Дархан аварга Б.Бат-Эрдэнийн охин Бурмаа: Би аавынхаа малгайг үнэрлэх дуртай

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 03 сар 09 ・ 4

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга, УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн дунд охин Бурмаатай ярилцлаа. Бөх сонирхогчид түүнийг аавыгаа дуурайж бөхийн спортоор хичээллэх болов уу гэж “горьдож” байсан. Гэвч тэрбээр тэс өөр буюу бодибилдингийн спортоор хичээллэж эхэлжээ. 

-Таныг бодибилдингийн спортоор хичээллээд гурван жилийн нүүр үзэж байгааг мэдлээ. Яагаад энэ спортыг сонгосон юм бэ?

-Тийм ээ, 2016 оноос эхэлж хичээллэсэн. Миний  багш бодибилдинг, фитнессийн  дэлхийн 4 удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Угалзцэцэг гэж гайхалтай бүсгүй бий. Багш маань сошиалд их идэвхтэй. Би түүний шавь болохоос өмнө фэйсбүүкээр дагаж, хүндэлдэг байлаа. Тухайн үед “Энэ хүнтэй нэг удаа ч гэсэн уулзаж үзэх юмсан” гэж боддог байв. Гэтэл “Хэвлийгээрээ инээмсэглэе” нэртэй шинэ анги нь нээгдэж, би очиж уулзсанаар өнөөдрийг хүрч байна даа.

-Анх ямар тэмцээнд оролцож байсан бэ?

-2016 оны хавар клубуудын нэрэмжит тэмцээнд оролцсоноос хойш идэвхтэй болсон. Мөн 2017 онд УАШТ-ээс шагналт 5-р байр, 2018 оны УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Өнгөрсөн намар зохион байгуулагдсан IFBB Pro Qualifier  тэмцээнээс өөрийн ангилалдаа алтан медаль хүртсэн. Миний хичээллэдэг спортын төрөл олон ангилалтай. Би дээрх тэмцээнүүдэд атлетик ангилалд орсон. Миний зорилго энэ спортоор насан туршдаа хичээллэж, эрүүл амьдралын хэв маягийг бусдад үлгэрлэхийг хүсдэг. Өдгөө хөнгөн атлетикаар мастер ангиллын дэлхийн аварга болоод байгаа МУГТ Т.Цэрэндолгор гуай, Ц.Раднаа гуай, хүндийн өргөлтийн гавьяат тамирчин Баярмаа эгчийн аав Д.Намхайдорж гуай шиг байхыг хүсдэг.

-Ойрын хугацаанд оролцох тэмцээний төлөвлөгөө бий юу?

-Одоогоор ямар нэгэн тэмцээний төлөвлөгөө алга. Өнгөрсөн жил өвдгөндөө хагалгаа хийлгэсэн болохоор бэлтгэлээ ч сайн хийж чадаагүй байгаа. Гэхдээ энэ жилийн УАШТ-д орно.

-Үндсэн яриандаа ороход таныг бөх сонирхогчид “Энэ сайхан аваргын охин жүдо, эсвэл чөлөөт бөхийн төрлөөр хичээллэвэл олимпын аварга болох байсан байх даа” гэдэг. Бөхийн төрлөөр хичээллэх хүсэл байгаагүй юм уу?

-Намайг гаднаас харахад шууд л аав гэж харахаар байгаа биз дээ. Гэхдээ миний дотоод ертөнц ээжтэйгээ адилхан. Харин дүүгийн маань зан араншин аавынхтай төстэй шүү. Миний хувьд багаасаа л бөхийн спортоор хичээллэх бодол төрж байгаагүй. Тэгээд ч намайг бага байхад эмэгтэй бөх ховор байсан шиг санагдаж байна. Тиймээс би бөхийн спортын хүн болно гэж төсөөлж байгаагүй. Харин энэ амьдралыг сонгосон хүмүүсийг үнэхээр их хүндэлдэг мөн бахархдаг.

-Танай гэрт бөхчүүд цуглаж бөхийн тухай яриа өрнүүлэх нь ойлгомжтой. Харин та тэдгээрийн түүх мэт яриаг дэргэд нь суугаад сонсдог байв уу?

-Аав маань Улсын баяр наадамд 12, Цагаан сарын барилдаанд 13 удаа түрүүлсэн сайхан амжилттай бөх. Би ухаан орсон цагаасаа л аавынхаа жил бүр бэлтгэл хийдэг “Сүүж уул”-ын амралтад очдог байсан. Бараг тэнд өссөн гэж хэлэхэд болно. Одоо ч гэсэн би тэнд очихоороо гэртээ очсон мэт мэдрэмж авдаг. Тэр амралтыг хуучнаар НАХЯ байгуулсан гэдэг. Аав маань “Хүч” спорт хорооны тамирчин болсон цагаасаа тэнд бэлтгэлээ хийдэг болсон. Залуу бөх байхдаа жижиг байшинд нь байрладаг байсан бол улсын цол хүртэж, гэр бүлтэй болохдоо Гэр бүлийн байшинд нь биднийг байрлуулж өөрөө Монгол Улсын заан Д.Мягмар ахтай нэг өрөөнд байнга ордог байсан. Дараа нь аварга цолтой болсон чинь бид өвлийн байшин руу нь шилжсэн. Нэг үгээр хэлэхэд, аавыг дагаад бидний зиндаа дээшилж байна гэсэн үг л дээ (инээв.сурв). Зургаадугаар сард хичээл амрангуут тэнд амарчихаад наадмын өмнөх өдөр л хот руу ордог байлаа. Тэр үед бөхчүүдийн үеийнхээ хүүхдүүдтэй тоглож, сонин хууч яриаг нь сонсоно. Гэхдээ хүүхэд байсан болохоороо яг үнэндээ тэгж их сонирхдоггүй байсан. Тухайн үед сүмогийн их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, Монгол Улсын гарди Н.Ганбаатар, сүүлийн үе гэвэл жүдо бөхөөр одоо сайн барилдаж байгаа улсын начин Л.Өлзийбаяр ахын хүү Дүүрэнбаяр нартай хамтдаа наадмын галд гардаг байв. Гэтэл одоо үед бөхчүүд гэр бүлээрээ бэлтгэлд гарч, хүүхдүүд нь хамтдаа цагийг өнгөрүүлэхээ байжээ. Аймаг болгон бөхийн галтай болсон болохоор арга ч үгүй байх л даа. Нэмж хэлэхэд Сүүж хайрханы байгаль их гоё. Өглөө эрт хөхөө шувуу донгоддог нь одоо ч сэтгэлд тод үлдэж. Бороо орсны дараах үнэр нь ямар сайхан гээч. Тухайн үед бөхчүүд оройн тоондоо орохдоо “Дэлгэр Монгол орон” дууг дуулж, тараг уудаг заншилтай. Мөн биллиард тоглож, зарим үед бүжгийн цэнгүүн болдог байсан. Зодог, шуудгаа угаачnхаад байшингийнхаа ард хатаах гээд өлгөсөн байхад хөлснийх нь үнэр нэг л дотно шүү. Одоо ч би аавынхаа малгайг үнэрлэх дуртай. Сүүлийн жилүүдэд барилдахгүй байгаа болохоор тэр үнэр нь гарчихдаг юм байна. Бага багаар арилаад л байгаа.

-Бөхчүүдийн хүүхдүүдтэй ноцолдож, барилдаж байв уу?

-Үгүй ээ. Харин гэр бүлээрээ хөдөө амралт, зугаалгад явж байхдаа аав намайг хамаатны хүүхдүүдтэй барилдуулах дуртай байсан. Харин би тийм ч идэвхтэй барилддаггүй байв.

-Тэгвэл ээжийгээ дагаад гар бөмбөг тогловол тохирох байж дээ ...

-“Загасчны морь усгүй” гэдэг дээ (инээв.сурв). Гэхдээ аав, ээж маань ч охидуудынхаа сонголтыг хүндэтгэдэг. Бидний орон зайг их чөлөөтэй байлгадаг. Түүнээс биш “Би бөх юм чинь та нар заавал бөх болох ёстой” гэдэггүй байсан. Гар бөмбөг сонирхогчид ээжийг минь “Том” Болороо гэдэг нэрээр нь андахгүй. Волейболын “гурван Болороо”-гийн нэг. 15 орчим настайгаасаа улсын шигшээ багийн тамирчин болж, тухайн цаг үеийнхээ хамгийн шилдэг тамирчдын нэг байсан.

-Таны эгч, дүү хоёр ямар нэгэн спортоор хичээллэдэг үү ...

-Үгүй ээ. Эгч маань одоо Германд амьдарч байгаа. Архитектор мэргэжилтэй. Эгчийг Б.Баярмаа, дүүг маань Б.Сугармаа гэдэг.

-Аав тань та нарын нэрийг хайрласан болов уу?

-Тийм. Эгч долоодугаар сарын 10-нд буюу наадмаар төрсөн болохоор Баярмаа гэдэг нэртэй болсон гэдэг. Тэгээд ч аавыг улсын заан цол хүртсэн жил буюу 1986 онд. Харин би 1988 онд улсын арслан цолтой болсон жил мэндэлсэн бол дүү аавыг тав дахь түрүүгээ хүртсэн жил буюу 1992 онд төрсөн. Тэгэхээр бид аавдаа дандаа л цол, түрүү дагуулж төрсөн байдаг юм.

-Таныг Дархан аваргын охин гэдгийг бусад хүмүүс мэдсэний дараа харилцаа нь өөрчлөгддөг үү?

-Үгүй ээ. Гэхдээ би бага байхдаа аварга цолтой хүний хүүхэд гэдгээ нуудаг байсан. Учир нь өөрийн гэсэн орон зайтай байх гээд л. Харин насанд хүрснээсээ хойш ээжийнхээ аав улсын заан Д.Барамсай, эмээ Ц.Норжмаагийнхаа ах улсын хурц арслан Ц.Бадамсэрээжид, Дархан аварга ааваараа бахархаж, сайхан хүний үр удам болсондоо талархдаг.

-Долоодугаар сарын 12-нд аавыгаа Улсын баяр наадамд түрүүлээд гэртээ ирэхэд та нар яаж тосч авдаг байсан бэ?

-Ээж маань гэртээ яг л Цагаан сар шиг ширээ засч угтдаг. Мөн бөөн хөл болно. Харин бид түрүү бөхийн бэлгийг нь задлаад л. Тэр дотор дээлийн өнгө, дугуй булантай цай, ёотон, чихэр зэрэг байдаг. Харин Цагаан сараар түрүүлбэл гандангаас ирсэн идээ амссан их хувьтай. Хамгийн сайхан дурсамж гэвэл аавыг Улсын баяр наадамд түрүүлсэн жил болгон манай байрныхан цонх, тагт дээрээсээ баяр хүргэж, угтана. Манайх тэгэхэд тавдугаар сургуулийн хажууд байсан юм. Одоо ч энэ байрандаа байгаа л даа.  

-Аавынхаа зодог, шуудгийг угааж байсан уу?

-Үгүй. Аав маань өөрөө угаачихдаг байсан.

-Таны ярианаас сонсоход та ямар ч байсан бөх болохгүй нь тодорхой юм байна. Харин бөх хүү төрүүлэхийг бөх сонирхогчид харж байгаа нь мэдээж. Аав, ээж тань энэ талд ямар бодолтой байдаг бол ...

-Бөх хүү төрүүлэх хүсэл бий. Жишээ нь, Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Д.Сумъяабазар нар бөхийн удмаа гээлгүй авч яваа нь сайхан санагддаг. Аав, ээжийгээ мэндэд хүүгийнхээ бөхийн хөдөлмөрийг харуулах юмсан гэсэн бодол байгаа. 

-Найз залуутай болов уу?

-Байхгүй ээ.

-Таны шаардлагад нийцэхгүй байна уу?

-Би тийм их шаардлага тавьдаггүй ээ. Гэвч залуучууд болзоонд урьдаггүй. Урихгүй байгаад нь ч гайхаж байна (инээв.сурв).

-Дархан аваргын охин гэж бодохоор эмээгээд байдаг юм болов уу?

-Тэгдэг юм болов уу, яадаг юм бол. Сайн мэдэхгүй байна.  

-Хүмүүс Улсын аварга Э.Оюунболдоос эхлээд олон хүнийг таны аавын “нууц хүү” гэдэг. Үүнийг та яаж хүлээж авдаг вэ?

-Э.Оюунболд аваргын хувьд нэг нутаг болохоор тэгж хэлдэг байх. Тэгээд ч би нэг их хүндээр тусгаж авдаггүй ээ. Тэр ч бүү хэл, манай эгчийг Хакүхо М.Даваажаргалтай суух гэж байна гэж хүртэл ярьж байсан шүү дээ.

-Бөхчүүдийн хүүхдүүдтэй хэр их нөхөрлөдөг байсан бэ?

-Бага байхдаа улсын заан Р.Давааням агсан, Ц.Баярсайхан нарын хүүхдүүдтэй дотно нөхөрлөдөг байсан. Харин одоо амьдралын шаардлагаар олон нийтийн сүлжээгээр л харилцаж байна даа.

-Дунд сургуулиа хаана төгссөн бэ. Мөн үндсэн мэргэжил тань юу вэ?

-Нэгдүгээр сургуульд долоодугаар анги хүртлээ сурч байгаад Германд гурван жил сураад ирсэн. ЭМШУИС буюу одоогийн АШУҮИС-ийг Био-Анагаах судлаач мэргэжлээр төгссөн. Аавынхаа барилдааныг үзэх гээд Германаас Монголдоо ирээд онгоцны буудлаас гэртээ ч очилгүй Төв цэнгэлдэх хүрээлэн рүү ордог байсан мөч бий. 

-Аав тань та нарыг ямар үгээр хүмүүжүүлдэг вэ. Үүгээр хоёулаа ярилцлагаа өндөрлөе?

-Ноён нуруутай, жудагтай, энгийн даруу байхыг л чухалчилдаг даа.

-Ярилцсанд баярлалаа.  










 

Ярилцсан У.Баярсайхан

 

www.mnb.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 03 сар 10/

    Mongol hyn yahaaraa gyilagchin dyreer amidrah yostoi yum be?ta nar hynees alga teniilgeh yostoi yu?....

    Хариулах
  • Иргэн / 2020 03 сар 09/

    Сонгууль дөхөхөөр аавыгаа магтаад эхэллээ. Танай аав хогоо асгаж гэрээ цэвэрлэдэг гэл үү битгий ингэж худлаа үнэмшилгүй юм ярьж худлаа шоудаж байгаа ч. Танай аав яагаад хүнд жинтэй алга тэнийлгэдэггүй юм бэ

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 09/

    gaihaltai saihan baina,ireedyi ni gal sig badrah yum baina.

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 09/

    Хариулах