Ө.Мөнх-эрдэнэ: Амьдрал бүтэн байдаг гэдэгт итгэдэггүй

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 03 сар 13 ・ 3

Жүжигчин Мөөжиг буюу Ө.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Та “Бүтэн амьдрал” кинонд хүргэн Хуягаагийн дүрийг бүтээсэн?

-Миний дүр яах вэ, хадмын хаяа түшсэн тийм л хүний дүр шүү дээ. Хүнд итгээд юм ярьчихаар “Хүнд битгий хэлээрэй” гээд л цааш нь тараагаад байдаг хүний дүр.

-Хуягаа, Аюур хоёр хэдий туслах дүр ч гэлээ киноны үйл явдлыг өрнүүлдэг, гол дүрүүдийг холбож өгдөг чухал дүрүүд. Хоёулаа хөгжилтэй дүр?

-Солонгосын олон ангит киног албан ёсны эрхтэйгээр нь авч хийсэн. Солонгосчууд чинь өөрсдөө савангийн дуурь, драм гэдэг энэ төрлөөр нэлээд гаршчихсан. Манай Монголын уран бүтээлчдийг бодвол энэ тал дээр хамаагүй их туршлага хуримтлуулсан тийм хүмүүс. Киногоо хийхдээ бүх талын судалгааг хийдэг. Шинжлэх ухааны талаас нь хүнийг судалчихсан байдаг. Тэд драмын зохиол бичихдээ, үйл явц, дүрүүдийг яаж хурцатгах вэ, яавал гол дүрдээ ачаалал өгөх вэ. Үзэгчээ юунд уях вэ гээд бүр хүн судлалын судалгаа, судалбар хийдэг. Ер нь аливаа уран бүтээл хийхэд хүн судалдаг л даа. Тийм ч учраас тэд ингэж зохиол бичдэг, үүндээ ч туршлагажчихсан болохоор зохиолууд нь ингэж үзэгчдэд хүрч байгаа юм.

-Телевизийн цуврал кино байнга л гардаг. Гэтэл энэ кино эхний ангиасаа л нийгэмд асуудалд дэвшүүлсэн. Яалт ч үгүй манай нийгмийн эмзэг сэдэв, хөндүүр цэгийг олжээ гэж харагдсан?

-Монголчуудын амьдралд ойрхон гэхээсээ илүүтэй энэ чинь хүн төрөлхтний өнөө мөнхийн сэдэв гэдэг хайр гэдэг шиг л зүйл. Орос, Герман, Америк хаана ч байдаг юм, Солонгос, Хятад гээд хүн амьдарч байгаа нийгэмд энэ асуудал бий болдог. Хүний зүрх сэтгэлд дурлах, хайрлах, гомдох, туних гээд бүхий л зүйл явж л байдаг. Тэгэхээр үүнийг зөвхөн Монголын нийгэмтэй холбоод байх шаардлагагүй. Зохиол нь хүн судлалын ажил учраас зүрхэнд хүрээд байна. Солонгосын киног хууллаа, өөрсдөө сэтгэж чадахгүй байна уу гэсэн сэтгэгдэл бичиж байна билээ. Бид суралцах ёстой. Аливаа зохиолыг хуулбарлах үзэгдэл нь энтертайнментийн ертөнцөд олон жилийн өмнөөс хэрэгжээд эхэлчихсэн. Саяхнаас л манайхан идэвхтэй хийж эхэллээ. Одоо бүгдээрээ л харж байна “Voice of Mongo­lia”, “Яг түүн шиг”, “Авьяаслаг монголчууд” шоу байна. Ингэж авдаг зүйл бий. Мэдээж хүн судлалын ажил хийж байгаа учраас хүмүүсийн зүрх сэтгэлд хүрч байна. Тиймээс үзэгчид маань өөрсдийнхөө нийгэмтэй холбож ойлгож авч байна л даа. Энэ нь ч айхавтар буруу биш л дээ. Монголд ч энэ тал дээр судалгаа бий. 2000 оноос хойш хэдээс хэдэн жилийн хооронд билээ дээ, гэр бүл хамгийн их салсан гэж. Тэр үед хоёр тийш болсон, салсан хүмүүс яг одоо амьдрал нь тогтчихсон хүмүүс болсон байгаа. Зарим нь яг энэ үед тэр байдлыг туулж байгаа. Нөгөө талаар их сайхан гэр бүлтэй ч аль нэгэн зүйлээрээ өнчирч яваа, сэтгэлдээ ганцаардаж яваа хүн бий. Хүүхэд өнчирч байгаа, хайр дурлал, алдаандаа харамсаж яваа олон мянган залуус, олон мянган аав, олон мянган ээж байгаа. Тэр хүмүүст энэ кино илүү бууж байгаа. Бид өрх толгойлсон ээжүүд гэж ярьдаг. Гэтэл өрх толгойлсон аавууд олон л байгаа. Тэр зовлонг үзсэн, салж нийлсэн хүмүүс ч бий. Тэгэхээр киног үзсэн 10 хүн, 100 хүний дотор эдгээр зовлонг үзсэн хүмүүс байж л байгаа. Бас гэр бүлд нь тийм асуудал үүссэн, төстэй үйл явдал ганц нэг удаа гарсан ч айл байж болно. Хүний л амьдрал юм чинь. Тэгэхээр хүмүүс киноны үйл явдлыг өөрийнхөө амьдралтай жишиж авч үзээд байгаа байх л даа.

-Хэдийгээр кино ч гэлээ нийгэмд тодорхой хэмжээний дохио өгч байна. Үүнээс нь харахад уран бүтээлч хүмүүсийн нийгэмдээ гүйцэтгэдэг нэг чухал үүрэг нь энэ юм даа гэж дүгнэж болохоор байна?

-Урлаг, уран бүтээлийн чиглэл нь угаасаа тийм л дээ. Тодорхой хэмжээгээр нөлөөлөх ёстой. Зарим нь авах юм байхгүй, сонирхолгүй, зүгээр л нэг алиа марзан юм байна гэж хүндээр тусгаж аваад байдаг. Хэрвээ тийм байвал та стресстэй байгаа юм чинь зүгээр л үзээд инээ л дээ. Бид инээд бэлэглэж байна. Үүн шиг хийж байгаа юм бүхэн нь үзэгчдэд мессэж өгдөг. Энэ бол ажил нь, мэргэжил нь. Тиймээс сайхан бүтээл хийх гээд уран бүтээлчид маань сайн сэдэв барьж авсан. Энэ маань үзэгчдэд хүрч байна. Очих ёстой газартаа очиж байгаа л гэж бодож байгаа.

-Үзэгчид киноны жүжигчдийн хувийн амьдралыг кинонд гаргаж байгаа дүртэй нь холбож, элдвээр хэлж эмзэглүүлээд байгаа нь харагдаж байна. Кино, бодит амьдрал хоёрыг тэгж холбож болохгүй л дээ. Энэ бол үзэгчийн боловсрол муу байгаагийн шинж. Танд үзэгчдийн зүгээс тийм хандлага мэдрэгдэж байна уу?

-Мэр сэр байна аа. “Хүн амьтантай нийлж, гэр бүл сарниулахад нь хүчтэй хувь нэмэр орууллаа даа”, “Хамаг юмыг хольж, хутгалаа” гэж байна. Энэ нь биднийг ажлаа боломжийн гүйцэтгэж байна гэдгийг харуулж байгаа юм. Ийм дүр зохиолд бичигдэж гарч байгаа бол тэр дүрээр л хүмүүст хүрнэ.

-Та хамгийн анх ямар кинонд тоглож байсан бэ?

-2004 онд “Удирдагч” киноны Монхорын дүрд тоглосон.

-Та нийтдээ хичнээн кинонд тоглосон бэ. Багцаа тоо байна уу?

-Мэдэхгүй байна. Өөрийнхөө хийсэн 80 ангит “Амьдралд тавтай морил” киног ангиар нь тооцвол ямар их тоо гарах бол (инээв).

-Та маш олон кинонд тоглодог. Энэ нь жүжигчний мэргэжлээрээ идэвхтэй ажиллаж байгаа гэсэн үг. Нөгөөтэйгүүр та ямар нэг жанрт баригддаггүй юм байна гэдэг нь бүтээсэн дүрүүдээс тань харагддаг?

-Магадгүй. Уран бүтээлч найзууд маань дүрийн сонголт хийж байгаа шүү дээ. Бодвол таарсан, тохирсон болоод л дүр өгдөг нь тэр байх аа.

-Та нар өөрсдөө киногоо үзэгчидтэйгээ хамт бямба, нямдаа үздэг үү?

-Үзэж байгаа. Тоглосон ангиа үзчихээд тоглолт минь зөв явж байна уу, буруу явж байна уу гэдгийг хараад өөрийгөө хянаад л явж байна. Үзэгчдийн бичиж байгаа сэтгэгдлүүдийг нэг бүрчлэн уншаад байдаггүй. Гайгүй шүү дээ, айхавтар юм бичээд байдаггүй. Жүжигчин гэдэг мэргэжлээр маань алдар нэр хүрч ирэхдээ доромжлол гэдэг зүйлтэй хамт ирдэг. Доромжлол гэдэг зүйл жүжигчин гэдэг мэргэжилтэй байнга хамт явж байдаг. Магтаал нь ч хамт явдаг. Доромжлолдоо бялхаж, магтаалдаа чамлагдаж явдаг нь энэ ажил мэргэжлийн онцлог шүү дээ. Тийм учраас ихэнх уран бүтээлчид тэр доромжлолыг анзаардаггүй. Шүүмж, шүүмжлэлийг харин их сайхан хүлээж аваад сурчихсан хүмүүс байдаг юм даа. Харин доромжлолыг хүчтэй хүлээж авахгүй. Сайшаалыг нэг их баярлаж хүлээж авахгүй. Ер нь тэгээд аль алийг нь тааруулаад л дүгнэлт хийгээд явдаг юм. Миний хувьд ийм. Бусад уран бүтээлчид ч ялгаагүй тийм л байдаг даа.

-Сүүлийн үед хүмүүс бүтэн амьдрал гэж ярих боллоо. Заавал хэн нэгэн дэргэд байж байж амьдрал бүтэн болдог уу. Гэтэл эхнэртэй, нөхөртэй мөртлөө хагас амьдардаг хүмүүс олон. Тэгэхээр бүтэн амьдрал гэхээр нэг хүн явахаа болиод үлдчихийг хэлдэггүй бололтой. Дотроо бүтэн хүн л бүтэн амьдардаг болов уу?

-Хүмүүсийн амьдралыг үзэх үзэл, харах өнцгөөсөө хамаараад өөр өөрсдийнхөө бүтэн амьдралыг бий болгодог байх л даа. Заавал гэр бүлтэй байж байж гэр бүлийн амьдрал нь бүтэн болно гэж сэтгэдэг хүн байж болно. Амьдрал бүтэн байдаг гэдэгт би итгэдэггүй. Цаг хугацаа урсах тусам амьдрал хэн нэгнийг нь хагацаадаг. Хүссэн хүсээгүй. Найз нөхөд, ижий аав, ах дүү гээд л. Дөч хүрэх насандаа эр хүн их юм үздэг гэдэг. Дөч хүрсэн эр, дөрөө дарсан ат гэж үнэн үг юм байна даа гэж бодогдож байна. Дөч дөхөж байна. Энэ насан дээрээ олон хагацал үздэг юм байна. Та ертөнцийг яаж харж байгаагаас хамаарч таны амьдрал бүтэн үү, хагас уу гэдэг нь харагдах байх. Миний хувьд бүтэн амьдрал гэж юу вэ гэвэл та өөрийгөө олсон, та өөрөө өөртөө бүтэн байх хэрэгтэй. Та өөрөө тал байж, хүн дээр очиж өөрийгөө дүүргэх гэх хэрэггүй байх аа. Би өөрөө өөртөө бүтэн байх хэрэгтэй. Жишээ нь, тал сэтгэл, тал үзэл бодолтой, өөрийгөө 100 хувь олоогүй, би ямар хүн бэ гэдэг асуултад хариулт олох гэж эрэл хайгуул хийж яваа бол та өөрөө бүтэн болоогүй байна гэсэн үг. Та бүтэн болоогүй бол догонцож яваа гэсэн үг шүү дээ. Заавал хүнтэй суучихаар таны амьдрал бүтэн болно гэж ойлгож болохгүй. Тэгэхээр хүн эхлээд өөрийгөө бүтэн болгох хэрэгтэй. Ухаан бүтэн болно гэдэг бол нэг насаараа цуглуулдаг байх. Ухааныг бүтэн болгож барахгүй байх. Үзэл бодол, сэтгэл зүйгээ, хандлагаа зөв, бүтэн болгож байвал, гудамжинд гараад алхахад нэг хүний сайхан инээмсэглэл, зөв харьцаанаас хүртэл зөвхөн өнөөдрийнхөө амьдралыг бид бүтэн болгож болно шүү дээ. Өглөө гэрээсээ гараад нэг хүнтэй сайхан харьцсан байхад тэр сайхан хандлага намайг тэр өдөржингөө аз жаргалтай бүтэн явуулж болно шүү дээ. Тэгэхээр хүн цаг мөч бүхнээсээ өөрийгөө бүтэн болгох зүйлийг олж, өөрөө хичээх ёстой байх. Түүнээс биш бүтэн болохын тулд заавал гал голомт, гэр бүл гэх нь чухал биш байх. Ертөнцийг үзэх үзлээс хамаарч та өөрийгөө хэр бүтэн болгож харж чадаж байна гэдэг харагдана. Монголчуудын нэг афоризм бий. Эхлээд биеэ зас, дараа нь гэрээ зас гэдэг. Үүн шиг хүн эхлээд өөрийгөө бүтэн болгох хэрэгтэй байх. Тэр нь туулах цаг хугацааны хувьд, ертөнцийг үзэх үзлийн хувьд та хэр их юм үзсэн, хэр цаг хугацааг туулсан, юу юуг даван туулсан. Тэр бүх зүйлүүд чинь Мөөжиг гэдэг хүнийг бүтэн болгох гэж яваа байх гэж боддог юм.

Өөрөө дутуу хэрнээ эдийн засгаасаа гадна өөрөө хагас үзэл бодолтой ч юм уу, тийм байж байж хэн нэгэнтэй нийлээд амьдралыг дүүргэж бүтэн болгоно гэдэг худлаа. Өөрийгөө бүтэн болгох гээд бүтэн хүн дээр яваад очвол тэр хүн чамайг дүүргэх гээд өөрийгөө хагаслана. Тэгэхээр доголдох байх. Цаг хугацаан дотроо л хүн өөрсдөө гоё, бүтэн байх хэрэгтэй.

 

Өдрийн сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 03 сар 24/

    visa butsaa mongo abi teghuu. ene hudla indonesien dardas nad heregui. amerikt ih ongirood zail ene ulsaas visa tolbor 100 minga dollor absan. uulzahgui amitan baisan yumuu. uzele untara chi ilchilegdsen. dahiad uuchlahgui

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 20/

    amerikt baisn 50 surguulinhan chamaig tom tom baadag shigee ih mundag yum boluu geed mongold peedihig harah gesiin. iluu tolson mongo abii tehuu. naad nuure har daa nil DOH haldbar aimshig baiy atman Boldo genee jinhen boldoog daguulad ochno marzahai

    Хариулах
  • n / 2020 03 сар 19/

    goe heljee setgel sanaagaaraa buten boloh yumsan

    Хариулах