“Ноён” долларыг номхотгох ажлаа эхэлье, улстөрчид өө

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 12 сар 02

Улс төрийн сандал суудлын маргаантай асуудлаас үүдэн анхаарлын гадна орхигдоод байсан Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөвт эерэг мэдээлэл эхнээсээ дуулдаж эхэллээ. Монгол Улсын 2015 оны төсөвт өнөө маргаашгүй тодотгол хийж, алдагдалтай баталсан хар гайгаа улстөрчид өөрсдөө баллуурдахаар болсон сураг чих дэлсэв. Эдийн засагчид ч төсвийг яаралтай тодотгох шаардлага байгааг онцолж байгаа бөгөөд энэ нь өнөөдрийн нөхцөл байдалд хийж болох хамгийн зөв гарц хэмээн дүгнэж байгаа юм.

Тухайлбал, Хас банкны гүйцэтгэх захирал М.Болд “Эдийн засгийн дийлэнх салбарын орлого уналттай явж байгаа, нэлээдгүй нь алдагдалтай болж байгаа энэ үед 2015 оны төсвийн орлогыг өсгөж төлөвлөх бус бууруулж төлөвлөх нь эдийн засгийн аюулгүй байдалд нийцнэ. Төсвийн өндөр алдагдал архагшсан шинжтэй байгаа нь инфляцийг хөөрөгдөх нэг гол шалтгаан болсоор байгаа” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Дээрх шүүмжлэлийг олон эдийн засагчид дэмжиж, танхимын бүтцээс өмнө тодотголоо ярихыг шаардаж эхэллээ. Түүнчлэн, Шивээхүрэн, Гашуунсухайт боомтын арваннэгдүгээр сард экспортод гарсан нүүрсний хэмжээ даруй хоёр дахин нэмэгдсэн нь ойрд дуулдаагүй сайхан мэдээ болж байна. Алт, зэс, төмрийн үнэ дэлхийн зах зээл дээр ирэх онд унахгүй ханш нь тогтвортой байна гэсэн сайхан мэдээг ч шинжээчид онцолж байгаа аж.

Тэр дундаа улс төрийн тогтвортой байдлыг бүр­дүүлэх Засгийн газ­рын хувь заяа яригдаж эхэлс­нээс хойш хөрөнгө оруулагчдын со­нирхол эргээд сэргэж эхэлсэн талаар эдийн засагчид хэллээ. Улс төрийн хувьд тогтворгүй, хууль эрхзүйн орчин нь хан­галттай тогтвортой биш гэх шүүмжлэлийг удаа дараа сонсч байсан Монгол Улс эр­гээд дэлхийн уул уурхайн зах зээлд моданд орж эхлэх чи­мээ сонсогдлоо.

Ерөнхийдөө парламентад суудалтай улс төрийн намуудын эв нэгдэл, хамтын ажиллагаа манай эдийн засагт мөнгөний чи­мээ дуул­гах нь ээ. Өрийн нэгд­сэн менежментийг хэрэг­жүү­­лэх, өрийн таацыг нэмэг­дүү­лэхгүйгээр улсынхаа эдийн зас­гийг аврах, хамтарсан Зас­гийн газрын эдийн засгийг идэвх­жүүлэх дунд хугацааны хамтарсан хөтөлбөр зэрэг сай­хан, сайхан амлалтууд нь ажил хэрэг болж чадвал 2015 онд бид толгой өвдөхгүйгээр амь­дарч болох нь. Тэр дундаа ам.дол­ларын ханш сарын өмнө огцом хэл­бэлзэж 1905 хүрч байсан бол өнгөрөгч хоёр өдрийн ху­гацаанд эргээд буурч эхэлсэн нь хамгийн сайхан мэдээ болж байгаа юм. Шинэ жилийн сезон эхэлчихсэн, төсвөө тодотгож чадаагүй, чухал яамдынх нь сайдууд эзгүй энэ үед “ноён” доллар номхорч байгаа нь нэг талаасаа улс төрийн тогтвортой байдалтай холбоотой гэдэг нь тодорхой.

Ес, аравдугаар сард харьцангуй тогтворжиж бай­сан ам.долларын ханш Шинэч­лэлийн Засгийн газрын тэргүүн ог­цорсон, уул уурхай, эдийн за­саг, Сангийн бодлого нь эзэнгүй бол­сон арваннэгдүгээр сарын эхэн үед харин ч нэг галзуурах шиг боллоо. Гэсэн ч асуудал шийдлээ олоод ирэнгүүт эргээд бууж байгаа нь сайшаалтай. Өчигдрийн байдлаар Худалдаа хөгжлийн банкны ам.доллар худалдан авах ханш 1867 төгрөг байгаа бол зарах ханш нь 1880 төгрөгтэй тэнцэж байв. Энэ нь ам.долларын төгрөгтэй харилцах ханш нэг хоногийн дотор 23 төгрөгөөр буурсныг харууллаа. Ченжүүдийн ярьж буй­гаар ам.долларын ханш буу­рах үзэгдэл өнгөрөгч даваа гарагаас эхэлжээ.

Энэ нь МАН-ын Бага хур­лаас гаргасан шийдвэр нө­лөөлсөн байх тал­тай гэдгийг ч тэд онцолж байв. Ингэхдээ Ард­чилсан нам, МАН хамтран Засгийн газ­рыг байгуулах шийд­вэртэй хол­боотойгоор эдийн засагт үүсээд байсан хөөс­рөл хагарсан байж болохыг зарим эдийн за­сагч үгүйсгэхгүй байгаа юм. Цаашдаа улс төрийн голлох хоёр хүчин Засгийн газрыг хамтран байгуулснаар улс төрийн тогтвортой байдал бий болж энэ нь эргээд Оюу­тол­гой, Тавантолгой зэ­рэг то­моохон төслүүдийг хөдөл­гөөнд оруулж, эдийн засгийг тэтгэх хөшүүр­гүүд бий болох эхлэл тавигдлаа гэж харахад гэмгүй билээ. МАН-ын Бага хурал хуралдсан бямба гарагт ам.доллар 1905 төгрөгт хүрсэн нь улс төрийн сандал суудлын маргаан эдийн засагт ямар их хор хөнөөлтэй болохыг харж болохоор байв.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх