- Мөнгөний зөөлөн бодлогоор энэ удаагийн хүндрэлийг бид гэтлэх улам амаргүй болж байна
- Энэхүү шийдвэр нь “Чанаргүй” ангилалд бүртгэгдэх хугацааг түр хойшлуулж байгаа болохоос иргэдийг зээлээ төлөхгүй байж болно гэж байгаа юм биш
Эдийн засгийн ирж буй уналтыг сааруулах үүднээс төв банк бодлогын хүүгээ өөрчилж, нэг хувиар бууруулсан. Хэдий тийм боловч мөнгөний зөөлөн бодлогоор энэ удаагийн хүндрэлийг бид гэтлэх улам амаргүй болж байна. Дэлхийн тэргүүлэх эдийн засгууд хямралын шуурганд өртөж, олон улсын хөрөнгийн болон таваарын зах зээл ташраараа нурж эхэллээ. Хүн төрөлхтнийг түгшээх болсон аюулт вирусийн уршиг бүхий л салбарт давхар, давхар цохилт авчирч байна. Эдийн засгийн энэхүү уналтыг бага хохиролтойгоор даван туулах арга замыг дэлхийн улс орнууд дор бүрнээ сүвэгчилж буй. Манай улсад ажилгүйдэл, ядуурал нүүрлэхэд хол биш байна. Хувийн хэвшлүүд энэ зовлонг хамгийн түрүүнд амсаж, санхүүгийн хямралтай нүүр тулаад эхэлсэн. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын тооцооллоор, одоогийн нөхцөл байдал цаашид хүндэрсээр байвал хамгийн багадаа 250 гаруй мянган иргэн ажилгүй болох бодит эрсдэл байна. COVID-19 холбоотойгоор бизнесийн холбоо, төрийн бус байгууллагууд хамтарсан мэдэгдэл хүртэл гаргасан. Уг мэдэгдэлд бизнест тулгарч буй хүндрэл бэрхшээлүүд төсөөлж байснаас богино хугацаанд эрчимжиж, маш олон жижиг дунд аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа доголдож байгааг дурдсан юм. Үүгээр зогсохгүй банкны зээл, зээлийн хүү, торгууль, алданги, нийгмийн даатгалын шимтгэл, татвар, түрээс зэргийг төлөх, ажилчдынхаа цалинг тавихад хүндрэлтэй болж байгааг хувийн хэвшлүүд төрд хандан мэдэгдсэн. Өмнөх жилүүдэд тохиож байсан эдийн засгийн хямралын үед 10 хувьд хүрч байсан ажилгүйдлийн түвшин өнөөдөр 20 хувьд хүрч, эдийн засгийн эргэн сэргэхэд багагүй цаг хугацаа орж мэдэхээр байна. Өмнөд хөршийн эдийн засаг үүссэн одоогийн нөхцөл байдлаас үүдэн 1.1 хувиар буурч, 4.9 хувь болно гэсэн таамаглалыг Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас мэдээлсэн. Хятадын эдийн засгийн өсөлт хоёр хувиар суларвал манай улсын ДНБ-ий өсөлт дагаад 1.2 хувиар саарах төлөвтэйг СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ц.Батсүх анхааруулсан юм. Тэрчлэн чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 0.5 хувиар нэмэгдэхээр байна. 2008, 2012, 2016 оны сонгуулийн жилүүдэд эдийн засгийн өсөлт саарч, төсвийн алдагдал эрс нэмэгдэж байсан. Тэгвэл сонгуультай зэрэгцээд COVID-19-ийн нөлөө эдийн засаг дордох бүхий л хөрс суурь болоод байна. Эргэн сануулахад, ДНБ-ийн өсөлт саарсан үед зээлийн чанар муудаж байлаа. Эдийн засгийн хүндрэлийн үед гарч байсан шинж тэмдгүүд өнөөдөр хэдийн илэрч , аж ахуйн нэгжээс эхлээд хувь хүн хүртэл зээлээ төлж чадахгүйд хүрч байна. Улсын хэмжээнд 419 мянган зээлдэгч 18 их наяд төгрөгийн зээлтэйгээс 70-аас дээш хувь нь хэрэглээний зээлтэй байна. Засгийн газраас зээлийн ангилал, эргэн төлөлтөд түр хугацаагаар өөрчлөлт оруулсан ч арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоод харилцан адилгүй мэдээллийн зөрүүтэй тайлбар өнөө өгөх аж. Өөрөөр хэлбэл, тооцоо, судалгаа өмнө нь нарийн хийгээгүй болох нь эндээс харагдана. Хувийн хэвшил, иргэдэд итгэл төрүүлсэн шийдвэр цэгцрэх болоогүй байна. Зээлийн ангилал, эргэн төлөлтөд түр хугацаанд өөрчлөлт оруулах шийдвэрийн талаар Монголбанкны ОНБМТ-ийн ахлах эдийн засагч Н.Батжин “Энэхүү шийдвэр нь “Чанаргүй” ангилалд бүртгэгдэх хугацааг түр хойшлуулж байгаа болохоос иргэдийг зээлээ төлөхгүй байж болно гэж байгаа юм биш” хэмээн өгүүлсэн юм. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс БСБ, ХЗХ-ны зээлийг 181 хоногоос дээш хугацаанд төлөөгүй тохиолдолд чанаргүй зээлдэгч ангилалд бүртгэнэ гэв.