Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 12 сар 09
Та, таны найз, хайртай дотны хүн тань жолооч уу? Хэрвээ жолооч биш замын хөдөлгөөнд оролцдог явган зорчигч бол мөн л анхаарлаа хандуулаарай.
Юу өгүүлэх гээд байна вэ гэвэл жолооны ард суусан жолооч та болоод замын хөдөлгөөнд оролцдог явган зорчигч та гэмт хэрэгтэн болох эрсдэл өндөр байна. Зам тээврийн ослын талаар мэдээллийг олон нийтэд сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг. Гэтэл өдгөө сонор байж сэрэмжилж байгаа хүн алга гээд хэлчихэд хилсдэхгүй. "Хэнэггүй" монгол зангаа хэзээ гээх улс вэ? Цаана чинь үүнээс чинь болж олон арван хүн алтан амиа алдаж, олон залуус ид хийж бүтээх насан дээрээ хөгжлийн бэрхшээлтэй болчихоод байна.
Зөвхөн Нийслэл хотын хэмжээнд гэхэд 2014 оны эхний 11 сарын байдлаар 92680 дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ. Энэхүү дуудлагыг өмнөх оныхтой мөн үетэй харьцуулахад 24.7 хувиар өсчээ.
Замын цагдаагийн газар бүртгэгдсэн 23425 ослын ослын 18.7 хувь буюу 4378 нь хүн гэмтсэн, 81.3 хувь буюу 19047 нь эд материалын хохиролтой осол гарсан байна.
Зам тээврийн ослоор нас барсан 156 хүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.9 хувиар, амь насаа алдсан ослыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19.7 хувиар тус тус өссөн байгаа нь харамсалтай. Харин зам тээврийн ослын улмаас гэмтсэн 5287 хүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.7 хувиар буурсан аж.
Бидний ирээдүй хойч болон үлдэх байсан найман хүүхэд амиа алдаж, 119 хүүхэд гэмтжээ. Осолд холбогдсон хүнийг насны байдлаар нь авч үзвэл 0-17 насны хүүхэд 15 хувь, 18-37 насны хүн 31 хувь, 35-54 насны хүн 37 хувь, 55-с дээш насны хүн 17 хувийг тус тус эзэлсэн байна. Хүүхэд өртсөн зам тээврийн ослыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нас барсан хүүхэд өсөлт, бууралтгүй байгаа бол гэмтсэн хүүхэд 19 хувиар өсчээ.
Манай улсад сүүлийн 15 жилд зам тээврийн ослоор 5047 хүн амиа алдаж, 11020 хүн хөгжлийн бэрхшээлтэй залуу болжээ. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд зам дээр 423 хүн нас барж, 1282 хүн хөдөлмөрийн чадвараа алдсан харамсалтай тоо баримт байна. Энэ нь өдөр бүр нэгээс илүү хүн хэн нэгэн жолоочийн буруугаас цаг бусаар амиа алдаж байна гэсэн үг .
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байх нь өөрийн болоод бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүй гэдгийг ТА сайн мэддэг. Гэсэн хэдий ч хуулийг зөрчин нэгэн удаа цагдаад баригдахгүй гэртээ эсэн мэнд харьчихдаг. Үүнийгээ та "АЗ" хэмээн үзэн дараагийн удаа дахин баригдахгүй гэсэн бодолтой жолооны ард суудаг. Харин энэ удаад таныг "АЗ" биш "Үхэл" угтана гэдгийг мэддэггүй ээ.
Олон хавар нэгэнтээ гэгчээр нэг л хавар та хэрэгтэн болж бусдын амийг бүрэлгэсэн хэрэгт холбогдож орхино гэдгээ бүү МАРТ.
Энэ оны эхний 11 сарын байдлаар 57951 тээврийн хэрэгсэл шинээр бүртгэгдэж улсын дугаар авчээ. Үүнээс Нийслэл хотод 41606 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Нийслэл хотод 2010 онд 168814 тээврийн хэрэгсэл бүртгэгдэж байсан бол энэ оны эхний 11 сарын байдлаар 441836 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн гэсэн судалгаа бий.
Машин унах эсэх нь хүний эрхийн асуудал. Гэхдээ хүний алтан амь түүнээс үнэтэй. Та жолооч барихдаа өөртөө итгэлгүй бол заавал жолооны ард суух хэрэггүй. Хүн болгон жолооч болох албагүй гэдгийг сануулья.
Х.Даваа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.