ДЭМБ олон улсын хэмжээнд онц байдал зарлалаа

Дэлхий ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 01 сар 31 ・ 2

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ шинэ төрлийн коронавирусний халдвар Хятадаас өөр олон улс оронд бүртгэгдсэнтэй холбогдуулан олон улсын хэмжээнд онц байдал зарлажээ. ДЭМБ-ын Онцгой байдлын хороо Швейцарын Женев хотод пүрэв гарагт хуралдсан юм.

“Хятад улсын бус бусад улс орны нөхцөл байдлыг харгалзан үзсэний дүнд олон улсын хэмжээнд онц байдал зарлах шийдвэрийг гаргалаа. Уг вирусний халдвар эрүүл мэндийн тогтоцоо сул орнуудад тархаж болзошгүйд санаа зовниж байна” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебреем мэдэгджээ.

 

Хятадад пүрэв гарагийн байдлаар коронавирусний халдварын 7800 орчим тохиолдол бүртгэгдэж, уг өвчний улмаас 170 хүн нас баржээ. ДЭМБ-ын мэдээлснээр, уг вирусний халдвар Хятадаас гадна 18 оронд илэрч, 98 тохиолдол бүртгэгдсэн хэдий ч нас барсан тохиолдол байхгүй аж.

Хятадаас өөр орнуудад бүртгэгдсэн тохиолдлын дийлэнх нь коронавирус анх дэгдсэн Хятадын Ухань хотоос ирсэн хүмүүс байгаа боловч уг вирус хүнээс хүнд халдварласан 8 тохиолдол Герман, Япон, Вьетнам, АНУ-д бүртгэгджээ.

ДЭМБ олон улсын хэмжээний онц байдлыг өмнө нь таван удаа тогтоож байжээ. Үүнд 2009 онд гахайн ханиад, 2014 онд Полио вирус, 2016 онд Зика вирус, 2014, 2019 онд Эбола вирусний дэгдэлтийн үеэр тус тус онц байдал зарласан байна. 

 

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: