Шүүх шүүгчдээ шүүж чадах уу

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 09 сар 05 ・ 2

Шүүгч нар эрүүгийн болон захиргаа, иргэний хэргийн оролцогчдоос хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх шалтгаанаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст олноороо шалгуулж буй билээ. Үүнтэй холбоотойгоор ҮАБЗ-өөс зөвлөмж гаргасныг үндэслэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн юм. Тэдний дунд Улсын дээд шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны, нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны, дүүргүүдийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар буй бөгөөд 2012-2017 оны ХАСХОМ-ийг нь АТГ-ынхан хянаад нэр бүхий шүүгчид, тэдний гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгө, орлогынхоо эх үүсвэрийг хууль ёсных гэдгээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байгаа. Тэдэн дээр нэмээд ч цөөнгүй шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгахаар болж буй гэх мэдээлэл бий. АТГ, прокурорын байгууллагынхан ийнхүү шүүгчдийн хууль бус үйлдлийг илрүүлэн шалгаж, шийдвэрлүүлэхээр шүүхэд нь хүргүүлдэг ч эцэслэсэн нь цөөн.

ӨМГӨӨЛӨГЧӨӨ СОЛЬСООР ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУСГАХ БОЛОЛТОЙ

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан П.Долгормаад холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ бямба гаргийн ажлын өдөр хэлэлцэхээр товлоод байна. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн түүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар тооцон шалгаж дуусаад өнгөрсөн дөрөвдүгээр сард шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-т хүргүүлсэн юм. Түүнд холбогдох хэргийг Дээд шүүхээс харьяалал тогтоож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ оны гуравдугаар сарын 14-ний зарлигаар шүүгч асан П.Долгормаад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тул эрх бүхий байгууллагаас зохих шийдвэр гарах хүртэл шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлчихээд байгаа билээ. Түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, шүүхэд хандсан иргэний нэхэмжлэгчээс 20 сая төгрөг өгөхийг шаардаж, бэлнээр уг мөнгийг гаргуулж авсан. Улмаар хахуульд өгсөн мөнгөө нэхлээ хэмээн шүүхийн шийдвэрт нь удаа дараа нөлөөлсөн гэх хэрэгт холбогдуулан хууль сахиулах байгууллагынхан шалгасан юм. Түүнд дарамтлуулан хахууль өгсөн гэх иргэн П.Орхоныг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн яллагдагчаар тооцоод байгаа.

Дээрх хүмүүст холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр нэг бус удаа товлосон ч шүүгдэгч П.Долгормаа, П.Орхон нар өмгөөлөгч нэмж авах хүсэлт гаргасаар энэ сарын 7-ны бямба гараг хүртэл хойшлуулаад байна. Магадгүй ийм аргаар хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгах санаатай байж болох гэж хардах хүмүүс ч бий.

Түүнээс гадна энэ хэргийг мөрдсөн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч дутуу шалгасан гэж үзэх хүн ч цөөнгүй. П.Долгормааг хахуульд авсан мөнгөө хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байдаг барьцаалан зээлдүүлэх газарт (ломбард) оруулж, угаасан байж болзошгүй гэж нутгийнхан нь харддаг тухай мэдээлэл бидэнд ирсэн юм. Үүнийг нь шалгаагүй хэмээн тэд үзэж буй гэнэ.

ШҮҮГДЭГЧЭЭС 20 САЯ ТӨГРӨГ АВЧИХААД ШОРОНД ЯВУУЛСАН ШҮҮГЧ ДҮҮГИЙНХЭЭ ДАНСААР МӨНГИЙГ НЬ БУЦААН ӨГЧЭЭ

Прокурорын байгууллагаас өнгөрсөн гуравдугаар сард шүүгч П.Долгормаатай хамт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал, Налайх, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Лувсандорж нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн байдаг. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: