Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 12 сар 07
Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг өнгөрөгч баасан гарагт өөрийн танхимаа бүрдүүллээ. Пүрэв гарагт бүтцээ эцэслэн батлуулсан тэрбээр, баасан гарагт бүрэлдэхүүнээ УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Мөн Ч.Сайханбилэг сайдын удирдлага дор үүрэг гүйцэтгэж байсан сайдуудыг чөлөөлөх саналыг ч мөн давхар өргөн барилаа. Хамтарч ажиллах нам эвслийн бүлгүүд нь харуй бүрий болтол хуралдсаар арайхийн хуулийн хугацаандаа багтаан баасан гарагийн 00.00 цагаас өмнө сайдуудаа өргөн мэдүүлсэн юм. Томилгоог харахад хамтарсан намууд эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй гэсэн томилгоо хийсэн нь харагдаж байгаа юм. Нам эвслүүд хэлж байснаараа танхимынхаа 50 хувийг гаднаас томилжээ. 19 сайдын ес нь гаднаас томилогдож байна. Тэр дундаа МАН-ын сонголт энэ талаар илүү мэргэн байж дандаа чадварлаг залуучуудаа оруулж ирсэн нь олны талархалд нийцсэн юм. Түүнчлэн дан дээлтэй сайдууд илүү байгаа нь МАН-ын сонголт хамгийн сайн нь гэж хэлэгдэх шалтгаан болов. АН-ынх мэргэжлийн талдаа гэж харж болно. Мөн хоёр нам хоёулаа эмэгтэйчүүдийн жендерийн асуудлыг мэдэрч нэг нэг эмэгтэй сайд оруулж ирлээ. Сайдууд байнгын хороогоор дэмжлэг авсан учраас мягмар гарагт чуулганаар хэлэлцсэнээр уг хуулийн төсөл батлагдсан өдрөөсөө хэрэгжинэ. Ингэснээр мягмар гарагт буюу маргааш Шийдлийн Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн явагдах нь ээ. Шийдлийн Засгийн газрын сайдад нэр дэвшээд байгаа эрхмүүдийн ажлын туршлага, хаана ямар албан тушаал эрхэлж байсан, удирдах салбарынхаа талаар хэр мэдлэгтэй вэ гэдгийг тоймлон хүргэе. Энэ удаад шүүмжлэхийг урьтал болгосонгүй. Шүүмжлэх зүйл бишгүй олон байгаа ч нөгөө талаар давуу тал нь юу байна вэ гэдгийг онцоллоо.
Шадар сайд У.Хүрэлсүх /МАН/
-Монгол Улсын Шадар сайдаар ажиллах У.Хүрэлсүхийн мэдлэг, чадварын талаар ярих зүйл байхгүй. Өдгөө 46 настай энэ эрхэм 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль /Батлан хамгаалах их сургууль/-ийг Улс төрийн ажилтан мэргэжлээр төгсч, дараа нь Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль төгссөн Улс төрийн шинжлэх ухааны магистр хамгаалжээ.
Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо, Нийгмийн бодлогын зөвлөх, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, МАХН/ МАН/-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
Мөн 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байхдаа ар гэрийн шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн билээ. Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байхдаа энэ салбарт чамгүй зүйл хийсэн гэж үнэлэгддэг учраас онцгой байдал, мэргэжлийн хяналтын талаар мэдлэгтэй хүн очсонд эдгээр салбарынхан баяртай байгаа аж.
ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигч С.Баярцогт /АН/
-Эдийн засагч, хуульч эрхзүйч мэргэжилтэй Сэлэнгэ нутгийн унаган хүүгийн мэдлэг чадварыг ашиглах үүднээс энэ албанд томилсон гэдгээ Ерөнхий сайд танилцуулгадаа дурьдсан. 1989 онд Москва хотын их сургууль төгссөнөөс хойр ердөө нэгхэн жилийн дараа буюу 1990-1992 онуудад Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүнээр сонгогдож Үндсэн хуулийг батлалцахад гар бие оролцож явжээ. Тэрнээс хойш 2012 оныг хүртэл УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдон ажиллаж байгаа юм. 1998 онд Байгаль орчны сайд, 2004-2006 онд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан туршлага түүнд бий.
2008-2012 онд Сангийн яамны сайдаар ажиллаж байсан гээд Засгийн газрын танхимд ажиллах хангалттай туршлагыг хуримтлуулсан, дэлхий даяар хямралтай байсан 2008 онд Монгол Улсын Сангийн яамыг толгойлж хямралыг ажралгүй давж байсан гавьяа бий.
Мэдээж дансаа нуусан асуудал С.Баярцогтыг шүүмжлүүлэх багагүй шалтгаан болсон ч алдаагаа хүлээн зөвшөөрч хариуцлагаа өөрөө хүлээсэн улстөрч юм. Тиймээс Хамтарсан Засгийн газар л Монгол Улсыг хөгжүүлнэ, улстөржилт юунд ч хүргэхгүй гэх байр сууриа хатуу хамгаалсаар ирсэн С.Баярцогтын мэдлэгийг энэ удаад ашиглахад гэмгүй юм. Олон нам нэгдсэн, эрээвэр хураавар Засгийн газарт туйлширдаггүй, алтан дунджийг барьдаг хэрэг эрхлэх хэрэгтэй учраас С.Баярцогт байгаа оносон томилгоо ч байж мэдэх билээ.
Монгол Улсын сайд М.Энхсайхан /МҮАН/
-Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд, Олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжилтэй. АН-ын лидер улстөрчдийн нэг гэгдэж явсан М.Энхсайханы хариуцах Монгол Улсын сайд гэх албан тушаал нь томхон бүтээн байгуулалт, уул уурхай, Оюутолгой, Тавантолгой зэрэг уул уурхайн том төсөл хөтөлбөрүүдийг хянаж ажиллах юм.
Тиймээс энэ томилгоо магадгүй нүдээ олсон байхыг үгүйсгэхгүй. Салбар хариуцсан сайдууд нь байсаар байхад ийм сайдын хэрэг байсан уу, фракци, нам эвсэлд зориулсан албан тушаал гэсэн шүүмжлэл Монгол Улсын сайд гэх албан тушаалыг тойрч байгаа учраас энэ асуултад хариулт өгч ажиллах нь М.Энхсайханы хүлээх том үүрэг болох нь ээ.
Сангийн сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбат /МАН/
-Худалдаа үйлдвэрийн дээд сургууль, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтыг төгссөн эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр учраас МАН түүнд итгэл үзүүлсэн хэрэг.
Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа аймгаа багагүй хөгжүүлсэн, ажлын нь туршлага ихэвчлэн Сэлэнгэтэй холбоотой учраас түүнийг хэр чадварлаг вэ гэдгийг ирэх 1.6 жил харуулах учиртай.
УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан хоёр жилийн хугацаанд хямралын нөхцөл байдлыг зөв оношилж байсан хэмээн үнэлдэг гэнэ лээ.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдад нэр дэвшигч Д.Оюунхорол /МАН/
-Улстөрд удаан чанагдсан улстөрчдийн нэг бол яах аргагүй Д.Оюунхорол. МАН гэх боловсон хүчний асар их нөөцтэй намд хоёр удаа дараалан УИХ-ын сонгогдоно гэдэг түүнийг ямархуу мэдлэг чадвартай вэ гэдгийг хэлж байгаа юм.
Тэр тусмаа эмэгтэй хүн ийм өндөрлөгт хүрч чадсан нь бахархах ёстой хэрэг. Д.Оюунхоролыг тун эрт сайд болох ёстой улстөрч хэмээн ард түмэн үнэлдэг байсан. Ямартай ч ард түмний хүсэл талаар болсонгүй.
Тэрбээр, ирэх 1.6 жилд ногоон хөгжлийн бодлого, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар ажиллахаар болж байна. Монгол Улсын хамгийн чухал тулгамдсан асуудал болсон байгаль орчны салбарыг өнгөрсөн хоёр жилд эмэгтэй сайд чамгүй амжилттай удирдсан учраас үргэлжлэн бүсгүй хүний гарт өгч байгаа нь яах аргагүй зөв томилгоо боллоо.
Д.Оюунхорол нь математикийн багш, эрхзүйч мэргэжилтэй, дэд профессор хүн юм. Тэрбээр, УИХ-д гуравдахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа туршлагатай улстөрч.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.