Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.10.29/ зарлиг гаргаж, "Харанга" хамтлагийн гитарчин Я.Одсүрэнг Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, тус хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдашийг Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагналаа.
Тэдний шагналыг дөнгөж сая Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордонд гардуулж өглөө.
Монголын рок хөгжмийн суурийг тавьсан “Харанга” хамтлаг 30 жилийн ойн тоглолтоо хийгээд удаагүй байгаа юм. Тэртээ 1989 онд Улсын драмын театрын дэргэд байгуулагдсан тус хамтлагийн ахлагч Ц.Энхманлай, дуучин Х.Лхагвасүрэн нар Монгол Улсын Гавьяат жүжигчин цолтой бол хөгжимчин Ц.Чулуунбат Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн билээ.
Ийнхүү "Харанга" хамтлагийнхан 30 жилийн ойн дээрээ бүрэн бүрэлдэхүүнээрээ ГАВЬЯАТ цолтнууд болж, төр, түмний хүндлэл хүртлээ.