Б.Одончимэг: Эмэгтэй хүн эрх чөлөөтэй байхын тулд бусдаас зөвшөөрөл гуйх ёсгүй

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 03 ・ 2

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Одончимэгтэй ярилцлаа.


-Шинэ уран бүтээл “Солонго үүл” уран сайхны киноны тань албан ёсны нээлт хэзээ болох вэ?

-Өнөөдрөөс бүх кино театруудаар гарч эхэлж байна. Албан ёсны нээлт нь 2020 оны нэгдүгээр сарын 1-нд болно.

-Та “Donna film” нэртэй энтертайнмент байгуулжээ. Энтертайментийнхаа талаар сонирхуулбал?

-Кино, энтертаймент, гадаад харилцаа гээд ер нь юу ч хийж болно. Магадгүй жүжиг ч тоглож болно. Янз янзаар л төлөвлөж бодоод байна даа.

-“Donna film” энтертайментийн анхны томоохон бүтээл бол “Солонго үүл” кино болж байна. Киноны трейлерийг үзээд “Ямар ч байсан эмэгтэй хүний дотоод сэтгэлийг илэрхийлэх юм байна. Үүл, солонгоор эмэгтэй хүний сэтгэлийг төлөөлүүлж, хоёр өөр ертөнцийг харуулах нь” гэж таамаглалаа?

-Баярлалаа, та бараг зөв таажээ. Киноны трейлер дундуур “Эмэгтэй хүн эрх чөлөөтэй байхын тулд бусдаас зөвшөөрөл гуйх ёсгүй” гэж үг гардаг. Энэ бол үнэн. Эмэгтэй хүн аз жаргалтай амьдрах гэж ирдэг. Эмэгтэй хүмүүс хамтдаа байж, дуу хоолойгоо нэгтгэж хүчтэй байж, эрх чөлөөнийхөө төлөө урагшаа тэмүүлцгээе. Энэ киног үзсэн эмэгтэй хүн “За даа, ингээд нэг юм урсгалаараа биш, өөрөө ямар нэгэн алхам хийх ёстой юм байна” гэсэн жаахан ч гэсэн сэргэлт авч үлдээсэй, урам зориг аваасай гэдэг үүднээс бид энэ киног “Oi entertainment”-тай хамтарч хийсэн юм.

-Эмэгтэй хүний амьдрал нөхөрт гарснаар дуусдаг, эрэгтэй хүний амьдрал эхнэр авснаар эхэлдэг гэдэг нэг үг ярьцгаагаад байдаг. Зарим эмэгтэй нөхөрт гараад л бүх юмандаа цэг тавьчихдаг?

-Хоёр талтай сонсогдож байна. Ээж аавын гар дээр эрхэлж өссөн цаг минь ингээд дуусаад хүний эрхшээлд очиж байна гэсэн санаа явж байна. Нөгөөх нь одоо би бүх юмыг бие дааж, толгой мэдэж шийдэх үе маань эхэллээ гэсэн утга сонсогдож байна. Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй гэдэг. Эмэгтэй хүн амьдралын бүх ачааг нуруун дээрээ үүрэх ёсгүй байхгүй юу. “Чи ингэх ёстой, тэгэх ёстой”, “Хүүхэд гаргах ёстой, чи гэрийн эзэгтэйн ажил хийх ёстой”, “Чи хоол хийх ёстой” гэдэг. Энэ ёстой гэдэг үг байхгүй байхгүй юу. Үүн дээр нь өөрөө ч нэмэрлэж “Би чинь өөрөө хүүхдээ харах ёстой”, “Би чинь нөхөртөө хоол хийж өгөх ёстой” гэж өөрөө өөрийнхөө эрх чөлөөг хязгаарлаад байгаа юм.

Эмэгтэйчүүдэд өөрсдөд нь алдаа байгаа. Нөхрүүд ч тэр нийтлэгээр “Би гадаад ажлаа зохицуулаад санхүүгээ хариуцаад явна. Та нар ойр зуурын, хүүхэд шуухад, гэр ахуйн юмаа, хоол ундтай, халуун дулаан байлгах асуудлыг хариуц. Цэвэр цэмцгэр байлгах нь та нарын үүрэг” гэдэг. Энэ бүгд эрэгтэй, эмэгтэй хүнд давхар, давхар хуваарилагдах ёстой, ойлголцох ёстой, ярилцах ёстой. Эмэгтэйчүүд гэр орон, хүүхдүүддээ дарагдаад нэг тийм сонин, эрх чөлөөгүй байгаад байна уу даа гэж харж, эмзэглэдэг юм. Монгол эмэгтэйчүүд эрх чөлөөгүй байх тийм хандлагаар зарим эрэгтэйчүүд гэр бүлийн амьдрал бүтээгээд байх шиг байна.

-Киноны зураг авалтыг хаагуур хийв?

-Зураг авалтын 45 хувь нь Эрхүү хотод хийгдсэн. Алтанбулаг, Сэлэнгэ, Улаанбаатарт 55 хувийг нь авсан.

-Зураг авалт хэр удаан үргэлжилсэн бэ?

-Долдугаар сарын 5-наас наймдугаар сарын нэгэн хүртэл үргэлжилсэн. Улаанбаатарт 4-5 хоног зураг аваад замд гарч явж байхдаа зураг авалтаа хийж байсан. Хил давах завсарт зураг авалт хийсэн. Мөн Байгаль нуурын эрэг дээр зураг авсан. Гол дүрүүдийн хувцасны загварыг бид ярилцаад манай стилист өөрөө оёсноороо онцлог болсон.

-Киноны нэрийг тайлбарлавал... Эсрэгцүүлсэн утгатай ч юм шиг?

-Хүн болгон өөр өөрөөр ойлгож байна. Үүл, солонго гэх байгалийн үзэгдэл ямар байдаг билээ, тэр хоёр үзэгдлийг эмэгтэй хүний амьдралтай холбож гаргажээ ч гэж ярьж байна. Энэ хоёр эмэгтэй Монголын өнөөгийн нийгэм дэх хоёр өөр амьдралын төлөөлөл болж гарч байгаа. Манай нийгэмд их олон төлөөлөл бий. Тэр төлөөллүүдийн ердөө хоёрхныг л энэ хоёр эмэгтэй харуулах юм.

-Танай энтертайментийн анхны уран сайхны кино үзэгчдэд хүрч байна. Нэг тийм доглол, цагаахан айдас төрж байна уу?

-Мэдээж тийм. Гэхдээ бид энэ ажлыг эхлүүлэхдээ айж эхлээгүй. Би өөрөө эмэгтэй хүн учраас энэ бүгдийг ойлгоход амар байсан. “Oi” entertainment-ийн найруулагч Р.Эрхэмбүрэн энэ киноны зохиолыг бичиж, найруулсан. “Солонго үүл” кино Г.Нарансолонго эгчийн тоглосон анхны драм төрлийн кино. Энэ төрлийн дүрийг чадварлаг бүтээж чадах жүжигчин хэдий ч яг ийм жанрын уран бүтээлд тоглож байгаагүй болохоор илүү шинэлэг, сонирхолтой санагдсан л даа. Тиймээс гол дүрийн жүжигчнээрээ сонгосон. Манай кинонд Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, А.Баттүшиг, М.Тогтохжаргал, Т.Нямдорж, Т.Бадамжав зэрэг олон чадварлаг жүжигчид тоглосон. Түүнчлэн ОХУ-ын Эрхүү хотын залуучууд, театрын жүжигчид хамтарч ажилласан. Энэ кино бол “Oi entertainment”-ийн долоо дахь, “Donna film”-ийн анхны уран бүтээл болж мэндэлж байгаа юм. Кино маань үзэгчдэд хүрч байгаа энэ өдөр киног маань үзсэн үзэгчид бидний хүсч байгаа тэр мэдрэмжийг аваасай, хүргэхийг зорьсон мессэж маань үзэгчдэд хүрээсэй л гэж бодож байна. Сэтгэл догдлоод түгшүүртэй ч гэмээр нэг тийм баяртай байна шүү.

-Жүжигчин хүн бүтээсэн дүрээрээ овоглох сайхан. Таныг “Аз жаргалын шок” кинонд тоглосон дүрээр тань хүмүүс таньж “Нөгөө шоконд ордог, нөхөртэйгөө солигддог Одноо юу” гэж ярьцгаадаг юм билээ?

-Янз бүр байдаг юм. Анхны гол дүр бүтээсэн “Аз жаргалын шок” кинондоо хайртай. “Гэрлэн дохио” цувралд Тамираагийн дүр бүтээсэн. Тэгтэл нэг хэсэг хүмүүс “Ааштай эхнэр Тамираа” гэдэг байлаа. Ямар кинонд энэ жүжигчин тоглосон билээ гэхээсээ илүүтэй миний тоглосон уран бүтээлээр овоглож байгаад нь баяртай байдаг. Сүүлийн үед би “37-р точка”-ын Бурмаа гэдэг нэртэй явж байна даа (инээв).

-Хоёр он солигдох босгон дээр шинэ киногоо үзэгчдэд хүргэж, шинэ жилээр үзэх юмтай болгож байна шүү?

-Энэ киногоо маш гоё өдөр нээж, нээлтийг нь хийж байна гэж ойлгож байгаа. 2020 оны нэгдүгээр сарын 1-нд эмэгтэйчүүд бүгдээрээ нэгдэж, нэгэн үдшийг сайхан кино үзэж өнгөрүүлцгээе. Эмэгтэйчүүд минь жаргалтай амьдралынхаа төлөө бодож буй бүх хүсэл нь 2020 ондоо биелэх болтугай. “Солонго үүл” киноны хамт олноос Шинэ жилийн мэнд хүргэе, манай киног шимтэн үзэж таалан болгооно уу.

 

www.dnn.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: