Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 12 сар 08
・ 11
Шийдлийн гэх Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг ажлаа хүлээж авмагцаа л “Цомхотгоно, татан буулгана” гэж хэлсэн. Үүнийгээ ч хуралдаан болгон дээр удаа дараа ярьж байгаа. Тэрбээр “Засгийн газрын зарим агентлаг, түүний дэргэдэх 50 гаруй байгууллагыг татан буулгаснаар 20-30 тэрбум төгрөг хэмнэнэ” гэсэн юм.
Үнэндээ татан буулгавал зохих, төсвийн мөнгийг хий дэмий үрсэн агентлаг цөөнгүй байгааг олон хүн хэлдэг. Харин төрийн өнөөгийн энэ данхар бүтцийг АН өөрөө бий болгосон нь хөдлөшгүй үнэн.
Үүнийгээ ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ухаарч яамдын тоог цөөлсөн нь бий. Тиймээс шинэ Ерөнхий сайдыг “Татан буулгасан яамдын араас мөн л шаардлагагүй агентлагуудаа татан буулгах нь” хэмээн иргэд хүлээж байлаа. Гэвч санаснаар биш ажээ.
Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэг Засгийн газрынхаа бүтцийг буцааж данхайлгалаа. Бүр яамгүй сайдын орон тоог ч бий болголоо. Тэгсэн хэр нь нийгэмд, ард түмэнд цаашид арай л тустай байж мэдэхээр газруудыг татан буулгах гэж улайрах болов.
Тухайлбал, Тахарын ерөнхий газар. Энэ нь гэрч, хохирогчийн эрхийг хамгаалах асуудал эрхэлсэн, 500 гаруй ажилтантай байгууллага. Мөн Цөмийн энергийн газар / ЦЭГ/, Хилийн боомтын газар зэрэг байгууллагыг татан буулгах гэнэ.
Тухайлбал, ЦЭГ-ыг татан буулгавал Ашигт малтмалын газар /АМГ/-ын харьяанд ажиллуулах аж. Үүнийг нь гишүүдийн олонхи нь хүлээн зөвшөөрөхгүй болохоор Ерөнхий сайд “Энэ удаад Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ шуурхай шийдвэрлүүлэхийн тулд би Тахарын ерөнхий газар болон ЦЭГ-ыг татан буулгах тухай хуулийн төслөө буцааж татъя.
Нийт 57 байгууллагын асуудал яригдах болно. Үүнийг дараа нь оруулж ирнэ гэдгээ хэлье” хэмээн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнгөрсөн долоо хоногийн хуралдаан дээр мэдэгдсэн.
“Цөмийн эрчим хүчний яам байгуулсан ч буруудах зүйлгүй”
ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр “Би албан тушаалаас төрөөгүй, аав, ээжээсээ унасан. Намайг унагахын тулд энэ салбарыг оролдох хэрэггүй. Цөмийн эрчим хүч бол хөгжлийн уураг тархи юм гэдгийг технологи хөгжсөн улс орнуудын жишээнээс харж болно.
Энэ салбарыг хүчгүйдүүлнэ гэдэг намайг бус Монгол Улсыг дэлхийд муухай харагдуулна” гэсэн юм. Түүнчлэн УИХ дахь эмэгтэй гишүүдийн олонхи нь тус газрыг татан буулгах гэж буйд шүүмжлэлтэй хандаж, үйл ажиллагааг нь цаашид хэвийн явуулах шаардлагатайг сануулсан.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Тахарын албыг байгуулах гэж өчнөөн хугацаагаар хэлэлцсэн. Гэтэл баталсан хуулийнх нь мөр хатаагүй байхад татан буулгах нь буруу. Ялангуяа ЦЭГ байна. Цөмийн эрчим хүчийг дэлхий нийтээрээ ашиглаж байгаа үед татан буулгана гэж байгаа нь буруу алхам. Цөмийн технологи дээр суурилсан хөгжил давамгайлж байгаа энэ үед Цөмийн эрчим хүчний яам байгуулсан ч буруудах зүйлгүй” гэжээ.
Уг нь эдгээр байгууллагыг “Зайлшгүй байх шаардлагатай” гэж үзсэний үндсэн дээр л байгуулсан байлтай. Гэтэл шинэ Ерөнхий сайд татан буулгах гэж улайрч байгаа нь ямар учиртай вэ. Тэрбээр “Төсөв хэмнэхийн тулд...” хэмээх ч бодит байдалд төрийн бүтцийг улам данхайлгаж буй нь нууц биш.
“Ч.Сайханбилэг яамдын тоог нэмэхийн тулд нэр бүхий агентлагуудыг зориуд татан буулгах гэж байна” гэж УИХ-ын зарим гишүүн хэлсэн нь үнэн ч байж болох юм. Хэрэв ЦЭГ-ыг татан буулгавал манай улсад цацрагийн хяналт шалгалт хийх ямар ч газаргүй болно гэсэн үг.
Уг нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад энэ салбарыг маш их дэмжиж, хөрөнгө “цацдаг” юм билээ. Бараг манай улсаас бусад бүх улс Цөмийн энергийн агентлагтай гэхэд болно. Үүнийх нь хэрээр улс орны аюулгүй байдал дархлаажиж, эдийн засаг, эрчим хүч, аж үйлдвэр гэх мэт бүхий л салбар нь дагаж хөгжинө. Гэвч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ЦЭГ-ыг татан буулгах нь.
Энэ нь тус газрын дарга Н.Тэгшбаяр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн нутгийн хүн болохоор тэр хэмээн зарим албан тушаалтан хэлж байна. Хэрэв үнэн бол өмнөх Ерөхий сайдынхаа хүнийг зайлуулахын тулд нэг газрыг татан буулгах шаардлагатай гэж үү.
ТӨХ-г татан буулгах нь өмчийг үнэгүйдүүлж хувьчлах гэсэн арга биш биз
Төрийн өмчийн хороо / ТӨХ/-г татан буулгах тухай яриа шинэчлэлийн гэх Засгийн газар байгуулагдсаны дараахнаас яригдаж эхэлсэн гэхэд болно. Улмаар өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Зоригт нар Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийг нэгтгэсэн хуулийн төсөл санаачлан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж байсан удаатай.
Өөрөөр хэлбэл, уг хуулиар төрийн болон орон нутгийн өмч гэж заагтай байсныг зөвхөн төрийн өмч гэсэн нэг ойлголттой болгож, аймаг, нийслэл нь төрийн эзэмшигч, ашиглагч байхаар тусгасан аж.
Мөн ТӨХ-г татан буулгаж, түүний хэрэгжүүлж байсан үүргийг төрийн сангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн өмчит аж ахуйн байгууллагатай холбоотой үүргийг компанийн засаглалын зарчмаар төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигч этгээд өөрөө хэрэгжүүлэх зарчимтай байхаар тусгасан байдаг. Түүнчлэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ТӨХ-г татан буулгах гэж тэмцэж буй нь олон хүнд хар төрүүлэх боллоо.
Өөрөөр хэлбэл, иргэд “Төрийн өмчийг үнэгүйдүүлж, төрийн өмчит компаниудыг эзэнгүйдүүлэх сонирхол байна” хэмээн өөр хоорондоо ярилцаж байна. Үүнийг үгүйсгэх аргагүй юм. Тус хороонд орон нутгийн 5000 гаруй, нийслэлийн 1600 гаруй хуулийн этгээд харьяалагддаг аж. Хэрэв татан буулгавал төрийн өмчит компаниуд маргааш ямар байдалтай болох, энэ нь хэнд ашигтай байх вэ.
Үнэнийг хэлэхэд энгийн иргэдэд бол ямар ч ашиггүй. Харин санал санаачлагыг гаргаад буй улстөрчдөд ашигтай нь ойлгомжтой юм. Ерөнхий сайд үнэхээр л ажил хийсэн шиг хийх гээд байгаа бол татан буулгаж, эсвэл нэгтгэж болох өөр олон агентлаг, байгууллага бий. Үүнийг нь ч УИХ-ын зарим гишүүн хэлж байгаа. Гэвч яагаад ТӨХ-г татан буулгах сонирхол нь давамгайлаад байна вэ.
Утааг бууруулах ажлыг бүх сайдын хамаарах асуудалд оруулж болохгүй
Улаанбаатарын утааны тухай асуудал бол сүүлийн хэдэн жил улиг болтлоо яригдаж байгаа сэдэв. Эцэстээ энэ нь энгийн иргэдэд зовлон, улстөрчдөд зол болсон гэхэд хилсдэхгүй байх. Өөрөөр хэлбэл, улстөрчид сонгууль ойртохоор л “Утааг бууруулна” гэж ард түмний саналыг авч сонгогддог нь нууц биш.
Гэхдээ тэд утааг бууруулах талаар юу ч хийдэггүй бол биш. Өмнөх Засгийн газрын үед Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо /АББҮХ/ гэж байгуулан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тэргүүлсэн. Дэд даргаар нь БОНХ-ийн /хуучнаар/ сайдын үүрэг гүйцэтгэгч С.Оюун, хотын дарга Э.Бат-Үүл нар ажиллаж, мөн холбогдох салбар хариуцсан яамдын сайд, агентлагийн тэргүүн, мэргэжилтнүүд багтаж буй.
Ингээд 2013-2014 онд гэхэд л агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн хүрээнд 20 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн байдаг. Гэвч өнгөрсөн жил манай нийслэл агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлэх шахсан.
Тиймээс шинэ Ерөнхий сайд энэ хороог татан буулгаж, агаарын бохирдлыг бууруулах ажлыг бүх сайдын хамаарах асуудалд оруулах гэнэ. Гэвч болохгүй гэдгийг олон хүн хэлж байна. Учир нь “Хэн ч, юу ч хийлгүй, дунд нь хийдээд өнгөрнө” хэмээн олон нийт анхааруулж байгаа юм.
Татан буулгах агентлагуудын барилга болон ажилчдыг хэрхэх вэ?
Ямартай ч Ерөнхий сайдын хэлснээр 50 гаруй байгууллагыг татан буулгах юм байна. Дээрх агентлагуудын асуудлыг одоогоор буцаан татсан ч удахгүй дахин хэлэлцүүлж, заавал татан буулгана гэдгээ хэлсэн болохоор энэ зорилго нь бүтнэ гэсэн үг. Харин татан буулгасан агентлагуудын барилга болон ажилчдыг нь яах вэ.
Зарим иргэний хардаж байгаачлан татан буулгасан байгууллагынхаа барилгыг үнэгүйдүүлээд хэн нэгэнд хувьчлах уу. Эсвэл хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудад түрээслэх үү гэдэг асуудал гарч ирнэ. Үүнийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг цаашид хэрхэн шийдвэрлэхийг л харах үлдлээ.
М.Наранболд
Эх сурвалж:
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.