Х.ГАНХУЯГ, Ө.СУМЪЯАБААТАР НАР “ЗУУЧЛАЛЫН ХӨЛС” НЭРЭЭР НҮҮРСНЭЭС ИХ ХЭМЖЭЭНИЙ АШИГ ХҮРТЭЦГЭЭДЭГ БАЙЖЭЭ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 09 сар 18 ・ 3



“Эрдэнэс таван толгой” ХК-ийн удирдлагад ажиллаж байсан Д.Ариунболд, Х.Ганхуяг, Ө.Сумъяабаатар, Э.Онон нарын албан тушаалтнууд 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд буюу гурван сарын хугацаанд онц их хэмжээний нүүрс худалдах гэрээ байгуулсан нь улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй байна.

Учир нь Д.Ариунболд, Х.Ганхуяг тэргүүтэй хүмүүс энэ хугацаанд 10.000-1.000.000 тонн хүртэлх нүүрс худалдах 22 ширхэг гэрээ байгуулсан бөгөөд хамгийн ноцтой нь тэд тонн тутмаас 3.0 - 3.5 ам.долларыг "Зуучлалын хөлс" нэрээр хамаарал бүхий хүмүүсийнхээ дансаар авдаг байсан гэнэ.

Тухайлбал, Д.Ариунболд, Х.Ганхуяг, Ө.Сумъяабаатар, Э.Онон нар 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Иннер Монголиа **” ХХК-тай Эрдэнэс таван толгойн олборлосон нүүрсийг 68 ам.доллароор худалдах гэрээ байгуулж байжээ. Тухайн үеийн ханшаар тонн тутамд 3.5 ам.долларын алдагдалтай гэрээ хийсэн бөгөөд үүний зөрүү мөнгө болох 350.000 ам.долларыг тэд “Зуучлалын хөлс” нэрээр авсан байж болзошгүй байгаа юм.

Мөн тэд 2018 оны 2 дугаар сарын 22-ний өдөр “Жэй энд Эс интернэйшнл **” ХХК гэх компанитай 35.000 тонн нүүрсний гэрээ хийхдээ тонн тутмыг 3.0 ам.доллароор үнэлж Зуучлалын хөлсөнд нийтдээ 105.000 ам.доллар авчээ.

Уг мөнгийг “Жэй энд Эс интернэйшнл *” ХХК-ийн Голомт банк дахь 1905116634 тоот данснаас “Эрдэнэс таван толгой” ХК-ийн нэр бүхий этгээдийн данс руу “Зуучлалын хөлс” гэсэн утгатайгаар шилжжээ.

Энэхүү гэрээнүүдийг тухайн үед Эрдэнэс таван толгой ХК-ийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Х.Ганхуяг, тус компанийн Захиргаа удирдлагын газрын дарга Ө.Сумъяабаатар, Хууль зүйн газрын дарга Э.Онон нарын гарын үсэгтэйгээр хийгджээ.

Эндээс харахад Эрдэнэс таван толгой ХК-ийн удирдлагууд энэ мэтээр алдагдалтай гэрээ байгуулж, зөрүүг нь “Зуулчлалын хөлс” нэрээр хувьдаа завшиж улсад онц их хэмжээний хохирол учруулдаг байсан байж болзошгүй байгаа юм.

Х.Ганхуягийн тухайд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхантай хамаарал бүхий этгээд гэгддэг бол Д.Ариунболд, Ө.Сумъяабаатар нарыг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хүмүүс гэх яриа байдаг юм байна.

Тодруулбал, 2016 оны УИХ-ын сонгуулиар Д.Ариунболд Ж.Мөнхбатын, Х.Ганхуяг Т.Аюурсайханы сонгуулийн штабын Ерөнхий менежерээр тус тус ажиллаж байжээ. Улмаар МАН тус сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан тул Д.Ариунболдыг Эрдэнэс таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлаар, Х.Ганхуягийг тус компанийн тэргүүн дэд захирлаар томилж байсан бөгөөд хожим буюу 2018 оны дөрөвдүгээр сард Д.Ариунболдыг чөлөөлж Х.Ганхуягийг гүйцэтгэх захирлаар томилж байсан түүхтэй ажээ.

Эх сурвалж: NEWSTV.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: