Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 12 сар 04
・ 4
Төрийн орон сууц санхүүжилтийн корпорациас "Буянт-Ухаа-1" хорооллыг ашиглалтад оруулаад тун удаагүй байгаа билээ. Тэгвэл энэ өвлийн эхний хүйтэн өдрүүдэд эдгээр барилгуудын "тар" нь танигдаж эхэлжээ. Тодруулбал, эдгээр 25 барилгын цонх нь гаднах орчин харагдахгүй болтлоо цантаж, зарим хэсэгтээ овойж, товойсон мөс болон хөлдөж байгаа юм байна. Энэ талаар манай сонинд оршин суугчдын зүгээс гомдол ирсний дагуу "Буянт-Ухаа" хорооллыг зорилоо.
Хорооллын орчимд очвол байрныхаа гадна нарлаж буй өвгөд хөгшид олонтаа сууж байна. Хөгшдийн хувьд эдгээр барилгууд нь ерөнхийдөө хүйтэн, цонхоор нь үргэлж салхи сийгэж байдаг тухай ам уралдан хэлж байна. Зарим айлын хана нь цантаж, обой нь хуурч байгаа тухай ч ярьж байлаа. Эдгээр байрууд нь хүйтэн, дулаан нь харилцан адилгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, захын байрууд нь хүйтэн, дунд талын байрууд нь харьцангуй дулаан байдаг аж. Хүйтэн байрууд дотроо найм, есдүгээр давхар нь л ихэвчлэн хүйтэн байгаа тухай оршин суугчид хэлж байлаа.
"ШИНЭ БАЙРАНД ОРСОН ГЭСЭН НЭРТЭЙ Л БАЙНА"
Ингээд хөгшдийн зөвлөсний дагуу хамгийн захын буюу 726, 727, 728 дугаар байрууд руу орлоо. Эдгээр байрны онцлог нь нэг блок байр гурван орцтой бөгөөд орц бүрийг нэг байр хэмээн нэрлэдэг юм байна. Өөрөөр хэлбэл, бидний орсон гурван байр нь тус хорооллын нэг л блок гэсэн үг юм.
Эхлээд орсон айл бол 726 дугаар байрны есөн давхарт оршин суух Ц.Шижирийнх юм. Эднийх өнгөрөгч аравдугаар сард, бусдын л адил найман хувийн зээлд хамрагдан тус байранд оржээ. Залуу гэр бүл маань бага насны хоёр жаахан хүүхэдтэй юм. Ц.Шижирийнд ороход өөдөөс пүн хийсэн дулаан агаар угтсангүй. Бид гадуур хувцастай байсан болоод ч тэр үү, эсвэл гэрийн эзэд өөрсдөө зузаан ноосон цамц, монгол үйлдвэрийн эсгий шаахай өмссөн болоод ч тэр үү нэг л тух муутай байцгаана. Хэдийгээр гал тогоондоо ямар нэг хоол, унд хийгээгүй байсан ч гэсэн том болон жижиг өрөөний цонх нь битүү цан болсон байв. "Харин ч өдөр болоод жаахан онгойчихоод байна" хэмээн тэд хэлэх ажээ. Өглөө, оройд хоол унд хийх үед бүр битүү цан цохидог байна. Тэр ч бүү хэл хоол хийгээгүй үед, гэрийн гишүүд бүгд цуглараад халуун амьсгал олшроод ирэхийн цагт л цонх нь цантаж эхэлдэг ажээ. Эдний жижиг өрөөнийх нь цонхноос цангийн хайлсан ус гоожсоор тавцангийнх нь доод талын обой нь хууларчихсан байна. Үүн дээрээс паар нь дөнгөж амь төдий л дулаантай. Гэрийн эзэд үүнийг тайлбарлахдаа "Есөн давхар барилгын дулаан нь дээрээсээ доошоо явдаг. Гэтэл энэ барилгынх доороос дээшээ явдаг юм шиг байгаа юм. Манай нэг давхрын айлууд их дулаахан. Паар нь сайн халдаг. Тийм болохоор бидний хэл ам хийж байгааг дэмждэггүй" гэсэн юм. Үнэхээр ч гэрийн эзэн Ц.Шижир тус барилгын угсралтын ажлыг гүйцэтгэсэн "Үндэсний бүтээн байгуулалтын корпораци"-д олон удаа хандаж, асуудлыг хэлж байжээ. Тэр болгонд нь "Танайхыг тэмдэглээд авчихлаа. Удахгүй хүн очиж үзнэ. Гэхдээ ер нь гадаа нэг их хүйтрээгүй байгаа болохоор халаалт тийм ч сайн биш байгаа шүү дээ. Ес эхлэхээр дулаан жигдэрнэ" гэсэн тайлбар сонсдог байна.
Эднийх өмнө нь мөн л Нисэхдээ есөн давхар байрны есдүгээр давхарт байсан бөгөөд өвөл ч гэсэн гэртээ майктай, тэр ч бүү хэл хөл нүцгэн байдаг байжээ.
Агааржуулагч нь огт ажилладаггүй хэмээн гэрийн эзэгтэй мөн ярьсан. Хэрэв агааржуулагч нь ажиллачихвал хоол хийсэн уур нь сорогдож, уур цан болохгүй байх ёстой гэнэ. Бүр агаар сорох нь байтугай хүйтнээр үлээдэг гэх нь ч дуулдлаа.
Паар ажиллахгүйн дээр ийм хүйтэн байгаа өөр нэг шалтгаан нь цонх муугийнх. Нүүж ирсэн даруйд гадаах температур дулаан байсан учир гэрт ч мөн тийм байлаа. Харин хүйтрэх тусам цонхны жийргэвч резин нь хөлдөж, булан тохойноосоо авахуулаад наалт нь хуурч эхэлсэн байна. Үүний улмаас цоож нь барихгүй байх үе ч олонтаа тохиолдох болжээ.
Ийн залуу гэр бүл өвлийн улиралд зутарч буйгаа нэгд нэгэнгүй учирлалаа. Тэд "Том хүмүүс бид ч яахав. Хүүхдүүд маань л ханиад, шуухинаанаас салахаа байлаа. Алсдаа энэ нь бүр том өвчний эхлэл болчих вий дээ л гэж санаа зовж байна" гэж байв.
Ц.Шижирийнхээс гараад оршин суугчдын дулаан гэж яриад буй гурав, дөрөвдүгээр давхрын айлууд руу орлоо. Ингэхдээ тус байрны дөрөвдүгээр давхрын оршин суугчийнд орсон юм. Эдний хувьд өглөө, оройдоо цонх нь жаахан цантаж, ус гоождог ч тийм их айхтар биш гэнэ. Есөн давхрын айлыг бодвол тэд гэртээ нимгэн цамц, футболктойгоо сууж байна лээ. Паар нь ч тийм муу биш халаалттай юм билээ.
ОРШИН СУУГЧДЫН ОЛОНХИ АМ МУУТАЙ БАЙНА
726 дугаар байрнаас гараад 721, 715 гээд хэд хэдэн байрны есөн давхрын айлуудын хаалгыг цохиж үзлээ. Ингэхэд тэдгээр айлууд их хүйтэн, дандаа зузаан цамц, өмдтэй байдаг тухайгаа учирлаж байлаа. Бага насны хүүхдүүдтэй айлууд нь даарснаас болж ханиад хүрсэн хүүхдэдээ элдэв янзын эм өгсөөр зарим нь хордлогод орж байгаа тухайгаа ч хэлж байсан билээ.
724 дүгээр байрны найман давхрын оршин суугч Г.Цэцэгээ гуай гэхэд "Дөнгөж сая байрнуудын дунд байх ТОСК-д хандаад ирлээ" гэсээр сууж байв. Учир нь эдний паарны дулаан хангалттай биш байгаагийн дээр мөн л цонхноос нь салхи сийгэж, уур, цан болж ус гоожсоор доод хэсгээрээ овгор, товгор мөс болсон байв. Г.Цэцэгээ гуай өдөр бүр шахам ТОСК-д ханддаг бөгөөд дээрх оршин суугчийн адил "Таныг тэмдэглээд авлаа. Удахгүй хүн очиж үзнэ" гэсэн үгсийг л сонсдог байна. Эдний агааржуулагч нь мөн ажилладаггүй. Үүнийг хэлэхээр "Та лаа асаагаад эсвэл шүдэнз зураад үз. Тэгэхэд дөл нь татагдаж байвал ажиллаж байгаа гэсэн үг" хэмээн утсаар зөвлөгөө өгдөг гэнэ. Г.Цэцэгээ гуай хэлснийх нь дагуу үзэхээр агааржуулагч нь огт сордоггүй байна. Тэр мөн л орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдан тус байранд орсон. Тиймээс "Олон жилийн өр тавьж ийм байранд орох ч гэж дээ" хэмээн халаглаж сууна лээ.
Байрны гадна байх хүүхдээ агаарт гаргаж буй бүсгүйтэй хэсэг ярилцлаа. Тэрээр тус байрнууд ерөнхийдөө хүйтэн гэдэгтэй санал нэг байв. Нялх хүүхдээ усанд оруулахад их хүндрэлтэй байдаг тухай хэлж байлаа. Түүний хэлснээр заримдаа саван зуурчихсан юм шиг зунгааралдсан ус гоожих үе ч бий гэнэ. Мөн халуун усны крантнаас баахан хүйтэн ус гоожиж байж халуун ус нь гарч эхэлдэг аж. Түүнчлэн нарлаж байсан хөгшид болон энэ эмэгтэйн хэлснээр СӨХ-ны мөнгө нь хэтэрхий их гэнэ. Ам бүл хоёулаа залуу гэр бүлийг сардаа 30 мянган литр ус хэрэглэдэг хэмээн мөнгө авсан тохиолдол бий тухай тэд ярьж байв. Мөн 66 мкв талбайтай айлаас 35 мянган төгрөг үргэлж авдаг гэдгийг ч хэлж байлаа. Түүгээр ч зогсохгүй СӨХ нь иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахгүй, барилгын ажлыг гүйцэтгэгч компаниудын талд үйлчилдэг хэмээн хэлэх хүн ч байсан юм.
"АМЬДАРЧ БАЙГАА ГАЗРАА МУУЛААД ЯАХАВ"
Оршин суугчидтай ийн уулзаад эргэх зуурт нэг давхрын, цонхоо дулаалж буй хоёр залуутай тааралдав. Залуу гэр бүл маань өнгөрөгч сарын 6-нд түлхүүрээ авчээ. Гэсэн ч байрандаа бүрэн нүүж ирэхгүй байсаар арав хоногийн өмнө ирсэн байна. 722 дугаар байрны нэг давхрын оршин суугч залуу хосынд орвол бүрэн нүүж ирээгүй байгаа тул тавилга сав гэхээр зүйлгүй юм. Тиймээс ч орой ажлаа тарж ирээд газар ор засаад хэвтэхэд цонхноос нь салхи сийгээд байдаг ажээ. Худалч хүнд бол хөшиг нь хийсэх нь холгүй байдаг гэнэ. Эдний паарны хувьд маш сайн халдаг аж. Гол асуудал цонхонд байгаа тул ийнхүү хоёр залуу цонхоо дулаалж зогсоо гэнэ. Байрны засвар үйлчилгээг хариуцах хүмүүст олонтаа хэлсэн ч мөд ирэх шинжгүй байгаа тул "Нэг цагийн өмнө ч гэсэн дулаан байх минь" гэцгээж өөрсдөө барилгын материал худалдан авч дулаалж байгаа нь энэ аж. Эдний тагтны хаалт нь гаднах орчин харагдахгүй болтлоо цан болжээ. Гэрийн эзэн шилэн дээр нь "Цан" хэмээн бичиж үзүүлэх аж.
Цонхоо дулаалахын тулд энэ гэр бүл 100 гаруй мянган төгрөгийн зардал гаргажээ. Чигжээс парлон, цацдаг хөөс гээд олон зүйл харагдаж байв. Залуусын хувьд "Энэ байр бүхэлдээ ийм биш. Дөрвөн давхарт байдаг манай найзынх бол янзын дулаахан. Гэтэл бид л азгүй тохиолдлоор ч юм уу ийм байртай болчихжээ. Гэхдээ амьдарч байгаа газраа муулаад яахав. Өөрсдөө засаад л авчихъя. Манай цонхыг хийсэн компани л ажилдаа хариуцлагагүй хандсан бололтой" хэмээн уужуу сэтгэлээр хандах ажээ.
ОРШИН СУУГЧИД АГААР СЭЛГЭЛТ ХИЙДЭГГҮЙН УЛМААС УУР, ЦАН БОЛДОГ ГЭВ
Ийнхүү оршин суугчидтай уулзаж, хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн ирж буй бэрхшээлийн талаар сонссоныхоо дараа тус байрнуудын барилга угсралтын ажлыг хариуцан ажилласан Үндэсний бүтээн байгуулалтын корпораци руу орлоо. Тус корпорацид таван компани багтдаг бөгөөд "Буянт-Ухаа" хорооллын угсралтын ажлыг бүрэн хариуцаж хийжээ. Тиймээс тус корпорацийн ашиглалтын баг болон Опен хаус СӨХ, борлуулалт хариуцах үүрэг бүхий ТОСК-ийн салбар зэрэг байгууллагууд хорооллынхоо дунд нь хоёр давхар, тусгай байранд байрлаж байдаг юм байна. Ашиглалтын багийн хувьд бүрэн ашиглалтад ороогүй байгаа хорооллынхоо ашиглалтын өмнөх засвар үйлчилгээг хийж, шинэ оршин суугчдадаа хүлээлгэн өгдөг юм байна. Бүрэн ашиглалтад ороогүй гэдэг нь тус хорооллын 25 барилгын 1575 айл байх ёстойгоос өдгөө 1250 айл л байгаа юм байна. Тиймээс байранд бүх айлууд нүүж ортол тус баг ажлаа үргэлжлүүлсээр байх гэнэ. Дээр уулзсан иргэд ТОСК-д хандаад ирлээ гэцгээж байсан. Гэтэл үнэндээ тус багийнхантай уулздаг байжээ.
Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн айлуудаас халаалт, цонх гэсэн гомдол олонтаа ирэх болжээ. Тиймээс өнгөрөгч мягмар гаригт тус корпорацийн зөвлөл хуралдаж, долоо хоногийн онцгой байдал зарлаад байгаа юм байна. Энэ хугацаанд угсралтын ажилд оролцсон таван компани тус бүртээ "асуудал" үүссэн болон үүсээгүй айлаар орж, засвар үйлчилгээ шаардлагатай эсэхийг тодруулж, улмаар шаардлагатай бол газар дээр нь засах арга хэмжээ авч байгаа юм байна.
Биднийг тус корпорацид орох үед инженерүүдийн утас чөлөө завгүй дуугарч, ихэвчлэн "Цонх сийгээд байна" гэх дуудлага ирж байв. Инженерүүд ч тэмдэглэн авч утсаа салгаад засварчин бололтой хүмүүстээ "Тэдийн тэдэн тоот, цонх сийгсэн гэж байна. Яаралтай очоорой" хэмээн үүрэг өгч байгаа нь дуулдана.
Энд ажиллаж буй инженер н.Цогбадрах болон бусад инженерүүд ийн ярьж байв.
-Айлуудаар ороход ихэвчлэн цонх сийгэж байгаа тухай хэлж байна. Танай зүгээс хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-Бид газар дээр нь янзалж байгаа. Өөрөөр хэлбэл, корпорацийн таван компани бүрээс тусгай баг гарч ажиллаж байна. Одоогоор 100 гаруй айлын цонхны резинийг солиод байна.
Гэхдээ цонхны хувьд нэг зүйлийг хэлмээр байна. Манайх бол шинэ байр. Ийм байранд барилгын чийг гэж байдаг. Тиймээс өдөрт 4-5 удаа таван минутаар агаар сэлгэлт заавал хийх ёстой. Гэтэл айлууд огт агаар оруулахгүйгээр, хоол унд хийж, юм угааж, уур савсуулдаг учир цонх нь цантаад байгаа юм. Зарим хүмүүс "Яагаад өвлийн улиралд цонх онгойлгох ёстой юм, даарч байна гэдэг". Гэхдээ тийм биш, агаар сэлгэлт ямар ч үед байх ёстой. Бүр бариулаа аваад скочидчихсон айлууд ч бий шүү.
-Танай байрнуудын агааржуулагч ажиллахгүй байгаа юм биш үү. Агааржуулагч байвал тийм уурыг сороод авчихна биз дээ?
-Зарим айлууд өөрсдөө агааржуулагчийн нүхэн дээрээ тавилга тавьчихдаг. Жишээлбэл, гурван өрөөтэй айл зөвхөн зочны өрөөндөө агааржуулагчтай атлаа түүнийгээ бөглөчихдөг. Хиншүү сорогчоо холбочихдог айлууд ч бий. Барилгын чийг хамгийн хүйтэн хэсэг болох шилэн дээр л гарч ирдэг. Гаднаа хүйтэн агаартай байгаа учир ус нь урсаж орж ирээд байгаа нь цонхон дээр л гол асуудал байгаа мэт харагдаад байгаа юм. Хэрэв агаар сэлгэлт хийдэг бол тийм асуудал байхгүй л байна шүү дээ.
-Есөн давхрын айлууд халаалт нь нэг давхраас явж байгаа тул дээд давхрууд нь муу халж байна гэж байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Есөн давхрын айл дээрээ айлгүй учир тааз байгаа, яавч л хүйтэн байж таарна гэж сэтгэлээрээ бодоод байгаа болов уу. Түүнээс бус халаалт яг жигд байгаа.
-Паарыг нь барьж үзсэн шүү дээ. Үнэхээр амьтай төдий л байна лээ?
-Бид айлуудад ороод дулаан хэмжигчээр үзэж байгаа. Таазан дээр нь барихад 17, 18 градус буюу хэвийн л байгаа.
Нөгөө талаас даваа гаригаас эхлэн манай энэ хавиар тог тасарсан. Өчигдөр гэхэд бүтэн өдөржин тоггүй өнжсөн. Тиймээс халаалт доголдолтой байгаа юм. Манай узель мотор буюу цахилгаанаар ажилладаг. Тиймээс тог тасрах үед ийм асуудал үүсдэг.
-Танай байруудыг Мэргэжлийн хяналт хэзээ хүлээж авсан юм бэ?
-Долдугаар сарын эхээр хүлээж авсан.
-Танай зарим байрнаас шаардлага хангахгүй ус гардаг тухай нэг оршин суугч хэлж байна лээ?
-Одоогоор тийм гомдол ирээгүй байна.
-Өнөөдөр нэлээд дуудлага ирж байх шиг байна. Одоогоор хичнээн айл танайд хандаад байна вэ?
-Бид гомдол ирсэн, ирээгүй айл бүртээ орж үзэж байгаа. Тог, цахилгаан гэх мэт бүх зүйлсийг нь шалгаж байгаа.
-Ер нь анхнаасаа яагаад ийм шаардлага хангахгүй үйлчилгээ үзүүлдэг компани корпорацийн бүрэлдэхүүнд орчихсон юм бэ. Жишээлбэл, гол асуудал үүсгээд буй цонхыг "И Си Си" зэрэг компани хийсэн юм байна. Хариуцлагын тухай ярих уу?
-Бид хариуцлага гэхээсээ өмнө алдаагаа засах талаар ажиллаж байна. Асуудлыг тухай бүрт нь шийдэхээр манай корпорацийн 20 гаруй хүн ажиллаж байгаа.
Т.ГЭРЭЛМАА
Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ
www.dnn.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.