Нийгэм
・Нийтэлсэн:
Баярмаа
・
2014 12 сар 10
Өнөөдөр гэр бүлийн хүчирхийллийн талаар ярьж байгаа ч ямар хор уршигтайг нь хүн бүр мэддэггүй. Тэгвэл гэр бүлийн хүчирхийллийн ямар хор уршигтайг нэгэн жишээгээр авч, нийгэмд сэрэмжлүүлэг хүргэхээр бэлтгэлээ.
Монгол улсын иргэн Б.Ган-Очир 2014 оны 4 дүгээр сарын 12-ны шөнийн 1 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд эхнэр Х-г онц харгис хэрцгий аргаар хүзүүн тус газар нь хайчаар дүрж, санаатайгаар алсан гэмт хэргийг үйлджээ. Тэрбээр мөн үйлдлийг таслан зогсоох гэсэн эхнэрийнхээ эгчийг хайчаар зүсч, биед нь гэмтэл санаатай учруулсан байна. Түүнчлэн 2009-2012 оны хооронд нийт 5 удаагийн үйлдлээр эхнэр Х-г байнга зодож тарчлаасан гэмт хэргийг үйлдэж байжээ.
Талийгаач хэн байв?
Талийгаачийг Н. Х гэдэг бөгөөд энэ жил 25 настай эгэл жирийн бүсгүй. Эхээс наймуулаа бөгөөд 4 эгч, нэг ах, хоёр дүүтэй. Отгонтэнгэр их сургуулийг хуульч, эрхзүйч мэргэжлээр төгссөн. Нөхөртэйгөө 2008 онд танилцаж байсан. Гэрлэхээс өмнө буюу үерхэж байх хугацаанд байнга харддаг байсан тул суралцаж байсан сургуулиасаа шилжин Отгонтэнгэр их сургуульд орсон байдаг. Гэвч алуурчин бүсгүйг мөрдсөөр олж, салахгүй хэмээн удаа дараа гуйсаар хамтран амьдрах болсон. Улмаар нэг гэрт орж 2011 онд хүүгээ төрүүлсэн. Сургуулиа төгсөөд 2012 оноос нөхрөө дагаж Говь-Алтай аймагт амьдарч байсан бөгөөд хадам ээж, нөхөртөө байнга зодуулж, дарамтад байсан. Байнгын дарамтад байдаг талаараа талийгаач төрсөн ах эгч, дүү нараасаа нууж байсан бөгөөд дарамтад байдгыг нутаг усныхан, оюутны ангийнхан, ажлынхан нь мэддэг байсан ажээ. Бүсгүй байнгын дарамт, зодуураас зугтан нийслэлд ирээд удаагүй байхдаа ийнхүү амь насаа алдсан.
Алуурчин Б.Ган-Очир хэн байв?
Б.Ган-Очир нь дээд боловсролтой. Их сургуульд суралцаж байх хугацаандаа нэг оюутны гуян тус газар хутгалж байсан. Талийгаачтай хамт амьдарч байхдаа архи уудаг, байнга хардаж, зоддог байсан бөгөөд надаас салбал ална гэж дарамталдаг байжээ. “Чамайг алчхаад би шоронд суугаад гарсан ч надад нас байгаа” хэмээн сүрдүүлдэг байсан бөгөөд энэ нь бүхэн нь хэргийн мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг. Тэрбээр энэхүү аймшигт хэргийг үйлдэхдээ эрүүл байсан ажээ. Б.Ган-Очир хэрэг үйлдсэний дараа хэргийн газраас оргон зайлсан бөгөөд Толгойтод амьдардаг ахындаа очиж хувцсаа сольчхоод, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэргээ хүлээн очсон байдаг.
Архи уухаараа агсам согтуу тавьдаг, тавьтаргүй зан нь ийнхүү эхнэрээ хорооход хүргэсэн бөгөөд тэрбээр өнгөрсөн хугацаанд эхнэрээ байнгын дарамтад байлгадаг нь тогтоогдсон байдаг. Эхнэрийнхээ аминд хүрсэн энэ хэрэгт анхан, давж заалдах шатны шүүхээс 23 жил 9 сарын хорих ял оноосон. Өчигдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Ган-Очирт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан 23 жил 9 сар хорих ялыг хэвээр үлдээсэн юм.
Энэ бол гэр бүлийн хүчирхийллийн зөвхөн нэг тохиолдол. Хүчирхийллээс хүчирхийлэл л төрдөг бөгөөд гэр бүлийн хүчирхийллийг өөгшүүлбэл дээрх харамсалтай тохиолдол бүртгэгдэх магадлал өндөр. Өнөөдөр та, таны эгч дүү, найз, ойр тойрныхон гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа бол хуулийн байгууллагад хандаж бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалахыг уриалж байна.
А.Баярмаа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.