж байсан юм. Бага жингийн тожгорууд л наймаа хийх гэж явж байхгүй юу. Тэгээд өнөө өвөр монгол дээр очлоо. “Чи бөх үү” гэсэн чинь өөдөөс “Тийм ээ, бөх” гэж байна. “Би ч бас бөх” гэсэн чинь намайг шоолонгуй байна аа. Тэгэхээр нь би “Тэгвэл хоёулаа барилдчихъя” гэлээ. За гэж байна. Хэрвээ чи надад ойчвол энд наймаа хийхээр ирсэн ар монголчууддаа тусалж, анхаарч бай. Хэрвээ би чамд унавал гээд тодорхой хэмжээний мөрий тавилаа. Тэгээд барилдах боллоо. Монголчууд маань “Бүргэдаа аварга аа” гээд, цаанаас нь өвөр монгол бөхийг өвөр монголчууд нь дэмжээд хажуугаар нь хятадууд юу болдог бол гэж ихэд сонирхоцгоож байна.

-Эрээний зах дээр юм уу?

-Зах дээр л үзэлцэнэ ш дээ. Зах дээр талбай гаргаж байгаад л тойрцгоож байна. Үзэлцээд л байлаа, үзэлцээд л байлаа. Үзэж үзэж байгаад унагачихдаг юм.

-Ямар мэхээр?

-Эрхбиш их спортын хүн байна даа, баруунд нь сэжээд хутгачихсан санагдаж байна. Тэр бөх бас их шандастай хүн байсан. Амьтад овооролдоод л шуугилдаад. Давчихсан чинь монголчууд маань намайг өргөж аваад л мөрөн дээрээ тавиад уухайлцгаагаад бөөн баяр болж байлаа.

-Та наадмаар бөхийн асар хавиар байдаг уу, үзэгчдийн суудалд суудаг уу. Ер нь голдуу хаагуур наадамладаг вэ?

-Үзэгчдийн суудлаас бөхөө хардаг болсон. Бөх рүү ойртохоо больсон. Гоё дээлээ өмсч, одон медалиа зүүгээд наадмынхаа хуушуурыг идчихээд үзэгчдийн дунд сууж байх шиг сайхан юм байдаггүй юм билээ.

-Таны тухай онигоо олон доо. 500 рубльтай холбоотой хөгжилтэй явдлаа ярьж болох уу?

-Тэр үед 500 рубль чинь их мөнгө байсан юм шүү. Гадаад явдаг хүн ч ховор. Хэдэн бөхчүүд л явна. Ах дүүс намайг гадаад явна гэхээр гутал, хувцас авчраарай гэж захиж 500 рубль өглөө. Би цэргээс халагдаад ирсэн, мөнгө муутай л амьтан байлаа. Социалист орнуудад банкууд нь тамирчдын 50, 100-тын дэвсгэртийг сольж өгдөггүй байсан юм. Би яахав таван ширхэг 100-тын рублийг Монголоос бол нуугаад гарчихаж байгаа юм. Тэгээд тэрийгээ Омск дээр очоод аравтын дэвсгэрт болгууллаа. Оюунболд (Гавьяат тамирчин Д.Оюунболдыг хэлэв.сурв) бид хоёр мөнгөө нуухын тулд онгоцны ар талыг бараг түймэрдэхийн наагуур юм боллоо. Тэр үед цавуу элбэг биш, скоч гэж бүр байхгүй. Асаагуур гэж байхгүй. Шүдэнзтэй. Онгоцны арын суудалд суугаад кээтнийхээ бамбагар улавчийг сугалж аваад өнөө дэвсгэртүүдээ хийгээд улавчаа гялгар уут хайлуулж байгаад наагаад өмсчихлөө. За, тэгээд “Шереметьево” дээр орой буулаа. Олимпийн өмнөхөн, сорилтын гурван тэмцээнд оролцохоор Герман, Румын, Болгарт очих байлаа. Румынд эхний тэмцээнтэй. Биднийг Мөөеө багш (Дархан аварга, хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат аваргыг хэлэв.сурв) авч явж байсан юм. Тэгтэл намайг нэгждэг юм байна. Жижиг өрөө рүү орууллаа. Би хэргээр шивэртэй оймс өмсчихсөн юм. Би ч яахав намайг нэгжиж байгаа орост “Миний аав малчин. Би шинэ цэрэг. Манай аймаг бүр хол Алтайд бий. Би амьдрал ядуу. Надад рубль байхгүй” гээд л оросоор ярилаа. Тэгсэн чинь “Сайн байна. Сайн шинэ цэрэг байна” л гэж байна. Дээрээс аваад л бүхнийг минь нэгжлээ дээ. Тэгснээ нэг кээтийг минь тайлж аваад дориун шалгаж байна. Гялгар уутаар нааж байхдаа нэг газар нь жаахан түлчихэж. Тэрийг харснаа улавчийг суга таттал нөгөө баахан аравтын дэвсгэртүүд минь унаад ирлээ. Хажууд байсан бас нэг орос миний нөгөө хөлийг бариад авлаа даа. Хоёр, гурван орос намайг шалгахад хамт байсан. Би болохоор “Та нар үзчихсэн. Одоо байхгүй” гээд тэр дотор чинь өрөөсөн гуталтай хөөцөлдөөд, хоёр гурвуулаа намайг барьж аваад кээтийг минь сугалаад авчихлаа. Нөгөө 500 рублийг минь хураачихлаа даа. Хамаг амьдрал ш дээ, тэр чинь. За тэгээд л би үсрээд гараад ирэхгүй юу. Тэгтэл Мөөеө багш маань “П...чинь баярлаад дэвхрээд гараад ирлээ ш дээ” гэж байна. Би ч яахав болсон явдлыг ярилаа. “Хэдэн рубль хураалгасан бэ” гэхээр нь “500 рубль” гэсэн чинь Мөөеө багш “Чи тэр их мөнгийг олохын тулд Монголд хичнээн өр тавих бол” гэж байна. Тухайн үед олон улсын тэмцээнд оролцоод эхний гурван байрт орвол Биеийн тамир, спортын хорооноос 300-700 төгрөгийн шагнал өгдөг байсан юм. Хэрвээ би Румынд түрүүлбэл 700 төгрөгтэй болох байлаа. Тэгтэл З.Ойдов гуай түрүүлээд би мөнгөн медаль авчихдаг юм байна. Тэгэхээр би 500 төгрөгтэй боллоо гэсэн үг л дээ. Тэгтэл Мөөеө багш “Чи алдсан мөнгөнийхөө талыг олчихлоо. Одоо Германд очоод түрүүлчихвэл өрнөөсөө гарах нь байна шүү дээ” гэж байна.

Орой нь Германд машинаар яваад оччихлоо. Бусад орны тамирчдыг харсан чинь дан надад хожигдсон тамирчид ирж байна аа. Оросууд ирдэггүй. Тэгэхээр нь би “Оросууд ирсэнгүй. Би ч түрүүлэх нь” гэж бодож байлаа. Мөөеө аварга ч “Оросууд байхгүй байна. Түрүүлчихсэн байх аа чи” гэж байна. Өглөө 06 цагт жин үзсэн чинь гурвын гурван орос миний жинд зогсч байдаг байгаа.

Хоёр нь манай хэсэгт ороод ирдэг юм байна. Үзээд л явчихсан. Би хэсэгтээ түрүүлээд гараад ирлээ. Нөгөө хэсгээс нэг бөх гараад ирдэг юм байна. Маргааш нь аваргын төлөө тэрэнтэй барилдах боллоо. Өглөө нь Мөөеө аварга намайг дуудаж байна “Чи нөгөө 500 рублиэ хураалгасан хүнээ санаж байна уу” л гэж байна. “Мэдэхгүй ээ, санахгүй байна” гэлээ. “Тэр гаалийн ажилтны чинь энгэр дээрх шошгыг харахад одоо чамтай барилдах гэж байгаа нөхөртэй нэг овогтой юм билээ. Харваас царай нь ижилхэн, багууд байна. Ах дүүсийн улсууд байна. Одоо чи энд л даагаа нэхэх болж дээ. Энэ бол дүү нь, ах нь чиний мөнгийг хураачихсан” гэж байна.

-Тэр нь ямархуу байрын бөх байсан бэ?

-Өндөр биерхүү нөхөр. Намайг дэвжээ рүү гарахад Мөөеө аварга “Хөлийг нь хар. Нарийхан шилбэтэй юм. Хүүхний шилбэтэй юм байна ш дээ” гэхээр нь хөл рүү нь орох гэсэн чинь явуулдаггүй. Би ч “Мөөеө багш аа, энэ чинь явуулдаггүй ээ” гэсэн чинь өөдөөс харин “Битгий хуц! п... чинь. 500 рубль, 500 рубль” гэж байна. Завсарлагаанаар багш “Наадах чинь 500 рублийг чинь хулгайлсан хулгайч ш дээ. Чи одоо наадхаа мөргө, зод. Өөр арга байхгүй. Хамрыг нь нахийтал мөргө. Урдаас нь мөргө” л гэж байна. Дэвжээн дээр гараад харсан чинь нөгөө гаалийн ажилтантай нээрэн л адилхан юм. Уур хүрээд нүдчихлээ. Гурав торгуулаад хөөчихлөө. Мөргөсөөр байтал тэрний нүүр, миний ч нүүр булуу болчихлоо. Тэмцээний дараа шүршүүрт ирээд хавдраа буулгах гээд хүйтэн усаар шавшаад зогсч байтал ар нуруу руу хэн нэгэн хүн алчуураар тасхийтэл ороолгоод явчихдаг юм. Хартал Мөөеө багш. “Хөөе, яаж байна, багш аа” гэсэн чинь “Нөгөөх чинь шал өөр нутгийн хүн байсан байна ш дээ” гэж байна. Намайг 500 рубль дээр шатааж л тэмцээнд хожуулах арга хэрэглэсэн нь тэр л дээ.

-Тэгээд та хожсон л биз дээ?

-Тэгсэн. Энд ирээд өрнөөсөө салахгүй юу.

-Наадам хаяанд ирлээ. Энэ сайхан баярыг угтаад мэндчилгээ дэвшүүлж, ярилцлагаа өндөрлүүлье.

-Монголын ард түмний үндэсний бахархалт баяр наадам дөхөж байна. Монголын нийт ард түмэн, Алтайчууд, Засагт ханыхан, үндэсний бөхөд хайртай ард түмэндээ дэнж хотойтол сайхан наадаарай гэж ерөөе. Бөх нь хүчтэй, морь нь хурдан, сум нь мэргэн байх болтугай. Та бүхэн сайхан наадаарай.

 

Эх сурвалж: www.sonin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: