Л.Бат-Амгалан: “ Single ladies” цувралыг түүхэн ангиар төгсгөх санаа надад ч сонин байсан

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 13 ・ 2

Ганц бие гурван бүсгүйн амьдралыг харуулсан “Sin­gle ladies” кино цувралын дөрөв дэх ангийг ирэх сарын 2-нд олон нийтийн хүртээл болгох гэж байна. Энэ удаагийн цуврал Монгол түүхийн 13 дугаар зууны үеийн эмэгтэйчүүдийн амьдралыг харуулсан “Эхлэл ба төгсгөл” нэртэйгээр бүтээгдэж байгаа аж. Киноны найруулагч, зохиолч Л.Бат-Амгалан, хөгжмийн зохиол дээр ажилласан Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од нартай ярилцлаа.


-Энэ удаагийн анги өмнөх гурван ангиас өөр цаг үед өрнөхийг бид трейлерээс харж байна. 13 дугаар зууны үеийн ганц бие бүсгүйчүүдийн амьдрал ямар байх нь их сонирхол татаж байна. Киноныхоо талаар яриач?

-Би энэ төсөл дээр өнгөрсөн дөрөвдүгээр сараас орж ирсэн. Ундармаа эгч өнгөрсөн жилийн энэ үеэс киноны ажилдаа орсон юм билээ. Тэр үеэс л киногоо түүхэн болгоно гээд төлөвлөөд байсан гэсэн. Зохиолыг нь зохиолч Эмүжин бичсэн байсан. Би анх орж ирэхдээ “Single ladies”-ийг түүхэн болгоно гэхэд гайхаж байсан. Тиймээс зохиолыг нь кино зохиол болгож дахиж бичье гээд бичиж эхэлсэн. Хоёр сар хагасын хугацаанд кино зохиолоо дуусгаад наймдугаар сарын 1-нээс зураг авалтаа эхлүүлсэн. Хөдөө хоёр сар зураг авалт үргэлжилсэн. Дараа нь өвлийн зураг, гадаадад зураг авах ажил үргэлжлээд саяхан дууслаа. Киноны эвлүүлэг зураг авалттай зэрэгцэж явж байсан. Одоо бол хөгжим график өнгө гэсэн гүйцэтгэлийн хөгжүүлэлт хийгдэж байна. Киноны агуулгын хувьд өмнөх ангиудыг бол үзэгчид мэднэ. Ганц бие эмэгтэйчүүдийн баяртай, жаргалтай, гунигтай, хөгжилтэй өдөр тутмын ахуйлаг асуудлыг хөндсөн байсан. Харин энэ удаагийн анги түүхэн үйл явдлыг харуулна. Нэгэнт түүхэн кино болгож байгаагийн хувьд жанр, агуулгын хувьд бүх юмыг нь ахиулж дэвшүүлмээр байна гэж Ундармаа эгч хэлсэн. Тэр нь ч надад таалагдсан. Тиймээс өмнөх “Single ladies”-ийн хэв маягийг алдагдуулахгүйгээр дээрээс нь илүү драмлаг, гүн гүнзгий агуулгатай болгоод эмэгтэй хүмүүсийн ганц бие амьдралыг 13 дугаар зууны хэв маягаар харуулахыг хичээсэн.

-Аливаа уран бүтээлд өнөөдрийнхөө нийгэм, хэв маягийг харуулахад илүү дөхөм. Харин аль 13 дугаар зууны дайн дажинтай үеийн Монголд ганц бие эмэгтэйчүүдийн амьдралыг харуулна гэдэг эрсдэлтэй алхам байж мэдэх. Тухайн цаг үеийн нөхцөл байдал, хэв маягаас эхлээд зөв харуулж чадахгүй бол элэг доог болж мэдэх. Ялангуяа ганц бие эмэгтэйчүүдийн асуудал яаж дүрслэгдэх бол?

-Одоо л бид эмэгтэйчүүдийн эрх, жендер гэж ярьж байгаагаас 13 дугаар зууны үед, Чингис хаан харин ч илүү оюун санааны хувьд глобалчлагдсан, даяарчлагдсан хүн байсан нь судалгаа, баримтууд харуулдаг. Тухайн үед ухаантай зоригтой шийдэмгий хатад олон байсныг монголчууд мэднэ. Тэгэхээр тэр үед ч эмэгтэйчүүдийн манлайлал байсан байна. Тэр манлайлал дээр нь үндэслээд энэ киногоо бүтээсэн. Тухайн үед хэрэв байсан бол яах байсан бэ гэдэг талаас нь авч хийсэн. Кинон дээрээс Персүүд буюу тухайн үеийн гадны түүх соёлыг эмэгтэйчүүдээр төлөөлүүлж харуулна. Мэдээж киногоо детальчлаад ярьчихвал хамгийн гоё хэсгийг задалчих гээд байна. 13 дугаар зууны үеийг яаж харуулах тухайд нэлээд сайн бодож байж, сайн шийдлүүд олж хийж чадсан. Түүнийг үзэгчид кинон дээрээс үзсэн дээр нь болов уу.

-Киноны зураг авалтууд хаана хийгдсэн бэ?

-Дундговьд ихэнх зураг авалт явагдсан. Сүүлд нь Төв аймгийн Бүрэнгийн элсэн дээр хэсэг зургаа авсан. Гадаад зургийн хувьд бид Иран, Пакистан явж амжихгүй байсан учраас хамгийн боломжит газар нь Турк байсан.

-Гол дүрийн жүжигчид хуучнаараа биз дээ?

-Гол дүрүүд нэмэгдсэн. Үндсэн гурван жүжигчин дээр нь нэмж гурван жүжигчин орж ирсэн байгаа.

-Энэ цувралын гол утга ганц бие бүсгүйчүүд хань ижилтэй болохыг мөрөөддөг. Тэд 13 дугаар зуунд очихдоо энэ хүслээ биелүүлэх үү?

-Киноны үндсэн зорилго бол тэр. Гэхдээ кинон дээр яаж эргэх нь вэ, бүсгүйчүүд ямар адал явдал туулж ямар хүмүүстэй учирч танилцахыг киноноос үзээрэй гэж хэлье.

-Утга зохиолын судлаач, шүүмжлэгч Г.Батсуурь монгол киноны талаар бичсэн шүүмжид сүүлийн үеийн кино урлагт эмэгтэй хүнийг дорд байдлаар харуулах явдал гаарч байна. Кино болгонд эмэгтэй хүнийг эрх мэдэлгүй, мөнгө шүтсэн, мөнгөний төлөө юу ч хийхээс буцдаггүй, биеэ үнэлдэг, гэр бүл үймүүлдэг байдлаар харуулах болж гээд “Single ladies” цувралыг эш татаж байсан. Та кино найруулагчийн хувьд энэ тал дээр ямар саналтай байна?

-Монгол кинонд эмэгтэйчүүдийг дүрслэх байдлыг тэгж боддог байсан үзэгч “Single ladies”-ийн хамгийн сүүлчийн энэ ангийг ирж үзээрэй. Та бүхний харах өнцөг, сэтгэгдлийг бүрэн өөрчлөх болно гэдгийг амлая гэж найруулагчийн хувьд хэлмээр байна.

-Кино багийнхан олон хүний бүрэлдэхүүнтэй ажилласан гэсэн. Гадаадын мэргэжилтнүүд ажиллав уу?

-Киногоо бүтээлийн түвшинд аваачъя гэсэн продюсерын чин хүсэл байсан. Тийм учраас бас шинэ баг шинэ хүмүүсийг сонгосон болов уу. 200 орчим хүний баг ажиллалаа. Энэ бүтээл дээр Англиас өөрийнхөө хамтарч ажилладаг англи зураглаачийг авчирч зургийг нь авахуулсан. Мөн киноныхоо дүрсийг чанартай байлгах үүднээс гадааадаас хоёр ширхэг ari камер түрээсэлж авсан байгаа. Дээр нь Англиас маш сайн дууны техникч операторууд ирж ажилласан гэх мэт онцлог зүйлс их бий.

-Та өөрийнхөө өмнөх уран бүтээлээс танилцуулаач?

-Би өмнө нь богино хэмжээний зургаан кино хийсэн. Түүнээс хоёр нь олон улсад маш амжилттай явж, олон улсын шагнал хүртэж байсан. Шагналынхаа тэтгэлгээр “Од ба гэгээ” гэж орчин үеийн залуусын тухай уран сайхны кино хийсэн. Тэр кино маань олон улсын пестивальд нэлээд сайн явж амжилт олсон. Уран бүтээлчдэд их хүрсэн байна лээ. 2019 оны шилдэг зургаан киноны нэгээр шалгарсан. Ундармаа эгч тэр киног маань үзчихээд надад санал тавьсан. Тэгж би энэ кинон дээр ажиллах болсон.

Т.СЭР-ОД: БИ ЭНЭКИНОНД ЗОРИУЛЖ КИНОНЫ ХӨГЖИМ БҮТЭЭДЭГ, ҮЙЛДВЭРЛЭДЭГТУРШЛАГА ДЭЭР ҮНДЭСЛЭСЭН 17 КУРСИЙГ СУДАЛСАН

-“Single ladies-4” таны энэ оны анхны уран бүтээл болж байна уу. Уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцахгүй юу?

-Өнгөрсөн онд би нэлээд бүтээлүүд дээр ажиллалаа. Намайг хүмүүс ямар дууны бүтээл хийв гэж асуугаад байдаг. 2019 онд хөгжмийн уран бүтээл дээр түлхүү ажилласан. Жишээ нь, 2019 оны долдугаар сард Хотгойд хурдын гэрлэн шувууны хөгжмийг хариуцаж хийлээ. Мөн Сүхбаатар аймагт Халхголын түүхт ойд зориулж тавигдсан Чимид гуайн “Маш нууц” жүжгийн хөгжим дээр ажиллалаа. Нөгөө нэг том ажил нь “Single ladie-4”-ийн хөгжмийн зохиол байна.

-Монголын түүхэн цаг үед эмэгтэйчүүдийн асуудлыг хөндсөн уран бүтээлд ямар хөгжмийн найруулгыг хийхийг зорив?

-13 дугаар зуун бол манай Монголын хөгжмийн чухал он цагтай давхцаж орж ирдэг. 13 дугаар зуун Их эзэн Чингис хааны санаачилгаар бүтээгдсэн, сүүлд их таван хааны үе залгамжилсан бодлогын үр дүнд, хожуу Хубилай хааны үед Юань гүрэнд төрийн ордны 500, 600 хүний бүрэлдэхүүнтэй хөгжмийн найрал үүсч байсан түүхэн баримт байдаг. Тийм үеийн тухай бид өнөөдрийн цаг үеэс яаж дуугарах ёстой вэ, хөгжмийн хэлэнд юу байх ёстойг чухлаар авч үзэх ёстой. Нөгөө талаар киноны үйл явдал Персэд болж өрнөж байгаа. Одоогийн Ираны газар нутаг гэсэн үг. 13 дугаар зууны монгол хөгжим өөрөө Персийн хөгжимтэй бас холбоотой байдаг. Миний багш урлаг судлалын ухааны доктор профессор, төрийн шагналт хөгжмийн зохиолч Соронзонболдын “Монголын хөгжим 13 дугаар зуун” гэдэг номон дээр эш татсан мэдээ баримтуудын ихэнх нь Персийн олдвороос үүдэлтэй хөгжмийн эх срувалжууд явдаг юм. Энэ киноны хөгжим дээр ажиллана гэдэг нэг талаар ахиад том судалгааны талбар дээр цагаа зарцуулсан гэсэн үг. Одоо бол гүйцэтгэлийн ажил үргэлжилж байна. Бид бас нэг зүйлийг чухалчилж харж байна. Аливаа бүтээл хийнэ гэдэг судалгаа баримт дээр ямар нэг хэмжээгээр уран сайхны янз бүрийн аргачлал хөгжүүлж болно. Түүн дотор байгаа эх үндэс, угшил нь алдагдаж болохгүй гэдэг зарчим дээр киноны тэргүүлэх түвшний уран бүтээлчид барьж ажилласан.

-Хөгжмийн ямар төрлийн жанр энэ кинон дээр голлох вэ?

-Кинонд зориулсан хөгжим гэдэг ойлголт энэ бүгдийг тодорхойлж өгөх ёстой. Кинонд зориулсан хөгжим тэнд чимэглэлийн үүрэг гүйцэтгэх гэхээс илүү тухайн киноны зохиомжийг хөгжмийн хэлээр ярих тухай юм. Хөгжим өөрөө бас нэг дүрийн шугам болж явах ёстой. Хөгжмийнхөө жанрын хувьд туульсын жанрыг суурь болгож авч явахыг гол шугам болгосон. Тэр нь ч аль, аль тал дээрээ тохиромжтой. Эмэгтэйлэг, баатарлаг санаа сэдэл талаасаа ч тэр.

-Таныг орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг гэж найруулагч онцолж байсан. Энэ цаг үед хөгжмийн салбараас та юуг онцолж байна?

-Хамгийн түрүүнд яригдах гол асуудал энэ. Бидний өнөөдрийн бүхий л салбар дээр яриад байгаа инновацийн санаа энэ юм. Тиймээс орчин үеийн хөгжмийн зохиомжийн техник, эсвэл тухайн багаж хэрэгсэл их өөр болсон. Үүнийг hardware, software-ийн аль аль түвшинд хэрэглэгдэг болсон. Маш олон боломжууд нээгдсэн. Тэр бүгдийг өнөөдөр хийж байгаа ажилдаа тусгаж оруулах ёстой. Би энэ кинондоо зөвхөн киноны хөгжим бүтээдэг, үйлдвэрлэдэг туршлага дээр үндэслэгдсэн 17 курсийг судалсан. Энэ бол бидний хувьд бүтээлдээ тавих анхаарал, халамж, хариуцлага, хандлага юм. Сайн бүтээл хийж ард түмний сонорыг мялаах, сайхан бүтээл туурвих гэдэг хувь хүнээс чамгүй сэтгэл зүтгэл шаарддаг. Энэ бүхнийг ганц авьяас, мэдлэг, боловсрол шийдэхээс гадна хамгийн гол нь ёс суртахуун, үйл ажиллагааны сахилга батыг барьж явах шаардлага гардаг. Бас нэг олзуурхууштай зүйл бол энэ бүтээл дээр залуучуудтай ажиллаж байна. Шинэ өнгө төрх, шинэ дуу хоолой, үзэл санаа, ертөнцийг харж, сонсч эрч хүч авч байна даа.

Б.ЭНХЗАЯА

Өдрийн сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: