Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 12 сар 08
“Шинэчлэлийн” Засгийн газрын хийгээгүйг хийж, хэрэгжүүлж эхэлсэн олон ажлыг дуусгах үүрэг хүлээсэн “Шийдлийн” Засгийн газрын үйл ажиллагаа өнөөдрөөс хэвийн явах нь ээ. Тодруулбал, байнгын хороогоор дэмжлэг авсан 18 сайд өнөөдөр чуулганы хуралдаанаар орж дэмжлэг авснаар ажлаа хүлээн авах учиртай. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болохдоо хэлсэн үгэндээ “Шийдлийн, Дэмжлэгтэй, Шуурхай Засгийн газар байх болно” хэмээсэн.
Энэ хүрээндээ ч олон шийдвэр гаргаж парламентад суудалтай улс төрийн намуудын дэмжлэгийг авч чадсан билээ. Одоо шуурхай ажиллаж чадах эсэх л үлдсэн ганц хүлээлт болоод байгаа юм. Танхимын бүтцээ, бүрэлдэхүүнээ батлуулах гэж багагүй хугацаа алдсан энэ хугацаанд Монгол Улсын эдийн засаг улам бүр л доошиллоо. Ялангуяа барилга, нүүрсний салбар. Маш олон хувийн хэвшлүүд хаалга үүдээ барьж, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрч байгаа жишээг дурьдаад байвал дуусахгүй.
Сайдгүй болсон яамдуудын хаалга үүд эзгүйрч, шинэ сайд ирэхээр ажлаа өгөх болов уу гэсэн айдастай төрийн албан хаагчид олон болчихоод байна. Тиймээс ажлаа авсан даруйдаа сайдууд шуурхай ажиллах нь чухал болоод байна. Халаа сэлгээг урьтал болгох бус яам, тамгын газарт гацчихаад байгаа олон бодлогын баримт бичгүүдийг хөдөлгөөнд оруулж, хөрөнгө оруулалт татах, үйлдвэрийг дэмжих, хүнс хөдөө аж ахуйн салбарт тулгамдсан бодлогуудыг баталж гаргах зэрэг 1.6 жилийн богинохон хугацаанд өөрсдийн хэмжээнд хийж чадах бүхнээ хийе.
Парламентад суудалтай бүх улс төрийн намуудыг нэгтгэсэн эв нэгдлийн Засгийн газрын хамгийн түрүүнд хийх ажил юу вэ гэдгийг Ерөнхий сайд ч ажлаа хүлээж авсан даруйдаа мэдэгдэж байсан. Тодруулбал, хамгийн нэгдүгээрт эдийн засгийн хямралтай байдлаас гарах, Оюутолгой, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх хууль тогтоомжоо сурталчлах, мөн ам.долларын ханшийг тогтворжуулах асуудал хэмээн тодорхойлсон билээ. Тэднийг хүлээж байгаа, шийдвэл зохих асуудлаас онцолвол:
Номер нэгд төсвийн тодотгол
Намын бүлгүүдийн өчигдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн тодотголыг хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт байсан ч тийм зүйл болсонгүй. Учир нь Засгийн газар нь бүрдээгүй, шинэчлэгдсэн бүтцэд зориулан төсвөө өөрчлөөгүй хүлээлт үүссэн учраас энэ асуудал дахиад л хэд хоногоор хойшиллоо. Танхим мягмар гарагт бүрдэж хамгийн дээд хурдаараа ажиллалаа гэхэд ирэх долоо хоногт л төсвөө тодотгож яамдууд зарцуулах хөрөнгөө хуваарилж авах нөхцөл байдал үүсээд байна.
Шинэ байгуулагдах Аж үйлдвэрийн яам, хоёр салгасан ССАЖ-ын яамны төсвийг хуваарилах, Монгол Улсын сайд хэдэн төгрөг захиран зарцуулах вэ гэдгийг шийдэх учиртай. Яамдуудад гацсан хөрөнгө мөнгө, сайдууд томилогдож чадахгүй байгаагаас олон ч аж ахуйн нэгж гэрээгээр гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг авч чадахгүй, цаана нь тухайн байгууллагын олон арван ажилчид цалиндаа хүрч чадахгүй төр хэзээ төвхнөх бол хэмээн залбирч сууна, Ерөнхий сайд аа.
Ам.долларын үнэ тогтворжиж байна, гэвч
Ам.долларын ханш өчигдрийн өчигдрийн байдлаар арилжааны банкуудад зарах нь 1884, авах нь 1882 төгрөгтэй тэнцэж байна. Монголбанкны нэрлэсэн ханш нь 1875 төгрөг байгаа нь 1900 хүрч байснаас харьцангуй буурсан үзүүлэлт. Гэсэн ч энэ нь улс төрийн тогтвортой байдлын нөлөөгөөр буурч байгаа хэврэг ханшийн бууралт гэж дүгнэж болно.
Монгол Улсын эдийн засагт ямар нэг байдлаар цохилт өгөх, эс бөгөөс улс төрийн тогтворгүй байдал, голлох яамдын сайдууд солигдох зэрэг эгзэгтэй агшныг ноён доллар андахгүй мэдэрч ханш нь хэлбэлзэж байгаа нь ам.долларын ханшийн өсөлт, бууралт хөөсрөлтэй гэдгийг харуулж байгаа юм. Тиймээс үүнийг тогтвортой төвшинд хүргэх, цаашлаад валютын нөөцөө нэмэгдүүлэх ажлыг Засгийн газар нэн тэргүүнд хийх учиртай. Төсвөөс гадуур эргэлдэж байгаа их хэмжээний мөнгийг нэгдсэн байдлаар хянах, мөн өрийн зээл тавихгүйгээр валютын нөөцөө яаж нэмэгдүүлэх вэ гэдгээ ярилцах хэрэгтэй болоод байна.
Оюутолгой бас Тавантолгой
Монгол Улсын эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэж байсан энэ хоёр том орд мөн л Засгийн газрын үйл ажиллагаанаас үүдэн хүлээгдэж байгаа. Тавантолгойг хувьчлах уу, эсвэл үйл ажиллагааг нь жигдрүүлээд, өрнөөс нь салгаад явах уу гэдгээ Ч.Сайханбилэгийн танхим өнөө маргаашгүй шийдмээр байна. Эндээс хувьцаа авна хэмээн мөрөөдөж суугаа ард түмэндээ нэгдсэн нэг ойлголттой болгож, урагшлуулах уу, эсвэл ухраах уу гэдгээ тодорхой болгоё. Хоёрдугаарт, Оюутолгойн татварын маргаантай асуудлыг нэг тийш нь болгож, энэ гэрээг эцэслэх цаг нь болжээ.
34 хувиа зарах гэж байна уу, эсвэл гэрээндээ өөрчлөлт оруулах уу, далд уурхайн бүтээн байгуулалт 2015 онд эхлэх гарц харагдаж байна уу гэдгийг тодорхой болгох ажлаа хийе. Шийдлийн Засгийн газарт энэ чиглэлд анхаарал хандуулах эрх мэдэлтэн хоёр гурваар ч нэмэгдсэн. Монгол Улсын сайд, Ерөнхий сайд, Уул уурхайн сайд цаашлаад Сангийн сайд, Аж үйлдвэрийн сайдын үүрэг роль ч багагүй бий.
Тэгэхээр аль аль талдаа ойлголцолд хүрч, асуудлыг нэг талдаа гаргах нь нэн тэргүүний хийх ажил болж байна. Ерөнхий сайд өчигдөр ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь эргэж 106 лицензийн асуудлаар мэдээлэл өгөхийг АМГ-ын даргад үүрэг болгосон. Эдгээр лицензүүд эргэж сэргэснээр эдийн засагт тодорхой хэмжээнд хувь нэмрээ өгнө. Цаашлаад хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд эдгээр лиценз чухал.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.