Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 12 сар 03
Эдийн засгийн хямралд өртсөн манай улсын эдийн засаг арай хийн хөл дээрээ дэнжигнэж байна. Гадаад валютын ханш өсөхийн зэрэгцээ хүнсний болоод бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж тэнгэрт хатсан үнэ ноёлж эхэлдэг. Үүнд, Монголчууд бидний нийтээрээ тэмдэглэдэг баяр ёслолыг наймаачид андахгүй үнийг өсгөдөг хэмээдэг байсан цаг саяхан. Гэтэл өдгөө тэнгэрийн үнэ хэлээд зогсоход хэчнээн гоё, сайхан зүйл байсан ч худалдаж авахааргүй болж, ард иргэд. Тэдний халаас нимгэрч цалингаас цалингийн хооронд явдаг систем нь хоногийн хоолноос хоногийн хоол руу гэх болсоныг нуух юун.
Төрд суугаа эрхэмүүд мөрийн хөтөлбөртөө ард иргэдийг ядуу тарчиг байдлаас ангижруулна торгон дээр тоглуулж тосон дээр умбуулна л гэх нь холгүй "амлалт"-ыг өгдөг. Тухайн үед тэрхүү амлалтуудыг бүгдийг биелэхгүй гэдгийг мэдсээр байж бид тэднийг өөрсдийн төлөөлөлөө болгож төрийн түшээ болгосон хөөрхийс.
Улстөрд гарч төрийн эрхийг түшилцсэн нөхдийн амлалтаас цухас дурдвал, ард түмний мөнгийг хэмнэе, талх, гурилны үнийн өсөлтийг хамтгаалах сан байгуулж үнийн зөрүүг иргэдэд олгоно, иргэн бүрт эрдэнийн хувийг өгнө зэрэг амлалтыг өгсөн байгаа юм.
Гэтэл өнөөдөр бодит байдал дээр юу ч өөрчлөгдөөгүй. Харин ч иргэдийн худалдан авах чадвар буурч, худалдаачид түрээсийн төлбөрөө өгч чадахгүй байна. Юун иргэдийн мөнгийг хэмнэх татварын мөнгийг ээл, өгөөжгүй хөтөлбөр, төсөлд үрэн таран хийсэн. Талх, гурилны үнийн өсөлтийг хамтгаалах сан байгуулж үнийн зөрүүг иргэдэд олгоно гэх амлалт биелэсэн бол өдгөө ам.долларын ханшийг буулгаад өгөөч ээ гэж ядарсан иргэд чинь та бүгдээс гуйхгүй баймаарсан. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг 2012 оны есдүгээр сараас эхлүүлсэн. Энэхүү хөтөлбөрт 4 их наяд төгрөгийг зарцуулж байж бараа , бүтээгдэхүүний үнийг тогтворжуулсан байх жишээтэй. Үүнээс харахад л иргэдийн мөнгийг хэрхэн үрэн таран хийсэн нь тодоос тод харагдаж байна.
Огцорсон засгийн амласан амлалтыг суудлаасаа буусан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас нэхээд ч нэмэргүй биз. Харин 28- дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол хүн бүрийн гар дээр байгаа хувьцаа үнэтэй, утгатай болгоно” гэдгээ мартах ёсгүй.
Мэдээж түүний ажлын амлалтанд нэн тэргүүнд эдийн засгаа хөл дээр нь босгох асуудлууд тусгагдсан. Тухайлбал, Шинэ Засгийн газар гурван чиглэлд ач холбогдол өгч ажиллана. Үүнд, нэгдүгээрт, эдийн засаг, хоёрдугаарт, эдийн засаг, гуравдугаарт, мөн эдийн засаг байх болно.
Эдийн засгаа системээр нь нэг оношлох цаг болсон. Нартай өдөр найрлаж, бороотой өдрүүдэд нь нөмгөн суудаг байдлаасаа одоо гарцгаая. Бороотой өдрүүд эхлэхэд хөрөнгийн хангалттай нөөцтэй, менежментийн зөв тогтолцоотой, эрдслийн шуурхай удирдлагатай эдийн засгаа одооноос бий болгох учиртай. Эдийн засгаа солонгоруулах бодлогоо жинхэнэ ажил хэрэг болгоцгооё гэдгийг онцлоод авсан.
Ард түмнээ олон жил хулхидлаа одоо бүү хулхидаарай. Сонгуулиос сонгуулийн хооронд иргэдийн амьдрал доройтож байна. Уг нь улстөрчидийн хэллэгээр бол өсөн дэвжиж иргэн бүр баян болж улс баяжсан байх ёстой. Гэтэл энэ нь эсрэгээрээ буй.
2008 оны сонгуулийн амлалтаар Монгол хүн бүр жилд сая төгрөг өгөхөөр болсон. Иймд Хүний хөгжил сангийн тухай хуулийг баталж, 2010 оноос бэлэн мөнгө тараах ажлаа эхлүүлэв. Эхний ээлжинд 70 мянга, дараа нь 50 мянган төгрөг. Жилийн турш нэг иргэнд 120 мянган төгрөгийг өгсөн. Харин 2012 он гарснаас хойш энэ мөнгө 21 мянган төгрөг болсон юм. 2010 онд улсын төсвөөс иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр 345 тэрбум төгрөгийг тараасан байдаг. Энэ мөнгө жил ирэх тусам өссөн. Одоо ч оюутан бүрт 70 мянган төгрөгийг өгсөөр.
Эдийн засгийг уруудахад баялагаа буруу ашигласан гэж эдийн засагчид дүгнэсэн. Хэтэрхий нийгмийн халамж, их хэмжээний тэтгэмж, халамж олгосон нь хямралын эхлэл тавигджээ.
Х.Даваа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.