Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг дэмжлээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 12 сар 03 ・ 1
baingiin horoo1204
 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2014.12.04/ хуралдаан 11 цаг 30 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Эдгээр хууль тогтоомжийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр орой УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байнгын хорооны хуралдаанд танилцуулсан хууль санаачлагчийн илтгэлдээ, шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон салбарын сайд зэрэг нийт 19 гишүүн ажиллуулах саналтай байгаагаа дурдав. Үүнд:

  1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;
  2. Гадаад хэргийн сайд;
  3. Сангийн сайд;
  4. Хууль зүйн сайд;
  5. Аж үйлдвэрийн сайд;
  6. Батлан хамгаалахын сайд;
  7. Барилга, хот байгуулалтын сайд;
  8. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд;
  9. Зам, тээврийн сайд;
  10. Уул уурхайн сайд;
  11. Хөдөлмөрийн сайд;
  12. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд;
  13. Хүнс, хөдөө аж ахуйн сайд;
  14. Эрчим хүчний сайд;
  15. Эрүүл мэнд, спортын сайд;
  16. Монгол Улсын сайд.

Улс орны хөгжилд чухал ач холбогдолтой, үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын тодорхой, цөөн тооны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх асуудлыг эрхэлсэн Монгол Улсын сайдыг Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллуулах нь зүйтэй гэж үзжээ. Монгол Улсын сайдын эрхлэх асуудлын хүрээнд яам ажиллахгүй юм байна.

Харин шинэ Засгийн газар нь 15 яамтай ажиллахаар төсөлд тусгажээ. Үүнд: Байгаль орчин, аялал жуулчлалын, Гадаад хэргийн, Сангийн, Хууль зүйн яамд нь ерөнхий чиг үүргийн, Аж үйлдвэрийн, Барилга, хот байгуулалтын, Батлан хамгаалах, Боловсрол, соёл, шинжлэх ухааны, Зам, тээврийн, Уул уурхайн, Хөдөлмөрийн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын, Хүнс, хөдөө аж ахуйн, Эрчим хүчний, Эрүүл мэнд, спортын яамд нь чиглэлийн яам байх аж.

Түүнчлэн шинэчлэн боловсруулсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д Засгийн газрын тохируулагч агентлаг 10, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг 18 ажиллахаар тусгажээ. Тогтоолын төслөөр Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Тахарын ерөнхий газрыг татан буулгах нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан тус байнгын хорооны гишүүд болон байнгын хорооны хуралдаанд оролцсон УИХ-ын зарим гишүүдийн асуултад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хариулт өгөв. Тэрээр гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбогдсон эдгээр хууль тогтоомжийн төслийг боловсруулахдаа төсвийн хүндрэл, улс орны эдийн засгийн хямралтай байдлыг харгалзан төрийн захиргааны байгууллагыг аль болох цомхон, чадварлаг байлгах зарчмыг барьсан. Энэ чиглэлээр эхний ээлжинд 460 гаруй хүний орон тоог цөөлөх замаар 13 орчим тэрбум төгрөг хэмнэх төсөл оруулж ирж байгаа. Цаашдаа төрийн зарим байгууллагыг нэгтгэх, татан буулгах, аж ахуйн тооцооны зарчимд шилжүүлэх зэргээр 57 байгууллагын асуудлыг цэгцлэхээр төлөвлөж байгаа. Улс орны эдийн засаг хүнд байгаа ийм үед бид хүссэн хүсээгүй энэ замаар явахаас аргагүй. Гэхдээ төсөв, орон тоо хэмнэх асуудлыг зөвхөн Засгийн газрын бүтцийн хүрээнд, яамдын хэмжээнд харах биш төрийн захиргааны байгууллагуудын тогтолцоо, бүтцийн өргөн хүрээнд харах ёстой. Нэгэнт шинэ Засгийн газрыг хамтран байгуулах асуудлыг парламентад суудалтай нам, эвслүүд зөвшилцөж шийдсэн учраас зөвшилцлийн хүрээний асуудлыг ийм бүтцээр хэрэгжүүлэх боломж байна гэсэн саналаа танилцуулж байна гэдгээ хэллээ.

Дараа нь гишүүд Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон тэдгээрийг дагалдуулан өргөн барьсан хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар үг хэлж байр сууриа илэрхийллээ. Тухайлахад, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Д.Эрдэнэбат, З.Баянсэлэнгэ нар батлагдаад удаагүй байгаа Тахарын албаны тухай, Хилийн боомтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох, Тахарын алба, Цөмийн энергийн газрыг татан буулгахаар төсөлд тусгасанд шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэлсэн бол УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл цаашид бүтээгч эдийн засгийн салбаруудаа анхаарах бодлогын асуудлаа орхигдуулахгүй авч явах, орон тоо хэмнэхийг гол болгох биш харин захиргааны шинэтгэлд илүүтэй анхаарч засаглалын зөв бүтэц бүрдүүлэхийг чухалчлах, УИХ-ын гишүүн Н.Энхболд парламентад суудалтай намууд зөвшилцөж томоохон асуудлыг хамтран шийдвэрлэхээр ойлголцсон нь сайн хэрэг. Энэ бол амаргүй асуудал. Иймээс зөвшилцлийг хэрэгжүүлэхэд итгэлцэл, улс төрийн соёлын үүднээс ухаалаг хандаж бодит ажил хэрэг болгох нь чухал гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.

Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нам, эвслийн бүлгүүд зөвшилцөж ойлголцон хамтарсан Засгийн газар байгуулахаар болж, улс орны амьдралд тулгамдаж буй томоохон асуудлуудыг хамтран шийдвэрлэхээр тохирсон нь чухал юм. Иймээс асуудлыг өргөн хүрээнд нь харж, зөвшилцлийг хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа хэлээд зарим агентлагийг татан буулгах болон тэдгээртэй холбоотой зарим хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулж шинэ Засгийн газар бүрдсэний дараа төрийн байгууллагуудын бүтэц, орон тооны асуудлыг тооцоо судалгааны үндсэн дээр цогцоор нь оруулж ирье гэсэн саналаа хэлсэн юм.

Иймээс Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжье гэсэн санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ.

Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: