О.Эрдэнэ-Өрнөх: Сангийн яам, засгийн газар ирэх онуудад төлөх бондын өр төлбөрийг барагдуулах бодитой ажил хийсэнгүй

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 11 сар 18

Төв банкны мэдээллээс харахад манай улс 2020-2024 онуудад нийт 14.4 тэрбум ам.долларын гадаад өр төлөх хүлээлттэй байгаа аж. Энэ бол манай улсын 3-4 жилийн төсөвтэй дүйх хэмжээний асар их хэмжээний мөнгө. Уг нь Засгийн газраас өмнө нь өр төлбөр барагдуулах стратегийг боловсруулсан боловч мөрдөөгүй. Тэгвэл бидэнд одоо ямар гарц гаргалгаа байгаа талаар эдийн засагч О.Эрдэнэ-Өрнөхтэй ярилцлаа.


-Ганц, хоёр жилийн дараагаас төлж эхлэх бондын өр төлбөрийг хэрхэн барагдуулах вэ гэсэн асуулт чухлаар тавигдаж байна. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Ер нь манай гадаад өрийг төсвийн нэмэгдсэн буюу давсан орлогоор төлөх учиртай. Мэдээж төсвийн орлогыг татварын орлого, дээрээс нь төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн ногдол ашиг, бусад орлого зэрэг олон хүчин зүйл бүрдүүлэх ёстой шүү дээ. Үүний тулд дээрх орлогод өсөлт гарах ёстой. Энэ талаасаа харахаар орлогын өсөлтийг бий болгож өрөө төлнө гэдэг эргэлзээтэй байна.

Өнөөгийн байдлаар Засгийн газрын нийт өр долоон тэрбум гаруй ам.доллар байна. Үүнд дээр төв банкны өрийг нэмэхээр есөн тэрбум ам.долларын өр байна. Энэ их өрийг бид 2021 оноос төлж эхэлнэ. Жишээ нь, тус онд 500 сая ам.доллар төлнө. Цаашлаад 1.2, 1.5 тэрбум ам.доллар гэх зэргээр төлөх өрүүд хүлээгдэж байгаа. Ийм их төлбөрүүдийг хэрхэн төлөх вэ гэсэн асуулт гарна. Бидэнд хэрэглэж байсан аргууд бий. Тухайлбал, зээлсэн талуудтай бондынхоо өр төлбөрийн хугацааг сунгах, хүүг бууруулах зэргээр төлбөрийн нөхцөлүүдийг сайжруулах чиглэл юм. Нөгөө талдаа, төсвийн давсан орлогоор бүрэн төлөх боломж байж болно. Гэвч нэг асуудал байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөхөд манай төсвийн орлого нэмэгддэг. Эдийн засгийн мөчлөгийн таатай үед төсвийн орлого нэмэгдэж байгаа юм. Тэгтэл манай Засгийн газар төсвийн орлого өсөхөд зардлаа дагаад нэмдэг. Өөрөөр хэлбэл, манай төсөв нэг тэрбум ам.долларын алдагдалтай байна шүү дээ. Эрх баригчдын зүгээс 250 сая ам.доллар хэмнэж байна гэсэн мэдээлэл гаргасан. Би үнэхээр хэмнэж байгаа юм байна гэж ойлгосон. Гэтэл зардлын төрөл дотроо л шилжүүлэлт хийсэн байгаа юм. Яг нийт дүнгээр 250 сая ам.доллараар зардал буураагүй. Эндээс эрдэс бүтээгдэхүүний үнэ таатай байж, үүнийг дагаад төсвийн орлого нэмэгдэх үед бид хэмнэлт хийж хуримтлалтай болоод түүнийгээ эдийн засгийн мөчлөг буурч, төсвийн орлого багасах үед нөөц орлогоосоо ашиглах, эсвэл гадаад өр төлбөрөө төлөхөд зориулж хуримтлуулах зарчим хэрэгжихгүй байгааг харж болно. Тухайлбал, бид Хятадтай хоёр тэрбум орчим ам.долларын своп хэлэлцээр хийсэн. Мөнгийг нь ашиглаж байна. Үүнийг төсвийн хөрөнгөөр төлнө. Гэтэл хэрхэн төлөх ямар нэг бэлэн төлөвлөгөө алга.

-Уг нь Сангийн яам, Засгийн газраас өр төлбөрийг барагдуулах стратеги боловсруулсан шүү дээ?

-2009-2022 оны хооронд гадаад өр төлбөрийг хэрхэн төлөх вэ гэдэг стратеги боловсруулсан л даа. Гэвч Засгийн газар энэ хөтөлбөрийн дагуу ажиллаж чадахгүй байна. Нөгөө талаас Олон улсын валютын сан(ОУВС)-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дараагийн санхүүжилт орж ирээгүй байгаа. Яагаад гэвэл тодорхой амлалтуудыг Монголын Засгийн газар биелүүлээгүй. Засгийн газар бизнесийн орчинг хамгийн тогтвортой байлгах субьект шүү дээ. Энэ үүднээс татварын орчинг тогтвортой байлгах зэрэг бүх зүйлийг Засгийн газар хийх ёстой. Нөгөө талаас Засгийн газар ОУВС болон бусад байгууллагуудад өгсөн амлалтдаа хүрэх ёстой. Ингэж байж Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дараагийн мөнгөнүүд орж ирнэ. Түүнчлэн, Монгол Улсын зээлжих зэрэглэл буурахгүй байх ёстой. Гэтэл энэ талаасаа бидэнд хийж байгаа зүйл гэхээр төвөгтэй харагдаж байна.

-Өр барагдуулах стратеги баталсан ч хэрэгжүүлээгүйгээс болж агуулгаа алдсан байна?

-Гол нь үүнд төсвийн зардлын хязгаарлалтуудыг хийх, төсвийг аль болох үр өгөөжтэй болгох асуудлыг тусгасан. Мэдээж боловсрол, эрүүл мэндийн салбарт хийсэн хөрөнгө оруулалтын үр өгөөж удаан гардаг. Гэтэл жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ипотек, тариалан эрхлэлтийн зэрэг олон тусгай сангуудаас гаргаж байгаа хөрөнгө оруулалтын зардлууд эргээд богино, дунд хугацаанд өгөөжөө өгөх ёстой. Харамсалтай нь энэ тал дээр дутагдалтай байна. Хамгийн гол нь Засгийн газар бизнес эрхлэгч биш. Засгийн газрын хөрөнгө оруулалт үр өгөөжтэй байх ёстой. Тэгж байж гадны зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлсэн төсөл, хөрөнгө оруулалтын ажлуудын үр өгөөжөөр зээлээ эргүүлж төлнө. Өмнө нь гаргасан “Чингис”, “Самурай” ч байна уу оруулж ирсэн том мөнгөнүүд замхараад алга болчихоогүй байгаа шүү дээ. Ямар нэг байдлаар байгаа. Иймд өмнө нь зарцуулсан бондуудын өр төлбөрүүдийг авсан байгууллагуудаар нь төлүүлэх арга хэмжээ авах учиртай. Нөгөө талаар, Сангийн яам Засгийн газрын зардлыг бууруулахад анхаарч өр төлөхөд зориулсан хуримтлалыг бий болгох хэрэгтэй байсан. Ялангуяа, богино хугацаанд төсвийн давсан орлогоор үүнийг санхүүжүүлж нөхнө гэсэн. Дээрх стартеги нь хэзээ ч өрийг өрөөр даръя гэсэн баримт бичиг биш байхгүй юу. Гэтэл Засгийн газар, Сангийн яам нэг талдаа зардлыг нэмсээр ирсэн. Өнгөрсөн жил 3.6 их наяд, энэ жил 2.1 их наяд төгрөг боллоо шүү дээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын зардлыг тасралтгүй өсгөөд байна. Тэгэхээр тэр стратегид төсвийн давсан орлого, хоёрдугаарт өмнө нь хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн орлогоос төлнө гэж тусгасан байсан. Гэвч стратегиа алдчихсан гэсэн үг.

-Засгийн газар стратегиа хэрэгжүүлж чадахгүй болохоор дахиж зээл авч өмнөх зээлээ дарах байдлаар яваад байна. Өөрөөр хэлбэл, өндөр хүүтэй өрийн хуримтлал л бий болгоод байна. Энэ нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-Энэ их төвөгтэй байгаа. Мэдээж хоёр жилийн өмнө Засгийн газраас дахиж нэмж зээл авах юм уу, эсвэл ОУВС-ын хөтөлбөрийг оруулж ирэх юм уу гээд бөөн маргаан болсон. ОУВС орж ирсэн. Тус сан төсвийн зардал дээр хяналттай байх, нөгөө талаас төсвийн зөвлөл гэдгийг байгуулж ажиллая гээд явсан. Гэвч зардал бууруулах ажил хийгдээгүй. Төсвийн зөвлөл байгуулагдсан. Эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн таамаглал хийх, оновчтой төлөвлөлт хийх зорилготой зөвлөл. Гэвч энэ зөвлөлд мэргэжлийн бус хүмүүс орсон. Мэргэжлийн бус ажил хийж байгаа. Ингээд ОУВС-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байна. Өр төлбөрөө төлөхөд гадны хөрөнгө оруулалт маш чухал. Ялангуяа, Монголд хөрөнгө оруулаад ашиг олж болох уул уурхай зэрэг төслүүд том нөлөө үзүүлж байгаа. Харамсалтай нь гадаадын хөрөнгө оруулалт сэргээгдэх эрчим хүч зэрэг хэдхэн салбарт орж ирсэн. Ингээд хэдийгээр ОУВС орж ирсэн ч манайх амлалтаа биелүүлээгүй учир дараагийн шатны санхүүжилт хүлээгдэж байна. Гадаадын хөрөнгө оруулагчид дараагийн сонгууль хүртэл хөрөнгө оруулалт хийхээс татгалзаж хүлээж байна гэсэн үг.

Эндээс харахад манай Засгийн газар өрийг өрөөр дарах л арга ядсан ажлыг хийж байна. Гэтэл бидэнд хоёр үндсэн сонголт байна. Нэгдүгээрт нь төсвийн зардлыг бууруулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах. Үүний цаана төрийн өмчит компаниудын үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Миний мэдэж байгаагаар төрийн өмчит гурван компани л ашигтай ажиллаж байна. Нэгдүгээрт “Эрдэнэт үйлдвэр”. Хоёрдугаарт “Эрдэнэс Таван толгой”. Мөн орон нутгийн өмчит Таван толгой байна. Хэчнээн олон төрийн өмчит компани Монголд байгаа билээ. Бараг 99 хувь нь ашиггүй ажиллаж байна. Ингэхээр чинь яаж гадны өр төлбөрийг төлөх боломжит эх үүсвэр бүрдэх юм бэ. Энэ чиглэлд Сангийн яам, Засгийн газар ажил хийсэнгүй.

-Манайх эрдэс бүтээгдэхүүний экспортод хамаг итгэл найдвараа даатгаж байж мэднэ. Гэтэл нүүрсний ханш ирэх оноос унаж магадгүй гэсэн мөчлөг сонсогдох боллоо?

-2021-2022 оноос дэлхийн эдийн засгийн мөчлөгийн уналтын үе эхэлнэ. Ингэхээр одоогийн нүүрс, төмрийн хүдэр, зэс зэрэг эрдэс бүтээгдэхүүнээс олж байгаа орлого багасаад ирнэ. Гэтэл нөгөө талд гадаад өр хүлээгдэж байгаа. Энэ үед яаж өрөө төлөх вэ гэдэг хамгийн том асуудал. Өрийг өрөөр юм уу, эсвэл өрийн нөхцөлийг сайжруулаад сунгаад яваад байсан тохиолдол бий. Жишээ нь Грек тасралтгүй сунгаж явсан. 15-16 жил манайх шиг сунгаж явж ирсэн. Сүүлдээ яасныг бүгд мэднэ. Дампуурлаа зарласан. Европын холбоо Гректэй ярилцсаар байгаад манайх шиг баахан нийгмийн халамж хэрэгжүүлдэг, зардлаа өсгөдөг байдлаа засаад бүсээ чангалаад арай гайгүй болж байна. ОУВС ч гэлтгүй манай мэргэжилтнүүд бүгд л зөвлөдөг шүү дээ. Төсвийн зардлаа бууруул гэдэг. Энэ олон хэрэггүй байж болох хөрөнгө оруулалтуудаа зогсоо гэдэг. Тариалан эрхлэлтийн сан, мах зэрэгт 60 орчим тэрбум төгрөг төсөвлөчихсөн явж байна. Ашиг нь харагддаггүй хэрнээ төр оролцоод хөрөнгө оруулалт хийгээд яваад байдаг зүйлээсээ гармаар байна. Жишээ нь нярав, нягтлан, цэвэрлэгч гээд энэ бүхэн чинь тухайн байгууллагынхаа бүтцийн багш ажилчдаас гадна 50 хувийг бүрдүүлж байна. Гэтэл нэг дүүргийн бүх сургуулийн цэвэрлэгээг нэг компани хариуцдаг, эсвэл нэг нягтлан дааж авч болно. Энэ мэтээр зохион байгуулалтуудад оруулж хэмнэлт гаргах хэрэгтэй байна. Ирэх жил гэхэд зөвхөн Хууль зүйн яаман дээр 950 шинэ ажлын байр бий болж байна. Төрийн аппарат улам нүсэр болоод байна. Зардал яагаад өсөөд байгаа шалтгаан энэ шүү дээ.

-Төр том бүтэцтэй болж эргээд эдийн засгаа хорлоод байгааг эрх баригчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа байх. Гагцхүү бууруулах сонирхол алга. Улс төрийн нөхцөл байдал нөлөөлдөг үү, эсвэл хариуцлага, хяналтын систем байхгүйтэй холбоотой юм уу. Ялангуяа, ирэх онд сонгуулийн жил. Тиймээс гишүүд тойрогтоо хөрөнгө оруулалт татсан байдлаар харагдахын тулд төсвийн зардлыг нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлээд байх шиг. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Төсвийн зардлыг бууруулж байж бид гадаадын өр төлбөрөө төлнө. Гэтэл жишээ нь нийт аймаг орон нутагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын 17 хувь нь нэг аймаг руу л явж байна. Төр ингээд хөрөнгө оруулалт хийчихлээ. Тэгвэл аялал жуулчлал нь хөгжөөд хэзээ анхны мөнгө нь орж ирэх юм бэ. Хариулж байгаа хүн алга. Гэтэл Өмнөговьд байгаа нүүрсний замууд, эсвэл боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт хийвэл ажил дуусаад л үр ашиг нь орж ирнэ шүү дээ. Ингэж төсөв үр ашиг гэдэг зүйл дээр түшиж явдаг гэдгийг ойлгохгүй. Зүгээр л нэг амбиц, дахин сонгогдох сонирхолд хөтлөгдөөд байна. Жишээ нь, Сангийн сайдын өөрийнх нь тойрог дээр буюу Увс аймгийн 10 гаруй суман дээр төсөвлөсөн хөрөнгийн хэмжээ өнгөрсөн жил 37 тэрбум төгрөг байсан. 76 гишүүнтэй. Тэгэхээр төсвийн хөрөнгийг талын нэг тарааж байна. Уг нь манай ДНБ өнгөрсөн жил 13 тэрбум ам.долларт анх удаа хүрсэн шүү дээ. Өсөлт гараад байгаа ч зардлаа нэмж, үрээд байна. Бид гадаад өр төлбөр төлөх боломжит хугацаагаа алдаад байна.

Жишээ нь, нефтийн үйлдвэр барьж байна. Гэхдээ энэ үйлдвэрийг бичигдсэн, хэвлэгдсэн, олон нийтэд танилцуулагдсан ТЭЗҮ байхгүй. Энэ үйлдвэр хаанаас түүхий эдээ авах, хэрхэн зөөвөрлөх юм, нийлүүлэгч талтай хэлцлээ хийсэн үү зэрэг олон асуулт хариултгүй. Тэгсэн атал үйлдвэрлээд гарах бүтээгдэхүүнийхээ үнийг мэдээд байх шиг байгаа юм. Ерөөсөө ойлгохгүй байна. Үүнд бид маш хариуцлагагүй хандаж байгаа юм. Цаанаа ахиад л Энэтхэгийн нэг тэрбум ам.долларын хөрөнгийг үр ашиггүй зүйл рүү оруулчихсан байх вий гэж санаа зовж байна.

-Уг нь дэлхий дахинд байгаа технологи хамгийн багадаа нэг жилд 2 сая тонн нефть боловсруулах хүчин чадалтай байдаг гэдэг. Ингэж байж эдийн засгийн үр ашигтай байна гэж үздэг юм билээ. Гэтэл одоогийн үйлдвэрийн хувьд технологийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа нь сонирхол татдаг. Нөгөө талаас “Петро Чайна Дачин тамсаг”-ийн олборлож байгаа газрын тосны хэмжээ 2015, 2016 онд оргилдоо хүрээд одоо буурч эхэлсэн. Магадгүй энэ байдлаар явбал үйлдвэр ашиглалтад орох үед 500-600 сая тоннд хүрэх эрсдэл бий. Тэгэхээр үйлдвэрийг түүхий эдийн нөөцөөр хэрхэн хангах нь тодорхойгүй санагддаг.Энэ бүхэнд хариулт шаардлагатай байна?

-Тийм.

-Анх бондын хөрөнгө оруулалт орж ирж байхад манайх бараг юунд зарцуулахаа мэдэхгүй бэлэн төсөлгүй сууж байсан. Ингээд ямар ч байсан хөрөнгө оруулалтууд хийсэн. Гэтэл энэ бүхний өгөөж яаж гарч ирж байгаа нь тодорхойгүй байна. Хөгжлийн банктай холбоотой хэрэг хуулийн байгууллагуудаар шалгагдаж, зарим дарга нар нь АТГ-т байцаагдаж байх жишээтэй. Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг нь хаагдсан хүмүүс ч бий. Эцсийн дүндээ хариуцлагагүй байдал биднийг сүйрүүлээд байна шүү дээ?

-Монполимет, Мак, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр ч гэдэг юм уу эд нарт өгсөн юм шиг байна лээ. Би эндээс үр дүн гарна гэж боддог. Бусдаар бол тэр үед 888 гэх зэргээр төслүүдэд үр ашиггүй хандсан юм шиг санагддаг. Мэргэжлийн үүднээс үр ашгийг нь тооцоод нарийн төлөвлөлттэй яваагүй юм байна гэж хардаг.

-2021 оноос эдийн засгийн мөчлөг уруудна. Ингэснээр бидний уул уурхайн салбараас олох орлого багасах магадлалтай. Нөгөө талд өр төлөх стратеги хэрэгжсэнгүй. Өөрөөр хэлбэл, төсвөөс давсан орлого бүрдүүлэх бус зардлаа нэмэгдүүлж харин ч алдагдалтай байна. Гэтэл бондын өр хаашаа ч явахгүй. Хүлээж байгаа. Ямар гарц байна вэ?

-Хамгийн түрүүнд Монголын зээлжих зэрэглэлийг бууруулахгүй байхад анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Moodys-ээс гаргаж байгаа зээлжих зэрэглэлийг бууруулахгүй байхад чиглэсэн ажлыг хийх ёстой. Энэ цаанаа Монголд бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх учиртай. Тэгж байж бид том төслүүдэд хөрөнгө оруулалт татаж чадна. Энэ бол бидний байнга бодож байх ёстой гарц. Зөвхөн монголчууд бүтээж чадна гэж бодож болохгүй шүү дээ. Иймэрхүү л зүйл байна. Бусдаар тодорхой гарц хэлэхэд хэцүү байна. Үнэхээр эдийн засгийн мөчлөг буурна. Тэр үед зээл төлөлтийн оргил үе давхцаж байгаа нь үнэн.

Г.БАТЗОРИГ

 

www.dnn.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх