Спорт
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2020 06 сар 16
・ 1
Энэ удаагийн “Редакцийн зочин” буландаа Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, үндэсний бөхийн улсын аварга, гавьяат тамирчин, самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, жүдо бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, ахмадын дэлхийн аварга, сонирхогчдын сүмогийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан Одвогийн Балжиннямыг урилаа.
-Та яагаад бөхийн спортыг сонгосон юм бэ?
-Багын мөрөөдөл л дөө. Хөдөөний хүүхэд байсан болоод ч тэр үү ямарваа юманд хурдан шаламгай хандана. Тэгээд ч спортын хүн болно гэсэн бодолтой байсан болохоор аймгийнхаа Наранбулаг суманд тавдугаар ангиасаа хөнгөн атлетикийн дугуйланд явж эхэлсэн. Тэр үед өөртөө бөхийн спорт зохино гэдгийг ойлгоод энэ спорт руу урвасан юм.
-Үндэсний бөхийн «А» үсгийг заасан багш тань хэн байв?
-МУИС-ийн биеийн тамирын багш, дасгалжуулагчийн ангийг дөнгөж төгсч ирсэн нэг залуу байсан. Нэр нь Коминзан бил үү дээ. Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хэд хэдэн удаа тусгай байр эзэлж байсан, бие томтой багш байлаа. Тэр багшийнхаа удирдлага дор цөөхөн хэдэн жил хичээллэж байгаад 16 настайгаасаа аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож алтан медаль хүртсэн. Түүнээсээ урамшаад жил алгасахгүй оролцож, олон ч медальт байранд шалгарсан даа.
-Та 1992 он хүртэл тамирчны амьдралаар амьдарсан. Тэр үед баярлах, шантрах олон зүйл тохиолдож байсан нь мэдээж?
-Тэгэлгүй яах вэ. Ямарваа амжилтад хүрэхийн тулд асар их хүч, хөдөлмөр хэрэгтэй. Тэр хүч хөдөлмөрийг сэтгэлийн хатаар л туулдаг байлаа. Тамирчин хүн амжилт үзүүлье гэж бодож байгаа бол тэр амжилтын оргилоо ойрхон байна л гэж бодох ёстой. Мөн өөрийгөө урамшуулах нь чухал. Унхиагүй хүн урдаа хүн оруулна уу гэхээс урдахаа гүйцнэ гэж байхгүй шүү дээ. Би ийм л зарчмаар өөрийгөө хурцалж байсан.
-Самбо, жүдо бөхөөр хэзээнээс хичээллэж эхэлсэн юм бэ?
-Наймдугаар ангиасаа аймгийнхаа нэгдүгээр арван жилийн сургуульд шилжин орсноор өөр багштай ч болсон. Мөн сонгомол бөхийн спортоор амжилтад хүрэхэд ойрхон байдгийг ойлгоод самбо, жүдо бөхөөр үргэлжлүүлэн хичээллэсэн.
-Аравдугаар ангиа төгссөн жилдээ аймгийнхаа наадамд барилдаж, заан цол хүртэж байсан гэсэн байх аа?
-Аравдугаар ангиа төгсөх жилдээ хотод ирж самбо, жүдогийн үндэсний шигшээ багт орсон. Манай аймагт жил бүр 30 гаруй бөхийн тойргийн барилдаан болдог. Тиймээс хотод яаж зүгээр сууж байх вэ гээд аймагтаа очиж барилдсан юм. Гэтэл үзүүрлэж аймгийн заан цол хүртэж билээ. Түүний өмнөх жил буюу есдүгээр ангидаа мөн аймгийнхаа наадамд барилдаж аймгийн начин цол хүртсэн.
-Таныг хот руу явсан гэж бодож байсан бөхчүүд дараа жил нь дахин барилдахаар ирэхэд бэргэсэн байх даа?
-Мэдэхгүй ээ. Надаас насаар ах хүмүүс байсан болохоор үгүй биз. Би сайхан барилдъя л гэж бодсон.
АРСЛАН ЦОЛНЫ ҮНЭМЛЭХИЙГ ХОЁР УДАА ГАРДСАН
-Төрийнхөө наадамд анх хэдэн онд зодоглосон юм бэ. Залуу насныхаа ид гарч ирж байсан үеэ эргэн дурсаач?
-Би 1980 оноос барилдсан. Тэр наадамд хоёр давсан юм. Гурвын даваанд гарах гээд нэрээ чагнаж байтал дууддаггүй. Очоод асуусан чинь миний нэрийг хасчихсан байсан. Учрыг нь тодруултал миний давсан бөхийг шүүгчид андуураад давснаар биччихсэн юм билээ. Тэр үед бөх сондгойруулж болохгүй гэсэн хатуу дүрэмтэй байсан болохоор надад гурвын давааны бай өгөөд хасах тогтоол бичсэн. Тэгээд л анх удаа улсын наадамд барилдаж байгаа хүн юугаа ч мэдэхгүй, байгаа өвөртлөөд харьсан сонин тохиолдол бий.
-Та 1984 онд улсын начин цол хүртэж байсан гэдэг. Тэр үед өөрийгөө энэ цолонд хүрнэ гэж бодож байв уу?
-Өмнө нь заалны болон улсын наадамд гайгүй барилддаг байсан болохоор зааны тааварт хүртэл орж явсан. Тэр жил улсын заан Д.Цэнд-Аюушаар тав давсан.
-Таныг 1989 онд улсын арслан цол хүртчихээд цолоо хураалгачихсан гэдэг. Ямар учиртай юм бэ?
-Улсын аварга шалгаруулах тэмцээн тухайн оны нэгдүгээр сард болсон юм. Тэр тэмцээнд дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж алтан медаль хүртэж, би мөнгө, улсын заан Ц.Баярсайхан хүрэл медалийн эзэд болсон. Тиймээс надад заан, Ц.Баярсайханд начин цол өгсөн. Ингээд улсын баяр наадмаар шинэ заан хүч үзэж бас л Б.Бат-Эрдэнэ аваргатай тэргүүн байрны төлөө барилдаж билээ. Тэгээд Баагийд /Б.Бат-Эрдэнэ/ аварга цол өгөөд надад арслан цол олгосон. Би ч нэг жилд хоёр цол хүртчихлээ гээд баярласан амьтан асар дотроо хувцсаа өмсөөд сууж байтал бөхийн барилдааны комиссоос нэг хүн орж ирээд «Маргааш хурал хийж байгаад үнэмлэхийг чинь өгнө гэж байна» гээд аваад явчихсан. Маргааш нь хурал болсон чинь арслан цол олгохгүй гэсэн хариу гарсан. Ингээд арслан цолны үнэмлэхийг хөлстэй гартаа түр атгасан. Гэхдээ 1991 онд түрүүлж тэр цолоо дахин авч чадсан (инээв. сурв).
-Арслан цолоо хураалгадаг жилээ жүдо бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан шүү дээ. Тэр амжилтыг 20 жилийн хугацаанд хэн ч эвдэж чадаагүй?
-1979 оноос эхэлж самбо, жүдогийн үндэсний шигшээ багт хичээллэсний минь гавъяа гарсан байх гэж боддог юм. Энэ арван жилийн хугацаанд дэлхийн цом болон улсын гурван удаагийн аварга болж байсан удаатай. Европын олон улсын цуврал тэмцээн болох Унгар, Югослав, Чех, Болгар зэрэг улсад болсон тэмцээнд түрүүлж байлаа. 95 кг-д барилддаг байсан хэрнээ 1988 оны Олимпод 86 кг хүртэл жингээ буулгаж оролцсон. Сугалаа ч сайхан таарсан юм. Даанч хоёрдугаар тойрогтоо Голландын бөхийг хожиж байгаад цаг дуусахын өмнө шүүгчийн оролцоо орсноор надад ялагдал хүлээлгэсэн. Мөн Югославт болсон ДАШТ-ээс ОХУ-ын бөхөд ялагдаж, мөнгөн медаль хүртсэн. Ийнхүү 20-иод жилийн дараа «Бээжин-2008» Олимпоос Н.Түвшинбаяр миний жинд алтан медаль, мөн Х.Цагаанбаатар 2009 онд Дэлхийн аварга болж миний амжилтыг эвдсэн.
СОНИРХОГЧДЫН СҮМОД 115 КГ-Д БАРИЛДАЖ БАЙЛАА
-Таныг анхны Монгол сумочдын нэг гэдгийг бөхийн хорхойтнууд андахгүй байх. Тантай хамт Б.Бат-Эрдэнэ аварга, улсын заан Ц.Баярсайхан нар явж байсан байх аа?
-Тийм ээ. 1990 оноос хойш манай улсын спортын бодлого өөрчлөгдөж гадаадын тэмцээнд тамирчдаа чөлөөтэй явуулж эхэлсэн. Бид 1991 онд Японд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож бэлтгэл хийсэн юм. Хэдэн сар хичээллэж байж сонирхогчдын сумогийн тэмцээнд анх оролцсон. Бид дөрвөн жил дараалан оролцсон шүү дээ. Эхний тэмцээнд би анхны мөнгөн медалийг нь авсан. Дараа жил нь Баагий нэг түрүүлж, Ц.Баярсайхан мөнгө, хүрэл медаль хүртэж байсан.
-Сонирхогчдын сумод хэдэн кг-д барилддаг байв аа?
-Ц.Баярсайхан бид хоёр 115 кг-д, Б.Бат-Эрдэнэ үнэмлэхүй жинд барилддаг байсан. Бид энэ тэмцээнд дөрвөн жил оролцсоны дараа 85 кг-д жин нэмэгдэж улсын гарьд Б.Гантогтох нэг, даян аварга А.Сүхбат хоёр түрүүлсэн.
-Тэр үед та бүхэнд сүмогоор барилдах санал их ирж байсан уу?
-Япон бөхчүүдтэй нь хамтарсан бэлтгэл хийж байхад манай Б.Бат-Эрдэнэтэй гэрээ байгуулж, мэргэжлийн сумодоо барилдуулъя гэсэн санал холбооноос нь ирж байсан юм. Гэрээ ч хийх болсон байх. Гэвч Баагий 1991 оны улсын их баяр наадмаар Ардын хувьсгалын 70 жилийн ойдоо барилдана гээд «Он гаргаад ирье» гэсэн хариу өгчихөөд нутаг буцчихсан. Аваргад сумогоор барилдах санаа байсан биз. Гэтэл дараа жилээс гэрээ нь өөрчлөгдөж түүнийг авахгүй гэснээр Баагий сүмо бөхөөр барилдах боломжоо алдсан.
БАРЬЦ СОНГУУЛАХ ХЭРЭГГҮЙ Л САНАГДДАГ ЮМ
-Таны хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг Б.Бат-Эрдэнэ аварга байсан шүү дээ. Та түүнтэй төрийн наадамд найман удаа барилдахад ганц ч давж чадаагүй нь сонин санагддаг юм?
-Б.Бат-Эрдэнэ бол үнэндээ цагийг эзэлсэн их аварга хүн. Би түүнд найман жил дараалан өвдөг шороодсондоо ичдэггүй. Гэхдээ Эрдэнэтэд болсон болон заалны барилдаанд тус бүр нэг давсан. Тэр барилдааныг давсан гэж боддоггүй. Ясны бөх шийдвэрлэх барилдаанд ямар ч цочоогүй, шийдэмгий, уран барилддаг. Тэр тэгж л барилддаг. Баагийгийн давуу тал нь чацтайгаас гадна цуцаа багатай. Түүнийгээ ч сайн ашигладаг.
-Аварга хүний хувьд залуу бөхчүүдийн барилдааныг харж байгаа байх. Өмнөх жил нь цол авсан залуухан бөхийг одоо л үзүүлээд өгөх нь дээ гэтэл дараа жил нь сураггүй болчих юм. Энэ талаар та юу гэж боддог вэ?
-Үндэснийхээ гол спортыг хөгжүүлэхийн төлөө олон залуу энэ спортыг сонгож байна. Мөн нутгийн зөвлөл болон олон дэвжээ байгуулагдсан нь сайшаалтай. Цолтой бөх ч гэлтгүй сайхан барилдаантай залуус доогуур даваанд унаж байгаа нь үндэсний бөхийн холбооны дүрмээс шалтгаалж байна.
-Дүрэм үүнд хамааралтай гэж үү?
-Тухайлбал барьц сонгуулах хэрэггүй санагддаг. Миний бодлоор хоёр бөхийн аль нэг нь хугацаандаа идэвхгүй барилдвал хасах хэрэгтэй. Ингэвэл бөхчүүд хасагдахгүйн тулд сонирхолтой барилдаан гаргана. Үзэгчид ч сайхан дэмжинэ шүү дээ. Чөлөөт бөхийн дүрмийг Олон улсын чөлөөт бөхийн холбооноос жил бүр шинэчилдэг. Манайх шиг нэг дүрмээр удаан явбал үндэсний бөхийн спорт хөгжих биш тарган, тарган залуус л олшрох байх. Залгамж халаа ч алга болно. Эхнээсээ мэх цөөрч байгааг захын нэг хөгшин ч мэдэж байгаа байх.
МАНАЙ ХҮҮГ ЯПОНД БАЙХАД МЭЭДЭЭ ЭХНЭРИЙГ НЬ АВААД СУУЧИХСАН
-Ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчилье. Таны томхүү Японд жүдо бөхийн багш дасгалжуулагч мэргэжлээр суралцаж байгаад ирсэн. Одоо юу хийж байна вэ
-Тийм. Одоогоор гэр зуур л байгаа. Би бөхийн сургууль нээх бодолтой явдаг. Түүнд л ажиллах байх. Гэхдээ өөрийнх нь бодол ямархуу байгаа юм бол, мэдэхгүй байна.
-Та бага хүүгээ бөх болох болов уу гэж ярьдаг. Ард түмэн ч аваргын хүү аавынхаа шийрийг хатаах болов уу гээд л харж байгаа байх?
-Ард түмэнтэйгээ адилхан хувьдаа горьдож л сууна. Одоогоор жүдогийн академийн дугуйланд явж байгаа. Бор бүстэй.
-Тэгвэл сайн барилдаанч хүү байна даа. Гэхдээ та хүүгээ жүдогоор л барилдуулах гээд байна аа даа?
-Би өөрөө энэ спортоор хичээллэдэг байсан. Жүдо бөх үндэсний спортод асар их нөлөөтэй.
-Том хүүгийн тань эхнэрийг «Камертон» хамтлагийн дуучин Мээдээ салгаад суусныг одоо мэдэхгүй хүн цөөхөн байх аа?
-Тийм л дээ. Манай хүүг Японд сурч байхад тэр залуу аваад суучихсан. Яах вэ, залуу хүмүүсийн амьдрал хоёр тийш болоо л биз. Хүү нь аав ээж хоёрынхоо дунд л гүйх юм.
-Таныг төрөхөд анх Өлзий-Орших гэдэг нэр өгсөн гэсэн. Яагаад сольсон юм бэ?
-Хүний амьдралд янз бүрийн юм тохиолдоно шүү дээ. Миний хоёр ах эх дэлхийд мэндэлсэн хэрнээ дэлхийг тэд голсон уу, ах нарыг минь дэлхий голсон уу, хүн болж чадаагүй юм. Тэгээд аав, ээж маань намайг бас эндчих вий гэсэндээ лам багшаар мэргэлүүлж энэ нэрийг хайрласан.
-Та нэрний талаар нууц биш бол дэлгэрэнгүй яриач?
-Манай нутагт Эгэл баян гэдэг нэртэй лам хүн байсан юм. Тэднийх манайхаас арав орчим километрийн зайтай. Нэг орой мал хотлох үеэр миний бие муудаж, аав тэмээгээр тэр айлд очсон гэнэ. Тэмээгээр төдий хэрийн зайнд явсаар болохоор бараг шөнө очиж л дээ. Тэгтэл аавыг очиж явахыг тэр лам мэдээд эхнэртээ «Манайд шөнө нэг хүн ирэх юм байна. Чи цай чана» гэж. Ингээд яах аргагүй аав тэднийд бууж учир байдлаа хэлэхэд хариуд нь «Санаа зоволтгүй ээ. Чи харин харих замаасаа гурван ширхэг чулуу аваад яваарай. Гэртээ ороход чинь нэг танихгүй лам ном уншиж байна. Тэр хүнээс нэр гуйгаарай» гэсэн аж. Тэгээд гэртээ иртэл яах аргагүй нэг лам ном уншиж байна гэнэ. Тэр лам Балжинням гэдэг нэр хайрласан гэдэг. Намайг ухаан ороход аав ээж хоёр «Ламын буянаар хүн боллоо» гэж надад хэлдэг байсан.
-Ингэхэд та усны аж ахуйч мэргэжилтэй гэсэн. Мэргэжлээрээ ажиллаж байсан уу?
-Тэр үед мэргэжилтэй л байвал хамаагүй байлаа шүү дээ. Гэхдээ шигшээ багт байсан болохоор хичээлээ дундаас нь орхисон.
-Та шигшээ багт байхдаа цалингаа авч аавдаа мотоцикль авч өгч байсан гэдэг?
-Тийм. Тэр бол миний аавдаа өгсөн хамгийн анхны том бэлэг юм. Түүнээс хойш спортын амжилтаараа баярлуулсан даа.
-Таны анхны шагнал юу байв. Шагналынхаа мөнгийг юунд зарцуулж байв?
-Баагий бид хоёрыг наадамд үзүүр түрүү булаалдаж байх үед Монгол гутал, одъял зэргийг өгдөг байсан. Хэдэн жилийн дараагаас зурагт, приставка өгдөг болсон. Зурагтыг нь Баагий, приставкийг нь би авдаг байсан. Сүүлд гэрээр дүүрэн приставка болсон. Мөнгөн шагнал байвал нутаг явах зардал, гэртээ хотын чихэр жимс авахад л зориулдаг байсан.
Ярилцсан: У.Баярсайхан
Эх сурвалж: www.mnb.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.