Эдийн засаг
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2019 08 сар 28
・ 2
Жил бүрийн хавар, намар монголчуудын хэрэглээ импортыг дэмжиж, ам.долларын эрэлт эрс өсдөг жамтай. Төгрөгийн ам.доллартай харилцах ханш огцом савладаг гэсэн үг. Ерөнхийдөө сулардаг зүй тогтолтой. Энэ жилийн хувьд ханшийн савлагаа харьцангуй тогтвортой байна. Оны эхэнд 2650 орчим байсан ханш өчигдрийн байдлаар 2670-тай байлаа. Өөрөөр хэлбэл, “ногоон”-ы ханш өнгөрсөн найман сар орчмын хугацаанд өнмөх жилүүдийнхийг бодвол таатай байжээ гэж үзэж болох л юм.
Үүнд, валютын нөөц дорвитой нэмэгдэж, экспортын орлого өссөнөөр төлбөрийн тэнцэл ашигтай гарах болсон зэрэг эдийн засгийн суурь үзүүлэлтүүд зах зээлд оролцогчдын итгэлийг сэргээсэн нь голлон нөлөөлж байгаа. Нөгөө талаар Монголбанкны бодлогын хүүний түвшин, ОУВС болон Засгийн газрын хамтран гаргаж буй тогтвортой өсөлтийн төсөөлөл нөлөөлсөн байх. Тэгвэл ирэх нэг жилийн хугацаанд ч ам.долларын ханшийн тогтвортой байдал үргэлжлэх төлөв харагдаж эхэлсэн. Сонгуулийн мөчлөгийн үеэр ам.долларын ханш тогтвортой байдаг бичигдээгүй хууль бий. Дээр дурдсан эдийн засгийн үзүүлэлтүүд ч эерэг байх дүр зургийг танилцуулъя.
ТӨЛБӨРИЙН ТЭНЦЛИЙН 456 САЯ АМ.ДОЛЛАРЫН АШИГ
Валютын ханш үндсэндээ төлбөрийн тэнцлээр илэрхийлэгддэг. Энэ оны эхний хагасын байдлаар төлбөрийн тэнцэл 456 сая ам.долларын ашигтай гарсан бөгөөд Монгол Улсын хэмжээн дэх валютын орох, гарах урсгалын зөрүү юм. Үүнээс үзэхэд, Монгол Улсын валютын орох урсгал одоогийн байдлаар гарахаасаа их байна. Энэ угтаараа төгрөгийн ханш ам.долларын эсрэг чангардаг хуультай.
Гэвч манай эдийн засаг улирлын шинж чанартай учраас намар бидний хэрэглээ импортыг дэмжиж, ам.долларын эрэлт өсдөг болохыг эхэнд дурдсан. Төлбөрийн тэнцэл сайжрахад экспортын голлох түүхий эдийн үнэ, хэмжээ сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдсэн. ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд донор орнууд, олон улсын байгууллагуудаас урт хугацааны санхүүжилт орж ирсэн. Мөн гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа Оюутолгой төслийн далд уурхайн хөрөнгө оруулалт тогтвортой байсан нь валютын орох урсгалд жин даржээ.
Төв банкны шинжээчдийн харж буйгаар Оюутолгой тэргүүтэй гадаадын шууд хөрөнгө оруулалт болон ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хандивлагч орнууд, олон улсын байгууллагуудаас авах урт хугацааны хөнгөлөлттэй зээл валютын орох урсгалыг дэмжих аж. Энэ тохиолдолд гадаад валютын нөөц ирэх жилүүдэд тогтвортой байж, одоогийн дөрвөн тэрбум ам.доллараас нэмэгдэх ч боломж бий гэж байгаа.
ВАЛЮТЫН НӨӨЦ 4.1 ТЭРБУМ БОЛЖ, ГАНЦХАН ЖИЛИЙН ХУГАЦААНД ТЭРБУМААР ӨССӨН
Хагас жилийн байдлаар Монгол Улсын валютын нөөц 4.1 тэрбум ам.доллар байна. Валютын нөөцийг зузаатгадаг гол хүчин зүйл нь төлбөрийн тэнцэл ашигтай гарах нөхцөл л дөө. Гэхдээ манай улсын хувьд эх орныхоо алтаар валютын нөөцөө зузаатгах боломжтой гэдгээрээ давуу талтай гэж болно. Сүүлийн үед гарч буй геополитикийн өөрчлөлтөөр д элхийн зах зээл дээр алт унци нь 1600 ам.доллар хүрэх магадлалтай болж ирсэн.
