Б.Лхагважав: Яг нарийндаа нөат-ын буцаалтыг хасч олгох эрх зүйн үндэслэл байхгүй

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 04 ・ 3

НӨАТ-ын буцаан олголт тойрсон асуудлаар бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч Б.Лхагважавын байр суурийг сонирхлоо.


-НӨАТ-ын буцаан олголт дээр үүссэн асуудалд иргэд болгоомжлонгуй хандаад эхэлчихлээ. Нэг газраас олон удаа худалдан авалт хийж баримтыг нь шивж оруулсан тохиолдолд иргэдийн буцаан авах мөнгийг хасч олгоод эхлэх юм биш байгаа гэсэн болгоомжлол газар авбал НӨАТ-ын системд эрсдэл учирч мэдэх юм. Наад зах нь НӨАТ-ын баримтаа шивж оруулах сонирхолгүй болох эрсдэлтэй. Байдал иймдээ тулбал эдийн засагт яаж нөлөөлөх вэ?

-Та бид хоёрын яриад суугаа систем бол гурван жилийн турш улсын төсвийн болон бусад татварын орлогыг нэмэгдүүлснээрээ түүхэн гавьяатай. Тэр утгаар нь энэ системийг цаашид иргэддээ хүндрэлгүй, сэтгэл санааны ямар нэгэн дарамтгүйгээр үргэлжлүүлэх нь чухал. Татварын ерөнхий газрын өчигдөр (уржигдар) хийсэн мэдэгдлийг харлаа. Өнөө жил 900 гаруй мянган иргэнд 140 гаруй тэрбум төгрөгийг буцааж өгөх юм байна. Үүн дотор зарим нэг үйлдлээр зарим нэг цэгээс нэг дор бөөнөөр НӨАТ-ын баримт шивсэн тохиолдол байгаа юм билээ. 900 гаруй мянган хүнд НӨАТ-ын буцаан олголтыг хийхдээ нийгэмд дуулиан болгохгүйгээр тухайн асуудлыг шийдэх нь Татварын ерөнхий газрын ажил шүү дээ. Татварын буцаан олголтоор орж ирэх мөнгөн дүн багасна гэхээр ямар ч хүнд таатай санагдахгүй. Нэг төгрөгөөр багасаад ороод ирсэн ч тухайн хүний сэтгэл зүйд муугаар нөлөөлнө. Үнэхээр асуудал байгаа бол Татварын ерөнхий газар асуудал үүсгэсэн субьекттэйгээ тусад нь ярих хэрэгтэй. Ингэхгүйгээр шуугиан дэгдээж, сөрөг хандлага төрүүлэх нь тийм зөв шийдэл биш. Ингэж шуугиан дэгдээсэн зүйл хийж суухаас өөр том ажил Татварын ерөнхий газарт бий.

-Өөр ямар ажил Татварын ерөнхий газарт байгаа талаар илүү тодруулж тайлбарлаач?

-Татварын бүх хууль энэ сарын 1-нээс шинээр хэрэгжиж эхэлсэн. Өнөөхөндөө хуулийг дагалдаж гарсан шинэ журмуудыг нийтийг хамарсан цахим хуудсанд байршуулаагүй байна. Хууль зүйн дотоод хэргийн яам энэ тал дээр маш бүдүүлэг, болхи ажиллаж байна. Одоогоор баталсан журам гэвэл гуч гаруйхан. Цаана нь13 журам батлагдаагүй байх жишээний. Татварын багц хууль дагалдаж гарах гол журмууд өнөөг хүртэл ХЗДХЯ-ны мэргэжилтний ширээн дээр хэвтэж байна. Гэтэл нөгөө талд хуулиуд нь хэрэгжээд явчихсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр гэхэд л шинэ хуулийн системээр маш олон хөнгөлөлт орж ирж байгаа. Ний нуугүй хэлэхэд энэ бүх хөнгөлөлт ганцхан баримтад түшиглэнэ. Тэр нь та бид хоёрын ярьж суугаа E баримт. Бүгд E баримтад суурилна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд их айхавтар зүйл бий. Энэ хэсгийг татвар төлөгчид маш сайн анзаарч унших ёстой. Дараахь нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцно гэж байгаа.

-Хуулийн 13 дугаар зүйлийн яг хэддүгээр заалтыг татвар төлөгчид онцгой анхаарах ёстой вэ?

-Хамгийн чухал нь 13.1.4. Бүр тодруулж хэлбэл, энэ хэсэгт “Доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх” гэж тодотгосон байгаа. Өөрөөр хэлбэл, E баримтыг хэлж байгаа юм. Тэгэхээр нягтлан бодох бүртгэл дээр зурсан E баримтаар баталгаажина гэсэн үг. Гэтэл өнөөдрийн байдлыг харахаар бараг нэг сар өнгөрчихлөө. Нягтлангууд E баримтаар баталгаажих бүх баримтыг бүрдүүлж яваа эсэх нь эргэлзээтэй байгаа. Татварын газар үүнийг сурталчилж танин мэдүүлээд ажиллаж байх ёстой. Ирэх дөрөвдүгээр сард тайлан гарч эхэлнэ. Зарим нь зургадугаар сард гарна. Дахиад хэлье, аж ахуйн нэгжүүдийн эхний нэг, хоёр сарынх нь баримт E баримт биш байх юм бол зардалд тооцохгүй. Үүнд анхаарахгүй бол маш том асуудал үүснэ. Татварын ерөнхий газрын анхаарч ажиллах өнцөг бол энэ.

-Аж ахуйн нэгжүүдийн нягтлангууд энэ талаар тодорхой мэдээлэлтэй байгаа болов уу?

-Би өчигдөр (уржигдар) тандалт хийлээ. Арван нягтлан тутмын ес нь оны эцсийнхээ тайлан дээр ажиллаад завгүй байна. Тэдний хувьд E баримтаа цуглуулсан эсэх нь эргэлзээтэй байгаа. Татварын системийн гол зүйл нь маш тодорхой. Өмнөх гурван жилийн НӨАТ-ын бүртгэлийн систем дээр үндэслэж татварын бүх хуулийн өөрчлөлтийг хийсэн юм. Зүй нь Татварын ерөнхий газар НӨАТ-ын системийн төгөлдөршлөө ярих учиртай. Гэтэл ингэхийн оронд ганц нэг үзэгдлийг барьж авч, тэр асуудлаа томруулж, нийгэмд сенсаци дэгдээж суугаа нь харамсалтай хэрэг. Ингэж сенсаци дэгдээсэн нь НӨАТ-ийн бүртгэлийн системийн мөн чанарыг үгүйсгэсэн явдал болж байна.

-Бүх татвар НӨАТ-ын баримтад суурилна гэхээр энэ оны нэгдүгээр сараас хойш НӨАТ-ын баримтыг хэвлэж өгөхгүй байх үзэгдэл алга болох нь ээ?

-Тэгнэ. Учир нь улс даяар НӨАТ-ын баримт гол баримт болох гэж байна. Ийм том системийн ажил эхэлчихсэн байхад өнгөрсөн жилийн ганц нэг тохиолдлыг аятайхан шийдэж чадахгүй, сенсаци болгож нийгмийг бухимдуулах хэрэггүй л дээ. Коронавирус гэх мэт бухимдал, стресс өгсөн өчнөөн зүйлийн хажуугаар дэмий хэрэг гэж харж байна.

-НӨАТ-ын системийн давуу талыг өнгөрсөн жилүүдэд улсаараа мэдэрсэн байтал Татварын ерөнхий газар яагаад иймэрхүү үйлдэл хийгээд суудаг юм бол. Улс төрийн ямар нэг шалтгаан байна уу?

-Ний нуугүй хэлэхэд энэ системийг хийсэн улс нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар. Бид хамт хийсэн. Манай МАН-ын нөхөд яг энэ системийг маш их эсэргүүцсэн, 2016-2017 онд. Эрх баригчид одоо л системээ ойлгож эхэлж байгаа юм. Ойлгож эхлэнгүүтээ нэг их ухаантай дүр эсгэж зүгээр явж байсан системийг баллах гээд байна. Тайван амгалан орхи л гэмээр байна. Аль хэдийнэ гурван жил өнгөрчихсөн. Ирэх хоёрдугаар сарын 1-нд 931000 иргэн 141 тэрбум төгрөг буцааж авна. Хоёр жилийн өмнө 35 тэрбум төгрөг байсан юм. Сүүлдээ 77 тэрбум, 121 тэрбум гэх мэтээр өссөн. Өнөө жил бас өслөө. Тэгэхээр тайван орхичих хэрэгтэй. Ганц нэг сэжигтэй цэг байвал тэнд нь арга хэмжээ авчих. Шатахуун түгээх станцуудын хувьд хүмүүсийн орхиод явсан баримтыг шивсэн тохиолдол гардаг. Энэ бол тухайн тохиолдолд ажиллах ажил болохоос нийтийг хамарсан ажил огт биш.

-Нэг газраас олон удаа худалдан авалт хийсэн гэсэн үндэслэлээр иргэдийн авах мөнгөний хэмжээнд халдаад эхлэх юм биш байгаа...?

-Тэгж гуйвуулж болохгүй л дээ, энэ тохиолдолд бага мөнгөн дүн яригдана. Тэгэхээр иймэрхүү тохиолдлууд дээр сүр болгож хөөцөлдөөд, шуугиулаад байх шаардлагагүй. Бас нэг зүйл хэлье. Нэг дор баахан баримт хэвлүүлсэн гээд байгаа нь яг нарийндаа давуу талтай. Цаад компанийнх нь орлогыг мэдүүлж байгаа хэрэг шүү дээ. Бүртгүүлээгүй бол яах юм. Хоёр тэрбум төгрөгийн орлого бүртгэгдэлгүй өнгөрвөл улс л хохирно. Давтаад хэлэхэд татварын шинэ системээр бүгд НӨАТ-ын баримт руу шахагдаж орох учраас гурван жилийн ажлын үр дүнг ганц нэг дуулианаар баллаж хаях хэрэггүй. Хоёрдугаарт энэ системийг, философийг нь ойлгохгүй бол ойлгодог хүмүүсээс сургалт авч болно, Татварын ерөнхий газрынхан. Би ч гэсэн хувь хүнийхээ хувьд сургалт өгч болно. Яагаад гэвэл өөрсдийнх нь хийгээгүй систем учраас ойлгоход хэцүү.

-Одоо татварт, засагт ажиллаж байгаа хүмүүсийн хийгээгүй систем учраас ойлгохгүй байгаа гэж үү?

-Тийм. Хүний хийсэн систем, хүний хийсэн философийн өгөөж, үр дүнг нь хүртээд явах хэрэгтэй. Сая дэгдсэн сенсаци шиг сөрөг юм гараад байвал хүмүүст айдас төрж эхэлнэ. Орлогоо бүртгүүлбэл цаана нь хянадаг юм байна гэсэн айдас төрчихвөл энэ систем маш том уналтад орно. Хоёрдугаарт, манай бүх татвар орлого дээр түшиглэдэг. Орлого дээр түшиглэсэн татвар авдаг систем Монголд үйлчилдэг. Та бүх татварын нэрийг хараарай, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар гэх мэт бүгд орлогын гэсэн тодотголтой. Учир нь манай татварын систем зардал дээр суурилдаггүй. Тийм учраас иргэдийн зардалдаа гаргасан зүйлийг хянах ситем яг нарийндаа байхгүй. Эрх зүйн хувьд ийм систем байхгүй. Тийм учраас одоо яриад байгаа зүйлээ тайван орхичих хэрэгтэй. Харин нэгдүгээр сарын 1-нээс бусад хуулиудад НӨАТ-ын баримт авч байгаагаа сурталчлах зайлшгүй шаардлага татварынханд байна.

 

Өдрийн сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: