Спорт
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2020 07 сар 05
・ 2
Самбо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын заан, “Увс нуур” дэвжээний дасгалжуулагч Очирын Одгэрэлийг “Дасгалжуулагчийн цаг” булангийн зочноор урьсан юм. Баяр, наадам ойртсон энэ үед түүнтэй үндэсний бөхөд тулгарч буй зарим асуудлын талаар ярилцлаа.
-Та өнгөрсөн жил “Өлгийн хүчтэн” дэвжээний дасгалжуулагчаар ажилласан. Энэ жил Баян-Өлгий аймгийн бөхчүүдийн галд гарах уу?
-Би “Увс нуур” дэвжээний дасгалжуулагч шүү дээ. Өнгөрсөн жил Баян-Өлгийн бөхчүүд “Өлгийн хүчтэн” дэвжээний дасгалжуулагчаар ажиллаач гэж хүсэлт тавьсан. Тэрнээс биш би гурав дахь жилдээ “Увс нуур” дэвжээний бөхийн галыг ахалж байгаа.
-Танай “Увс нуур” дэвжээний бөхчүүд хэзээ наадмын бэлтгэлдээ гарах гэж байна вэ?
-Манай галын бөхчүүдийн түрүүч наадмын бэлтгэлдээ гараад гурав хонож байна. Жил бүр гардаг “Харзтай” руугаа гарна. Урьдчилсан байдлаар манай галд 60 гаруй бөх бэлтгэл хийх хүсэлтээ өгсөн байгаа. Энэ тоо нэмэгдэх үү, хасагдах уу гэдгийг мэдэхгүй. Ер нь өмнөх жилүүдэд манай галд 50-60 бөх гарч байсан.
-Өнгөрсөн жил таны дасгалжуулсан “Өлгийн хүчтэн” галын бөхчүүдээс аймгийн арслан Н.Мустафа улсын цолд ойрхон барилдсан. Тавын даваанд Э.Оюунболд аваргад унасан. Гэтэл Э.Оюунболд аварга сэргээш хэрэглэсэн асуудалтай нэр холбогдчихлоо?
-Н.Мустафа улсын цолд ойрхон барилдсан биш ээ. Албан ёсоор улсын цол авчихсан хүн. Э.Оюунболд допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр батлагдчихаад байхад, түүнийг нь хүлээн зөвшөөрч, шийдэж чадахгүй бүтэн жил маргалдаж байна. Энэ бүтэн жилийн хооронд шударга, хөдөлмөрөөрөө явсан бөхчүүд хохирсон. Ганц Н.Мустафа ч биш, дөрвөн бөхийн давааны асуудал маргаантай байгаа. Шүүх түргэн шуурхай шийдчихвэл энэ асуудал цэгцэрнэ. Н.Мустафагийн бэлтгэл, сургуулилалт түрүү жил үнэхээр сайн тохирсон.
Тавын даваанд Э.Оюунболдтой таарч унаагүй байсан бол түүнээс дээр даваанд барилдах байсан ч юм билүү. Тийм боломж байсан. Э.Оюунболдтой хамгийн сайн барилдсан нь Н.Мустафа. Үндсэн цагт хаялцалгүй, барьц сонгосон барилдаанд унасан. Тэгэхээр энэ үнэхээр харамсалтай юм болоод байгаа юм. Монголын үндэсний бөхийн холбоог удирдаж байгаа хүмүүсийн хариуцлагагүй байдалтай холбоотой. Үүнд бөхчүүдийн буруу гэж байхгүй. Үүнийг албан тушаал, эрх мэдэлд хүрэх гэсэн хүмүүс ашиглаж, бөхчүүдийн хооронд талцал, маргаан бий болгочихоод байгаа.
-Э.Оюунболд аваргын сэргээш хэрэглэсэн асуудал шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байгаа. Бүтэн жил гацсан нь юутай холбоотой вэ?
-Өнөөдөр дэлхий даяараа яагаад допинтой тэмцэж байна вэ. Сэргээш хэрэглэсэн тамирчдын амжилт, алдар цол, медалийг нь хүртэл хурааж аваад, тэмцэж чадаж байгаа. Шударгаар бэлтгэл сургуулилалт хийсэн тамирчид, сэргээш хэрэглэн, хүч тамир орж, ажиллах чадвараа нэмэгдүүлсэн хүний хооронд харьцангуй ялгаа гардаг. Дэлхийн Допингийн эсрэг төвийн тогтоож, баталчихсан, хэрэглэхийг хориглосон, сэргээшийн төрлийн эм бэлдмэлийг Монголчууд яагаад эсэргүүцээд байдаг юм. Хөөрхий муу Э.Оюунболд гээд хамгаалаад байх юм. Яагаад түүнд унасан хөөрхий Н.Мустафа гэж ярихгүй байна вэ.
Яагаад сэргээш хэрэглээгүй, үнэнчээр бэлтгэл, сургуулилалт хийсэн бөхчүүдийн хөдөлмөр үнэгүйдэх ёстой юм. Энэ бүхэн Монголын үндэсний бөхийн холбооны арчаагүй, увайгүй үйлдэлтэй холбоотой. Саяхан телевизээр АТГ-ын ажилтан сүүлийн арван жилийн баяр наадамд барилдсан бөхчүүдийн сэргээшийг шалгана гэж байна. Үүнийг би ерөөсөө ойлгохгүй байгаа. Э.Оюунболдыг сэргээш хэрэглэсэн гэхээр бусад бөхөөс нь хариу авах гээд байгаа юм уу. Нэг хүний сэргээшийн асуудлыг шийдэж чадахгүй, бүтэн жил маргалдаж байж, арван жилийн өмнө барилдаад өнгөрсөн бөхчүүдийг сөхөж шалгах ямар хэрэгтэй юм.
Бөхийн холбоо арван жилийн ажлаа АТГ-аар шалгуулах шалтаг гаргахгүй, ажиллаж, яагаад болоогүй юм бэ. Шударга ёсыг тогтоох гээд байгаа юм бол эхлээд Э.Оюунболдын сэргээшийг асуудлыг үнэн зөв шийдэх ёстой. Дараа нь тэр арван жилийн өмнө барилдсан бөхийн сэргээшийг судална биз. Бөхийн холбооны асуудлыг шийдэж чадахгүй сунжруулсан байдлаас болж, үнэнч хөдөлмөр, хөлс, хүчээ гаргаж яваа бөхчүүдийн нэр хүнд унаж байна.
Хамаг амьдралаа золиослон үндэсний бөхийн төлөө шударгаар зүтгэж яваа хүүхдүүд хохирох ёсгүй. Тэд ар гэр, амьдрал, ахуй, эхнэр хүүхдээ тэжээх гэж ядаж явахын хажуугаар бөхийн спортдоо хамаг байдгаа зориулж байгаа. Гэтэл эдгээр бөхийг яагаад ард түмэнд муухай харагдуулах гээд байгаа юм. Энэ бүхэн Бөхийн холбооны бодлого буруу, үйл ажиллагаа хяналтгүй, эмх цэгцгүй, шударгаар хариуцлага тооцож чадахгүй байгаатай холбоотой. Өнөөдөр хамаг буруу, муу муухайг бөхчүүд рүү түлхээд Бөхийн холбооны удирдлагууд ариун цагаан, шударга хүмүүс шиг харагдахыг хүсэж байна.
Хэн үүнд хохирч үлдэж байна гэвэл, шударгаар бэлтгэл, сургуулилалт хийж, хөдөлмөрлөж яваа бөхчүүд. Лавшаагаа идэж, хөлсөө гартал, сунаж унатал бэлтгэл сургуулилалт хийсэн бөх, судсандаа допинг шахуулсан бөхтэй барилдах нь шударга ёс мөн үү. Сэргээш хэрэглэж, ажиллах чадвар, хүч тамираа нэмсэн бөхтэй, жирийн бэлтгэл хийсэн бөх өрсөлдөж, амжилт гаргах ямар ч боломжгүй. Шударгаар бэлтгэл хийсэн бөхчүүдийн ур чадвар допинг хэрэглэсэн бөхөөс дутахгүй. Харин ажиллах чадвар, хүч тамирын асар их ялгаа, зааг гардаг. Тэр бүхнийг сэргээш хэрэглээгүй бөх тэсвэрлэхэд хэцүү.
-Үндэсний бөхөд допингийн шинжилгээ хийх ёсгүй. Энэ бол дэлхийн их спортын төрөл биш. Үндэсний баяр наадам, цэнгээний төрөл гэж эсэргүүцэх хүн байх юм аа?
-Энэ допинг, сэргээшийн асуудлыг шийдэж чадахгүй бол олон хүүхэд, залуус амьдрал хувь тавилангаар хохирно. Амжилт, алдар нэрийн төлөө сэргээш хэрэглээд байвал тэр бөхийн ирээдүй, удам угсаа мөхнө. Дэлхийн эрдэмтэд сэргээшийг хор хөнөөлтэйг баталчихаад, тэмцээд байхад манайх түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцэж байгаа нь тэнэг асуудал. Хүүхэд хуурч байгаа юм шиг “Миний шээс биш. Сольчихсон байна. Намайг хохирооно гэсэн. Чамайг, түрүүлсэн, түрүүлээгүй ч сэргээштэй гаргана гэж хэлсэн” гээд хэнэггүй ярьж байна. Хэнийг доромжлоод байгаа юм.
Монголд допинг хэрэглэчихээд хэрэлдэж, маргалдаж болдог. Олимп, дэлхийн тэмцээнд хэрэглээд шийтгэлийг нь хүлээдэг. Тийм ялгаатай байж болохгүй. Хууль, журам бүх хүнд эрх тэгш үйлчлэх ёстой. Э.Оюунболдын сэргээш хэрэглэсэн нь Бөхийн холбоо, бөхчүүдийн нэр хүнд, эрх ашгийг зөрчиж, хөндсөн, бөхийн эв нэгдлийг сарниулах хор хөнөөл тарьсан. Энэ асуудлыг шийдэж чадахгүй удах тусам ард түмнийг талцуулан хуваах, үндэсний эрх ашигт муугаар нөлөөлөх аюулыг бий болгоно. Бага дээр нь асуудлыг үнэн зөв, хурдан шийдэх хэрэгтэй.
-Э.Оюунболдын сэргээш хэрэглэсэн гэх асуудал. Үндэсний бөхийн холбоог булаацалдан маргаж байгаа хоёр талын маргаан, Бөхийн дүрэм, шахааны барьц сонгодог байдлаас болсон юм биш байгаа?
-Энэ хоёр асуудалтай ямар ч хамаагүй. Монголын үндэсний бөхийн холбоо үйл ажиллагаагаа анхнаасаа буруу явуулсан. Үндсэн чиг баримжаагаа алдсан. Анхнаасаа допинг, сэргээштэй тэмцэж, цэгцлэх ёстой байсан. Тэгж чадаагүйгээс болоод АТГ-аас сүүлийн арван жилийн допинг, сэргээшийн шинжилгээг нь шалгана гээд байна. Энэ бүхнээс харахаар, Бөхийн холбоо допинг сэргээштэй арван жилийн өмнөөс тэмцээгүй болж таарлаа. Бөх амжилт гаргахын төлөө өөрийн амьдрал, эрүүл мэндийг золиослон сэргээш хэрэглэж байна. Үүнийг яагаад, Бөхийн холбоо таслан зогсоож чадахгүй байгаа юм.
Допингийн эсрэг тэмцэж чадахгүй, тэмцэхийг хүсэхгүй байна уу гэх хардлага төрүүлж байгаа. Үүнээс болж бөхчүүдийн нэр хүнд унаж, бусдын амны зугаа болж байна. “Муусайн бөхчүүд” гээд хамаг муу муухайгийн жишээ болгох юм. Бөхчүүд төрийн мөнгө, төсвийн хөрөнгийг ууж, идээд, оффшор данс нээлгээд, ждү-ээс хулгай хийсэн зүйл байхгүй. Амьдрах гэж ядаж яваа залуус. Жилд ганц болдог улсын наадамд сайн барилдаж, цол авч, орон гэртэй, унах унаатай болчих юмсан гэж мөрөөдөж яваа. Монголчууд бөхөө харлуулаад байна. Хүмүүс бөхийг муулж, муухайгаар хэлж байхад, яг үнэндээ одоо барилдаж яваа бөхчүүд өөрсдийн эрх ашиг, нэр хүндийн талаар ямар нэгэн тайлбар хийхгүй байгаа. Ийм л хүмүүжил, даруу зан, дэг ёс, уламжлалыг бөхчүүд өвлөн авч чадсан.
-Бөхчүүд баруун, зүүн аймаг гэж талцаж маргалдах болсон нь энэ сэргээшийн асуудлаас болов уу?
-Бөхийн холбоо бол бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалах ёстой байгууллага. Өнөөдөр монгол бөхийн нэр хүнд унаад байхад тэд юу хийж байгаа юм. Сандал, ширээ, байр савны төлөө тэмцэлдэн, маргалдаж байна. Энэ хэрүүлээ олны анхааралд хүргэхийн тулд нутаг ус, дов, жалганы талцал болгон хуваагаад байгаа. “Бөхийн өргөө”-ний дугуй байшинг өмчилж авахын төлөө л тэмцэл өрнүүлж байна. Баруун аймаг, төв, зүүн аймаг гээд хуваагдаад хэрэлдэх боллоо. Бид чинь бүгд Монгол хүн шүү дээ. Нэг улсын хилийн дээсэнд багтан амьдарч байна.
Биднийг албаар талцуулж, үндэсний өв уламжлал, эв нэгдэл, соёлын дархлаа болсон үндэсний бөхийг устгаж, хагалан бутаргах гэсэн хорт явуулга яваад байна. Бүр нэгдсэн зохион байгуулалттай, бодлогоор хэрэгжүүлж байгаа юм шиг харагдах болсон. Увс, Төв халх, Зүүн аймаг гэж хуваагаад Монголчуудыг хооронд нь байлдуулах гээд байгаа юм уу. Хэн үүнийг зохион байгуулаад байна гэдгийг ард түмэн ухаарч хараарай. Бөхчүүд зүлэг ногоон дэвжээн дээр гараад барилдахдаа хэзээ ч тэгж талцаж барилддаггүй. Энэ Төв аймгийнх, тэр Увс, Ховд, Баян-Өлгийнх гэж ялгаварлан, зааглаж харьцдаггүй юм. Монголчуудын эв нэгдэл, өв соёл болсон үндэсний бөх рүү яагаад дайрч давшлаад байна вэ. Үүний цаана ямар эрх ашиг, нуугдаж байгаа вэ.
Монголчуудын соёлын дархлаа, эв нэгдэл, үндэсний аюулгүй байдалд занал хийлж, сөргөөр нөлөөлж байна. Яагаад Монголчуудыг хувааж, талцуулан хэрэлдүүлж, маргалдуулаад байна вэ. Хилийн шугам тогтоож, дөрөв, таван улс болгож хуваах гээд байгаа юм уу. Монголчууд гаднын улсын шахалт хавчилт, дотоодын эв нэгдэлгүй байдлаасаа болж, ар, өвөр монгол, буриад, тува гээд тарж бутарсан. Түүхийн энэ алдаанаас яагаад сургамж авдаггүй юм. Яг үнэндээ бөхчүүд дотроо хуваагдсан зүйл огт байхгүй. Амлаж авсан бөхөө хаяж, давахын төлөө шударгаар хүч, бяраа сорьдог болохоос биш, баруун, зүүнээрээ талцаж барилддаггүй. Бөхчүүдийг, ард түмнийг талцуулан хуваах гээд байгаа хүмүүс одоо болих хэрэгтэй.
-Танай “Увс нуур” галд бусад аймгийн бөхчүүд хамрагдан гарах боломж байдаг уу?
-Манай “Увс нуур” галд Архангай, Баянхонгор, Өмнөговь, Сүхбаатар гээд бүх аймгийн хүүхдүүд бий. Дахин хэлье. Бөхчүүд хэзээ ч баруун, зүүн аймаг гэж талцдаггүй юм. Аль аймгийн хүүхэд байх нь надад хамаагүй. Тэр хүүхдийг сайн бөх болгон улсын цолонд хүргэж, аварга болгох ганцхан зарчим баримтлан ажилладаг. Бидний монгол бөхөө хөгжүүлэх гэсэн энэ сэтгэлийг яагаад баруун, зүүн гэж хуваах гээд байна вэ. Өнөөдөр надад Архангайн хүн, чамд хүүхдээ шавь болгон өгье гээд ирж болно. Тэр үед нь, үгүй би Увсын хүүхэд авна, чадахгүй гэж хэлэх эрх надад байхгүй. Тамын тогооны үлгэр шиг ингээд, баруун, зүүн аймаг гээд хоорондоо талцан, хэрэлдэж, маргалдаад явах нь утгагүй зүйл.
Монгол бөх хатуужил, тэсвэр, тэвчээр, хүмүүжил, соёл, уламжлалыг тээгч спорт. Бөх болох гэж зорьж байгаа хүүхэд үг, дааж сурна, өл дааж сурна, ачаалал дааж чаддаг болдог. Бөхчүүд хөлс гарган, хөдөлмөрлөж байж амжилт гаргадаг гэдгийг ухамсарлах ёстой. Тэрнээс биш эрүүл мэнд, ирээдүйгээ золиослон сэргээш хэрэглэж болохгүй. Бэлтгэл сургуулилалтын ачааллыг даван туулан хөдөлмөрлөсний үр дүнд амжилт гаргадаг юм шүү гэдэг ухамсрыг бөхчүүдийн тархинд суулгах нь чухал. Монгол үндэсний бөх их спортын төрлүүд шиг мэргэжлийн түвшинд хүрч хөгжиж чадаж байгаа. Харин нэр хүндийг нь сэргээш гэдэг зүйлээр унагаж, нухчин дарах гэсэн үзэл бодолтой, тодорхой зорилготой ч байж мэдэхээр хүмүүс бий. Би түрүү жил Өвөр Монголд очсон.
Тэгсэн “Допинг хэрэглэсэн Ар Монголын бөхтэй барилдаж яах юм” гэж эсэргүүцэх хүн байсан. Монгол бөх гэдэг, монгол эр хүний шилмэл генийг хадгалж яваа юм. Монгол хүнд байх ёстой удмын генийн өгөгдлүүдийг бөхчүүд тээж яваа гэвэл дэгсдүүлсэн зүйл байхгүй. Монгол хүний хурд, хүч, ур чадвар, тэсвэр, тэвчээр, бие бялдрын хөгжил ямар түвшинд байх ёстойг монгол үндэсний бөх харуулдаг. Гэтэл өнөөдөр энэ бүхнийг устгаж, үгүй хийх гэсэн, нийгмийн сэтгэхүйг бий болгохыг хүсэгчид байна.
-Монгол бөхийн нэр хүнд унахаар, үндэсний бөхийг сонирхож, хичээллэх хүүхэд хүртэл цөөрөх үү. Монгол хүүхэд хөлд ороод, хэн ч зааж өгөөгүй байхад барилддаг. Энэ чадвар бидний цусанд байдаг уу?
-Нэг япон хүн надад хэлж байсан. “Японы 1-2 настай хүүхдийг барилд гэхээр ойлгодоггүй. Тийм сэтгэхүй, тийм ойлголт тархинд нь суугаагүй байдаг юм. Гэтэл монгол хүүхдүүд барилдаж, тэр битгий хэл яаж унагах вэ гэдэг аргыг хүртэл сэтгэн, ухаарч чадах юм” гэж гайхаж байж билээ. Энэ бидний цусанд байдаг, генийн удамшилтай холбоотой байх. Бидэнд ийм барилдах, тэмцэлдэх, чадвар, байгалийн өгөгдөл байна. Энэ удамшлын чадварыг цааш нь хөгжүүлэхгүй, харин устгах гээд байгаа мэт үйлдэл ажиглагдаад байх юм. Допинг хэрэглээд байвал бидний цусанд байгаа удамшлын генд ямар муу өөрчлөлт гарах вэ.
Үүнийг бид яагаад ухаарахыг хүсэхгүй байгаа юм. Барилдаж байгаа хэдэн бөхөө муу хэлээд. Бөхчүүдийг, бөхийн спортыг үзэн ядах үзлийг нийгэм бий болгон, хөгжөөж, дэвэргээд байх уу. Сэргээшнээс болоод үр удамгүй, цусгүй, ясгүй болох аюултай бид нүүр тулгарч байгаа. Монгол үндэсний бөхөөр сэргээш хэрэглэсэн хүнийг хэзээ барилдуулж болохгүй. Хэрэглэсэн бөхийг дахин хэзээ ч барилдах эрхгүйгээр эрхийг нь хязгаарлах хэрэгтэй. Ингэж хатуу, чанд аргаар тэмцэж байж бид үндэсний бөхөө допинг, сэргээшээс хол байлгаж, хамгаалж чадна.
-Үндэсний бөхийн дүрмийн өөрчлөлт, шахааны барьц нь жин нэмэх, сэргээш хэрэглэж, хүч тамир оруулах шалтгаан болоод байна уу?
-Дүрэм ямар ч байж болно. Бөх тэр дүрэмдээ захирагдаж барилдана. Мэдээж дүрэмд учир, дутагдалтай зүйл бий. Яагаад өнөөдөр бөхчүүд 100 кг-аас давсан жинтэй болчихоод, хүчний бэлтгэлийг түлхүү хийдэг болов. Энэ бүхэн дүрэмтэй холбоотой. Тулж, атган, зогсож байгаад барилдааны цагаа дуусгаад баруун, зүүн золгож нэг үзээд, барьц сонгоод хаялцах сонголт байгаа. Энэ дүрмийн заалтад тохируулж жингээ ахиулж, хүч бяраа нэмэгдүүлж байна. Хурд, ур чадвар, ур гоё мэх хийх, тэнцвэр, уян хатан чанар, ямар ч хэрэггүй болж хувирч байгаа. Хурдан дайчин барилддаг биш. Удаан уяж, зогсдог болж хувирсан.
Аливаа спортын яаж хөгжих нь, залуур болсон дүрэмтэй холбоотой. Даваа болгон цолтой байж болно. Энэ харин ч шударга зүйл. Тав давах, зургаа давах ялгаатай. Харин эрэмбэ гэдэг хачин юм гаргасан. Нэг тав давах, хоёр тав давах ер нь ямар хамаатай юм. Начин цолтой бол бүгд адилхан байх ёстой. Би хоёр удаа тав давсан дээр нь зогсох ёстой. Чи нэг удаа тав давсан эрэмбээрээ доор зогсох ёстой гэх нь утгагүй зүйл. Цолны эрэмбээрээ угаасаа дээд цолтноо хүндлээд явдаг уламжлалтай. Сүүлийн арван жилийн бөхийн хурал, их эе дээр бөхийн дүрмийн талаар яриагүй. Сандал, ширээ, албан тушаалын төлөө тэмцэлдээд дуусдаг болсон. Бөхчүүд сүүлдээ их эеийн хуралд суух ямар ч сонирхолгүй болж хувирсан. Бөхчүүдийн болон, бөхийн спортын талаар ярихгүй хуралд хэн суухыг хүсэх юм. Энэ бүхэн бөхчүүдээс биш. Бөхийн холбоог удирдаж, байгаа хүмүүсийн алдаа, завхралаас болж байгаа зүйл.
-Та “Увс нуур” дэвжээнээсээ гадна өөр клубт багшилж байгаа юу?
-Уг нь би хувийн клубтэй. Гэхдээ одоогоор нэр өгч амжаагүй яваа. Хүүхдүүд “Заан” клуб гээд нэрлээд байдаг юм. Манай клубт гол төлөв, халз тулааны спортын тамирчид, үндэсний бөхийнхөн хичээллэдэг. Сүүлийн үед чөлөөт бөх, самбо, жүдогийн хөнгөн жингийн охид ирж бэлтгэл хийдэг болсон. Би аль болохоор тэдний хурд, хүч, тэсвэрийн бэлтгэлийн суурийг зөв тавьж өгөхийг хичээдэг.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.