Одоо 1500 ам.долларын ханштай байгаа алтны ханш цаашид өсвөл, манай улсын валютын нөөц төдий чинээгээр нэмэгдэнэ гэсэн үг. Төв банк оны эхний долоон сард 7.5 тн алт худалдан авсан нь өмнөх оныхоос 1.8 тонноор бага буюу 19 хувиар буурсан дүн боловч ханшид 400 ам.долларын өсөлт гарснаар үнийн дүнгээ нөхөж дөнгөх биз.
Өнгөрсөн жилүүдийн чиг хандлагаас харахад, оны төгсгөлд Монголбанк дахь алт тушаалт эрчимждэг бөгөөд өнгөрсөн онд 20 гаруй тонн алт буюу тухайн үеийнхээ ханшаар 800 орчим ам.долларын нөөц бүрдүүлсэн. Ингэснээр өнгөрсөн оны II улиралд 2.9 тэрбум байсан валютын нөөц ганцхан жилийн дотор 4.1 тэрбум ам.доллар болж өслөө. Алтны ханшийн чиг хандлагыг харахад, хамгийн найдвартай хөрөнгө оруулалт гэгддэг хатуу валютаар илэрхийлэгдэх нөөц цаашид нэмэгдэхээр байна.
ЭКСПОРТООС ОЛСОН 851 САЯ АМ.ДОЛЛАР
Дээр дурдсан экспортын орлогын өсөлт төгрөгийн ханшийг хамгаалахад том үүрэг гүйцэтгэж байгаа. Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн сарын байдлаар 851 сая ам.долларын ашигтай гарсан.Экспорт өнгөрсөн оны мөн үеэс 454.8 сая ам.доллараар өсөхөд нүүрсний 177.2 сая ам.доллар, алтнаас олсон 51.4 сая америк долларын ашиг голлон нөлөөлсөн байна.
Бүр тодруулбал, түүхий эдийн худалдаа нийт экспортын 95.5 хувийг эзэлж байгаа. Монгол Улсын хувьд энэ онд уул уурхайн салбараас гурван их наяд төгрөг олохоор төлөвлөсөн. Ингэхдээ хилийн боомтуудын нэвтрэх чадлыг нэмэгдүүлснээр 42 сая тонн нүүрс экспортод гаргахаар тооцоолж буй юм. Энэ жилийн төлөвлөгөө биеллээ олбол, ирэх жилд өсөх нь дамжиггүй юм.
ТЭГЭЭС 1.8 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРСЭН ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Монгол Улсад 2015 онд 100 сая ам.доллар, 2017 онд 1.4 тэрбум, 2018 онд 1.8 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн тоо мэдээлэл бий. Тэгвэл энэ оны эхний хагасын байдлаар 560 гаруй сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт оржээ. Гэхдээ сүүлийн 10 жилд Монгол Улсад хийгдсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал нь савлагаа ихтэй, тогтворгүй нэг тулгууртай байсан гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй.
2012 оноос хойш хийгдсэн гадаадын хөрөнгө оруулалтын 81 хувь уул уурхайн салбарт төвлөрсөн. Дээр нь уул уурхайн салбарт лиценз олгох, хүчингүй болгох шийдвэр нь гэнэтийн байдлаар явагддаг зэрэг хүндрэл бэрхшээлүүд байгааг олон удаагийн судалгааны дүн харуулсан. Монгол Улс олон улсад нээлттэй болж, эдийн засгийн чөлөөт нийгэмд шилжсэнээс хойших 28 жилийн хугацаанд дэлхийн 118 орноос нийтдээ 24 орчим тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн байна.
Мөн Монгол Улсад орсон гадаадын шууд хөрөнгө оруулалтын бараг талаас илүү хувийг БНХАУ, Канад гэсэн хоёр улс бүрдүүлснээс Оюутолгойн далд уурхай ямар ач холбогдолтойг харж болно. Тэгэхээр төгрөг хүчтэй байх эсэх нь дээрх хоёр улсын хөрөнгө оруулагчидтай хэрхэн харилцахаас шалтгаалдаг ч гэж дүгнэчихэд буруудахгүй болов уу. Нөгөө талаар Монгол Улсыг эдгээр улсуудын эдийн засгийн төлөв байдлаас хэт хамааралтай болгож, хөрөнгө оруулалтын урсгалын тогтворгүй байдлыг нэмэгдүүлсэн ч гэж харж болно.
ЭДИЙН ЗАСАГ ДАХЬ ИТГЭЛ СЭРГЭСЭН
Дээрх тоон үзүүлэлтүүдээс гадна зах зээлд оролцогчдын итгэл валютын ханшид өндөр нөлөө үзүүлдэг. Хэрэв зах зээл дээр ам.долларын ханш өснө гэсэн хүлээлт үүсвэл, банкууд дахь валютын хадгаламж өсч, тэр хэрээр төгрөг үнэгүйддэг. Тиймээс хэрэглэгчдийн зах зээл дэх итгэлийн индекс ямар байгааг авч үзье. Саяхны судалгаагаар энэ оны хоёрдугаар улирлын байдлаар нийт хэрэглэгчийн 41.7 хувь нь ам.долларын ханшийг ирэх зургаан сарын хугацаанд өснө хэмээн хариулсан байна.
Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 8.3 функтээр өссөн үзүүлэлт. Тодруулбал, өнгөрсөн жилийн өдийд ам.долларын ханшийг 30 гаруй хувиар өснө хэмээн хэрэглэгчид хүлээж байж. Ханшийн өсөлт, бууралт, өөрчлөлтийг дүгнэж, хүлээгдэж буй ханш гэсэн үнэлгээг гаргадаг. Энэ үнэлгээгээр ирэх зургаан сарын хугацаанд ам.долларын ханш дунджаар 2700 орчим төгрөгт байна гэсэн хүлээлт иргэдийн дунд байна. Үүнийг өмнөх буюу нэгдүгээр улиралтай харьцуулахад 50 орчим төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт.
Гэхдээ иргэдийн орлого өссөнтэй холбогдуулан олон төрлийн худалдан авалт өссөнөөр ингэж гарсан байж болно. Нөгөө талаар иргэдийн олонх нь эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын эдийн засаг 7.3 хувиар өссөн нь зах зээл таатай байгааг илтгэж байгаа юм.
ТӨГСГӨЛД НЬ СОНГУУЛИЙН ЖИЛИЙН МӨЧЛӨГ
Төгсгөлд нь сонгуулийн мөчлөгийг дурдахгүй өнгөрч болохгүй. Монголын эдийн засагт парламентын сонгууль гэж том хар шуурга бий. Энэ үеэр бүхий л салбарт хөрөнгө оруулалт өсч, эрх баригчид валютын ханшийг хүчээр ч болов барихыг оролддог гэмтэй. Өнгөрсөн сонгуулийн мөчлөгүүдийг харахад, парламентын сонгууль болохын өмнөх 6-12 сарын хугацаанд ам.долларын ханшийн хэлбэлзэл харьцангуй тогтуун байжээ. Тухайлбал, 2016 оны долдугаар сард ам.долларын ханш 2000 төгрөг байсан бол ганцхан жилийн дараа буюу 2017 оны долдугаар сард 2400 төгрөг болж өөрчлөгдсөн түүхтэй.
Ганцхан жилийн дотор ийм өөрчлөлт үзүүлсэн ханшийн өөрчлөлтийг сонгуулийн өмнөх хөөс хагарсантай холбон тайлбарладаг. Ингэж 20 орчим хувиар унасан төгрөгийн ханш 2018 оны долдугаар сард 2460 болсон. Тэгвэл өнгөрсөн сард 2660 төгрөгийн дундаж ханштай байлаа. Энэ нь 1.5 жилийн настай Засгийн газрын бодлоготой холбоотой. Нэг ёсны сонгууль буюу эрх баригч намынхан Засгийн газраа огцруулах асуудал хөндөх бүрт ам.долларын ханш хэлбэлзэж ирсэн.
Үнэхээр л Монгол Улсад тулгарч буй үндсэн гол бэрхшээлүүдийн нэг нь улс төрийн тогтворгүй байдал бөгөөд Засгийн газар ойр ойрхон солигддогтой холбоотой. Бодлогын тогтворгүй байдал нь нөгөө талаас гадаадын шууд хөрөнгө оруулагчдад хандаж буй олон нийтийн таагүй хандлага, уур амьсгалын илэрхийлэл болсоор ирсэн. Үүгээр дамжин ам.долларын ханш ч бас өөрчлөгддөг юм шүү.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.