Зурагт, радио, цахим ертөнц, сонин, сэтгүүл гээд мэдээллийн бүхий л хэрэгслээр айл өрхийн амь жиргааны төвшин буурсан, ажилгүйдэл ихэссэн, цалингаасаа тануулсан, ажлаасаа халагдсан тухай мэдээлэл гарах болсоор удаж байна. Үүний зэрэгцээ улстөрчид эдийн засгийн хямралыг богино хугацаанд зогсоох талаар хэлэлцэх авч төдийлөн амжилтад хүрсэнгүй. Бараг Шинэчлэлийн гэх Засгийн газар байгуулахаас үүссэн энэхүү хямралыг зогсоох тухай өнөө хэр хэлэлцсээр л. Гэвч ард түмний амьдрал сайжирч, эдийн засаг сэргэх нь бүү хэл улам л дордсоор байгааг эрх баригчид эцэстээ хүлээн зөвшөөрлөө. Шинэчлэлийн Засгийн газар огцорч Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсноор шинэ буюу хамтарсан Засгийн газар бүрдүүлэх урилгыг МАН-д хүргүүлсэн. Үндсэндээ эрх баригч хүчин болох АН-ынхан “Бид эдийн засгийг сэргээж чадахгүйгээ ойлголоо, Засагт хамтарч ажиллая” хэмээн цагаан тугаа өргөж буй аж. Гэхдээ тэд эдийн засгийн хүнд байдалд орсноо мэдэж байсан ч Засгийн газрыг нь огцруулах хүртэл “Эдийн засаг хүндрээгүй” гэж мэлзсэн нь тэднийг ард түмэндээ биш албан тушаалдаа хэтэрхий хайртайг нь харуулсан.
Харин шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сонгогдоод хэлсэн үгэндээ “Хүн бүр янз бүрээр ярьж маргалдаад байгаа хүндрэлтэй, хэцүү байдал, эдийн засгийн эсвэл төлбөрийн тэнцлийн хямрал гэдэг эцэс төгсгөлгүй маргаанаа орхиод одоо улс орон хямралтай байна гэдгээ юуны өмнө шууд хүлээн зөвшөөрцгөөе. Төгрөгийн ханш суларлаа, хөрөнгө оруулалт огцом буурлаа, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж байна, өрийн сүлжээ газар авлаа гэсэн эцэс төгсгөлгүй олон зүйлсийг энд дахин нуршмааргүй байна. Одоо харин үүсээд байгаа нөхцөл байдлаас хэрхэн гарах вэ гэдэг чухал. Шинэ Засгийн газар гурван чиглэлд гол ач холбогдол өгч ажиллана. Үүнд: нэгдүгээрт, эдийн засаг, хоёрдугаарт, эдийн засаг, гуравдугаарт, эдийн засаг байх болно” гэж хэлсэн. Гэхдээ хэрэв эрх баригчид өмнөх нурсан байшингаа эргүүлээд өөрөөр нь эвлүүлээд босговол албан тушаалдаа тэд хайртай хэвээр байх болно. Тиймээс хамтарсан Засгийн газар байгуулах нь ард түмний амьдралд эерэгээр нөлөөлж мэдэх юм. Өнөөдрийн байдлаар манай улс гаднаа ч, дотроо ч өрийн сүлжээнд гүн орлоо. Тодруулбал, манай улсын нийт өр 13.2 их наяд төгрөг болсон бөгөөд үүнээс гадаад зээл 3.9 тэрбум, Засгийн газрын баталгаа 2.3, төрийн өмчит компаниудын өр 1.6, ”Чингис”, “Самурай” бонд, гадаад үнэт цаасны өр 2.7, дотоод үнэт цаасны өр 2.1 тэрбум төгрөг байгаа аж. Уг нь гаднах өрийн босго ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байх ёстой. Хэрэв үүнээс давбал эдийн засгийн нөхцөл байдал дарамтад буюу бусдын хараат байдалд орно гэсэн үг. Гэвч өнөөдрийн байдлаар дээрх өрийн хэмжээ ДНБ-ий 50 хувьд хүрээд байгааг судлаачид хэлж байгаа юм. Зарим эдийн засагчийн хэлж буйгаар бүр 60 хувьд ч хүрсэн байж болзошгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, Дэлхийн болон Азийн хөгжлийн банкны зээл, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын гаднах өр гээд нарийн тооцвол гаднах өр хэрээс хэтэрч, үндэсний аюулгүй байдалд хор учруулахаар болсныг хэлэх хүн олон байна. Тэгвэл дотооддоо буюу аж ахуйн нэгж, байгууллага, айл өрх бүгд банкны зээлийн дарамтад орж, эцэстээ байгууллагууд хаалгаа барих нь бүү хэл айл өрхийн салалт, ядуурал газар авлаа. Өнгөтэй бүхнээ зээлийн барьцаанд тавьж, хугацаанд нь зээлээ төлж чадалгүй алдах бол энүүхэнд болсон. Төрийн зарим байгууллага ч ихээхэн хүнд байдалд орж, ажилчдынхаа цалинг тавьж чадахаа больсон нь нууц биш.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.