Питер Пэн мюзиклын санаачлагч, продюсер М.Халиунбатаас тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байгаа хүүхдийн мюзикл жүжгийнх талаар тодруулга авлаа.
-Питер Пэн хэмээх хүүхдийн мюзиклыг Бродвэй театрын албан ёсны эрхтэй тоглуулах гэж байгаа юм байна. Энэ мюзиклийг тоглуулах санаа сэдэл хаанаас яаж анх төрөв?
-Би өөрөө урлагт хайртай. Анзаараад байхад урлаг соёлд ойр өссөн хүүхдүүд их зөв төлөвшил, хүмүүжилтэй болдог санагддаг.
Тийм ч учраас Монголд яг дэлхийн том тайзуудын шаардлага, стандартын дагуу хүүхдэд зориулсан гоё бүтээл хийе гэж зорин, өөрийн үүсгэн байгуулсан Торгоны зам сангаар дамжуулж Бродвэйн Питер Пэн мюзиклийн албан ёсны эрхийг энэ оны эхээр аваад 5 сараас хойш бэлтгэл хийж одоо тайзан дээр тоглогдоход бэлэн болоод байна.
Энэхүү мюзиклээр бид Питер Пэн хэмээх театрын эхлэл тавигдаж байна гэж харж байгаа.
Тийм ч учраас цаашдаа Торгоны зам сан хүүхэд багачуудыг урлагаар дамжуулан соён гэгээрүүлэх ажлаа үргэлжлүүлнэ гэж бодож байгаа.
-Торгоны зам сангийн үндсэн үйл ажиллагааны зорилго, чиглэл юу вэ?
-Торгоны зам сан 2013 онд үүсгэн байгуулагдсан. Үндсэн зорилго нь Монголд чөлөөт нийгмийн үзэл санааг сурталчлах. Энэ зорилгын хүрээнд өнгөрсөн хугацаанд маш олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Тухайлбал, ном, сэтгүүлийн хэвлэл, залууст зориулсан сургалт, семинар, лекц, телевизийн нэвтрүүлэг гээд маш олон зүйлийг хийсэн. Хүмүүсийн сайн мэдэх нэг төсөл маань “Монгол хүн Монголын баялаг” цуврал нэвтрүүлэг байх гэж бодож байна. Залуу хүмүүсийг зорилготой болж, урам зориг авахад түлхэц болсон нэвтрүүлэг болсонд баяртай байдаг, одоо 2-р цуврал хийгдэж байгаа.
Харин энэ мюзиклын хувьд, Питер Пэн хэмээх дүр нь өөрөө эрх чөлөөт, дураараа хөвгүүний тухай сонирхолтой зохиол байгаа тиймээс олон хүүхэд залууст таалагдана гэдэгт итгэлтэй байгаа.
Бид мэргэжлийн хүмүүсийг бэлдэх биш, харин жүжгийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж 150 гаруй хүүхдээс авьяаслаг 50 хүүхдийг сонгож мэргэжлийн найруулагч хийгээд багш нар 5 сарын хугацаанд бэлдсэн нь бас энэ мюзиклын нэг онцлог гэж бодож байна.
Өөрөөр хэлбэл, хүсвэл хүн бүхэнд боломж байдаг гэдгийг харуулахыг зорьсон. Дараа дараагийн уран бүтээлд маань олон хүүхэд хүч сорих урам зориг авна гэж бодож байна.
-Хүүхдүүдийн бэлтгэл ямар байна гэж та дүгнэж байгаа вэ, Таны бодож төсөөлж байсан үр дүнд хүрсэн үү?
-Анх сонгон шалгаруулалтаас хойш өдийг хүртэл хүүхдүүд их хөгжсөн. Энэ нь мэргэжлийн багш нартай ажилласны үр дүн байх. Бэлтгэл дээр хүүхдүүдийг үзээд, тэд нарын өсөн дэвжиж, өөрчлөгдсөнийг харах сайхан байдаг. Монгол хүүхдүүд их авьяастай юм билээ. Манай мюзиклийн жүжигчдээс олон хүүхэд урлагийн зам хөөх байх гэж бодож байна. Дуулж, бүжиглэхээс гадна хүүхдүүд маань багаар ажиллах, хүнээс үг сонсох, хариуцлагатай байх зэрэг цаашид амьдралд нь хэрэг болох олон ур чадварт суралцсан.