Спорт
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2020 02 сар 03
・ 5
Монголын тамирчин мэргэжилийн боксын нэгэн ноён оргилд гарах дайралтаа хэдхэн хоногийн дараа хийх гэж байна. Энэ бол 2015 онд мэргэжилийн боксын рингэн дээр гарч ирснээсээ хойш ганц ч ялагдалгүй “босоо” яваа гавъяат тамирчин Н.Төгсцогт билээ. Тэрээр 2 сарын 08-ны Бямба гарагт Пенсилвани мужын Аллентаун хотноо PPL ордонд дэлхийд зэрэг зиндаагаараа эхний хоёрт явдаг WBC холбооны аварга цолны төлөө одоогийн аварга америкийн боксчин “Мистер” хэмээх Гарри Расселтэй (Gary Russell Jr) халз үзэлцэх юм.
“Хаан Түг” нэрээр алдаршиж яваа Төгсцогт маань өнгөрсөн жилийн яг өдийд Нью-Йоркийн Баркалай ордонд Доминиканы Клаудио Маррейрог (Claudio Marrero Guzman) оноогоор хожиж мэргэжилийн боксын IBO холбооны аваргын алтан бүсийг зүүснээс хойш жил тойрон өнгөрсөн байна. Удахгүй болох энэ тулааны талаар өөрийн бодлоо хуваалцахын өмнө дэлхийн мэргэжилийн боксын холбоодын тухай болоод эрт эдүгээ цагийн зарим аварга цолтнуудын зэрэг чансаа, хүрсэн амжилт, хүртдэг шан харамжын талаар зарим нэг мэдээлэл багцлан хүргэе.
Мэргэжилийн боксын холбоодын тухай
Дэлхийн олон улс орон таван тивд дор бүрдээ хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилийн боксын холбоо олон байдаг ч үүсэн байгуулагдсан үе, туулсан түүх, хамрах хүрээ, үзүүлэх нөлөө, эргэлдэх хөрөнгө санхүү зэргээс хамааран доор дурдагдах 5 холбоог дэлхийн хэмжээний дээд эрэмбэ хэмээн тооцдог юм байна. Алдартай сайн боксчид ихэнх нь эдгээр холбоодын аварга цолыг бүгдийг хаман авч чаддаг хэрнээ он удаан жил хадгалж хамгаалах хатуу хэцүү сорилтыг давж гарсан нь цөөхөн ажээ.
WBA (World Boxing Association)
1921 онд National Boxing Association(NBA) нэрээр АНУ-д анх үүсэн байгуулагдаж байсан энэ холбоо 1962 оноос нэрээ сольж Панама улсын нийслэл хотод төв оффис нь шилжин үйл ажиллагаа явуулсаар өнөөг хүрчээ. Америк тивд анхны бооцоот тулааны нэгдсэн дүрэм гаргаж гарч ирсэн 1921 ондоо рингийн дэргэдээс анх радио (live) шууд нэвтрүүлэг, 1933 онд тоглолтын анхны тв нэвтрүүлэг хийсэн гээд тус холбооноос мэргэжилийн боксын түүхэнд анхдагч болох эхлэл суурийг тавьсан тухай бичээд байвал барагдахааргүй их баялаг түүхтэй ажээ.
Хойд Америк, Ази, Африк, Европ, Латин Америк, Далайн орнууд болоод мөн Хятад улсад бие даасан салбар холбоотой юм байна. Домогт боксчин Рокки Марчиано, Жо Луйс, Мухамед Али, Жон Спинкс, Жорж Формен, Шугар Леонард, Майк Тайсон нарын олон аваргууд тус холбооноос авсан цолоо алдалгүй удаа дараа хамгаалж үнэмлэхүй аварга хэмээх цолыг нэмж хүртэж байв. Алдарт Жо Луйс 1937-49 оны хооронд 12 жил аварга цолоо хамгаалж нийтдээ 26 удааийн тулаанд ялалт байгуулсан нь дээд амжилтын түүхэн оргил болж үлджээ. Одоогийн аваргуудаас Филиппины домогт боксчин Мани Пакяао, Украйны Василий Ломаченко зэрэг луугаруудын хамт IBO холбооны аваргын бүсээ манай Төгсцогтод хэдийн алдаад байгаа Доминиканы боксчин Клаудио Маррейрогийн нэр энд бас байна.
WBC (World Boxing Council)
1963 онд эгнээндээ дэлхийн 11 улсыг багтаан Мексикийн нийслэлд анх байгуулагдаж байсан энэ холбоонд өдгөө 161 орон гишүүнээр элсэж бүс нутагт 9, тивийн хэмжээнд 12 салбар холбоодтой том байгууллага болжээ. Тус холбоо нь эрэгтэй 17, эмэгтэй 16 жинд аваргын цол олгодог бөгөөд мэргэжилийн боксд дүрмийн болоод хамгаалалтын олон шинэчлэл хийсэн газар гэж тооцогддог. Сонирхогчдын боксоос мэргэжилд шилжин ирж тоглосон тамирчид тухайлбал Америкийн боксчин дэлхийн аварга Флойд Мэйвейтер, олимпийн аварга Мексикийн Оскар Де Ла Хойя нарын тамирчид мэргэжилийн рингэнд шилжээд ид цалгиж явах цагтаа 3 жил дараалан энэ холбооны аварга болж байж. Манай Төгсцогттой одоо тулалдах Гарри Рассел тус холбооны аварга цолыг Featherweight жинд 2015 онд дахин хүртсэнээсээ хойш алдаагүй байгаа. Төгсцогт одоо түүнийг ялвал дэлхийд эхний байранд эрэмблэгддэг тус холбооны аварга “Champion” болох юм.
IBF (International Boxing Federation)
Анх United States Boxing Association (USBA) нэрээр 1976 онд АНУ-д үүссэн энэ холбоо Нью Жерси мужын Спрингфилд хотноо төвлөрдөг. Ази Европ тивээс ялангуяа хуучнаар ЗХУ (Зөвлөлт Холбоот Улс) задарч бутархад салж тусгаарласан Ази болоод зүүн Европын орнуудаас сайн боксчид америкийн мэргэжилийн рингэнд шилжин ирж анхны гараагаа эндээс эхэлсэн байдаг. Тухайлбал Казахстаны нэрт боксчин олимп дэлхийн аварга Константин Цзю, Украйны ах дүү Кличко нарыг төлөөлүүлэн дурдая. Эдүгээ цагийн мэргэжилийн боксын бүх холбоодын аварга Казахын GGG хэмээгддэг Генадий Головкин, Японы хөнгөн жингийн Инойе гээд хурц тонгорог шиг шилдэг сайн боксчид IBF холбооны аваргын бүсийг алдаагүй хадгалсаар яваа юм байна. Эднийх 17 жин тус бүрд дэлхийн шилдэг 15 мэргэжилийн боксчдыг үзүүлсэн амжилтын дарааллаар жагсаан гаргадаг. Эдгээр гуч гаруй улсын дунд манай монголын далбаа бас бий.
World Boxing Organization
1988 онд байгуулагдсан WBO холбоо Пуэрто Рико улсад төвтэй. Аварга цолыг нь анхандаа дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрдөггүй байж. 2012 онд Японы мэргэжилийн боксын холбоо аваргын титэмийг нь албан ёсоор хүлээн зөвшөөрч Ази болоод зүүн Европыг орнуудаас мэргэжилийн рингэнд гарч ирэх зам болгосон түүхтэй гэнэ. Америкаас гадна дэлхийн олон тив улсад тоглолт тэмцээнүүд зохион байгуулж өргөн хүрээнд ипэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор дэлхийд 9 салбар төлөөлөлтэй. WBO холбооны аваргын бүсийг бусад холбооны ихэнхи аваргууд бас давхар хүртэж чадсан байдаг юм байна.
IBO - International Boxing Organization
АНУ-ын Иллинойс мужид 1988 онд байгуулагджээ. 1996 онд Флорида муж улс руу нүүж тэнд одоо төв оффис нь байрладаг. Жил бүр мэргэжилийн боксчдын чансааг 13 жингээр жагсааж хөтөлдөг ба тусдаа бие даасан судалгаа гаргадаг төв энд бас бий. Энэ холбооноос эмэгтэй 6, эрэгтэй 13 жинд дэлхийн аварга тодруулдаг. Тивийн аваргын бүсийг аваад алдалгүй гурван удаа ялалт байгуулбал цааш тус холбооны дэлхийн аваргын төлөө тулалдах эрх нээгддэг зэрэг товч мэдээлэл байна. IBO холбооны аваргын жагсаалтанд манай Н.Төгсцогтоос гадна мэргэжилийн рингийн томчууд болох Америкийн Рой Жонс, Флойд Мэйвэйтер, Казахстаны GGG буюу Генадий Головкин, үнэмлэхүй хүнд жингийн дэлхийн аварга Английн Антони Жошуа нарын олон шилдэгүүд оржээ. Мөн Төгсцогтын жинд түрүүлсэн өмнөх аваргуудын жагсаалтан дунд Хан хүү (Prince) нэрээрээ алдаршсан Английн араб гаралтай боксчин Насим Хамид бий. Тэрбээр мэргэжилийн рингэнд 37 тулалдаж 36 ялалт авахдаа Мексикийн боксчин Марко Антонио Баррерад 2001 онд ганц удаа ялагдан аварга цолоо алдаж байж.
Аваргын төлөө тоглоод авдаг бай шагналын тухайд
Мэргэжилийн боксын аварга цолны тулаан тухайн холбоодын тогтсон дүрэм журмын дагуу тамирчны харъяа клуб, хамааран төлөөлж буй промоутер зохион байгуулагчдын нарийн хэлцэлээр хийгдэж авах шагнал, явагдах газар, цаг хугацаа нь эцэслэн товлогддог. Бүх цаг үеийн түүхэнд хамгийн их ашиг орлогтой болсон тулаан бол 2015 оны 5 сард Лас Вегас хотноо Америкийн боксчин Флойд Мэйвэйтер Филипинны боксчин Мани Пакяао нарын WBA холбооны аваргын төлөө үзэлцсэн тоглолт ажээ. Дэлхийн бокс сонирхогчдын удтал хүсэн хүлээсэн уг тулааныг дамжуулах телевизийн эрхийг оролцуулахгүйгээр олсон цэвэр ашиг гэхэд хагас тэрбум доллар давсан байна. Ялагч Мэйвэйтер 300 сая доллар өвөртлөж тэнцүүхэн тоглоод оноогоор ялагдал хүлээсэн Пакяао 150 саяыг авчээ.
Олсон ашгаас нь харъяа клуб дасгалжуулагчдын баг, промоутер, хуульчдын баг гээд олон дагалдагсад хувь хүрдэг бөгөөд тэр тухай тодорхой мэдээлэл нарийн дэлгэгдээд байдаггүй. Тоглолтын мөнгөн шагналаас ялсан нь 55-60 хувь ялагдсан нь 25-30 хувиар хүртэх дундаж жишиг байдаг бол тамирчдаас суутгах бүх зардал нь олсон үнийн дунгийн 33,3 хувиас хэтрэхгүй байх зэрэг олон хязгаарлалт зохицуулалт бий ажээ.
WBC холбооны аваргын төлөөх тоглолтын үнэ цэнэ тухайн тамирчны чансаа, нэр хүнд, үзэгчдийн хүлээлт зэргээс шалтгаалан харилцан адилгүй байх бөгөөд билет борлуулалт, менежмент, сурталчилгаа зэрэг олон хүчин зүйлээс хамаарч доод тал нь 200 мянгаас 10 саяын хооронд хэлбэлздэг бололтой. Энэ удаагийн тулааны хувьд багцаалан хэлэх тоо алга. Интернэт ухаж үзтэл харьцуулан хармаар ил гарч ирсэн энгийн ганц жишээ гэхэд одоогоос 6 жилийн өмнө буюу 2014 онд Гарри Расселийг хожиж WBO холбооны аваргын бүсийг зүүсэн Олимп дэлхийн хошой аварга Украйны боксчин Васил Ломаченко зөвхөн тэр тоглолтоос 631,350 долларын мөнгөн шагнал авч байж.
Монгол боксчин WBA холбооны аварга цолыг анх авсан тухай
Манай боксчид ерээд оны бужигнаанаар тал бүр тийшээ тарж бутран ганзагын наймаа хөөх зэргээр гадагшаа нилээд явцгаасан. Тэдний дундаас мэргэжилийн бокст орж хүчээ сорихоор Азийн хэдэн оронд тоглосон анхны оролдлого гарсан билээ. Япон, Өмнөд Солонгос, Тайландын боксын клубээр дамжиж тулалдаж явсан эдгээр тамирчдаас хамгийн түрүүнд дэлхийн цолонд хүрсэн хүн бол олон улсын хэмжээний мастер Дугарбаатарын Лхагваа юм.
Тэрбээр Өмнөд Солонгосын боксын промоутер Шимийн нэр дээр (Lakva Sim) тулалдан ялалт байгуулсаар 1997 онд Пан Азийн аварга боллоо. Улмаар 1999 онд WBA холбооны аварга Японы боксчин Таканори Хатакеямаг нокаутаар цэвэр ялж Super Featherweight жиндээ дэлхийн чансааг тэргүүлж эхлэв. Жилийн дараа нь аваргын бүсээ хамгаалах тулаанд Өмнөд Солонгосын тамирчинтай тэнцүүхэн тоглоод оноогоор ялагдсан ч жин өгсөж тулалдан дараалан ялалт байгуулсаар WBA холбооны Lightweight жингийн аварга цолын төлөө Панамын боксчин Мигел Калистатай тоглох эрх олж авч чадсан юм.
2004 оны 4 сард Лас Вегас хотноо болсон энэ тоглолтын 4-р үед Лхагваа өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялж WBA холбооны аварга цолыг хүртэхийг нүдээр үзэж хөгжөөн дэмжихийн зэрэгцээ тоглолтын дараа өөрөөс нь ярилцлага авч байв.
Мэргэжилийн боксд түрэн орж ирсэн шинэ үе
Дэлхийд дахиныг хуваасан хоёр системийн задралын дараа сонирхогчдын боксоор тэргүүлдэг зүүн Европын орнуудаас хашир туршлагатай хуучин аваргууд, шинэ үеийн ирээдүйтэй залуус мэргэжилийн боксын рингэнд олноор түрэн гарч ирлээ. Аваргын бүсийн төлөө Америкийн боксчидтой Латин Америк, далайн орнуудаас голлон өрсөлддөг байсан бол одоо Орос, Казах, Куба, Киргиз, Узбек, Украйн, Грузин, Армян, Азарбайджан, Польш, Румын, Болгар зэрэг олон орны сонирхогчдын боксын өөр өөрийн өвөрмөц сургууль суурь стилтэй боксчид өгөө аваатай үзэлцдэг болоод удаагүй байна. Тэдний дунд монголын боксчид бас бий.
Ази тивдээ хүчтэйгээ харуулсан манай боксчдоос америкийн рингэнд анх гарсан нь дэлхийн аваргын хүрэл медалт гавъяат тамирчин Цогтбаяр болов уу, Тэрээр аль ерээд оны сүүлээр Америкт хийсэн эхний хэдэн тулаандаа ялалт байгуулж байж. Мөн арай сүүлд буюу 2012 оны үеэс Дорноговийн даруухан бор хүү Баянжаргал “Mongolian Mongoose” нэрээр мэргэжилийн боксын олон зиндаанд хүчээ сорьж хориод ялалт (түүн дундаа арав гаруй КО буюу цэвэр ялалт) авсан чамгүй амжилт үзүүлж байв. За одоо Төгсцогт болоод түүний өрсөлдөгчийн тухай бодол руугаа орьё.
Гэри Расселын тухай болон түүний боломж
Нас 32
Биеийн өндөр 165 см
Жин 57,2 кг
Хоёр гарын урт 163 см
Рассел мэргэжилийн боксоор 2009 оноос эхлэн нийтдээ 31 удаа тулалдаж 30 ялаад байгаа. Үүнээс 17 удаад өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан байна. 2014 онд Украйны Ломаченкод оноогоор ялагдан WBC холбооны аварга цолоо алдсан боловч 2015 онд эргүүлэн авснаас хойш 4 тоглолтонд цолоо хамгаалж ялалт байгуулсан шийртэй эр.
Рассел 16 наснаасаа эхлэн сонирхогчдын боксоор хичээллэж 2005 оны дэлхийн аваргаас хүрэл медал хүртэж байжээ. 2007 онд Чикаго хотноо явагдсан дэлхийн аваргын тэмцээнд 54 кг-ын жинд манай Э.Бадар-Ууганыг хожиж түрүүлсэн Оросын Сергей Водопьяновт хожигдсон бол жилийн дараа болсон нэг тэмцээнд 2016 онд олимпийн аварга болсон Бразилийн Консейсаотай таарч хожиж байж. Энэ дашрамд дурдхад манай боксчин Д.Отгондалай Консесаог ид сайн үед нь бас илүүрхэн хожиж байв. Рассел сонирхогчдын боксыг 2008 оноос орхин мэргэжилийн рингэнд орж иржээ.
Тоглолтын онцлог
Солгой өрөлттэй, хараа сайтай, тэвчээртэй, хүнд цохилтыг даах чанар хатуужил өндөр. Ойрын зайнаас баруун зүүн гараараа ээлжлэн хажуугийн огцом хүчтэй цохилтуудыг дараалан хүчтэй тэсэрч хийдэг. Дайчин гялалзсан ажиллагаатай, ядарсан үедээ амархан сэргэж ирдэг. Ойрын болоод дундын зайнд доороос өлгөсөн огцом хурд хүчтэй хурц цохилтууд үе үе хийдэг. Хөлийн ажиллагаа жигд боловч Төгсцогтоос арай удаан стилтэй. Зарим үед битүү хамгаалалтыг маш сайн хийнэ, өрсөлдөгчөө зуурч зулгаан цаг хожиж сэргэлт сэхээ авдаг аргатай. Довтлох үед дундын зайнаас оновчтой хүнд цохилтууд анаж байгаад угтуулан хийдэг. Маш туршлагатай тул өмнө сайтар бэлтгэж бодож боловсруулсан тактикийн зальтай хууралт тоглолтын аль ч агшин цаг мөчид гаргаж байж мэднэ.
Төгсцогтыг хожих түүний боломж
Эхний хэдэн үед алдаа гаргаж хүнд цохилтонд оролгүй тэсэж тоглолтоо жигдлэн оноо хол алдалгүй өгөө аваатай тэнцүүхэн тоглоод 12 үеийг дуусгаж чадвал шүүгчдийн зүгээс ялалтыг түүнд өгөх магадлал өндөр. Өөрөө ч үүнийг сайн мэдэж тооцож байгаа байх. Мөн түүнчлэн манай хүнийг хүнд цохилтонд оруулж цэвэр ялалт авах бүх л боломжийг тоглолтын туршид эрэлхийлэх болно. Нутаг дээрээ аварга цолоо хамгаалан тулалдаж буй америк боксчин тэр дундаа түүний төрөлх хот Вашингтон Ди Си-ийн хаяанд энэ тулаан болж байгаа тул хөгжөөн дэмжигчдийн зүгээс сэтгэл зүй болоод бүх талаар нөлөөлөх боломж илүү.
Н.Төгсцогтын тухай болон түүний боломж
Нас 28
Биеийн өндөр 173 см
Жин 57,2 кг
Хоёр гарын урт 168 см
Н.Төгсцогт мэргэжилийн боксын рингэнд 2015 оноос эхлэн нийтдээ 11 тулалдаж 11 ялаад байгаа. Үүнээс 9 удаад цэвэр ялалт буюу өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан. Сонирхогчдын боксоор 2009 оны Ази тивийн аваргын хүрэл, 2009 оны Миланы дэлхийн аваргын мөнгө, 2012 оны Лондонгийн олимпийн мөнгөн медалуудтай.
Тоглолтын онцлог.
Үндсэн өрөлт баруун боловч хааяа солгой талдаа сэлгэн өөрчилж чаддаг. Хөлийн ажиллагаа цохилтын хурдаар Расселаас арай илүү. Дунд болон холын зайнаас маш хурдтай оновчтой шулуун цохилтууд хийж тоглодог. Өрсөлдөгчөөсөө зайгаа сайн мэдэрч барьдаг. Зайлах, бултах, хуурах, цочоож хий цохиулаад сөрж довтлох зэрэг тоглолтын олон хувилбаруудтай. Голдуу өөрийн үндсэн зайндаа орж гарч байрлалаа байнга өөрчлөн оносон цохилтуудаа сэхээ өгөлгүй улам хүчтэй нэмж давтаад хийдэг. Эгзэгтэй үед ухаалаг мэдрэмжтэй тактикийн тун уран шийдвэр гаргаж чаддаг онцлогтой. Урагшаа урамтай сайн дайчин явж довтолдог. Сэргэлтийг ойрхон маш сайн авна. Ямар ч тоглогчтой удаан зууралдаж барьцалдан өөрийгөө илүү ядраадаггүй. Баруун гарын шулуун болоод хажуугийн давуулсан хурдтай цохилтууд нь илүү хүнд хүчтэй тусдаг. Сэтгэл зүйн хувьд их сайн. Ямар ч хүнд үед сандардаггүй тэсвэр тэвчээртэй.
Расселийг хожих түүний боломж
Мэдээж эхлээд өрсөлдөгчийнхөө тоглолтын ерөнхий байдлыг янз бүрээр туршиж өөрийнхөө давуу талыг олж мэдрэх байх. Эгзэгийг нь тааруулж байгаад оновчтой хүнд цохилтыг дээр дээрээс нь угсруулан нэмж хийгээд илүүрхэн дутуу гаргах боломжийг тоглолтын аль ч үед алдалгүй ашиглах хэрэгтэй. Туршлагын хувьд дутах юм байхгүй. Расселаас нуруугаар арай өндөр чацаар урт тул дундын зайнаас голлон тоглох болов уу.
За тэгээд манай хүнд залуу насны эрч хүч, техник ур ухаан, чац, хурд, хүнд цохилт, эр зориг, тэвчээр, хожих тактикийн хувилбарууд гээд бүгд байна. Гэхдээ тун хүнд тулаан байж асар их эсэргүүцэл ирэх болно. Өөрт байгаа давуу талаа бүрэн дайчилж зүтгэх цаг ирлээ. Тайвширч дэглэм алдаж огт болохгүй бэлтгэлээ яс сайн хийгээд биеэ бүрэн гүйцэд амрааж сэргэлт авч байх хэрэгтэй.
Үзэгчид хөгжөөн дэмжигч Монголчууддаа
Энэ удаагийн тоглолтыг нүдээрээ үзэж Хаан Төгсөөгөө дэмжихээр америкийн зүүн эрэгт суугаа монголчууд маань Вашингтон Ди Си, Чикаго, Нью Йорк хотуудаас Аллентауныг зорин ирцгээх болов уу. Тоглолт явагдах 10.000 хүний суудалтай PPC ордоны зүүн жигүүр талд IBC холбооны аваргын тоглолт болох рингийг засаж бэлдсэн зураг байгааг татаж энд оруулав.
Тус төвийн инернэт дэх албан ёсны http://www.pplcenter.com/ хаягаар орж хүссэн суудалдаа билет захиалан авах хэд хэдэн сонголтууд таныг хүлээж байна. Өөр бусад сайтаар дамжуулан захиалбал үйлчилгээний хөлс нэмэлт суутгалтай юм билээ. Монголын бокс сонирхогчид маань ч бас телевизийн шууд дамжуулгыг догдлон хүлээж сайхан тоглолтыг санаандаа төсөөлөн суугаа бизээ.
Нэг дурсамж дэлгэе. 2007 онд Чикаго хотноо явагдсан дэлхийн аваргын финалд манай Э.Бадар-Ууган Оросын С.Водопьяновтой хийсэн тулааныг үзэхээр газар газраас зорин ирсэн америкийн монголчуудын уухай түрлэг одоо ч чихэнд хоногшсон хэвээр санаанд тодхон байна. Үзүүштэй гоё тоглолт болсон. Рингийн дэргэд хамт зогсож байсан Польшийн фото зурагчин энэ Чикагод танай хэдэн монгол амьдардаг вэ, манай Польшоос 7 тамирчин ирсэн, гэвч үзэгчдийн дундаас ганц жижиг польшийн далбаа олж харсангүй нэг удаа уриа дэмжлэг польш хэлээр сонсогдсонгүй гээд тэсэлгүй халаглаж байж билээ. Чикаго хот орчимд цэвэр Польш гаралтай 1 сая! илүү иргэд аж төрж хотын дарга нь үе улиран сонгодсон америкийн польш хүн байсан цаг.
2004 онд америкийн баруун эрэгт WBA холбооны аварга цол хүртсэн гавъяат тамирчин Д.Лхагваагаас хойш 16 жилийн дараа олимп дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт аваргын титэмийг америкийн зүүн эрэгт зүүхэд тун ойрхон очлоо. Амжилт гаргах үлдсэн залуу насаа тэрээр сонирхогчдын боксын булхай будлиантай шүүлтээс салгахаар шийдэж авч хүртэх байсан боломжуудаа орхин байж энд ирсэн. Нэгэн ярилцлага дээрээ Америкийн рингэнд аваргын цол, алтан бүсийг бүгдийг цуглуулахын төлөө зүтгэнэ гээд шулуухан хэлчихэж чадсан нэгэн. Анхны тулаан 2015 оны 3 сард Лос Анжелесын зэргэлдээх Онтарио хотын Citizen Arena ордонд явагдахад зорин очиж үзээд Төгсөөтэй анх уулзсан юм. Удаа дараа урамтай сайхан тоглож бүрэн ялалт авахыг дэлгэцээр олонтой харлаа. Энэ тоглолтыг очиж дэргэдээс нь үзээд хажуугаас нь хөгжөөн дэмжихээр шийдэв. Боломж гарвал уулзаж ярилцаад уншигч тантай эргэж хуваалцая.
Тун өрсөлдөөнтэй үзүүштэй сайхан тоглолт гарах байхаа.
Д.Цэрэндорж
2020 оны 2 дугаар сар 1
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.