"Питер Пэн" хүүхдийн мюзиклыг Бродвэй театрын албан ёсны эрхтэй тоглуулах гэж байгаа билээ. Тус хүүхдийн жүжиг нь аравдугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд 16:00 цаг болон 19:00 цагуудаас Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа үзэгчдийн хүртээл болно.
Энэхүү жүжиг нь дуулалт, бүжиг, циркийн элементүүдийг агуулснаараа Дэлхийн тайзны сор болсон бүтээл юм. Дэлхийн олон орны тайзнаа тавигдсан тус жүжгийн найруулагч Э.Мөнхтөр "Хүүхдүүдтэй ажиллах үнэхээр гоё байна. Хүүхдүүд өдөр болгон сайжирч, хийж байгаа жүжиг, тоглож байгаа дүрээ улам илүү ойлгож тоглож байгааг харах урамтай байна. Бас хүүхэд амархан баярлаж амархан гомддог болохоор тоглолт ойртох тусам хүүхдүүдтэйгээ адилхан догдолж сандарч байна даа. Найруулагчийн зүгээс үзэгч хүүхдүүдэд жүжгээ бүрэн сайн ойлгуулж, үйл явдалдаа автуулахыг хичээж ажиллаж байна. Мюзикл нь бүхэлдээ хөгжим дээр суурилдаг болохоор дуу бүжгүүдээ сайн сурах, бусад чимэглэл хөгжмүүдийг ч гэсэн цээжилж хөгжимтэйгээ хамтран тоглох шаардлага гардаг. Ийм төрлийн жүжиг нь тоглох уран бүтээлчээсээ дуулах, бүжиглэх, ярих уран чадвараас гадна хөгжмийн өндөр сонсгол, мэдрэмж шаарддаг. Питэр Пэн жүжигт тоглох хүүхдүүдийг сонгон шалгаруулалтаар авсан болохоор Нийслэлийн олон сургуулиудын авьяаслаг сурагчид цугласан байгаа" гэв.
Ийнхүү монголд анх удаагаа тавигдах гэж байгаа сор бүтээлийг үзэхийг хүсвэл тасалбарыг www.ticket.mn сайтаас захиалах боломжтой.