Киногоо үзэхдээ хэлсэн үгээ сонсохоор уйлчихдаг

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 21 ・ 2

"Мөн ч их хүлээсэн дээ гэсэн шүү. Ээж хэлээрэй гэсэн юм" хэмээн ээжийнхээ эцсийн захиасыг аавдаа хоолой зангируулан хэлж, хоёр нүдэндээ нулимстай үлдсэн охины дүрээр үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшин үлдсэн Б.Эрдэнэцэцэгийг “Хуучны танил” буландаа онцолж байна.

“Зүрхэнд шивнэсэн үг” киноны гол дүрийн охины дүрийг чадварлаг бүтээсэн тэрбээр тус кинонд тоглохдоо найман настай байжээ. “Багын чинь төрх яг хэвэндээ байна гээд хүмүүс намайг таньдаг” хэмээн эелдэгхэн инээмсэглэх түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Та наймхан настай байсан хэрнэ “Мөн ч их хүлээсэндээ гэсэн шүү. Ээж хэлээрэй гэсэн юм” гэдэг үгийг яаж хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногштол хэлж чадсан юм бэ?

-Кино нь зохиол сайтай, найруулагч их мундаг хүн байсан. Тиймээс үг, үйлдэл нь таараад хүмүүсийн сэтгэлд хүрсэн байх. Тэр үед киноныхоо зохиолд сайн орж чадсан гэж боддог.

-Тухайн үед найруулагч нь юу гэж хэлдэг байсан бэ. Загнаж байсан уу?

-Жаахан байсан болохоор юу гэж хэлж байсныг нь сайн санадаггүй юм. Гэхдээ миний санаж байгаагаар намайг загнаж байгаагүй. Харин ч кино багийнхан хайрлаж, О.Бат-Өлзий ах намайг байнга үүрч явдаг байсан.

-Дүрдээ орж тоглоход хамгийн хэцүү нь аль хэсэг байсан бэ?

-Ээж маань өөд болсон, мөн “Миний ээжийг үхсэнийг нь мэдээд ирээ юу” гэж хэлдэг хэсэг л хэцүү байсан. Киногоо үзэх бүртээ тухайн агшныг мэдэрч үздэг болоод ч тэрүү уйлчихдаг юм.

-Кино зураг авалтад ороход хүндрэлтэй зүйл нь юу байв?

-Тухайн үед хөдөө ахуй их хэцүү санагдаж байлаа. Хотын хүүхэд майханд хонох, өвсөн дээр хөл нүцгэн гүйх зэрэг нь хүндрэлтэй байсан. Гэхдээ зураг авалтын багийнхан болон ээж маань их тусалсан болохоор тийм ч хэцүү байгаагүй.

-Анх шалгаруултандаа яаж орж байсан бэ?

-Би тэр үед Монголын Хүүхдийн ордонд явдаг байсан юм. Ариунзаяа багш маань хэлээд киноны пробонд шалгуулахаар очиход дууссан байсан. Ээж бид хоёр хожимдож очсон юм байна лээ. Тэгээд учир байдлаа хэлээд “Намайг шалгаад өгөөч ээ” гэж О.Бат-Өлзий ах, С.Сарантуяа эгч хоёроос гуйж байсан. Надаас “Чи уйлж чадах уу, морь унаж чадах уу” гэж асууж байсан юм. Чадна гэж хариулсан санагдаж байна. Энэ кинонд тоглосондоо өөрийгөө азтай гэж боддог. Тухайн үед хамт ажилласан хүмүүстэйгээ одоо ч гэсэн холбоотой байгаа.

-Одоо хаана, юу хийж байгаа вэ?

-Гурван жилийн өмнө эх орондоо ирсэн. Монгол дээл дагнан хийдэг “Тэрлэг” брэндээ  байгуулаад жил болж байна. Одоо энэхүү брэнддээ төвлөрч ажиллаж байгаа.

 

Засгийн газрын мэдээ сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: