Б.Жуваа: Нэг жил наадам хийхгүй өнжихөд өв уламжлал алдагдчихгүй байх

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 06 сар 10 ・ 7

Үндэсний их баяр наадмын тухай Батлан хамгаалахын бэлтгэл хурандаа, сурын харваа сонирхогч Б.Жуваатай ярилцлаа.


-Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг баяруудын нэг бол наадам. Харин өнөө жилийн хувьд наадмыг хязгаарлагдмал хүрээнд хийхээр болж байна?

-Хязгаарлагдмал хүрээнд хийгээд ч дэмий гэж бодож байна. Хөрш зэргэлдээ орнуудаас орж ирж байгаа халдвар өдөр ирэх тусам нэмэгдэж байна. ОХУ, БНХАУ асар их эрсдэлтэй байхад баяр наадам зохион байгуулаад хэрэг байна уу. Нэгдүгээрт, хүн зоныхоо эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт, улс эдийн засгаа бодох хэрэгтэй. Ирэх жил эрүүл саруул энх цагт, 100 жилийнхээ ойг сайхан тэмдэглэж болно шүү дээ. Одоо сонгууль гээд баахан шоу явж байна. Сонгууль дуусаад наадам хийвэл юу болох юм. Өнөөдөр хүмүүсийн амьдрал төдийлөн сайнгүй, бараа таваарын үнэ ч өндөр байна. Ийм нөхцөлд наадмаа өнжөөд дараа жил хийчихвэл болмоор л юм шиг санагдах юм.

-Үндэсний их баяр наадмаа хийх хэрэгтэй гэсэн хүмүүс ч бишгүй байна. Уг нь наадмыг ганц жил өнжөөчихөд буруудах зүйлгүй биз дээ?

-Цахим орчин, сонин, сайтаар зарим бөх нь наадмаа хийе гэж бичсэн л байна лээ. Гэхдээ бөх барилддаг, морь уралдуулдаг, сур харвадаг хүмүүсийн сонирхол нэг өөр хэрэг. Тэр хүмүүс бол ард түмний өчүүхэн жаахан хэсэг нь шүү дээ. Нийт ард түмнийхээ хүсэл саналыг нэгдүгээрт тавина уу гэхээс наадамд үүрэг гүйцэтгэдэг цөөн тооны хүмүүсийн эрх ашгийн төлөө явж болохгүй болов уу. Нөгөөтэйгүүр өв уламжлал гэдэг зүйл ганц удаа наадам хийгээгүйгээс болоод алдагдчихгүй байх. Нэг жилдээ өнжихөд ард түмэн ойлгоно л доо. Цагаан сар тэмдэглэхгүй гэхэд монголчууд ойлгож, ухаараад Цагаан сараа хийгээгүй. Ийм байхад заавал наадам хийж хүн амьтан бөөгнөрүүлж, айраг цагаа, аяга тавгаа хольж асуудал үүсгэх шаардлагагүй болов уу.

-Улс, аймаг, сумын баяр наадмыг яаж ухаалаг, цомхон хийж болох вэ. 1024 бөх, олон насны морьд уралдуулахын оронд тоог нь цөөлдөг ч юм уу, морьдын уралдах насыг багасгаж ч болно шүү дээ?

-Сошиал, сонин хэвлэлээр үзэгчгүй хийнэ гэж яриад байгаа юм. Үнэхээрийн тэгш ой нь таарсан аймаг сумд байвал цомхон, их бодлоготой хийхгүй бол аюултай. Бид 100 гаруй жил найр наадам хийлээ. Одоо сайжирсан юм юу байна. Тэгэхээр хэрэв хийх бол бүх эрсдэлээ маш нарийн тооцож аймаг орон нутгийн хэмжээнд цомхон тэмдэглэхгүй бол Улаанбаатар хотод бүгдийг нь бөөгнөрүүлж болохгүй.

-Наадмаар хуушуур, худалдаанд овоорцгоодог. Гэртээ хуушуураа хийгээд идчихэж болно доо?

– Цагаан сарыг буузны баяр, наадмыг хуушуурны баяр гээд хошин яриа гарсан байна лээ. Тэгэхээр бид Цагаан сараар буузаа гэртээ хийж идээд болсон л юм чинь наадмын хуушуураа гэртээ хайраад идчихэж болмоор шүү дээ. Заавал наадмын талбайд очиж шороон дунд хуушуур авч идсэнээр би наадамлалаа гэж бодож болохгүй. Хуушуур гэхээр ямар ч махаар яаж ч хийж байгаа юм бүү мэд. Өнөөдөр махны үнэ ямар байна. Эрүүл ахуй талаасаа их эрсдэлтэй. Эдгээрийг бодох л хэрэгтэй л дээ. Үүнийг төр засаг, Улсын онцгой комисс эрхбиш тооцож байгаа байлгүй.

-Цэрэг, цагдаагийн хүмүүс наадам, баяр ёслолыг төдийлөн тэмдэглээд байдаггүй, завгүй ч байдаг. Та баяруудыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?

-Би тасралтгүй 37 жил гурван сар армид алба хаасан хүн. Ер нь цэрэг цагдаагийн байгууллага, үүргээ гүйцэтгэж байгаа албан хаагчид баяр наадмыг өргөн хэмжээнд тэмдэглээд, оролцоод байдаггүй. Харуул хамгаалалтаас эхлээд зохион байгуулалтын ажилд л оролцдог. Миний хувьд сүүлийн жилүүдэд найр наадмыг болж өгвөл гэр бүлийнхээ хүрээнд цомхон байдлаар ач, зээ нартайгаа л өнгөрүүлдэг. Түүнээс биш айл хэсээд олон газраар яваад байдаггүй.

-Дээр үед наадмыг цэвэрхэн, цомхон, ёслол төгөлдөр ганц, хоёр өдөрт хийгээд л болчихдог байсан гэдэг?

-Дээхнэ үед наадмыг цомхон, зөвхөн төр захиргааны хэмжээнд баярын юмуу, гэгээрлийн хурал хийгээд л өнгөрчихдөг байсан. Хөдөлмөрчдийн хурал болно, дараагаар нь нэг концерт тоглоод л тарчихдаг. Нэг их өргөн дэлгэр байгаагүй. Одоо бол жил ирэх тусам их өргөн дэлгэр тэмдэглэж байна. Үүнийг би нэг талаараа зах зээлтэй холбоотой юм болов уу гэж бодож байна. Зах зээл хөгжөөд худалдаа наймаачид бараа таваараа борлуулахын тулд янз бүрийн арга хэмжээ авч байна. Наадмын өдрүүдээр бараагаа аваачиж зарна. Одоо бол наадам эхлээгүй байхад л сурталчилгаагаа телевиз, радиогоор цацчихаж байна. Ингээд юмны үнэ хямдарлаа гэх зэрэг янз бүрийн байдлаар олон түмнийг их татдаг. Гэхдээ энэ жил онцгой нөхцөл байдалтай байгаа учраас цомхон байя гээд ард түмэндээ ухамсарлуулчихвал хэн хүнгүй ойлгоно шүү дээ.

-Сүүлийн 20-иод жил наадам маш нүсэр, сунжирсан, зардал чирэгдэл ихтэй болсон. Харин энэ жил байдал хумигдаж байгаа нь өрх гэрүүдэд эдийн засгийн хэмнэлт болно гэж бодож байна?

-Тэгэлгүй яахав. Нэгдүгээрт, хүн ардын эрүүл мэнд. Хоёрдугаарт, улс орны эдийн засгийг бодох хэрэгтэй. Их өртэй байна, хүмүүсийн амьдрал тааруу байна. Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болголоо л гэж байна. Аравдугаар сарын нэгэн хүртэл олон хүүхэдтэй хүнд ач тусаа өгч байна. Үүний хажуугаар гадаадад байгаа өндөр настай хүмүүс эх орондоо ирье гэж хүсэлт тавьж байна. Тэднийгээ татаж чадахгүй байна. Энэ их асуудал дээрээс нь коронавирусийг бүрэн дардаг эм гараагүй байхад бид мундаг царайлаад цуглараад наадам хийнэ гэж явж байхад л нэг мэдэхэд аюул үүсчихвэл яах юм бэ.

-Та наадмын комиссын дарга байсан бол өнөө жилийн баяр наадмыг хэрхэн цомхон, олон хүн цуглуулахгүй зохион байгуулах байсан бэ?

-Эхний ээлжинд мэдээж холбогдох мэргэжлийн байгууллагуудаар эрсдэлийг нь тооцуулж дараагаар нь ард түмний шийдвэрийг сонсож гэмээнэ шийдвэрээ гаргана л даа. Эрүүл мэндийн байгууллагын өгч байгаа зөвлөгөө бол ерөөсөө хүн хоорондын зай, маскаа зүүх ёстой гээд хэрэгтэй бүх шаардлагыг хэрэгжүүлж цомхон өнгөрөөх л бодол байна. Цэцэрлэгт хүрээлэнд явж байгаа улсуудыг хар. Маскаа хүрээлэн тойруулаад нэг хаячихсан. Ингээд тайвширчихсан улс одоо наадам хийчихвэл бүр тайвширчихна шүү дээ.

-Монголчуудын хувьд зургадугаар сарын сүүлчээс есдүгээр сарын дунд үе хүртэл битүү наадаж, найрладаг. Харин өнөө жил наадам хумигдсанаар намар, өвлийн бэлтгэл ажил цалгардахгүй, ахиц гарах нь ээ, тийм үү?

– Нэг унтаад босоход л зун дуусчихдаг. Намар болно, найр наадмаа хийнэ. Одоо бүр ноёны наадам ч гэнэ үү, сүүлдээ наадам хавтгайрсан шүү дээ. Хүүхдийн сэвлэг үргээх ёслол, хурдан морины мялаалгын баяр, бөхийн мялаалгын баяр гээд үргэлжлээд явчихдаг. Үүнийг төр засаг гярхай харж засварлаж, цаашлаад ч найр наадмыг цомхон тэмдэглэх нь зүйтэй байгаа юм. Ингээд нэг мэдэхэд хүйтрээд цас унангуут өвлийн бэлтгэл санаанд нь орж өвс, хадлан, ургац хураалт эхэлдэг. Гэсэн ч авсан, хураасан юм байхгүй асуудал үүснэ.

С.ЛХАМСҮРЭН

Өдрийн сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 06 сар 10/

    Энэ жилдээ наадам хийлгүй өнжих нь зүйтэй.

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 10/

    Энэ жилдээ наадмаа өнжих хэрэгтэйдээ.Короновирусын аюул яагаач үгүй байна.Хорио цээрийн дэглэмээ сулруулсан улс орнуудад 2 дахь давалгаа эхлэж байна гээд л мэдээлж байна шүүдээ.Ийм үед ерөнхийлөгч ч, УОК ч үгээ хэлж, шийдвэрээ эртхэн гаргах хэрэгтэй.Сонгууль гээд их мөнгө зарж байна. Улс орны нөхцөл

    Хариулах
  • б / 2020 06 сар 10/

    наадам хэрэггүй байхаа Цагаан сараа хийгээгүй байж ,Бүх баяраа болих хтэй.

    Хариулах
  • б / 2020 06 сар 10/

    наадам хэрэггүй байхаа Цагаан сараа хийгээгүй байж ,Бүх баяраа болих хтэй.

    Хариулах
  • б / 2020 06 сар 10/

    наадам хэрэггүй байхаа Цагаан сараа хийгээгүй байж ,Бүх баяраа болих хтэй.

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 10/

    наадам хэрэггүй байхаа Цагаан сараа хийгээгүй байж ,Бүх баяраа болих хтэй.

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 10/

    наадам хэрэггүй байхаа Цагаан сараа хийгээгүй байж ,Бүх баяраа болих хтэй.

    Хариулах