Их Британийн “Төмөр Хатагтай” Маргарет Тетчер

Дэлхий ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 11 сар 08 ・ 2

Их Британийн Ерөнхий сайд асан, “Төмөр хатагтай” нэрээрээ дэлхий дахинд алдаршсан Маргарет Тетчер 1979 оны тавдугаар сарын 04-ний өдөр Их Британийн цорын ганц эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон юм. Тэрээр энэ байр сууриндаа 11 жил суусан билээ. Гэвч 87 насандаа хорвоог орхисон төмөр хатагтай нь тухай баримтуудыг энэ өдөр нэхэн дурсаж байна.

Дэлхий дахинд Английн консерватив намын анхны эмэгтэй тэргүүн, Английн түүхэн дэхь анхны, мөн хамгийн удаан засгийн эрх барьсан /1979-1990/ ерөнхий сайд гэдгээрээ алдаршсан энэ эмэгтэйн улстөрийн эрс хатуу бодлого шийдвэрийн талаар мэдэхээс ямархан эмэгтэй, ямар анд нөхөр гэдгийг тэр бүр бид мэддэггүй. Маргарет Тетчерийн улстөрийн карьер их товчхон. 1979 онд Английн анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдож, улс орноо эдийн засгийн хямралаас чирч гарган, Фолкландын арлуудыг хамгаалах дайнд армиа удирдаж, үйлдвэрчний эвлэлүүдийн тэмцлийг дарж, ЗХУ-ын дарамттай нүүр тулж чадсан учир “Төмөр Хатагтай” хэмээх алдар нэрийг ард түмнээсээ авсан. Тухайн цагт дуншиж байсан Европын Холбооны талаарх байр суурь нь түүнийг намын доторх дэмжлэгээ алдаж, улмаар 1990 онд Ерөнхий сайдын албанаасаа огцроход хүргэсэн байна.

ХУДАЛДАГЧИЙН ОХИНООС ОКСФОРДЫН ОЮУТАН БОЛСОН НЬ

Төмөр хатагтай 1925 оны 10 дугаар сарын 13-нд Английн Грантамд нутгийн нэгэн бизнесмений охин Маргарет Робертс болон мэндэлжээ. Тэднийх гэр бүлээрээ хүнсний дэлгүүр ажиллуулж, дэлгүүрийнхээ дээд давхарт амьдардаг байв. Маргаретын эцэг хотынхоо зөвлөлийн гишүүн, консерватив үзэлтэй хүн байжээ. Бяцхан Маргарет сургуульд сурахын хажуугаар эцгээсээ улстөрийн үзэл баримтлал, итгэл үнэмшлийг нь өвлөжээ. Сурлага сайтай байсныхаа ачаар Тетчер Оксфордын их сургуульд торох юмгүй тэнцэж, “Сомервилле” коллежийн химийн ангид суралцахаар болов. Энд түүнд Нобелийн шагналт эрдэмтэн Дороти Хогкин багшилж байсан байна. Улстөрийн идэвхтэй оюутан Тетчер их сургуулийнхаа “Консерватив Ассоциаци”-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 1947 онд химийн чиглэлээр эрдмийн зэрэг авч, “Колчестер” пүүст химичээр орж, ажил хөдөлмөрийн гараагаа эхэллээ. Дараахан нь тэрээр “Дартфордод” пүүс рүү дэвшиж судлаач химич болжээ.

УЛСТӨРД ОРОХ ГЭЖ ХЭД ХЭД БҮТЭЛГҮЙТЛЭЭ

Коллежоо төгсөөд хоёрхон жилийн дараа Тетчер төрийн албанд орох гэж анх удаа сонгуульд өрсөлдөв.  1950 онд парламентын сонгуульд консерватив намаас Дартфордоо төлөөлөн нэр дэвшихдээ эхний өдрөөсөө л өрсөлдөгч, Хөдөлмөрийн намыг ялж парламентад сонгогдох боломжгүй гэдгээ мэдэрсэн гэдэг. Гэсэн ч Тетчер хэлсэн үг, илтгэлээрээ өөрийнхөө нам дотор хүндэтгэл хүлээж чадлаа. Ийн эхний сонгуульдаа ялагдсан ч Тетчер зорилгоосоо ухралгүй ирэх жил нь дахин өрсөлдөж, мөн л ялагдав. 27 настайдаа буюу 2 дахь ялагдлаасаа 2 сарын дараа Денис Тетчертэй гэрлэж, жилийн дараа Карол, Марк хэмээх ихэр хүүхэд төрүүллээ.

Гэрлээд удаагүй байхдаа хууль судалж эхэлсэн Тетчер 1953 онд сургалтаа дуусгаж, барристер буюу нэг төрлийн хуульчийн мэргэжил эзэмшлээ. Хатагтай Тетчер энэ өдрөөс 6 жилийн дараа буюу 1959 оны сонгуулиар Төлөөлөгчдийн Танхимд Финчлейг төлөөлсөн гишүүн болж чаджээ. Нэгэнт өсөн дэвших нь тод орхой болсон энэ эмэгтэйг Английн парламент ч мөн хүлээн зөвшөөрч, 1961 онд Үндэсний Тэтгэвэр, Даатгал хариуцсан нарийн бичгийн даргаар томиллоо. Засгийн эрхэнд Хөдөлмөрийн нам байхад Маргарет “Сүүдрийн Танхим” буюу Консерватив нам засгийн эрхэнд гарсан тохиолдолд сайд болох намын тэргүүлэх улстөрчдийн бүлгийн нэг гишүүн болж амжжээ.

“ЭМЭГТЭЙ ХҮН УЛСТӨРД ЯМАР Ч ИРЭЭДҮЙГҮЙ...”

1970 оны зургаадугаар сард Консервативчууд Засгийн газраа тэргүүлэх боллоо. Тетчер Боловсрол, Шинжлэх ухааны Төрийн нарийн бичгийн дарга болмогцоо дунд сургуулийн хүүхдүүдэд сүү үнэгүй тараах төслийг зогсоож, төмөр нүүрээ харуулж эхэлжээ. Эмэгтэй сайдаас төмөр нударганы амт мэдэрсэн эцэг эхчүүд Тетчерт сүүний хулгайч гэх хоч өгч амжив. Төрийн нарийн бичгийн дарга хэмээх хүндтэй алба хашиж байхдаа Тетчер байнга шахуу сэтгэл гундуу явдаг байсэн гэдэг. Гол шалтгаан нь хатуу шийдвэрийнх нь хариуд ард түмнээс ирж буй шахалт дарамт биш харин нэг намын Ерөнхий сайд Эдвард Хийт санаа бодлыг нь огт сонсдоггүйд байжээ. Иймээс Маргарет эмэгтэйчүүд улстөрд ямар ч ирээдүйгүй гэж бодох болж, 1973 онд телевизээр үг хэлэхдээ “Би энэ насандаа эмэгтэй хүн Ерөнхий сайд болохыг харна гэж бодохгүй байна” гэж байсан түүхтэй. Гэхдээ тэр болсон л юм даа. Болох болохдоо бүр агуу их Английн түүхэн дэхь хамгийн алдар хүндтэй ерөнхий сайд болсон бахархам түүх түүнийх билээ.

АНХНЫ ЭМЭГТЭЙ ЕРӨНХИЙ САЙД БОЛЛОО

Тетчер тун удалгүй өөрийнхөө буруу бодсоныг өөрөө нотолсон юм. 1974 онд Консерватив нам төрийн эрхээ алдахад Тетчер нам дотроо нөлөөгөөрөө тэргүүлэх болжээ. Ирэх жил нь буюу 1975 онд Консерватив намынхаа дарга болж, өөрийг нь огт сонсдоггүй байсан Эдвард Хийтийг ардаа орхиж  чадсан байна. Энэ ялалт нь түүнд Төлөөлөгчдийн танхим дахь сөрөг хүчний анхны эмэгтэй тэргүүн гэх тодотгол авчирсан байна. Англи улс энэ үед эдийн засаг, улстөрийн үймээн бужигнаантай байлаа. Засгийн газар халаасандаа мөнгөгүй дампуурлаа зарлахын ирмэг дээр, ажилгүйдэл эрчимтэй өсч, үйлдвэрчин, хөдөлмөрчдийн эвлэлүүд хямрал сөргөлдөөн үүсгэсэн байдалтай байв. Нийгмийн энэ тогтворгүй байдал Консерватив намыг 1979 онд засгийн эрхэнд буцаж гарахад дэм болсон гэдэг. 1979 оны тавдугаар сард түүхэнд тодоор үлдэх үйл явдал болсон нь Консерватив намын дарга Тетчерийг хууль журамд заасны дагуу Британийн Засгийн газрын тэргүүнээр томилсон хэрэг байлаа.

ЧАНГА ГАРЫН КОНСЕРВАТИВ УДИРДЛАГА

Ерөнхий сайд Тетчер улс оронд нүүрлэсэн хямралтай тэмцэх зорилго тавин эн тэргүүнд инфляцийг хянахаар зээлийн хүүг нэмжээ. Тэрээр Британийн уламжлалт аж үйлдвэрлэлийг бутаргаж үгүй хийснээрээ зартай удирдагч. Ингэхдээ хөдөлмөрчдийн эвлэлүүдтэй /уурхайчны гэх мэт/ тэмцэх мөн түүнчлэн орон сууц, нийтийн тээврийн салбарт өргөн хүрээтэй хувьчлал хийх замыг сонгосон байна.

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БАТ ХОЛБООТОН БАЙВ

Улстөрчийн хувьд Тетчерийн хамгийн үнэнч, тууштай холбоотнуудын нэг нь АНУ-ын Ерөнхийлөгч, консерватив Рональд Рейган байлаа. Энэ хоёрт ижил төстэй зүйлс олон байсны дотор адилхан баруун жигүүрийн улст төрчид, корпорацийг дэмждэг улстөрийн философи баримтладаг улс байлаа.   

ДАЙН БОЛОВ

Тийм ч олон Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хугацаанд цэрэг дайны асуудалтай тулгардаггүй. Харамсалтай нь Тетчерийг засгийн эрх барьж байх 1982 оны 4 дүгээр сард Аргентин улс Фолкландын арлууд буюу Британийн хил хязгаар руу халдан довтолжээ. Энэ бүлэг арал Аргентиний эргийн орчим байрладаг учир хоёр тал удаан хугацаанд хямрал, мөргөлдөөнтэй байсаар ирсэн юм. Тетчер Британи цэргүүдээ Фолкландын арлуудыг хяналтандаа буцаан ав хэмээн илгээжээ. Түүхэнд Фолкландын Дайн хэмээн тэмдэглэгдсэн энэ тулгаралтанд оролцогч Аргентины тал 1982 оны 6 дугаар сард бууж өгсөн билээ.

АМЬ НАСЫГ НЬ ХӨНӨӨХИЙГ ЗАВДЛАА

Ерөнхий сайдын албанд хоёр дахь удаагаа томилогдохдоо /1983-1987/ Тетчер маш олон тооны мөргөлдөөн, хямралыг зохицуулж чаджээ. Эдгээрээс 1984 онд болсон түүний амийг хөнөөх гэсэн оролдлогыг онцолъё.

Ирландын Бүгд Найрамдах Армийн нухацтай бодож боловсруулсан төлөвлөгөө хэрвээ биелэлээ олсон бол Төмөр хатагтай бидний дунд өнөөдөр байхгүй байх байлаа. Намар 10 дугаар сард Тетчерийг Бригтонд Консерватив намын хуралд оролцох үед нь бөмбөг дэлбэлж үгүй хийхээр Ирланд дайчид төлөвлөсөн байж. Харин төмөр Маргарет энэ явдлаас огт айгаагүйгээр барахгүй гэмтээгүйн дээр хурлыг товлосны дагуу үргэлжлүүлэхийг шаардаж, дэлбэрэлтийн маргааш нь хурлын төлөөлөгчдийн өмнө үг хэлжээ. Тэр үнэхээр үл зүрхшээгч, үл айгч, зөвхөн урагшаа дайрдаг төмөр улстөрч байлаа.

Гадаад бодлогын тухайд 1984 онд ЗХУ-ын удирдагч Михайл Горбачевтай уулзаж, мөн ондоо Хятадын засгийн газартай Хонгконгийн ирээдүйн хувь заяаны талаар зөвшилцжээ. Мөн 1986 онд АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейганы Ливид өгсөн агаарын цохилтыг дэмжиж байгаагаа олонд мэдэгдэхээс халшраагүй байна.  Үүгээр ч зогсохгүй Америкийн цэргийн хүчинд дээрх дайралтыг хийхдээ Британийн цэргийн баазыг ашиглахыг зөвшөөрсөн байна.

ОГЦОРСОН НЬ

1987 онд Тетчер Ерөнхий сайдын албандаа гурав дахь удаагаа томилогдохдоо улсынхаа боловсролын стандарт хөтөлбөрийг шинэчлэх, эрүүл мэндийн тогтолцоонд өөрчлөлт хийх зорилго өвөртлөн иржээ. Харамсалтай нь түүний орон нутагт татвар төлдөггүй иргэдийн иргэний болон сонгуулийн эрхийг хасах бодлого хэрэгжихтэй зэрэгцэн, Тетчер өөрийн дэмжигчдээ алджээ. Нийтээр дургүйцэн, эсэргүүцэж байсан энэ бодлого ард иргэдийг жагсаал цуглаан хийхэд хүргэж, Консерватив намын дотор хагарал үүсгэжээ. Эхэндээ Маргарет 1990 онд болох намын даргын сонгуульд дахин хүч үзнэ хэмээн мэдэгдэж байсан ч гишүүдийн дарамт шахалтаас үүдэн 1990 оны 11 дүгээр сард огцрох бодолтой байгаагаа мэдэгджээ. Тэрээр хэлэхдээ “Хамтран ажиллагсадтайгаа өргөн хүрээнд зөвлөлдсөний эцэст  би кабинетийн гишүүд болон бусад гишүүдэд намын даргын төлөөх сунгаанд хүч үзэх боломжийг олговол намын эв нэгдэлд болон бүх нийтийн сонгуульд ялалтанд хүрэхэд илүү чухал юм гэсэн дүгнэлтэнд хүрлээ” гэсэн байна.  1990 оны 11 дүгээр сарын 28-нд Тетчер “Даунинг Стрийтийн 10” гэсэн хаягтай Ерөнхий сайдын ажлын байраа орхин нүүсэн юм.

УЛС ТӨРӨӨС ГАРСНЫ ДАРААХ АМЬДРАЛ

Албаа хүлээлгэн өгөөд тун удалгүй 1992 онд  Тетчерийг Лордуудын Танхимд томилж, Кестевений Баронесс Тетчер гэх цол олгожээ. Тэрээр дэлхийн том гүрний удирдагч, улстөрд зам гаргасан эмэгтэйн хувиар 1993 онд The Downing Street Years, 1995 онд The Path to Power хэмээх номоо бичиж хэвлүүллээ. 2002 онд Тетчер Statecraft нэртэй олон улсын улстөрийн байдал, үзэл бодол, байр сууриа илэрхийлсэн номоо мөн хэвлүүлжээ. Мөн үед Тетчер хэд хэдэн удаа жижиг хэмжээний цус харвалт өгч байжээ.

2003 онд хагас зуун жил гаруй хамт амьдарсан нөхөр Денис нь таалал төгсч, Тетчерийн хувьд нөхөж баршгүй гарз тохиосон юм. Денис Тетчер нас барсны дараагийн жил Тетчер эртний анд, үнэнч холбоотон Рональд Рейганыг эцсийн замд нь үдэж өгсөн байна. Эрүүл мэнд дорой байдлаас шалтгаалан Рейганы оршуулах ёслолд биеэр оролцож чадаагүй ч Маргарет видео мэдэгдэл хийж, Рейганыг “Америкийн шархалсан нэр хүндийг, хийморь зоригийг анагаахыг чармайж, чөлөөт ертөнцийн хүч чадлыг сэргээн тогтоож, коммунизмын боолчуудыг чөлөөлсөн эр хүн” хэмээн сайшаасан байдаг.

2005 онд Тетчер 80 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Английн анхны Ерөнхий сайдын 80 насны баярт зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Хатан хаан II Элизабет, тухайн үеийн Ерөнхий сайд Тони Блэйр болон бас бус 600 хүн оролцсон байна. Эдгээрийн дотор Төмөр Хатагтайн найз нөхөд, гэр бүлийн гишүүд, ажлын хамтрагчид нь багтжээ. Энэ явдлаас хоёр жилийн дараа үзэл бодолдоо үнэнч, хүчтэй Консерватив удирдагч Тетчерийн баримлыг Төлөөлөгчдийн Танхимд залсан юм.

Сүүлийн жилүүдэд түүний эрүүл мэндийн байдалд олон хүн санаа зовинох болсон. 2010 онд Ерөнхий сайд Дэвид Камерон түүний 85 насны төрсөн өдөрт зориулан “Даунинг Стрийтийн 10” тоот буюу албан байрандаа баяр зохион байгуулсан ч Тетчер хатагтай оролцож чадаагүй. 2010 оны 11 дүгээр сард 10 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд хожим нь булчингийн маш зовиуртай үрэвсэл гэдэг нь тодорхой болсон байдаг.

2011 онд хатагтай Тетчер Хунтайж Уильямын хурим, Лондон хотод Рональд Рейганы уран баримлын нээлт зэрэг томоохон үйл ажиллагаанд оролцсон.  2011 оны 7 дугаар сард Лордуудын танхим дахь Тетчерийн албан өрөө түр хугацаагаар хаагдсан байна. Ийнхүү хаалгаа барьсныг олон хүн Маргарет Тетчерийн олон нийттэй харилцах ажлын төгсгөл хэмээн үзэж байлаа.  Хэдийгээр Маргарет олон нийтийн хараанаас холдсон ч Британийн хамгийн алдар хүндтэй, нөлөө бүхий улс төрийн удирдагчдын нэг хэвээр үлдсэн байдаг. Цус харвалтаас үүдэн ой санамжаа алдах болсон Тетчер 2013 онд  таалал төгссөн бөгөөд түүний бодлого, шийдвэрүүдийг өнөөг хэр нь дэмжигч, шүүмжлэгчдийн аль аль нь шүүн хэлэлцэж, түүний Их Британи болон дэлхий дахинд үлдээсэн баларшгүй сэтгэгдэл улам баяжсаар байгаа билээ.

ТЕЛЕВИЗИЙН ДЭЛГЭЦНЭЭ

Маргарет Тетчерийн тухай телевизийн нэвтрүүлэг, баримтат кино, УСК, жүжиг хүртэл олноороо бүтээгдсэн.  Иан Куртейсын “Фолкландын жүжиг” /2002/ жүжигт Патриша Хож, “Финчлей хүрэх удаан алхаа” /2008/ нэртэй телевизийн кинонд Андреа Райсбороу нар Маргарет Тетчерийн дүрд тоглосон байдаг. Мөн зөвхөн түүнд зориулж, түүний намтраар хийсэн 2 кино байдаг нь  2009 онд дэлгэцэнд гарсан “Маргарет”, 2011 оны “Төмөр Хатагтай” нар юм. Мерил Стрипийн Маргаретийн дүрийг бүтээсэн Төмөр Хатагтай кинонд Алзмейрийн өвчнөөр шаналж байгаа тухай өгүүлдэг билээ.  Эдгээрээс гадна Маргарет Тетчерийн тухай шог зохиол, шог зураг, нөхөр Денис Тетчерийн тухай жүжиг хүртэл тогтмол тоглогддог байсан байна.  Мөн 1980-аад оны сүүлээр хатагтай Тетчерийн бодлогыг эсэргүүцсэн уран бүтээлчид шог хошин дуу дуулж, бүр эдгээр бүтээлээрээ Тетчерийг суудлаас нь унагана хэмээн тэмцэж явжээ.

Хүүхдүүд: Британийн Ерөнхий сайд асан Маргарет, Сир Денис нарын ууган ихрүүдийн нэг том охин сэтгүүлч, зохиолч, хэвлэл мэдээллийн ажилтан Карол Тетчер 1953 оны 8 дугаар сарын 15-нд төржээ. Тэрээр эцэг эх хоёрынхоо намтар номыг хэвлүүлж байсан бөгөөд эцэг Денис Тетчерийн хэвлэлд өгсөн ярилцлагыг эмхэтгэн баримтат кино бүтээсэн байна. Карол тав дахь удаагийн I"m a Celebrity... Get Me Out of Here! реалити шоунд оролцож ялагч болжээ. Тэрээр BBC One  телевизэд хөтлөгч, нэвтрүүлэгчээр ажиллаж байгаад 2009 онд халагдсан байна. Учир нь дэлгэцийн ард теннисчин  Жо-Вильфрид Тсонгаг арьсны өнгөтэй нь холбон доромжилсон үг хэлж, үүндээ уучлалт гуйхаас татгалзжээ.
Каролын ихрийн өрөөсөн II Баронет, Сир Марк Тетчер залуудаа мото спортын тамирчин байснаа бизнест хөл тавьсан байна. Энэ эр экс Ерөнхий сайдын хүү гэдгээс гадна английн playboy-сын нэг гэдгээрээ олонд танигджээ. Марк Эквадорын Гвиней улсад төрийн эргэлт хийхээр завдсан хэрэгт холбогдож, 500 мянган ам.доллараар торгуулан, 4 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан намтартай. Тэрээр Техасын автомашины худалдаачин, саятан Теодер Бургдорфийн охин Лутерантай 1987 оны Валентины баяраар Лондон хотод гэрлэсэн байна. Тэд Өмнөд Африк руу нүүснийг Марк Тетчерийг бусдыг дарамтлан 4 сая фунт стерлинг олсон гэх шуугианаас зугатсан гэж тайлбарлах хүн олон байдаг.

Марк, Лутеран нар 1989 онд Майкл, 1993 онд Аманда Маргарет гэх хүү охин хоёр төрүүлжээ. 18 жил хамт амьдарсныхаа дараа хосууд хоёр тийш болох тухайгаа зарлаж, эхнэр Лутеран Бургдорф 2008 онд дахин гэрлэжээ.  2008 онд Майкл Тетчерийн үнэн нүүр царайг илчилсэн нийтлэл Sunday Telegraph сонинд гарчээ. Уг нийтлэлд Марк Тетчер Хатагтай Францис Русселл цолтой Сара Жейн гэх эмэгтэйтээ харилцаатай байсныг Лутеран мэдсэн учир тэд салсан гэжээ. Үүгээр барахгүй Марк Тетчер Бедфордын 13 дугаар хүн Жон Расселлийн бага хүүгийн эхнэр байсан энэ бүсгүйтэй нууцаар хурим хийсэн гэх мэдээлэл ч цацагддаг байна.

ХУВИЙН ЗАН ТӨРХ

Маргарет Тэтчер гайхалтай тэвчээртэй хүн. Тэр ерөнхий сайд байхдаа дунд сургуулийн хүүхдүүдэд шагнал гардуулах, парламентын нууц хуралдаанд оролцохын аль алиныг нь чухалд тооцож, хоёуланд нь хүндэтгэлтэй ханддаг байж. “Би үүнийг хийх ёстой” гэсэн гол зарчмыг баримталдаг байсан нь түүний амжилтын нэг нууц ч байж болох талтай.
Хамтран зүтгэгчдийнхээ итгэл үнэмшлийг сорихын тулд “төмөр хатагтай” янз бүрийн хэлэлцүүлэг, маргаан зохион явуулж, маргалдагч этгээд Тэтчерээс илүү байвал “төмөр хатагтай” түүнд хэмжээлшгүй итгэдэг байсан гэх. Бусдыг өөрөөсөө илүү үнэлж чаддаг түүний чадвар, Английн эдийн засаг огцом сайжрахад нөлөөлөөд зогсохгүй, нэр хүндийг нь өргөж өгчээ. Тэрээр биеэ барих урлагийг гайхалтай эзэмшсэн нь бусдыг татдаг байсан бөгөөд хэрэв биеэ барьж чаддаггүй байсан бол улс төрд хэзээ ч амжилт гаргаж чадахгүй байсан биз.

Түүний бас нэг онцлог бол хүнийг хайрлаж, нөхөрлөж чаддаг байдал. Тэр хамгийн олон ил захидал худалдан авагчдын нэг байж. Дотно сайхан үгтэй ил захидал найз нартаа илгээх дуртай. Зул сарын баяраар хүн болгон өөдрөг сайхан байгаасай гэж хүсдэг тул энэ үеэр ганцаардсан найз нөхдөө гэртээ урьдаг. Ганцаардал бол бүхнээс аймшигтай гэж тэр үздэг. Хэн нэгнийг ойлгож, элэгсэг хандаж чадах нь урлаг юм гэж “төмөр хатагтай” хүүрнэдэг байжээ. Түүний хэлсэн олон ухаалаг үгс өнөөдөр залуу британичуудын тэмдэглэлийн дэвтэртүлдэж, тэдний баримтлах зарчим болсоор байна. Ядарч туйлдлаа даа гэж бодсон үедээ түүний хэлсэн “Ямар ч хүн хийж байгаа ажлаасаа уйдаж залхаагүй, дур сонирхолгүй болоогүй цагт хэзээ ч туйлдаж ядрах ёсгүй” гэсэн өгүүлбэрийг уншвал сэргээд л ирнэ.

МАРГАРЕТ ТЕТЧЕРИЙН ЗАГВАРЫН СОНГОЛТ

Хатагтайн зан чанарыг тодотгоход түүний байнга барьж явдаг цэнхэр цүнх чухал үүрэг гүйцэтгэдэг байж. Тэр цүнхэндээ улс төрийн тулалдаанд хэрэглэх бүх бичиг баримтаа авч явдаг байжээ. Харин түүний сайд байхдаа барьдаг байсан “Asprey” брэндийн хар цүнхийг саяхан дуудлагаар худалдсан. Маргарет Тетчерийг ид мандан бадарч байх үед зарим улсын эмэгтэй удирдагчид болон тэргүүн хатагтай нар дуурайн  “Asprey” брэндийн хар цүнхийг сонгож, чамирхдаг байв. Маргарет Тетчер бүр 1982 онд Аргентинтай маргаантай байсан Фолкланд арлын зүг цэрэг илгээхээр шийдэж байх үедээ ч уг цүнхийг барьж байсан гэдэг.

Уншигч танд 2012 оны сүүлээр Британийн архиваас гарч ирсэн Тетчер хатагтайн тухай нэгэн сонирхолтой баримтыг дэлгэе. Ерөнхий сайдын өргөөнд засвар хийхэд зарцуулах хөрөнгийн хэмжээг Парламентын хүсэлтийн дагуу Тэтчерийн саналыг авалгүйгээр Засгийн газар хэвлэлд нийтлүүлснийг мэдмэгцээ тэрбээр галзуурах дөхсөн аж. Зардлыг олон түмэнд дуулгасан нь биш, зарцуулах хөрөнгийн хэмжээ бухимдлыг нь төрүүлжээ. Нөхөртэйгээ нэг өрөөнд унтдаг болохоор орны даавуу, дэр сэлтийг нь солиход 464 фунт стерлинг зарцуулахыг зөвшөөрсөнгүй. Бас түүнд шинэ сав суулга авах (209 фунт стерлинг төсөвлөсөн байв) шаардлагагүй, 19 фунтын үнэтэй юм индүүдэх төхөөрөмжийг өөрийнхөө мөнгөөр авчихад ч гар татахгүй гэж тэр хэлжээ. Тэр ийм л эмэгтэй байв. Магадгүй түүний агуу их амжилтын цаана бусдад таалагдахыг хүсдэггүй, нийтлэг эрх ашгийн төлөө нэр төр, ер юугаа ч үл хайрладаг зоримог, хэт дайчин чанар нөгөө талаас бусдыг хайрлах чин сэтгэл гээд тэр бүр нэг хүнд цогцолдоггүй чанарууд нуугдаж байсан биз ээ. Тэр бол төмөр хатагтай байсан.

Нийтэлсэн: О.Шинэтуяа
www.mnb.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: