"Хонх" хамтлагийн ахлагч, сэтгүүлч С.Цогтсайхан агсны охин Ц.Сантатай ярилцлаа.
- “Хонх” хамтлагийн ахлагч, сэтгүүлч С.Цогтсайхан буюу аавын тань амьдралд хамгийн том орон зайг эзэлдэг үйл явдлын нэг бол Ардчилсан хувьсгал байсан. Аав тань Ардчилсан хувьсгалын ойг хэрхэн тэмдэглэдэг байсан бэ?
- 1999 онд Ардчилсан хувьсгалын 10 жилийн ой тохиосон. Ойн баярын гол зохион байгуулагч нь аав минь байлаа. Энэ үеэр зохион байгуулсан концертон дээрээ Монголын рок поп одуудтай хамтарч “Хонхны дуу”-гаа дуулж байлаа.
Үүнээс яг нэг жилийн дараа аав минь цус харваж удтал хүндээр өвчлөөд 2004 онд бурхан болсон. Одоогоос 5 жилийн өмнө Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоор Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ ахын санаачлагаар аавын минь хөшөөг босгосон.
Түүнчилэн 2014 онд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар аавын минь бүтээл “Хонхны дуу”-нд “Төрийн соёрхол” хүртээсэн.
Өнгөрсөн жил Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиосон. Ойд зориулж “Best of Khonkh Volume 1” пянз гаргалаа.
- Саяхан нээлтээ хийсэн байхаа?
Аавынхаа дотны нөхдийн тус дэмээр энэ сайхан пянзыг хэвлүүллээ. 1 сарын 25-нд ойр дотны нөхөд, гэр бүлийнхэн, пянз сонирхогчидтой хамтран даруухан гэхдээ чин сэтгэлийн халуун дулаан уур амьсгалтайгаар пянзныхаа нээлтийг хийсэн. Пянзыг хөгжим сонирхогчдын гарт хүргэхэд тусалж дэмжсэн бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байна.
- Аавынхаа Монголын Ардчилалд оруулсан хувь нэмрийг юу гэж дүгнэдэг вэ?
- Ардчилсан хувьсгалыг зөвхөн талбай дээр хүмүүс жагссан төдийхнөөр ойлгож болохгүй. Давсгүй хоол амтгүйтэй адил “Хонх” хамтлаг, аавын минь зохиосон дуунууд байгаагүй бол Ардчилсан хувьсгал ямар байх байсан болоо гэж би эргэцүүлдэг. Мөн бичсэн нийтлэлүүдийг нь энд дурьдаж болно.
Өөрөөр хэлбэл С.Цогтсайхан гэдэг хүний Монгол оронд Ардчилсан хувьсгалыг авчирахад оруулсан хувь нэмрийг үеийн үед үргэлж санан дурсаж явна гэдэгт би итгэдэг.
- С.Цогтсайхан гуай ямар зан чанартай хүн байсан бэ?
- Аав минь гаднаасаа тийм ч их нээлттэй хүн байгаагүй, уран илтгэгч бол бүр ч байгаагүй. Харин өөрийнхөө дотоод сэтгэл, оюуны цараа нийтлэл, дууны үг, аялгуу зэрэг уран бүтээл болгож түгээдэг байсан.
Аав минь гэр бүлдээ маш их хайртай, ядарсан хүнд сэтгэл гаргаж, тусалдаг хүн байсан. Харин дээдэст тал олох гэж долигнож гүйдэг зан огт байгаагүй. Нэг л зангаараа амьдарсан даа. Монголын ард түмэн бүгдээрээ сайхан амьдардаг нийгмийг бүтээхсэн гэсэн чинхүү хүсэлтэй хүн байлаа. Би л ганцаараа баяжчихвал болоо гэж огт боддоггүй, түмний төлөө сэтгэлтэй хүн байсныг нь дурсах дуртай.
-Аавыгаа дурсаж яривал уншигчдад маань сайхан байх болов уу?
- Би аавын охин байлаа. Боломж л гарвал аавтайгаа хамт унтдаг, хаана ч явсан хажуунаас нь чаргууцалдаад л явна. Шөнө их хар дарж зүүдэлнэ. Аав зөнтэй юм шиг хэдүйн сэрчихсэн “Миний охин хурай, хурай” гээд духан дээр минь үнсдэгсэн.
Мөн би онц сурахыг их хичээдэг хүүхэд байлаа. Даалгавар хийх үед ээж загнах гээд байдаг талтай. Харин аав заахаараа их хөнгөн, хөгжилтэй жишээ авч, тайван гэгч нь тайлбарлаж өгдөгсөн.
-Ардчилсан холбооны журмын нөхдөөсөө хэнтэй нь илүү ойр дотно нөхөрлөдөг байсан бэ?
- Журмын нөхөд нь аавын минь амьдралын бүхий л цаг үед хамт байсан даа. Өвдсөнөөс нь хойш ч эргэж тойрч, нөхөрлөлөө үргэлжлүүлсээр л байсан. Онцолж хэдэн хүнийг хэлмээр байна. Э.Бат-Үүл ах. Аав, Э.Бат-Үүл ах хоёр улстөрийн хамтран зүтгэгчид гэхээсээ илүүтэй гэр бүлийн дотны найзууд байлаа. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гуай байна. Аавыг минь өвчтэй байхад Америкт суралцаж байсан. Америкаас үе үе утасддаг, мөнгө төгрөг ч явуулна.
Мөн Д.Сосорбарам ах, Баак ах, С.Цогтбаяр ах нар маань байна. Нэрлээд байвал маш олон. Би одоо аавынхаа үргэлжлэл болоод эдэнтэйгээ найзлаад явж байна.
- Өнөөдрийн нийгэм аавын тань хүсэн мөрөөдөж улмаар зорьж тэмцсэн Ардчилал мөн үү?
- Мөн гэж хэлж чадахгүй. Аав минь байсансан бол ямар дүгнэлт хийх байсныг би мэдэхгүй л дээ.
Ямартай ч аав минь сэтгэл хангалуун байхгүй байсан. Гэхдээ төр засгийн буруу шийдвэр, алдаа оноог Ардчилал руу чихэж болохгүй. Харин ч бид Ардчиллыг улам хүчтэй болгож, бэхжүүлэх ёстой.
Сүүлийн 30 жил төрийн эрх барьсан хүмүүсийг бүгд мэдэж байгаа. Хийсэн ажлынх нь үр дүн нүдний өмнө ил байна. Аавын минь хувьд 1989 оноос хойш Монголын нийгмийг өөрчлөх гэж л тэмцэж явснаас бус шийдвэр гаргах хэмжээний эрх мэдэлд очиж байгаагүй ээ. УИХ-ын 1992 оны сонгуульд С.Баяртай өрсөлдөн ялагдаж байсан юм билээ. Мөн 2000 онд Баянгол дүүргийн 63-р тойрогт нэр дэвшээд бас л ялагдаж байсан. Монголын нийгмийг өөрчлөхийн төлөө хамгийн их дуу хоолойгоо хүргэж явсан хүн шийдвэр гаргах хэмжээний эрх мэдэлд хэзээ ч хүрч байгаагүй гэж бодохоор харамсалтай. Шударга үнэний төлөөлөл болж байсан С.Зориг гуай 1998 онд бусдад алагдсан. Энэ үеэс хойш Монголын улс төрийн нөхцөл байдал жаахан эвгүй болчихов уу гэж боддог. 2000 оноос хойш төр засгийн эрх барьсан хүмүүс л өнөөдрийн энэ байгаа байдлыг бий болгосон. Хорин жил гэдэг бол улс орон хөгжиж болох хангалттай хугацаа. Гэтэл энэ хугацаанд авлига л хөгжсөн байна. Монголчууд бид өргөн уудам газар нутагтай ч утаатай, хөрсний бохирдолтой, дэд бүтэцгүй Улаанбаатартаа шамбааралдаж, түгжирсээр л сууна.
- Аав тань УИХ-ын сонгуульд ялагдсаныхаа дараа юу гэж ярьдаг байв?
- УИХ-ын 2000 оны сонгуулийн дараа аав минь болоод манай гэр бүлийнхэн сэтгэл санааны хувьд уначихсан байсан санагдана. Тэгээд удалгүй цус харвасан даа. Өвдөөд эхний нэг жил бараг ухаангүй байсан. Эмнэлгээс эмнэлгийн хооронд л амьдарсан. Одоо өөрөө бидний дунд байхгүй ч гэсэн бичсэн нийтлэлийнх санаа, дуунууд нь өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй байна. Монголын нийгмийг зөнтэй юм шиг дүрсэлж дээ.
- Дууны шүлгүүд нь нийгмийн амьдралыг тусгасан “нийтлэл” шиг л байдагсан?
- “Бидний араншин” тоглолтон дээрээ Чингис хааны тухай “Өршөө” гэдэг дуугаа дуулсан байдаг.
"Их хаан
Эзэн Чингис
Эцэг дээдэс минь ээ хэмээн Чингис хаанаасаа уучлалт гуйн, "Одоо бид нар таниараа бахархаж, нэрийг тань алдаршуулж, дуулж, дурсаж чадна" гэж дуулахад, 70 жил их хааныхаа нэрийг ч хэлэхээс эмээж явсан Монголчууд “Уухай, уухай” хэмээн орилж байсан гэдэг.
“Хонхны дуу”, “Өршөө” зэрэг олон дуунууд нь Монголчуудын эрх чөлөөг чөдөрлөж байсан чөдрийг мултлахад, Ардчилсан хувьсгал өрнөхөд, үндэсний үзэл сэргэн мандахад асар их үүрэг гүйцэтгэсэн гэж боддог.
-Таны хувьд Америк суралцаж ирээд залуусын “Уухай” хөдөлгөөнд нэгдсэн байна. Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж улс төрд орох нь гэж ойлгож болох уу?
- Хүмүүс намайг автоматаар Ардчилсан Намд харьяалуулчихдаг. Нөгөөтэйгүүр би Америкт хөгжил судлалаар магистр хамгаалсан. Энэ чиглэлээрээ оюутан байхдаа Америкийн хувийн компанид болон төрийн байгууллагад ажиллаж байсан. Би нийгмийн идэвхитэй хүн. Магадгүй гэр бүлийн хүмүүжил байх.
“Хонх” хамтлагийн пянзны талаарх уулзалтан дээр анх “Уухай” хөдөлгөөн үүсэн байгуулагдсан шүү дээ. Хөдөлгөөний зохицуулагч Д.Сайнбаяр хөдөлгөөнд нэгдэхийг санал болгоход би ч “Уухай” хөдөлгөөний зорилго, нэгдэж байгаа үнэт зүйлүүдийг нь сонсоод шууд уухайлан дэмжсэн. Миний хүсэл бол залуучуудыг сонгуульд идэвхитэй оролцуулах. УИХ-ын баталсан хуулиуд бидний өдөр тутмын амьдралыг зохицуулж байдаг.
Тиймээс "Уухай" хөдөлгөөнийхөн залуучуудад хандаж санал өгөхгүй байгаа 400 мянган залуучуудыгаа сонгуульдаа идэвхитэй оролцож, зөв хүндээ саналаа өгөхийг уриалж байгаа юм. Ингэж чадах юм бол бид үнэхээр том өөрчлөлтийг авчирч чадна.
Шинэчлэлээс айдаг, шинэ хүнээс айдаг өвөө, эмээ нар маань өнөө хэдэн танил царайгаа хараад дугуйлчихдаг. 1992 оноос хойш одоог хүртэл УИХ-д байгаа хүмүүс ч байна шүү дээ. Үүнийг хэн өөрчилж чадах вэ гэвэл залуучууд л чадна. Улс эх орныхоо эрх ашиг, хөгжил дэвшлийг 1-рт тавих зорилготойгоор нам үл харгалзсан залуучууд нэгдэж байгаа юм.
- "Уухай" хөдөлгөөний ирээдүйг хэрхэн харж байна вэ? Монголын Ардчилал, Монгол улсынхаа хөгжлийн төлөө ямар үйл бүтээе гэж та бодож байна вэ?
- Хууль бол улс орны удирдамж юм. Өнөөдөр манайд батлагдаж байгаа хуулиудад асар олон сул тал байна. Өнөөдөр ямар хууль батлагдаж байгааг мэдэж байгаа хүн байна уу, ард түмний оролцоо хэр байна, хяналт хаана байна. Хөгжилтэй орны иргэд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө яаж тэмцэж байна. Төрөөс нь буруу шийдвэр гаргахад ард түмнээрээ жагсаад болиулж чадаж байна. Гэтэл бид арай хэтэрхий уужуу байна. Манай “Уухай” хөдөлгөөний гишүүн Б.Гүнбилэг “Шаардах эрх” гэж зүйлийг гаргаж тавьсан. Энэ нь надад их таалагдсан. Өнөөдөр Монгол хүн болгон шаардах эрхтэй, үүрэгтэй баймаар байна. Төрийн гурван өндөрлөг, УИХ-ын 76 гишүүн, Яам, Тамгын газар, Засгийн газрын сайдууд, дэд сайд нарт шаардлага тавьдаг баймаар байна. Тэд иргэн бидэнд үйлчлэх ёстой. Иймээс ч эрх баригчдаас сүрдээд, тал засаад явах шаардлагагүй. Хөгжлийн чиглэлээр суралцсан хүний хувьд хэлэхэд Монгол хүн бүрийн хөгжил нийлж байж Монгол Улсын хөгжил болно. Иргэн бүр дор бүрнээ хөгжих хэрэгтэй.
Баярлалаа, таны ажилд амжилт хүсье.
Ярилцсан: Сэтгүүлч Ч.Явуухүү