Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2020 01 сар 20
・ 2
- Амттаны бизнесээс гэрэл зураг руу “урвасан” нь
- Сэтгэлийг хөдөлгөж чадах гэрэл зургийг л би сайн зураг гэж хэлнэ. Гэрэл зураг бүтээх нь хөгжим бичих, уран зураг зурахтай агаар нэг. Эдгээр урлагийн техник нь өөр боловч эцсийн зорилго нь адилхан
Хүүхэд ахуй насны гэгээн дурсамжуудыг сэдрээсэн нэгэн эрхэм хүнтэй уулзаж, ярилцлаа. Тэр бол Монголын төрийн хүндэт шагнал “Алтан гадас” одонт, япон гэрэл зурагчин Сүгияама Тэрүзо юм. Монголд элэгтэй эгэл энэ хүн “1983 оны Улаанбаатар” гэрэл зургийн номоо хэвлүүлсэн бөгөөд нийслэлийн хуучны төрхийг гэрэл зургийн хальснаа мөнхөлж үлдээсэн нэгэн.
“Улаанбаатар-1983” гэрэл зургийн цомогт манай улсын соёлын үнэт өв болон социалист, ардчилсан засаглалтай 36 жилийн түүхийг 223 зурагт багтаан илэрхийлжээ.
Хамаг бүхэн бороо мэт арилавч харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ гэдгийг 74 настай Сүгияама Тэрүзо гуай бидэнд мэдрүүлэв. Тэрбээр гурван жилийн өмнө буюу 2017 онд социалист нийгмийн Улаанбаатарыг харуулсан үзэсгэлэн гээрээ монголчуудын нүдийг хужирлаж байлаа. Харин тэрхүү зургуудаа өнөөдөр альбом болгон эмхэтгэжээ.
Сүгияама өөрийгөө эрч хүчтэй байгаа дээр Монголын соёл урлаг, Улаанбаатарын түүхийг өгүүлсэн зурагнуудаа монголчуудад толилуулахыг хүссэн гэнэ. Тэрбээр ямар нэгэн бүтээлийг өөрийн гараар туурвих хувь заяандаа багаасаа л итгэдэг байв. Гэр бүлийнхэн нь Токиод амттаны бизнес эрхэлдэг байсан учир Сүгияама аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөж, бялуу, нарийн боовны тогооч болох дөхжээ.
Гэхдээ Улаанбаатарыг сонгож гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, цомог бүтээсэн нь өөрийн эрхгүй анхаарал татсан юм.
Өөрөө ч түүндээ итгэлтэй байсан гэнэ. Гэвч 1970-аад онд Японд гэрэл зураг хүчээ авах үед түүний сонирхол амттаны салбар руу дахин чиглэсэнгүй. Тэрбээр Токиогийн гэрэл зургийн коллежийг төгсөж, мэргэжлийн гэрэл зурагчин болсон байна. Сүгияама “Сэтгэлийг хөдөлгөж чадах гэрэл зургийг л би сайн зураг гэж хэлнэ. Гэрэл зураг бүтээх нь хөгжим бичих, уран зураг зурахтай агаар нэг.
Эдгээр урлагийн техник нь өөр боловч эцсийн зорилго нь адилхан” гэлээ. Сүгияама дэлхийн олон оронд очиж зураг авсан нэгэн. Гэхдээ Улаанбаатарыг сонгож гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, цомог бүтээсэн нь өөрийн эрхгүй анхаарал татсан юм.
Тэр утгаараа түүнээс яагаад заавал Улаанбаатарыг сонгов гэдгийг хамгийн түрүүнд асуухыг хүсэж явлаа. Уулзсан даруйдаа түүнээс хүссэнээ асуухад Сүгияама ийн хариулав. “Японы сонинд гарах мэдээний зураг авах гэж анх монголд хөл тавьсан юм.
Япончууд хөх толботой байдаг. Монголчууд ч адилхан хөх толботой. Үүнд ямар нэгэн үүсэл, гарлын хэлхээ холбоо байгаа юм биш биз гэдэг нь миний сонирхлыг ихээр татсан учраас би ирсэн юм” гэв. Сүгияама Монголд тэртээ 1983 онд анх хөл тавьсан бөгөөд ингэхдээ Бээжингээс Улаанбаатар хүртэл олон улсын галт тэргээр иржээ. Ийн цааш ярихдаа “Монголд ирлээ. Удаан яваад л, яваад л байсан.
Гэтэл нэг л хэвийн байгаль, өргөн уудам нутаг. Өнөөдрийнх шиг ийм өндөр барилга, байшин бараг байхгүй. Маш гоё амар амгалан, хүний сэтгэлийг өөрийн эрхгүй тайтгаруулах тал нутаг харагдсан. галт тэрэгний цонхоор харахад шүү дээ. Ингээд Улаанбаатарт ирлээ, өмнөө маш цэвэрхэн хот угтсан. Би өөрийн эрхгүй “Ямар гоё цэвэрхэн хот вэ” гэж дуу алдсан шүү.
Энэ удаагийн номондоо 1983-2019 оны Улаанбаатар хотын маш олон зураг оруулсан ба шинэ зураг төдийлэн оруулсангүй. Монгол, япон хүмүүс харагдах байдал, элгэмсэг зан төрхөөрөө төстэй бөгөөд монголын буддын шашны соёл миний сонирхолыг их татсан” хэмээн анхны сэтгэгдлээ харамгүй хуваалцлаа.
-Та 1983 оноос хойш Улаанбаатарт зураг авчээ. Чухам юу таны анхаарлыг их татсан учраас ийм удаан хугацаанд зураг авав?
-Хүнийг татах увидас байх шиг байна. Нэг, хоёр зураг аваад эхлэхээр улам л татагдаад байсан. Дахин дахин зураг авмаар. Яг юунд татагдсанаа тодорхойлж хэлж мэдэхгүй юм.
Тэр үед БНМАУ социалист засаглалтай, нийслэл Улаанбаатар хот миний урьд өмнө үзэж байгаагүй нам гүм бөгөөд өвөрмөц өнгө төрхтэй угтсан. Гэрэл зураг авахад хараа хяналт ихтэй, ялангуяа түүхэн соёлын өвүүдийн зураг авах зөвшөөрөл хаалттай байв.
Монголын хамгийн их бараатай дэлгүүр болох “Далай ээж” худалдааны төв, Зайсан толгой гээд бүгдийг тэр түүх болгон үлдээж чадсан байх юм.
Ер нь Монголд зураг авах нь бодож байснаас ч илүү хэцүү санагдсан. Гэрэл зургийн олон төрлөөр ажилладаг болохоор надад захиалгат их ажил ирдэг. Нэг жишээ хэлье. 1984-1987 онд ЮНЕСКО-гийн ивээл дор Ц.Чүлтэмийн эмхэтгэлээр гарсан “Монголын урлаг” дөрвөн боть номын гэрэл зургийг авсан юм.
Монголчууд социализмын үед шашин шүтлэггүй байсан ч шашны урлагийн бүтээлүүдээ хадгалж үлдсэн байлаа. Би Занабазарын бүтээсэн бурхадыг хараад үнэн сэтгэлээсээ шүүрс алдаж билээ. Монголын шашны урлаг дэлхийн соёл урлагийн охиудтай эн зэрэгцэх юм байна гэж бодсон. Тэгээд ч Н.Цүлтэм гуайн номын зураг авсан тул хотоор явж зураг дарахад асуудал гараагүй юм.
-1983, 1984 оны үеийг хальснаа буулгаж байхад хамгийн их анхаарал татсан обьект юу байв?
-Сталины хөшөө. Мөн саяхан нураасан төв музейн барилга шууд нүдэнд туссан. Тэр музейг нураасан нь даанч харамсмаар. Ийн дуран авайдаа буулгасан түүний зургийг хараад өөрийн эрхгүй миний бага нас бодогдлоо. 10 гаруйхан настай байх үеийн ногоон байгууламж, сийрэг зам, Дэнжийн мянгын хар зах, Хүнсний 50 дугаар дэлгүүр, тухайн үеийн Монголын хамгийн их бараатай дэлгүүр болох “Далай ээж” худалдааны төв, Зайсан толгой гээд бүгдийг тэр түүх болгон үлдээж чадсан байх юм.
Хүүхэд насандаа эргээд очсон мэт нандин сэтгэгдэл төрж буйгаа хэлэхэд “Тийм сэтгэгдэл төрүүлж чадсан бол сайн хэрэг. Гэрэл зургийн гол мөн чанар энэ шүү дээ” гэж хэлээд инээмсэглэв.
-Монголд ирэхэд сэтгэлд тань хамгийн дотно байдаг зүйл юу вэ?
-Эргэлзэх зүйлгүй хонины мах ны хурц үнэр. Цаанаа л нэг дотно шүү.
-Тэгвэл зураг авахаар монголд ажиллах үед үлдсэн дурсамжаасаа хуваалцаач?
-“Монголын дүрслэх урлаг”, “Монголын сүм, хийд, архитектур”, “Монголын түүх болон дүрслэх урлагийн коллекц” зэрэг каталогийн гэрэл зургийг авч, Япон улсад Монголын соёлыг өвийг сурталчлан бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Монгол орныг гадаадад сурталчилсан ажлыг маань танай төр засгаас үнэлж, 2001 онд “Алтан гадас” одонгоор шагнаж байсан нь хамгийн сайхан мөч юм даа.
-Та гэрэл зургийн сургуульд суралцсан талаараа дээр цухас дурдсан. Танай ангийнхан ч эхнээсээ шантраад сургуулиа орхисон юм билээ. Тэгвэл таны сургуулиа орхиогүй шалтгааныг сонсож болох уу?
-Багшийн хэлсэн үг хүчтэй тус сан байх. Багш маань “Өдөр тутмын амьдралыг гэрэл зургийн хальснаа маш сонирхолтойгоор буулгах нь чухал” гэсэн юм. Эхэндээ би энэ үгний учрыг ойлгоогүй л дээ. Сурах тусам улам хэцүү санагдаад, ангийн найзууд ч эхнээсээ залхаад гарсан.
Харин би орхихыг хүсээгүй. Суралцахын хажуугаар гэрэл зургаараа ажил хийж эхэлсэн нь надад том нөлөө үзүүлсэн. Ингэж явсаар би өөрийнхөө чиглэлийг олсон учраас гэрэл зургийг орхихгүй гэж шийдсэн юм. Нэг ёсондоо суралцаж байхдаа өөрийгөө нээсэн, тэр нь миний сонголт, шийдвэрт чухал нөлөө үзүүлсэн дээ.
-Гэр бүлийнхэн тань амттаны бизнестэй, түүнийгээ танд даатгах гээд байдаг. Гэтэл та өөр сонирхолтой болсон. Энэ үед гэр бүлийн зөрчил үүссэн үү. таны сонголтод яаж хандсан бэ?
-Би айлын хоёр дахь хүүхэд. Тиймээс бие даагаад явахад асуудалгүй. Хэн ч, юу ч хэлээгүй. Тэр нь миний сонирхлыг хүндэтгэж байгаа хэрэг.
-Дэлхийн олон оронд очиж зураг авсан байх. Сэтгэлд тань хамгийн тод үлдсэн газар, орны тухай яриач?
-Америк тивд зураг авах их сонирхолтой байсан, ялангуяа Мексик. Яагаад гэвэл тус улсын байгаль дахь соёлын өвүүд нь анхаарал татахуйц байдаг юм.Түүнтэй ярилцахад гэрэл зурагчин хүн зөвхөн гэрэл сүүдрийг тохируулж, камертайгаа харилцах нь хангалттай биш юм байна гэж бодогдсон.
Гэгээрэл, хайр, нигүүлслийн төлөөлөл болсон бурхадын гэрэл зургийг ямар өнцгөөс харж авсан тухайгаа “Би бурхан бүрийн мөн чанарыг дотроо төсөөлж, үүнийгээ гэрэл зургаар дамжуулан гаргахыг зорьсон. Үзэж буй хүн гэрэл зургийг биш тэрхүү бурхныг харж байгаа мэт бодит мэдрэмж аваасай гэж хүссэн. Ариун дээд бурхны зургийг авахын тулд сэтгэл хир буртаггүй байх учиртай. Үгүй бол тэр зураг санасан хэмжээнд хүрэхгүй. Дадлага туршлагадаа тулгуурлаад би цаг зав, сэтгэлээ зориулж эдгээр зургийг авч байлаа” гэж хэлээд цөөн тооны бурхны зураг үзүүлэв.
Шашны урлагийн бодит дүрийг өөрийн нүдээр гэрчилж, хальсандаа буулгасан хүний хувьд Сүгияама бухимдлаа ч илэрхийлж байлаа. Тэрбээр “Энэ гайхалтай соёлын өвийг хойч үедээ өмчлүүлэхийг хичээх хэрэгтэй. Соёлын өвөө хэр зэрэг сайн хадгалж, дээдэлж байгаагаас тухайн улс орны иргэдийн соёлын түвшин харагддаг” гэж нэмж хэлсэн юм.
Ер нь Сүгияама тэр үед хүмүүсийн үгэнд орж, дуулгавартай байсан бол Улаанбаатар хотынхоо түүхэн баримтат гэрэл зургуудыг олж үзэх завшаан өнөөдөр бидэнд тохиохгүй байж. Түүний дуранд гайхалтай агшнууд өртсөнийг дээр дурдсан билээ. Харин Монголд үе үе ирдэг зурагчин маань эдгээр зургийг яагаад одоо л нийтэд толилуулж байна вэ. Энэ талаар асуухад тэрбээр “Соёл урлагийн болон Улаанбаатар хотын түүхэн зургууд монголчуудад хүрч амжилгүй надтай хамт үгүй болох магадлалтай.
Цаашид одоогийнх шиг ээ эрч хүч, энергитэй байгаа ч уу, үгүй ч үү. Монгол Улс үндсэн хуулиараа 1992 онд ардчиллыг тогтоосон. Би гэрэл зургуудаараа социализмаас ардчилал руу орсон 25 жилийн хугацаанд эрх чөлөөг эдэлсэн иргэдийн ахуй амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг харуулахаар зорьсон” гэв. Тэгвэл та өнөөдрийн Улаанбаатарын тухай үзэсгэлэн гаргах уу гэвэл “Энэ миний зорилго биш. Ийм боломжийг залууст үлдээсэн нь дээр болов уу. Залуу гэрэл зурагчид үргэлжлүүлээд хийх биз. Тэдэнд даатгая. Харин надад бол орчин цагийн Улаанбаатарын тухай үзэсгэлэн, ном гаргах бодол огт алга” хэмээн хариуллаа.
-Ингэхэд сайн гэрэл зурагчин болохын тулд яах ёстой вэ. Залуу мэргэжил нэгтнүүддээ болон гэрэл зураг авахыг сонирхож байгаа залууст хандаж зөвлөгөө өгнө үү?
-Зөвхөн сайн аппарат, дурантай байснаар сайн зураг авахгүй. Сайн зураг авахын тулд толгой, зүрх хоёр цуг ажиллаж байх ёстой юм. Хийж буй зүйлдээ сэтгэлээ зориул, бясалга, анхаарлаа сайн төвлөрүүлж эргэцүүлэх хэрэгтэй. Ингэж гэмээнэ сайн зураг гарна.
-Монголын социалист нийгмийн үеийн ховор агшныг та дуран авайдаа буулгасан. харин 1980-1990 оны Японыг сэдэвчлэн зураг авч байсан уу?
-Үгүй. Японд бол зөвхөн түүхэн бүтээлүүдийн зургийг л авч байсан. Харин Улаанбаатарын социалистоос ардчилсан нийгэмд шилжсэн үе нь өөрөө сонирхолтой, хүмүүсийнх нь аж амьдрал өвөрмөц учраас сонгосон хэрэг.
-Сүүлийн үед гэрэл зурагчид аливаа нэг төрөл, чиглэлээр дагнадаг болсон. Та аль чиглэлийн зураг авдаг хүн бэ?
-Түүх дурсгал, байгалийн чиглэлээр зураг авдаг, үүндээ ч илүү сонирхолтой. Мэдээж заримдаа захиалгаар хөрөг авах тохиолдол гарна. Ер нь ямар ч чиглэлээр зураг авахдаа өгүүлэмжээ тод гаргах хэрэгтэй. Жишээ нь, хөрөг зургаар тухайн хүний ямар амьдрал туулж ирснийг шууд харуулж болдог. Тухайн зургийг хараад л туулсан замыг нь уншихуйцаар гаргах ёстой юм.
-Гэрэл зурагчдын нэг мөрөөдөл нь хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон олимпын торгон агшныг дуран авайдаа буулгах байдаг байх. Та энэ олон жил зураг авахдаа олимпод зураг авах хувь тохиолтой учирч байв уу?
-Спортын гэрэл зурагчны чиглэлээр хүмүүс мэргэшээд олон жил болжээ. Тэдний мөрөөдөл нь олимп. Харин надад бол тийм биш. Миний сонирхдог чиглэл ч биш. Тухайн тамирчны гаргаж байгаа хүч, хөлс, агшин бүрийг алдалгүй авахын тулд спортын гэрэл зурагчдын техник хэрэгсэл, ур чадвар өөр түвшинд хөгжсөн байдаг.
Бүгд төрөлжсөн учраас олимпын наадамд зураг авах талаар бодож байсангүй. Би өнөөдрийг хүртэл спортын чиглэлээр маш цөөхөн зураг дарсан. Захиалгаар ахлах сургуулиудын бэйсболын тэмцээний зурагчнаар ажиллаж байлаа.
Б. Мөнхзул
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.