Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2019 07 сар 26
・ 2
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар Монголбанканд хандан, зургадугаар сарын 18-нд нэгэн албан бичиг илгээжээ. Уг албан бичигт “Тус Байнгын хорооноос 2019 оны дөрөвдүгээр тогтоолоор экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар, Монголбанк, Хөгжлийн банканд чиглэл өгч, хэрэгжилтийг 2019 оны хоёрдугаар улиралд багтаан танилцуулахыг даалгасан. Иймд хэрэгжилтийн тайланг долдугаар сарын 5-ны дотор ирүүлэхийг хүсье” гэжээ. Үүнийг уншсан хүн юу ч ойлгохгүй агаад цаад нарийн учрыг нь мэдэхийг эрмэлзэх нь гарцаагүй. Энэ бол УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан, Экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар, Монголбанканд чиглэл өгөх тухай тогтоолын хэрэгжилтийг шаардсан албан бичиг юм. Экспортыг нэмэгдүүлэхэд Монголбанк ямар оролцоотой вэ. Мэдээж мөнгөний бодлогоор дэмжиж болно. Угаасаа ч аливаа улсын Төвбанк санхүүгийн тогтвортой байдал, мөнгөний урсгалаар дамжуулан эдийн засгаа хөгжүүлэх зорилготой ажилладаг. Өөрөөр хэлбэл, мөнгө зээлж, экспортын төслүүдийг санхүүжүүлж болно.
Эдийн засгийн байнгын хорооны Экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар, Монголбанканд чиглэл өгөх тухай тогтоолын заалтууд хэт ерөнхий, заримынх нь агуулга бүрхэг байв. Гэхдээ Монголбанкийг экспортыг нэмэгдүүлэхийн тулд мөнгөний бодлогоо хандуулах, мөн төгрөг зээлэхийг тус Байнгын хорооноос үүрэгдсэн нь илэрхий ойлгогдоно. Мөнгө зээлэхийг үүрэгдсэн нь үндэсний мөнгөн тэмдэгтээ хэвлэж, зах зээлд нийлүүл гэсэн шаардлага юм. УИХ-ын гишүүд Төвбанкаа мөнгө хэвлэж тараахыг шаардаж буй нь анхаарахгүй орхиж боломгүй үйлдэл. Тогтоолын эхэнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор баталлаа гэсэн агуулгыг оруулжээ. Тэгэхээр мөнгө хэвлэхийг шахаж буй цаад эзэн нь Ерөнхийлөгч Х.Баттулга байх нь.
Тогтоолын 1.1-д “Тавантолгой-Цагаан суварга-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг 2019 онд, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг 2020 онд тус тус багтаан хэрэгжүүлж дуусгах, 1.2-т “Энэхүү тогтоолын нэгдүгээр заалтын 1 дэх дэд заалтад заасан төмөр замын төслүүдийг “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 2018 оны болон ирэх жилүүдийн цэвэр ашгаар санхүүжүүлэх, цаашид гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлж хэрэгжүүлэх” гэжээ. Тэгвэл 2.2-т нь “Энэхүү тогтоолын нэгдүгээр заалтын 1 дэх дэд заалтад заасан төслийн бүтээн байгуулалт, эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн эх үүсвэрийг Төвбанк (Монголбанкны)-ны тухай хуульд нийцүүлэн бүрдүүлэх боломжийг судалж, танилцуулах” гэж заасан байлаа. Энгийнээр тайлбарлавал, төмөр замын төслүүдийг мөнгө хэвлэж санхүүжүүлэхийг судал гэж үүрэгджээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.