Д.Аюуш: Ариг банкинд засаглалын хямрал үүссэн

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 28 ・ 2

 

Ариг банкны зохистой засаглал алдагдсантай холбогдуулан Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгч томилжээ. Монголбанкны Хууль эрх зүйн газрын захирал Д.Аюушаас зарим зүйлийг тодруулав.

-Ариг банкинд ямар нөхцөл байдал үүссэн юм бол?

-Ариг банк Монголбанкнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хувь нийлүүлэгчдийн хооронд маргаан үүссэнээс хувьцаа эзэмшигчдийн хурлаар маргаантай асуудлаа шийдвэрлэж чадахгүй, төлөөлөн удирдах зөвлөл эрх зүйн чадамжгүй болсон тул зохистой засаглал алдагдсан. Иймээс Монголбанкны ерөнхийлөгчийн энэ сарын 24-ний өдрийн тушаалаар харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалах зорилгоор Банкны тухай хуульд зааснаар нөхцөлт удирдлагын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Бүрэн эрхт төлөөлөгч Ариг банкны үйл ажиллагааг хэвийн явуулж байна. Өөрөөр хэлбэл, тус банкны төлбөрийн гүйлгээг зогсоосон байсныг өнөөдрөөс хэвийн болголоо. Ингэснээр Төвбанк, тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай арга хэмжээг авч буй юм.

-Нөхцөлт удирдлагын үүрэг хэдий болтол үргэлжлэх бол?

-Удирдлагын шийдвэр гаргалтын үүргийн хүрээнд гурван сарын хугацаанд үүрэг гүйцэтгэнэ. Хуулийн хүрээнд нэг жил хүртэл үүрэг гүйцэтгэх заалттай.

-Бүрэн эрхэт төлөөлөгч нь  эрх хүлээн авагчаас юугаараа ялгаатай вэ?

-Нөхцөлт удирдлага  буюу бүрэн эрхт төлөөлөгч томилж буй нь албадлагын арга хэмжээний нэг хэлбэр. Ариг банкинд засаглалын хямрал үүссэн учраас хуулийн дагуу шаардлагатай арга хэмжээг авч байгаа. Шийдвэр гаргах үйл ажиллагаа явагдахгүй байсан учраас удирдлагын үүргийг Монголбанкнаас томилогдсон этгээд хэрэгжүүлэх юм. Бүрэн эрхэт төлөөлөгч банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай шийдвэрийг гаргах эрхтэй. Энэ нь банк татан буугдах үйл ажиллагаа биш. Банкны үйл ажиллагаа хэвийн. Эрх хүлээн авах төлөөлөгч нь банк татан буугдсан тохиолдолд эрхээ хэрэгжүүлдэг.
 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Ц.Мягмарбаяр

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: