ШҮҮМЖ: “Таарсан Хоёр” (2020) – Copy-paste, copy-paste, copy-paste

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 12 ・ 4

2019 онд 20 шинэ Монгол кино үзэж, түүний 18-д нь review бичсэн боловч сонирхолтой байж болох цөөнгүй хэдэн киног зэрэгцсэн нээлт, давхацсан ажлаас үүдэн үзэж амжаагүйдээ харамссан юм. Тиймээс 2020 онд илүү олон Монгол кино үзэх, сэтгэгдэл бичих зорилтыг өөртөө тавив. Тэгвэл Монгол кино урлагийн шинэ он, шинэхэн арваныг нээх хүндтэй үүргийг нэгдүгээр сарын нэгний өдөр нээлтээ хийж буй “Таарсан Хоёр” кино хүлээжээ.

Кино хайр татам эгдүүтэй гэр бүлээр эхэлдэг боловч Ононгоос бусад дүр үндсэндээ алга болдог

“Таарсан Хоёр” нь цайчихсан луйварчин, бүх юмаа тавиад туучихсан хохирогч хоёрын талаарх инээдмийн кино юм.

“Монгол кино”, “хошин урлаг”, “инээдмийн” гэх үгс нэг дороо байх нь тун эрсдэлтэй. Учир нь эдгээр үг "муу зохиол", "шинийг сэтгэхээ зогссон салбар", "сайн бүтээл барагтай гардаггүй жанр" зэргийг илэрхийлэх болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Тиймээс миний хувьд “Таарсан Хоёр” киноны хүлээлт тийм ч өндөр байсангүй.

Хачирхалтай нь хамгийн доод цэгтээ тулсан гэж бодсон Монгол инээдмийн киноны хүлээлт сэтгэгдэл минь уг киног үзэж дууссаны дараа элгээрээ мөлхсөн байв. “Таарсан Хоёр” нь Монгол киноны нэр хүнд, хүлээлт, үзэгчдийн итгэл найдварыг хөсөрдүүлсэн "ялыг" үүрэлцэх ёстой ээлжит нэгэн муу кино болжээ.

Киноны эхэнд бид орох оронгүй болоод байгаа Онон (жүжигчин М.Баярмагнай) болон түүний эхнэр охидтой танилцана. Үзэгчид тэдний төлөө санаа тавьж, тэдний үйлдлийг ойлгон зөвтгөх ёстой боловч киноны дүрсэлж буй зүйлс яг эсрэг сэтгэл хөдлөлийг бий болгож байлаа.

Зураг авалтын зохиомж хааяа сонирхолтой харагддаг нь сайшаалтай. Гэхдээ хааяа л

Эхнэр нөхөр хоёр байрны урьдчилгаанд хангалттай хүрэх чамгүй хадгаламж, өвөр дээр нь үнэгүй унаад ирсэн хээнцэр аяллын машинаа (бүр тал үнээр нь шүү!) тансаг хаус зарж буй луйварчинд өгснөөр киноны адал явдал эхэлдэг.

Аливаа кинонд бүх зүйл үнэмшилтэй байх шаардлага үгүй. Учир нь кино бодит амьдрал биш билээ. Гэвч дүрүүдийн үйлдэл шийдвэр, зохиолын логик дараалал, үйл явдлын “амьдралтай” байдал хэт олон давтагдах эсвэл хэтэрхий том алдаа гаргаж эхлэхэд үзэгчдийн кинонд уусах итгэл үнэмших (suspension of disbelief) үгүй болдог. Яг энэ асуудал “Таарсан Хоёр” кинонд нүүрлэжээ.

Гол дүрийн эхнэр нөхөр хоёрын хоорондоо ярилцдаггүй хөндий харилцаа, гэр бүлийн санхүүгийн шийдвэрийг сэтгэлийн хөөрлөөр толгой мэдэн гаргах хариуцлагагүй байдал, бодлого бэлтгэлгүй гэр бүл төлөвлөлт гэх мэт үйлдэл нь тэднийг эхний арван минутад л сайн сайхан амьдралд үнэмшилтэйгээр хүрч чадахгүй дорой дүрүүд болгож байв. Үүний дээр гол дүр болох Онон олон зовлон тоочих, хүмүүст өрөвдүүлэх замаар хүссэнээ авах, нэг худал хуурмагийг дараагийн худал хуурмагаар хаацайлдаг байдал үзэгчдийн тэвчээрийг барна.

Монгол битгий хэл дэлхий жижигхэн болсон цагт Улаанбаатараас хөдөлдөггүй луйварчин хэрхэн баригдалгүй яваад байгаа нь тун ойлгомжгүй

Харин киноны хоёр дахь гол хүн болох Цэцэ (жүжигчин Д.Баттөмөр)-гийн хувьд харц нь нэг газраа тогтолгүй гүйлгэнэж, инээх уйлах нь галзуу солиотой хүн шиг хором бүр хувирч, орилоон хашхичаан, гиншээ шивнээ, хиймэл инээдийг чих чилтэл бялхуулдаг тайзны хошин шогийн “өнөө л” улиг болсон дүр байв. Өөрөөр хэлбэл энэ киноны Цэцээгийн дүрийг жүжигчин Д.Баттөмөрийн бүтээдэг “Банш Батаа” хэлбэрийн бусад дүртэй байрыг нь солиход зөрүү гарахгүй.

Гэвч энэ нь зөвхөн жүжигчин Д.Баттөмөрт ажиглагдаж буй зүйл биш юм. Олон Монгол жүжигчин хоорондоо ялгагдах зүйлгүй нэгэн хэвийн дүрээ бүх кинонд “copy-paste” хийдэг нь тэдгээр дүрийг, цаашлаад тэр киног санаанд үлдэх зүйлгүй болгодог билээ.

 Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: