Гэри Рассель: Бямба гарагийн орой Чингисийн дайралтыг би зогсооно

Дэлхий ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 07 ・ 2

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Пенсильвания мужийн Аллентаун хотын “PPL Center” спортын ордонд бямба гарагийн үдэш буюу 2020 оны хоёрдугаар сарын 8-нд мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн жингийн дэлхийн аварга “Мистер” хочит Бага Гэри Рассель цол хамгаалах тулаанаа IBO холбооны дэлхийн аварга, Монгол хүү “King Tug”  хочит Нямбаярын Төгсцогттой тулалдах юм.

Жил гаруй спорт сонирхогчдын хүсэн хүлээсэн энэ тулааны өмнөх хэвлэлийн бага хурал “PPL Center” спортын ордонд болж, өрсөлдөгчид халз нүүр тулж ярилцав. 


Н.Төгсцогт: “Гэри Расселийг би ялна. Намайг туршлага дутуу гэж тэр хэлсэн нь алдаа байсныг харуулах болно. Тэр бямба гарагт гэнэтийн “бэлэг” авна. Та бүхэн сайхан тулаан үзэх болно. Гэри Рассель агуу аварга. Гэвч, би энэ жингийн дэлхийн аварга болно. Миний бэлтгэл маш сайн байгаа. Би WBC холбооны хагас хөнгөн жингийн анхны монгол аварга болно гэдэгтээ итгэлтэй байна” гэв.

Гэри Рассель: “ Кинг Таг бямба гарагийн орой өөрийн чадах бүхнийг хийх гэж байгаа байх. Яагаад гэвэл, тэр дэлхийн хамгийн шилдэг тулаанчдын нэгэнтэй өрсөлдөхөө мэдэж байгаа. Түүнд олж авах зүйл бий, харин алдах зүйл юу ч байхгүй. Тэрбээр бүх зүйлээрээ дэнчин тавихад бэлэн байгаа гэдгийг би мэдэж байна. Та бүхэнд би нэгэн түүхэн сургамжийг дурсая. Дэлхийн түүхэнд монголчууд тулаанч дайчин хүмүүс гэгддэг. Тэд олон улс орон, ард түмнийг ялан дийлж эзэлж байсан түүх бий. Харин энэ түрэмгийлэл миний өвөг дээдэстэй тулалдах хүртэл үргэлжилсэн юм. Монголчууд 1260 оны үед Египет руу довтолсон. Тэд миний өвөг дээдэстэй тулалдсан, манай өвөг дээдэс, Чингис / Тэр Чингис хаан гэж андуурсан. Харин Чингис хааны ач хүү Хүлэгү юм. Хүлэгү бол Баруун Өмнөд Азийн ихэнх хэсгийг эзлэн авсан Монголын удирдагчдын нэг байв. Хүлэгү бол Тулуй болон Хэрэйдийн Сорхагтани Бэх хоёрын дундаас гарсан гутгаар хүү, Чингис хааны ач, Аригбөхийн ах, Мөнх хаан, Хубилай хаан нарын дүү юм. Хүлэгүгийн цэрэг Монголын Эзэнт гүрний баруун өмнөд хэсгийг асар уудам нутгаар өргөжүүлж Персийн Ил Хан улсыг байгуулсан. Хүлэгүгээр удирдуулсан Монголчууд, лалын шашны хоёр том төв Багдад, Дамаск хотуудыг эвдэн сүйтгэж, лалын шашны нөлөөллийг Каир дахь Мамлюкууд руу шилжихэд хүргэсэн түүхтэй./ хаантай байлдаж байсан. Та бүхэн Чингис хааны тухай сонссон байх. Өвөг дээдэс маань Чингис хаантай тулгаран байлдаж, түүнийг ялсан, монголчууд барууны соёл иргэншлийг эзлэх гэж байсныг өвөг дээдэс маань зогсоож чадсан. Яг ийм тулаан бямба гарагийн орой дахин давтагдах болно” хэмээн ярьсан юм.

Ташрамд дуулгахад, Вашигтонд төрсөн Гэри Рассель Египет гаралтай бөгөөд тэр жилийн 6-7 тулаан хийж, маш хурдан хугацаанд нэр хүнд, карьераа өсгөж чадсан гэдгээрээ онцлогтой. Харин Монголын “King Tug” Н.Төгсцогт өөрөөс нь нас залуу төдийгүй бие бялдар, хүч, хурдаар илүү гэдгийг Гэри Рассель сайн мэдэж байгаа.

Улаанбаатарын цагаар ням гарагийн өглөөний 10 цагийн орчимд болох энэ тулаан маш сонирхолтой, хурц ширүүн болно гэдгийг үзэгч, сонирхогчид тэсэн ядан хүлээж байгаа билээ.      

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: